НУТАГ ОРНООРОО АЯЛАХУЙ (ҮРГЭЛЖЛЭЛ)

2021-01-28  

Нуурын шугамд. “Хэцүү хад”-аас аймгийн төв, “Хар Тэрмэс”-ийн рашаан амралт тал руу 60 шахам км давхиад Нуурын шугам дахь “Хяргас нуур” амралт аялал жуулчлалын баазад хүрээд ирнэ. Төв засмалаасаа таван км гээд амралтын зүг чиг заасан сурталчилгааны том самбар ч байна лээ. Манай Хяргасын баядуудын эртнээс нэрлэж ирсэн энэ Нуурын шугам гэдэг нь нуур руугаа арав гаруй км цөмөрч орсон хошуу юм. Далай руу цөмөрч орсон ийм том хошууг хойг гэнэ гэж газар зүйн хичээлээр заадаг байсан санагдана. Ийм хошуу хойгийн дундхан хэсэгт бидний буух “Хяргас нуур” амралт байгаа юм. “Хэцүү хад”нь Завханы нутаг бол “Нуурын шугам” нь Хяргасынх, “Хар Тэрмэс” нь Малчин сумын нутагт хамаардаг юм билээ. Тэгээд ч нутаг нутгийнх нь уугуул бизнесмэнүүд энэ амралтын газруудаа эзэмшиж авч явдаг аж. Сүүлийн хэдэн жил бид энэ Хяргас нууртаа ирж очиж яваад байгаа болохоор амралтын эздийн тухай ойр зуурын мэдээлэлтэй болоод буй. Хяргасын уугуул мянгат малчин Д.Лүндэнгийн хүү Л.Банзрагч гэх ажил хэрэгч залуу зургаа долоон жилийн өмнөөс энэ “Хяргас нуур” амралтыг байгуулаад одоо үйл ажиллагаа нь жигдрээд байна. Би энэ нутгийн уугуул болохоор эдний удам омогийнхныг ерөнхийд нь мэднэ ээ. Амралтын эзний аав нь одоо ч нутагтаа амьдарч мал хунараа өсгөж улс, аймгийн аварга малчин цол хэдэнтээ хүртсэн нутаг орондоо нэр хүндтэй сайн малчин хүн. Саяхандаа телевизээр гарсан Хяргасын нутгийн тухай нэгэн баримтат нэвтрүүлэгт яриа ярилцлага өгөөд баядын найрын дуу дуулаад ануухан байна лээ. Наяад оны үед Өмнөговь аймгийн Намын хорооны нэгдүгээр дарга, дараа нь МАХН-ын Төв хороонд  удирдах ажил хийж явсан Дагданы Пүрэв гэх эрхэм бол энэ хүний төрсөн ах нь, ерээд оны үед Увс аймгийн Засаг даргын алба хашиж явсан Дагданы Намсрай гэх эрхэм бол түүний төрсөн дүү нь. Саяхандаа БОАЖ-ынСайд байсан Цэрэнбат бол энэ Намсрай эрхэмийн хүү нь юм. Дагданы Намсрайтай би Хяргасын сургуульд нэгэн үе хамт суралцаж байсан болохоор эднийхнийг мэдэх юм. Тэгээд ч манай эцэг өвгөд, ахмадууд нэг яс, нэг угсаатай гээд ойр явсан түүхтэй юм билээ. “Хяргас нуур” амралтад ирэхэд амрагч цөөхөнтэй нам гүмдүү, утсаар яриад захиалгаа өгсөн болохоор бидний байр, ор дэр ч бэлэн байв. Амралтын эзний гэргий Жамбалын Саруул гэх бүсгүй албаа эрхлээд байж байна.

