ЭРТНИЙ ЕГИПЕТ ОРОН, БУУРАЛ КАИР ХОТ (ҮРГЭЛЖЛЭЛ)

2021-01-11  

           “Хан эль Халили” зах. Арабын худалдаа наймааны төв болох энэ “Хан эль Халили” захын түүх 700 гаруй жилийн өмнөөс эхтэй аж. Тэгэхээр түүхийн хувьд ч энэ зах үнэ цэнэтэй газар юм байх. Амир Жаркас эль Халили гэх чинээлэг худалдаачин 1385 онд аянчин жинчид, худалдаачдад зориулсан буурчийн газар, барьж түүнийгээ жил жилээр өргөжүүлж, боломжийн дэн буудлууд болгоод байж. Арван зургаадугаар зууны эхээр Аль Гури гэгч Султан түүнийг нь өөрийн болгож авчихаад худалдаа наймааны сүлжээ бүхий төв болгож өөрчилсөн нь  өнөөг хүртэл тэр чиглэлээрээ өргөжин хөгжиж иржээ. Хээ хуар, үнэт чимэглэлтэй мамлюкийн арк, дааман хаалгууд нь тэр үеийнхээрээ хадгалагдан үлдэж өнөө ч энэ захыг гоёж аялагч жуулчдын анхаарал сонирхлыг татсаар байгаа аж. Анх Буурчийн газар байгуулж байсан худалдаачин Амир эль Халилийн нэр ч энэ захын түүхэнд мөнхрөн үлдсэн юм байна. 

Жуулчид өнө эртний түүхт газар гэх талаас нь ч, бас “Нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад нь байдаг худалдаа наймааны төв” гэх утгаар нь энэ “Хан эль Халили”-ийг зорьсоор... Бид ч тэдний нэг хэсэг болов. Манай “Наран Туул” зах шиг хотынхоо зүүн хаяаны арай уулархаг хэсэгт “Хан эль Халили”зах байх юм. Нарийвтар гудмуудаар ойр ойрхон сигналдаж аажуухан мөлхүүлсээр энд бид хүрч ирцгээв. Энэ Каирт эхнэр бид хоёр нүдээ боолгосон мэт аянчид болохоор элчин сайдын гэргий Алтанцоо, элчингийн жолооч Энхтайван нарыг бараа болгон дагуулсан юм. Найзууд, садан төрлийнхэнд сонирхуулах ойр зуурын араб бэлэг, хямд төсөр уран зураг, бас манайхан ирэхдээ илүүтэй сонирхдог гэх чулууны захаар орох болой. Египет орон бол бичиг соёлын эртний арвин түүхтэй орны нэг. 

Тийм болохоор цаас үйлдвэрлэгчдийн нэг анхдагч нь гэгддэг. Эрт дээр үеэс модноос гарган авдаг байсан “Папирус” хэмээх цаасны төрөл бол Египет орны бас нэгэн нэрийн хуудас юм билээ. Энэ төрлийнхөө цаасаар бэлэг дурсгалын элдэв зураг, орон байрны чимэглэл гээд л урлахгүй барлахгүй юм алга. Нэртэй зураачид нь ч энэ “Папирус” дээрээ бүтээлээ туурвих нь элбэг гэх. “Хан эль Халили” захын бэлэг дурсгалын ихэнх лангуу том бага хэмжээтэй “Папирус” дээр зурсан хэдэн зуун төрлийн зураг зарна. Нөгөө нэг бэлэг дурсгал нь гэвэл гууль, хүрэл, зэсээр урласан хэдэн зуу, мянгаар нь эгнүүлээд өрчихсөн бяцхан сац суваргууд, зэс гуулин таваг, бамбар гээд л түмэн зүйлс байх юм. “Тутамонхан хааны алтан баг”, “Арабын нэг бөхт тэмээ”зэргийн баримал, зураг хөрөг мэт нь мэдээж энэ лангуунуудад бас өдий төдийгээрээ харагдаж зарагдаж л байх юм билээ.

