УРАМШУУЛАЛТАЙ СУДАЛГАА БӨГЛҮҮЛЭХ НЭРЭЭР ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА

2021-01-14  

Танд ийм мессеж, и-мэйл ирсэн юм биш биз?

Хэцүү цаг үед судалгаа бөглөөд өдрийн хорин мянган төгрөгөөр цалинжаарай”, “Та сүүлийн үеийн загварын гар утас хожлоо. Баяр хүргэе!”

Энэ бол залилан мэхлэгчдийн нэг өгөөш. Карт ашиглан төлбөр тооцоогоо хийдэг хүмүүсийг ийнхүү урхидан төөрөгдөлд оруулж, картын мэдээллийг нь өөрийн болгосноор данснаас нь гүйлгээ хийж мөнгийг нь залилдаг байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид нь ихэвчлэн сугалаанд хожсон тухай, төрөл бүрийн судалгаанд урамшуулалтай хамрагдах, эсвэл хэн нэгэнд тусламж шаардлагатай болсон гэх хуурамч мэдээллийг и-мэйл болон чаатаар ирүүлдэг. Ингэхдээ хэн нэгэн дотны хүний тань нэрийг зээлдэж, эсвэл хамаатны тань нэрийг барьж танаас картын мэдээллийг чинь авахыг оролдох болно. Мөн танд цалин олгох нэрийдлээр таны картын мэдээллийг хүснэ. Картын 16 оронтой дугаар, 941882 ****** 1234, мөн картын ард байрлах CVV код буюу гурван оронтой тоо,  тэр ч бүү хэл картын хүчинтэй хугацаа нь төлбөр тооцоо гүйцэтгэхэд ашигладаг таны нууц мэдээллийн нэг юм. Бид зөвхөн пин код болон И-пин кодыг л нууц гэж ойлгодог бол картан дээр хэвлэгдсэн байдаг бүх л тоон утгуудыг ч мөн адил нууцлах хэрэгтэй аж. Учир нь эдгээр мэдээллүүдийг ашиглан цахим орчинд таны нэрийн өмнөөс, таны картыг ашиглан залилан, гүйлгээ хийх боломжтой юм.

Мөн банк, санхүүгийн байгууллагын нэрээр түрий барьж таны дээрх мэдээллийг и-мэйл, гар утсанд тань мессежээр илгээн, хэлж өгөхийг хүссэн бол цахим луйврын гэмт хэрэг байж болзошгүйг анхаараарай. Учир нь банк, санхүүгийн байгууллага  харилцагчдаасаа хэзээ ч нууц үг, картын болон хувийн мэдээллийг нь утсаар болон и-мэйлээр огт асуудаггүй бөгөөд энэ тохиолдолд заавал шалган баталгаажуулж байна уу.

Хөл хориотой холбогдуулан сүүлийн үед онлайн худалдан авалт ихсэж буйн зэрэгцээ хуурамч вэбсайтуудаас худалдан авалт хийх, картын мэдээллээ алдах, залиланд өртөх тохиолдол гарч буй тул та бүхнийг энэхүү мэдээлэлд анхаарал хандуулахыг хүсье.

Онлайн худалдан авалт хийхдээ тухайн вэбсайтын найдвартай, хууль ёсны эсэхийг заавал шалгаж, төлбөрийн нөхцөлтэй урьдчилан танилцаарай. Онлайн худалдааны сайт нэрийн дор таны мэдээллийг авахаар хэн нэгэн хүлээж байгаа ч юм бил үү? Болгоомж хаана ч илүүдэхгүй.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛ ХОРИОГ ДАХИН 5 ХОНОГ СУНГАХ НЬ ЗӨВ ҮҮ?