Өнгөрсөн зун найз нөхөдтэйгээ баг болж Алтай Таван Богдоор аялаад буцах замдаа шөнө дөлөөр эдний амралтад ирж хоносон юм. Өглөө нь энэ бүсгүйтэй таарч танилцаад явсан болохоор хуучны танилтайгаа энд дахин уулзахад таатай байлаа. Ээж нь Хяргасын долоон жилийн сургуульд миний доод ангид сурч байсан урлаг соёлд авъяастай, сургуулийн концертод дуулдаг хөгжимддөг, хүүхэд багачуул бидний анхаарал сонирхол татсан царайлаг, тухайн үеийнхээ од болсон Нацагийн Пэлжир хэмээх охин байсан юм. Өнгөрсөн зун Саруул бүсгүйтэй ээжийнх нь тухай иймэрхүү яриа хөөрөө болж байж билээ... Эднийх таван ортой найман гэр, дөрвөн ортой таван байшинтай цомхон бааз юм. Зоогийн газар, албан контор, гал тогоо нь тусдаа байшин барилгатай. Хоёр гурван жилийн өмнө хэд хоног ирж амрахад ариун цэврийн байгууламж, шүршүүр нь боломжийн ажиллаж байсан. ”Ёслол хүндэтгэлийн өргөө”-тэй болж байна гээд Өвөрхангайн Уянгын арван ханатай сийлбэртэй гэр барьж байхад нь өнгөрсөн зун таарч байв. Манай нутгийн нэрийн хуудас болсон Хорлоогийн Баянмөнх аварга тэр үед эдний амралтад амарч байв. “Баянаа аварга манай өргөөний анхны зочин болно...” гээд бид билэгшээж байна аа гэж эдний баазынхан тэгэхэд ярьж байсан юм. Гэрийн доторхи ор, ширээ сандал ч сийлбэртэй, Уянгын хийц юм билээ. Гадна дотны зочин ирэхэд танайхан нүүр улайхааргүй болжээ гэж би тэдэнд өнгөрсөн зун хэлж байв...

Энэ зуны наадмаар энэ гэрт зочин гийчин ёстой пиг л байсан гэнэ. Одоо л зочдын урсгал татарч байна гэж Саруул бүсгүй ярьж байлаа. Бид дөрвөн ортой гурвалжин байшинд тухаллаа. Үдийн хоолондоо орчихоод  шууд л нуурандаа умбаж шумбацгаав. “Хэцүү хад” байгалийн өвөрмөц тогтоц, хад хавцлынхаа үзэмжээр аялагчдын анхаарал сонирхлыг илүүтэй татдаг бол “Нуурын шугам” хавь бол халуун зөөлөн элс, нуур усны намуухан байдал, далай тэнгислэг төрхөөрөө амрагчдыг илүү татдаг гэж би ойлгодог юм. “Хэцүү хад”амралтын тэр хэсэгт  нуурын ус нь хад чулуу ихтэй, огцом гүнзгийрчихдэг бол “Нуурын шугам”-ынх огт өөр. Захаас нь арваад метр явахад нуурын ус бүсэлхийнээс арай дээхнүүр татна. Дахиад гурав дөрвөн метр алхахад хүзүү хавиар татах жишээтэй. Тэгээд ч хөл дор зөв зөөлөн элс хайрга. Багачуул ч зах хавиар нь умбаж шумбаад тоглож наадаж байхад аюул эрсдэл бага. Давс хужир арвинтай усанд нь хэсэг шумбачихаад наранд халсан зөөлөн элс, нарийн хайрга дээр нь хэвтэж байх тун ч таатай.

“Нам засгийн буянаар газар газрын нуур далай бишгүй л үзлээ, Хяргастай тэднийг харьцуулах ч юм биш...” гээд арваад жилийн өмнө нэгэн нийтлэлдээ нутгийн энэ нуураа магтан бичиж байлаа. Одоо ч энэхүү магтаалдаа үнэнч явдаг болохоор жилийн жилд Хяргас руугаа тэмүүлсээр байх болжээ. Дээхэнтэй гүн социализмын үед манай нам төрийн зарим томчуул зундаа энэ Хяргас нуурт ирж тогтмол амардаг байсан гэдэг. Улс төрийн Точооны гишүүн Д.Майдар гэх эрхэм хэдэнтээ ирж амарч бас загасчилдаг байж. Тэрээр Хяргасын энэ давс хужиртай ус тархины судасны хатуурлыг илааршуулах увидастай юм байна гэж ойр тойрныхондоо ярьсныг нь манай Хяргас нутгийн уугуул, нам төрийн нэртэй зүтгэлтэний нэг Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа гуай “Ардын эрх” сонинд ярилцлага өгөх үеэрээ завсарт нь нэг хуучилж байсныг би санадаг юм. Тийм чанар байхыг ч үгүйсгэмгүй. Амралтын эзэгтэй Ж.Саруултай би энэ талын яриа өдөхөд тэрээр: Манай энэ шугамд Хяргасын баядууд л их ирдэг юм шдээ, Баянаа аварга гэргийтэйгээ сүүлийн хэдэн жил бараг тасралтгүй ирж байх шиг байна. Нуур усныхаа увидасийг нь мэддэг болохоороо л жил бүр ирж байдаг байлгүй. Хүүхэд шуухадтай хүмүүс майхантай ирээд нуурын эрэг хавиар хэд хонож л байдаг юм, агаар ус нь амьсгалын замын элдэв эмгэг илааршуулахад хэрэгтэй ч байж мэднэ гэж байв.