  Мамлюкийн үеийн арктай худалдаа наймааны лангуунууд  

 Египет орон бөс даавуугаараа бас алдартай

   Евроазийн тал нутгаас гаралтай мамлюкууд нь эртний Египетийн газар нутаг дээр өөрийн төрт улсаа байгуулж олон зуун жил оршин тогтнож байсан түүхтэй юм. Манай Зүч хааны улстай холбоотон байсан бөгөөд харин Ил хаант улстай сөргөлдөж дайтаж явжээ. Хүлэгү хаан эзэмшил нутгаа тэлэх дайн байлдаан хийхээр 1259 онд Арабын ертөнц, Мамлюкийг зорьж байж. Тэр намар нь түүний ах Мөнх хаан таалал төгсч Хүлэгү нутгаадаа дуудагдан буцаж их цэргээ итгэлт жанжин Хэтбухадаа үлдээсэн гэдэг. Гэсэн хэдий ч Хэтбухын цэрэг Египетийн Мамлюк султан Музф Кутузийн захирсан цэрэгт  ялагдсан түүхтэй аж. “Айн-и Жалутын” гэх тэр тулалдааны тухай Рашид Ад дин “Судрын чуулган”-даа тэмдэглэн үлдээсэн юм билээ. Ингээд бодохоор бидний их өвөг дээдэс, дээд удмынхан маань энэ араб африкийн нутаг оронд бас хөл тавьж л явж...  Алтанцоо хөтөчийнхөө танилын лангуунаас уламжлалт “Папирус”-ан зураг, пирамид том бага хэдийг наймаалцан байж аваад дараагийнхаа арай том наймаа руу бид явцгаав. Том наймаа гэдэг маань шүр, мана мэтийн чулуу сонирхох, боломжийн үнэтэй бол хөөрөгний толгой, мана хөөрөг худалдаад авчих миний хүсэл сонирхол юм. Каирт ирсэн манай нутгийнхан тэр захад тиймэрхүү үнэт чулуу сонирхдог юм билээ гэж элчингийн нөхөд ярьсан болохоор бид ч бас тэр замаар явж үзье гэж шийдсэн хэрэг. Ийш тийшээ, дээшээ доошоо хэсэг лангуу тойрч явсаар нэгэн том байшингийн гуравдугаар давхарт  баахан чулуун дунд ороод ирцгээв. Миний мэдэхээс саарал болон бор шаргалдуу гантиг, ногоон пийсүү, Бразилын талст болор гээд том том чулууг байгалиас олборлосон байдлаар нь ч, бас бага шиг зассанаар нь ч шалаар нэг хөглөрүүлчихэж. Хүссэнд нь тэднээс зүсэж хөрөөдөөд л худалддаг юм байх. Давхарлаж өрсөн хайрцгуудад өнгө өнгийн чулууг жижиглээд лангуунуудын өмнүүр ирийлгэчихсэн байна лээ. “Юугаараа баян түүгээрээ...” гэдэг шиг л нүд эрээлжлүүлж байх юм. Лангуунууд, худалдагчийн арынх нь тавиурууд мэдээж бүр ч илүү баян тансаг аж. Залуухан худалдагч бүсгүй Алтанцоо хөтөчтэй танимхайран мэндчилж байв. Биднийг бараа сонирхон шуугилдах чимээнээр цаад өрөөнөөс дунд насны бүсгүй гарч ирсэн нь худалдагч охины ээж нь юм байна.

   Шүрний наймаачин ээж охин                                     

Би хөөрөгний толгой хийчихмээр томхон шүр байна уу гээд эрхий хуруугаа ээж худалдагчид нь зааж үзүүлсэн чинь “Энэ болох уу...” гээд шүрэн матар үзүүлж байх юм. Шаргалдуу өнгөтэй, арав орчим см урт шүр аж. Хуваагаад хөрөөдвөл том гарын хөөрөгт таарах тав зургаан толгой гарах л байх. Тэгээд ч энэ сайхан сийлбэрийг эвдэж толгой хийнэ гэж ч юу байхав. Грамм нь 120-130 ам доллар гээд тооцохоор 10800 орчим долларын үнэтэй болж байв тэр шүрэн матар. Хажуух мэлхий нь 2200 доллар гэнэ.

