АН-ын дарга, УИХ-ын гишүүн З.Энхболдтой Наранбаатарууд үзэлцэж байна. MNB-ийн уран бүтээлчдийг "архичид" гэж дуудлаа хэмээн MNB-ийн ерөнхий захирал байхдаа УИХ-ын даргыг шүүхэд өгч "зүрхэлсэн". Хариуд нь З.Энхболд ч түүнийг бас шүүхэд өгсөн түүхтэй.
Удалгүй М.Наранбаатар ажлаа өгсөн. Гэхдээ М.Наранбаатар MNB-ийн ерөнхий захирлаар 3 удаа улиран сонгогдож , нийтдээ 10 гаруй жил даргаар ажилласан байдаг. Дарга байхад нь эхэлсэн шүүхийн явц нь одоо хүртэл дуусаагүй гэж М.Наранбаатар хэлж байна. Өвөрхангайгаас гаралтай тэрбээр Өвөрхангайд бие даах хүсэлтэй. Саяхан Орос руу томилолтоор явах гэхэд нь, түүнийг хориглосон байна. Энэ янзаараа сонгуульд ч нэр дэвшсэн ч, СЕХ-ноос нэр дэвшигчийн мандатаа авах өнгөрөв бололтой гэж ажиглагч дүгнэсэн байна.
Харин дараагийн тэрсэлдэгч нь Дарханы АН-ын дарга асан Л.Наранбаатар. Тэр жил Иракт, АНУ-ын ерөнхийлөгч Буш руу гутлаа тайлан шидсэн арабын сэтгүүлчийг санагдуулам үйлдлийг тэр хийсэн. Л.Наранбаатар гутлаа биш, оймсоо шидсэн. З.Энхболд бол нялцагдаад байдаг хүн биш. Л.Наранбаатарыг бол шүүхийнхэн торгоод явуулсан. Харин MNB-ийн М.Наранбаатартай одоо болтол зарга нь үргэлжилсээр байгаа юм байна.
Ц. БАТТУЯА