Энэ яриа болохоос хоёр хоногийн өмнө бид Нуурын шугамын нарийн үзүүрийн торгон хэсэгт очиж усанд оронгоо тэр хавиар аялал хийсэн юм. Биднийг тэнд очиход нуурын тэр үзүүрт нэг залуу гэр бүл бага шиг майхантай буудаллачихсан байна лээ. Уг нь энд тэр болгон амрагч аялагчид ирж буудаллаад байдаггүй зэлүүдхэн газар л даа. Майхны гадна хотын дугаартай  Приус-20 , хажууд нь тав зургаан настай хүү тоглож харагдсан. Хүүгийн ээж өлгийтэй нялхыгаа тэвэрч бүүвэйлээд майхныхаа өмнө налдаг сандал тавиулаад суучихаж. Цагаан алчуураар толгойгоо битүүлчихсэн болохоор нь саяхан амаржсан ч юм болов уу гэхээр. Зүгээр л нэг амрах гээд хүрээд ирсэн хүмүүс биш байх гэсэн бодол төрж байсан. Лам багш ч юм уу, эмч домч нь ч юм уу хэн нэгэн эдэнд зөвлөөд л ийшээ явуулсан байж болох. Учир байдал асууж тэдэн дээр очмоор санагдсан ч нялх нярайтай тэдний амгалан байдлыг нь алдуулчих байх гэж бодоод тийшээ зүглэж зүрхлээгүй юм. Уугуул нутгийнхаа нуур уснаас аврал энэрэл эрээд л энэ үзүүрийн хайрга элсэн дээр бууцгаасан байх... Хоёр жилийн өмнө би Хяргас сумын эмнэлгийг миний авга ах, доктор профессор, Гавъяат эмч Г.Жамбын нэрэмжит болгох ёслолд оролцохоор бид гэр бүлээрээ Хяргаст ирэхдээ хамаатан саднуудтайгаа хамт нуурын эрэгт гурав хоног амарч билээ. Эхнэр маань хотоос гарахдаа ханиад хүрч эм тан болж явсан юм. Онгоцонд даарсан уу ханиад нь улам үгдрээд эм нь ч тус болохгүй сандаргаж нэг хоёр хонов. Онгоцоор буцаах санал хүртэл тавьж байлаа би. Түүнийг ч тэр хүлээж авсангүй, харин ч биднийг дагаад өдөртөө нуурын усанд хэдэнтээ орж элс хайрган дээр нь хөрвөөсөөр байтал удаж төдөлгүй нөгөө ханиад бүгшээ нь бүрэн илааршиж сүүлдээ эм тан ч хэрэггүй болсон. Тэгээд л эхнэр маань Хяргас нуурын энэ ус, халуун элс хайрга, энэ хавийн бүлээн дулаан агаар орчинд их учир байна гэж сүрхий сүсэглэх болсон юм... Өнгөрсөн жил бид найз нөхдийн хамт Алтай таван Богд руу аялна гэхэд эхнэр маань Хяргасаар дайрч ганц хоёр хононо биз дээ гэж байгаад л наашаа зүглэж байлаа.

Өлгий, Улаангом, Тэс, Ховд гээд өдөр хоногоор төлөвлөсөн тэр аялалд олуул явсан болохоор Хяргас нуурт огтхон ч тухлаж чадаагүй юм. Тэгээд л энэ жил хүүгээрээ машинаа бариулж ойр зуурт үйлчлүүлсэн шиг тааваараа аялацгааж  яваа маань энэ. Дөрөв хоног амрахдаа бага үд, их үдийн дараа хоёроос гурван цаг нууранд орж, халуун элс хайрган дээр нь нарлах хөтөлбөртэй байлаа. Нэг өдөр нь хоёр цаг гаруй байрныхаа ойрхноос хөмүүл түүж давсалж дарцгаав. Хотын хамаатнууддаа өгөх нутаг усны “брэнд”. Өөрсдөө ч хоёр гурван сар хоолны хольц болгоход хүрэлцэхээр юм. Нуурын хавь ойр тэр чигээрээ хөмүүлийн талбай. Амралтын эзэгтэй Саруулд би хөмүүлийг танайхан бизнес болгож болохоор юм биш үү гэдэг санал хүртэл хэлээд авав. Оюутан хүүхдүүд ажиллуулж түүлгээд хөмүүлийн дарш бэлтгээд савлаад аймаг, хот оруулж борлуулбал ард иргэдийн хүнсэнд ч, ажилласан оюутан залууст ч, танай компанийн ашиг орлогод ч ач тустай баймаар санагдах юм гэж ярилцаж байлаа. Үндэс угийг нь гэмтээхгүй хайчлаад түүвэл хөмүүл ирэх зун ч бас л ногоороод байж байх нөхөн төлждөг баялаг. Нуур ус маань ч үе удмаараа, хэдэн үеэрээ ч хайрлан хамгаалууштай хамгийн үнэтэй баялаг.