Хөөрөгний толгой хийчихмээр шүр тэр лангуугаар эрж хайсан боловч санаанд таарах эд таарсангүй. Бугуйвч, зүүлт гээд л дандаа жижиглэчихсэн бүтээгдэхүүн байх юм. “Шарма-эль-Шэйх”-д амарч аялахдаа буудлынхаа хажуух захаас боломжийн үнээр авсан хэдэн шүрний минь зиндаанд хүрэхээр юм харагдсангүй. Эхнэр маань зүүлт бугуйвч сонгож сонирхож өөртөө 200 орчим доллараар шүрэн зүүлт, бэрдээ ээмэг бугуйвчийн бадмаараг  хослол энэ тэрийг авна лээ. Бүсгүйчүүл болсон хойно “Шарма-эль-Шэйх”-д хийсэн миний шүрний наймааг ярьцгааж байв. Би гэдэг хүн баахан хуурамч шүр авсан бололтой юм. Хэлхээтэй гурван хэсэг, зуугаад грамм шүрийг гурван зуу шахам доллараар авчихсан юм би. Бага шиг хөөргийн толгой хийчихэж болохоор шүр энэ дотор хэд хэд байв. Охид бүсгүйчүүлийн зүүлт, бугуйвч болчихмоор шүр ч тэр дотор олон байсан юм. “Цагаан шүрийг улаан болгож хувиргадаг арга технологи байдаг гэсэн, тийм шүр л та нар авчихаж л дээ та, манайхны зарим хүмүүс тийм наймаа хийчихсэн сураг байсан” гэж Алтанцоо надад ярьж байв. Граммыг нь гурван доллараар авчихсан гээд бодохоор нэг их хохирчихоогүй л юм билээ би.

           

Бидэнд найрсгаар үйлчилж замчилсан Энхтайван    

        “Аль-Хусейны сүм”. “Хан эль Халили” захтай нийлээд нэг сүм орших юм. Би хэрэгт дурлаад тэр сүм рүү орлоо. Турк, Узбек, Киргизийн лал сүмүүдэд нэвтэрдэгтээ нэг адил гутлаа тайлж хөл нүцгэлэв. Уртаас урт үргэлжилсэн тэр том танхимд багана, хана дагаад сүсэгтэнүүд бохироод суучихсан мөргөл үйлдэж байлаа. Танхимын баруунтайх алт мөнгөөр хээлж чимэглэсэн нэгэн том хаалганы хавтасыг зарим мөргөлчид илж үнсээд цааш орж байх юм.  Хаалганы дээхэнтэй нэг загвараар давтаад давтаад зурчихсан лалын бичиг үсэг байна лээ. Самаркандын ...сүмийг үзэхэд бидэнд үйлчилж байсан хөтөч залуу “Аллах...Аллах...Аллах” гэсэн үг гэж тайлбарлаж байсандаг. Аль ч талаас нь уншсан ч “Аллах” гэж уншигддаг гэж ярьж байсан нь санаанд байв. “Хан эль Халили” зах орж сонирхох гэж яваад л энд ороод ирчихсэн болохоор энэ юуны ямар сүм болох талаар нь би ямар ч мэдээлэлгүй байсан юм. Мөргөлчидтэй холилдоод л тэдний эргэл мөргөлийг сонирхож явлаа. Алт мөнгөн чимэгт хаалгатай энэ танхимд нь гол үйл явдал болж байв. Хээ хуартай хааш хаашаа дөрвөн метр гаруй гэхээр дөрвөлжин гялтганасан металл хайсыг тойроод мөргөлчид шавчихаж. Хайс нь гадуураа төмөр хашлагатай юм. Тэр хайс дотор л эднийхний нэгэн гэгээн шүтээн байгаа бололтой юм. Чухам юу байгаа нь надад гаднаасаа мэдэгдэж харагдах юм алга. Хүн бүр л тэр хайс руу тэмүүлж хайсны хашлагыг үнсэж, түүнд мөргөж залбирч, адис авч байлаа. 