     Асуудал бас байна аа байна. Аятай таатай аялаж амарч байхын тулд бодож болгоомоор асуудлууд бас нилээд байх шиг. Нуурын загас энэ жил их ховордчихож. Арваад жилийн өмнө “Хэцүү хад”-ад  амарч байхад хад цохио болгонд хар галуу багширч, түүний доохонтойх нуур усанд шар сугасын сүрэг сүлжилдэж л байдагсан. “Нуурын шугам”-ын нарийн үзүүр хэсэгт ойр ойрхон загасан давалгаа болж байхыг бид харж бахархан шагшиж байж билээ. Загас жараахайд тааруу би гэдэг хүн найз нөхдийн уургыг гартаа барьж үзэх анхныхаа тохиолдлоор тэр багширсан сүргээс нэгийг дэгээдээд авч байв. Тэр цаг үе харин өнөөдөр үлгэр болж байх шиг. Багширч байдаг хар галуу ч “Хэцүү хад”-ад эрс цөөрсөн байна лээ. Тэдэнтээ өнгө булаалдаж өрсөлдөн нисэлддэг цахлайн сүрэг ч маш ховор болчихож. “Хэцүү хад”-ын зоогийн газрын үйлчлэгч Ангирмаагаас загасны төрлийн хоол захиалбал бололцоотой юу гэж асуухад “Манайхан ойрдоо загасанд явсан хэдий ч захиалга авах хэмжээнд загас барьж ирж чадахгүй л байна” гэж байв. Арваад жилийн өмнө бид өдөр нь захиалга өгөхөд орой нь шарсан загас бэлэн болчихсон байдагсан. Хорь шахам хүнтэй манай аялалын багийнханд шүү. “Нуурын шугам”-ын нарийн үзүүрт нөгөө багширч байдаг “Шар суга” загасны сүрэг бүр сураггүй байх юм энэ жил. Тэр хавиар бид хэд ч, манайхантай хоёр гурван өдөр хамт амарсан манай долоон жилийн сургуулийн ахмад багш Шаапуугийн хүүхдүүд, тэдний найз нар ч хамтдаа тэр хавиар загас харчих санаатай усанд сэлээд ч, нуурын үзүүрээр нааш цааш хэдэнтээ алхаад ч хэн нь ч ганц болохноо загас харж чадсангүй “Гөө мөн сонин юм аа...” гэж хоорондоо гайхан ярьцгаагаад л амралтын руугаа буцацгаав. Энэ хавиар нисэн шуугилдаж байдаг цахлайн сүрэг ч харагдсангүй... Нуур усан дээр эргэлдэхээсээ илүү цахлай шувуу амралтын хогийн хашлага хавиар хоол эрсэн аятай хэд хэдээрээ гэлдрэхийг нь “Нуурын шугам”-ын энэ амралтад хэд хонохдоо өдөр бүр л харж сэтгэл эмзэглэж  байв. Загас элбэг байхад хар галуу ч, цахлай ч нуур усандаа сүрэг сүргээрээ шаагилдаад л тэндээ л байдаг бололтой юм билээ. Байгалийн зохицолдоо нь ч тийм байх. Тээр жил “Хар галуу ихсээд, нуурын загасыг дуусгах нээ...” гээд зарим хүмүүс эмзэглэн бичиж байсныг би санаж байна...