Хэдэн жилийн өмнө манай нийслэлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Соёлын сайд байхдаа “Бурхан багшийн чандар” залж авчирлаа гээд Соёлын төв өргөөнд ч билүү хэдэн мянган сүсэгтэн шавчихсан, ойртсон  азтангууд нь чандартай гэгдэх тэр бага шиг хайрцгийг үнсээд л, адис аваад л,  бөөн хөл хөөрцөг болж байсан даа, хойхонтоо нь Энхбаяр Ерөнхийлөгчийн дэмжлэгээр ч билүү, манай шашны дээдсүүд “Бурхан багшийн шүд” залж авчирлаа гээд сүсэгтэн олноо Төв цэнгэлдэхэд бас нэг шавуулж адис, үнсэлт болж байсан тэр үйл явдалуудтай төстэй юм уу гэж надад санагдаж байв. Утасныхаа камераар зураг аваад явж буй арабууд хэд хэд байсан болохоор би зориг ороод дүрс бичлэгийн камераараа зураг авч эхлэв. Миний зогсож буй энэ хэсэгт дандаа л эрчүүд. Эм арабууд нь метр хагастай болов уу гэхээр төмөр хашлагаар эрчүүдийн хэсгээс тусгаар, хайсны цаахантайх нэг талыг л эзэлж зогсоод тэрүүхэний хашлага, хайсыг  үнсэж үйл хэргээ гүйцэлдүүлж байв. Эмэгтэйчүүдийн тэндээс ахимаг насны нэг авгай над руу таягаараа зангах маягтай хандаж хэдэн үг хэлж байх шиг... Би эхэндээ  анзаарсан ч үгүй, зураг бичлэгээ үргэлжлүүлж байв. Тэгтэл тэр эмгэн хажуух хашлагаа таягаараа хэдэнтээ нүдэж над руу ямар нэг юм хэлээд байна. Зураг авч байгааг минь эсэргүүцэж буйг нь тэгэхэд л би ойлголоо. Тусгаарласан  хашлага байгаагүй бол над руу давхиад ирж мэдэхээр харагдлаа тэр хөгшин. “Будааныхаа савны бүтэн дээрээ...” гэдэг шиг зураглахаа дор нь больж уурлаж загнасан тэр эмгэн рүү бөхөлзөж уучлалт гуймар аядчихаад хаалга зүглэв. Эмэгтэй мөргөлчдийн ордог гардаг хаалга хайсны нөгөө талд байдаг нь ч надад аз юм. Үүд хаалга нь нэг байсан бол тэр араб эмгэн давхиж ирээд намайг ч, камерийг минь ч таягаараа хэмх нүдчихээс буцахгүй царайтай нэгэн байсан шүү... 

Ямар сүмд ороод гарсанаа хурдхан л мэдмээр санагдав. Гадагш гарангуутаа утасныхаа цахимд ороод “Хан эль Халили” захын хажуух энэ сүмийг зургаар нь хайж байгаад олоод авав. Аль Хусейн гэх ламын нэрээр нэршсэн сүм юм байна. Мянга шахам жилийн тэртээ 1153 онд Иракт болсон Кербелийн тулалдааны үеэр Аль Хусейн гэх тэр том лам амь алдсан аж. Гашуудаж эмгэнэсэн арабууд Аль Хусейн ламын толгойг тэр дор нь Каир руу илгээж түүнийг оршоох бунхант сүм бариулж эхлэсэн нь жилийн дараа ашиглалтад орсон түүхтэй юм байна. “Аль-Хусейны сүм” хэмээх анхныхаа тэр нэрээ энэ сүм өнөө хүртэл хадгалж Египетчүүдийн хамгийн их сүсэглэн биширдэг шүтээн болоод буй ариун газар орон аж. Энэ олон зууны турш 1874 онд л энэ сүмийг нэг удаа сэргээн зассан гэнэ. Алт мөнгөн ялтсаар  тоноглож чимэглэсэн “Аллах, Аллах, Аллах”гэсэн бичиглэл бүхий тэр хаалгыг нь 1986 онд Мохаммед Бурхаддин II барьж байгуулж өгсөн гэж тэнд бичсэн байв. Энэ нь бас өөрийн домог түүхтэй гэнэ. Аль Хусейн ламтаны эцэг нэгтэй ах Мешхед Рас аль Хусейн Кербелийн гэгдэх тэр тулаанд байлдаж байгаад бас амь эрсэдсэн юм байна. 

Түүний шарил, бас бус эд өлгийн зүйл Мумбайд хадгалагдаж байсныг нь түүний удмын энэ Мохаммедийнхэн хожмоо энэ Аль-Хусейны энэ сүмд авч ирж оршоосон аж. Ийнхүү Рас аль Хусейны шарил, түүнд хамаарах зарим эд зүйлс, мянга шахам жилийн өмнөх тулалдаанд амь алдахад нь авчирч энд оршоосон Аль-Хусейн ламтаны толгой энэ цайвар металл бунхан дотор арабуудын шүтээн болон хадгалагдаж байдаг аж. Энэ хоёр ламтаныг арабууд эртнээс л шүтэж ирсэн агаад бунхан, шарилыг нь ч ариун Мухаммедад хамаардаг гэж үздэг юм байна. Сүмийн цахим танилцуулгад “...Лалын сүсэгтнүүдээс бусад гадныхныг энэ бунхан, сүмд нэвтрэхийг зөвшөөрдөггүй хэдий ч тэд гаднаас нь харж л байдаг юм” гэж бичсэн байв. Өмнө нь үүнийг би олоод уншчихсан байсан бол энэ сүм рүү би орж зүрхлэхгүй байсан байх гэж санагдаж байлаа. “Тэнэгийн дотор уужуу...” гэдэг үг байдаг даа... Бусдад хаалттай энэ сүм рүү би тэгж хэнэггүйтээд л орж явчихжээ. Элдэв муу бодол санаа  огтхон ч тээсэнгүй, ур хийц сайхантай сүм, гоёмсог хаалга, тэр мөнгөлөг бунхан энэ тэрийг Египетчүүдийн шүтээн, шашин соёлынх нь үнэ цэнэтэй бүтээл юм гэж биширч үзээд л гарсан болой...

              

Бунханы алт мөнгөн чимэглэлтэй хаалга                      

“Аль-Хусейн” ламтаны бунханд сүсэгтнүүд мөргөл үйлдэж буй нь

   “Аль-Хусейн” ламтаныг бишрэгч сүсэгтнүүд

        Эмэгтэй сүсэгтнүүдийн хэсгээс надад уурссан настан наад захынх нь

 Тэрээр таягаа надруу гозолзуулж хашлага нүдэхийг нь хараад л би бичлэгээ зогсоож сүмээс гарсан юм

 “Аль-Хусейны сүм”-ээс гарч ирээд гадаа нь зургаа авахуулав

Зураг дээр бидний архантаа харагдаж буй тэр хоёр мөнгөлөг пуужин шиг юм бол сүсэгтнүүдийг хурц нар, борооноос хамгаалах шүхэр юм. Автомат удирдлагатай ийм гурван шүхрийг арваад жилийн өмнө энд суурилуулсан аж. Саудын Араб, Арабын Эмиратын сүмүүдэд ийм төхөөрөмж олон байдаг хэмээн цахимд бичсэн байв. Бид машинд суугаад хөдлөж байхад тэр шүхрүүд дэлгэгдэж байв. Телевизийн нэвтрүүлэг хийхэд хэрэг болж магад гээд машины цонхоор бага шиг зураг бичлэг хийж явлаа би... 