Гурван жилийн өмнө бид Хяргас нуурт ирж амрахдаа баахан загас хядсантай таарч байв. “Нуурын шугам”-ын үзүүрт хүү бид хэд нэг өдөр нь очиход оросын номер дугаартай машинтай орос тува нийлсэн хэсэг аялагчид загас барьцгааж эхнэр хүүхдүүд нь усанд умбаж шумбан шуугилдцгааж байсан юм. Бид хэд ч тэнд усанд орж тэр хавиар сүлжилдэх загас жараахай харж баясаж байгаад амралтын бааз руугаа буцсан юмдаг. Оройхонтоо ТВ-9 телевизийн гэгддэг Цэндийн Энхбат, Барилгын зураг төслийн Ти Энд Юу компанийн захирал Норовын Цогтоо нар гэр бүлийнхэнтэйгээ “Хэцүү хад” амралтад ирчихсэн, тэндээ хоноцгоож байна гээд утсаар ярьж байв. Маргааш нь үд хавьд тэд бидэн дээр ирцгээлээ. Сайн загасчин гэгддэг Энхбатад Нуурын нарийн үзүүрт сүлжилддэг загасны тухай ярьсан чинь нүд нь сүрхий сэргэж хурдхан тийшээ явцгаая гэж байв. Цогтоо найз ч тэр хавийг загас элбэгтэй гэдгийг бас мэднэ л дээ. Арваад жилийн өмнөх тэр намар бид хэд тэнд очиход манай тэргүүлэх загасчин нь Цогтоо байсан юм. Би түүний уургыг сонирхонгоо нуурын зах хавьд дэгээ шидсэн чинь нэг том шар сугас барьчихсанаа би өмнөхөнтээ би дурсан бичсэн дээ. “Чамд баригдаж байхыг бодоход танай энэ нуур үнэнхүү загас элбэгтэй юм” гэж найзууд магтан шагшиж байсан юм...

Хуучны тэр дурсамжаа Цогтоо бид хоёр Энхбатад хүүрнэж ярьсан шигээ “Нуурын шугам”-ын нарийн үзүүрт бид давхиад ирлээ. Машинаас бууж хэсэг алхаад бүгд л цочирдоцгоов. Том том загаснуудын цус нөж болсон сэг зэм өмнө маань хөглөрч байх... Тун ч сэтгэл эмзэглэмээр дүр зураг биднийг ийн угтсан юм. Загаснуудын зөвхөн нурууны хэсгийг хутгаар зүсэж аваад хэвлийн хэсэг, толгой мэтийг нь энд тэнд ундуй сундуй цувуулаад хаячихсан байв. Иймэрхүү “улай” үзэж харсны дараа манайханд загас барих дур сонирхол ч төрсөнгүй, тэр сэг зэмний зураг хөргийг авч аймаг орон нутгийнханд илгээж загас хядсан гэмтнүүдийг олж гэсгээлгэх тухай яриа хөөрөө болцгоолоо.

Өчигдөр энд надтай тааралдсан орос, тува хүмүүсийн хийсэн “ажил” гэдэг нь надад ойлгомжтой байв. Загасны нурууны махыг шулж давслаад л аваад явчихаж гэж энэ талд биднээс илүү мэдлэгтэй Энхбат маань ярьж байлаа. Тэрээр камерын бичлэг хийж өөрийн ТВ, сайтад нэвтрүүлэг бэлтгэнэ  гэж байв. Сэтгэл эмзэглэсэн бид хэд удаж төдөлгүй бааздаа эргэн ирж энд томилолтоор түр ажиллаж байсан Ханхөхийн Дархан цаазат бүсийн Байгаль орчны байцаагч Ц.Бумжаргал гэх бүсгүйд авсан зураг, бичлэгээ үзүүлж и-мэйл хаягаар нь тэдгээрийг хэргийн баримт материал болгон илгээхээр болов. Ц.Энхбат сэтгүүлч ч түүнтэй энэ талаар болон нуур орчмын байгаль орчин хамгаалах сэдэв чиглэлээр телевизийн ярилцлага бичлэг хийж байлаа. Эдгээрийг өнөө эргэн дурсахын учир бол сүрэг сүргээрээ хошуурч байдаг шар сугас загас нуур уснаа огт харагдахгүй болчихсоны учир шалтгааныг дахин сөхөж ярих гэснийх юм.