    Элчин сайдынд өнгөрөөсөн нэг үдэш. Шахуу хөтөлбөртэй өдрийн аялалаа өндөрлөчихөөд оройдоо Элчин сайдынд урьсаных нь дагуу зочиллоо. Элчин сайд Баярмөнхийн тухай өмнө цахимаас мэдээлэл хайхад тэрээр Ханой хотын Их сургууль, сүүлд Зөвлөлтөд Гадаад хэлний дээд төгссөн юм билээ. Мөн Их Британийн Ланкастерийн Их сургуульд Олон улсын эрх зүйн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж. Орос, англи, вьетнам хэлтэй эрхэм юм. Улаанбаатарт дахь Их Британийн ЭСЯ-нд орчуулагчаар ажиллаж ажил албаныхаа гарааг эхлээд улмаар өөрийн Гадаад хэргийн яам, мөн Монгол Улсаас Чех Улсад суугаа ЭСЯ, Вьетнам дахь ЭСЯ-нд дипломат алба хашиж байж. Египетэд Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Гадаад хэргийн яамандаа Ази, Номхон далайн орнуудын газрын захиралаар ажиллаж байсан юм билээ. Каирт томилогдоод гурван жил гаруй ажиллаж буй гэнэ. Эцэг Чулуун нь олон жил Вьетнамд атташегаас эхлээд Элчин сайд хүртэл ажиллаж байсан тухай нь өмнө би найз нөхдөөсөө сонссон байсан юм. Тэрээр Ханойд дээд сургууль төгссөн Вьетнам хэл, Вьетнам судлалын хувьд манайдаа тэргүүлэх мэргэжилтэн гэгддэг байж. Тэр орой гэрт нь удам судрын тухай яриа болоход Баярмөнх сайд “Манай аавыг Вьетнам Чулуун л гэдэг байсан, Гадаад яам гэлтгүй засаг төр, бусад яам тамгынханд ч түүгээрээ нэршчихсэн хүн байлаа...” гэж ярьж байв. Эзэгтэй Алтанцоогийн бэлдсэн зууш, хоол унд, элчин сайдын сөгнөх ганц хоёр хундага юм хүртэнгээ Алтанцоогийн ээж Оюунтай танилцлаа.

Ирсэн өдрийнхөө орой Баярмөнх сайдтай танилцангаа өөрийн бичсэн “Аян зам, бодол эргэцүүлэл” номоо хэдэн үг бичээд түүнд гардуулсан юм. Түүнийг минь хатагтай Оюун нилээд уншчихаж. “Хяргасын баяд юм шив дээ чи...”гэж байв намайг . Хяргас нуурын тухай бичсэн тэмдэглэлээс минь тэрээр тэгж ойлгож. Улаангомд ажиллаж амьдардаг миний үеэл Дуламсүрэн, түүний нөхөр Моломдагва нартай гэр бүлийн найзууд гэнэ. Моломдагва бид хоёр Хяргасын сургуулийн паралель ангийнхан. Японд ажиллаж амьдардаг Моломдагвын охин нь Алтанцоотой фасе-ээр харьцаж байгаад намайг энэ Каирт ирсэн тухай мэдэж тэд хэд хоорондоо яриа болцгоосон юм байх. Оюун энэ тухай ярьж, хариуд нь би “Яв явсаар бид хэд чинь садан төрлүүд болох нээ...” гэж наргиан болгож суув. Алтанцоо эмч мэргэжилтэй аж. Ээж Оюун нь Улаангомдоо худалдааны салбарт ажиллаж байгаад гавъяаны амралтдаа гарч. “Каирт өвөлжлөө, удахгүй буцна...” гэж байв тэр.

 Баруунаас хоёрдахь нь хатагтай Ч.Оюун, захынх нь гэрийн эзэн, Элчин сайд Ч.Баярмөнх

 Бид өглөө эрт Каираас Туркийн Анталья хот руу нисэх юм. Туркэд аялах гэж буйг минь Баярмөнх сайд сонсоод “Болд сайдыг та танина биз дээ, аялалд нь тус болоорой гэж би эндээс хэлж ярьж өгч болно шүү. Болд сайд манай энд хэд хоног аялаад явсан...” гэж ярьж байв. “Ярьж өгвөл баярлах байна аа л” гэв би. Өөрсдийн элчин төлөөлөгчийн газартай улс оронд аялахад аятай таатай, давуу тал ихтэйг бие сэтгэлээрээ мэдэрч яваа нэгэн билээ би. Өмнө тэрлэсэн Казахстан, Киргиз, Узбекийн тэмдэглэлээс минь ч тэр харагдаж буй байх. Хоёр жилийн өмнө Израилын Тель-Авив, Иерусалимд аялсанаа энэ Египет, дээр нэр дурдсан улс оронд хийсэн аялалтайгаа жишиж бичвэл дутуу хөтүүгийн дүр зураг тэнд их л тод харагдах байх гэж бодогдож байлаа... 

МУСГЗ Д.ЦЭДЭН-ИШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?