Нуурын үзүүрээс буцаж ирээд амралтын эзэгтэй Ж.Саруултай “Загас их ховор болчихжээ, уг нь нуурын тэр үзүүрт их л элбэг байдагсан...” гээд яриа өдөв. Тэрээр “Өнгөрсөн намар оройхон манай бааз хаачихсан байхад машин тэрэгтэй хэсэг хүмүүс нуурын тэр үзүүрт тэсэлгээ хийж загас агнаад баахныг ачаад явчихлаа гэж манай баазын манаач бидэнд мэдээлсэн юм. Манай нөхөр тэр тухай аймгийн Байгаль хамгаалах газар, хууль цагдаагийнханд хэлж тэр хүмүүсийг барьж байцааж арга хэмжээ аваач гээд нилээд хөөцөлдөж байсан. Та хот орохдоо түүнтэй уулзаж яриач, нөхөр маань америкаас ирсэн хүүхдүүдээ хотод угтах гээд түр явчихсан байгаа...”  гэж надад хариу барив. Хэн дуртай нь нуурын үзүүр рүү давхиж загас агнах, мөн нуурын энэ эрэг хавиар бууж буудаллаж орчин тойрны экологит хор хохирол учруулах магадлал их болоод байгаа болохоор эдний амралтынхан хашаагаа нуур тал руу үргэлжлүүлэхээр төлөвлөж торон хашаа нилээдийг захиалж эндээ авчруулаад байж. Түүнийгээ ч аймаг сум руу мэдээлж байсан юм байх. Тэгтэл аймгийн засаг захиргааныхан нэг компанид энэ ажлыг нь хариуцуулж нөгөөдүүл нь ор нэрийн төдий ажил хийгээд эхлэхээр манай нөхөр хэл ам хийж ажлыг нь зогсоочихсон байгаа гэж Ж.Саруул ярьж байв. Нарийн учир шалтгааныг нь та хот  

Амралтын эзэгтэй Ж.Саруултай хүндэтгэлийн өргөөнийх нь өмнө ийн ярилцав

орохдоо манай нөхөртэй уулзаж тодловол арай дээр байх. “Хашаа барина гэж гучин сая төгрөгийн төсөв авчихаад нуурын эргээс хэдэн чулуу авчирч булш хиргисүүр шиг юм хийчихэж...” гээд Банзрагч уурлаад байсан гэж тэрээр нэмж өгүүлсэн юм. Би ч аймгаас ажиллуулсан нөгөө нөхдийнх нь ажлын эхлэлийг нуурын ойр тойрноор явж үзэж харав. Хүүхдийн зуслан, албан байгууллага, айл гэрүүдийн түр хашааны газарт түр хил, хориг тиг тавьчихсан байдаг шиг хэсэг чулуу, машины хуучин дугуй цувуулчихсан байх юм билээ. “Хяргас нуур” амралтын эзэн Л.Банзрагчтай би энэ талаар

       30 саяын хашааны эхлэл газар дээрээ нэг иймэрхүү  

 утсаар ярихад “Нуурын шугам руу дураараа явж загас ихээр агнадаг, тэр хавийг бохирлодог хаанахын хэн нь мэдэгдэхгүй тийм хүмүүсийн урсгалыг хашаа барьж хязгаарлая, ордог гардаг хаалгатай болгоё, бүртгэлжүүлж цэгцлэе гэж л аймаг суманд асуудал тавьж байсан юм. Өөрсдийн хашаагаа үргэлжлүүлж сунгаад барьчихья гэж байв. Тэгтэл хэсэг залуус ирж хэдэн чулуу зэллэж тавиад тэр ажлыг оромдчихлоо. Өсвөр насны хүүхдүүд ч ганц нэг чулуу хөдөлгөөд л машин унаатайгаа чөлөөтэй орж явчихаар байгаа биз дээ. Аймаг орны төсвийг ингэж амар хялбараар хувааж идэх гэж байгаа юм байх даа гэж хардахаас өөр аргагүй болоод байна” гэж ярив. Ер нь амралт, аялал жуулчлалын бааз, тэдний эзэмшил газрыг хашаа хамраар тусгаарлахгүй бол хэн дуртай нь тэр хавиар нь майхан барьж буучихаад орчин тойрных нь газрыг бохирлож талхлаад явчих нь элбэг болжээ. Эдний амралтын эргэн тойронд урьд өмнөх жилүүдэд байдал тийм  

 

 

Амралтынхан энэ хашаагаа үргэлжлүүлээд барьчихъя гэх санал тавьцгааж байж.

байсантай би тааралдаж зураг хөргийг нь авч холбогдох хүмүүст нь үзүүлж санал хүсэлт хэлж  явсан юм. Зарим хүмүүсийн “Үнээ” хэмээн нэрлэдэг хоёр гурван литрийн шар айрагны хуванцар савыг хооронд нь холбож завь болгоод нуур усаар хөвж явсныгаа хог болгоод нуурын эрэгт хаячихсан байсан нь хэн хүний сэтгэл эмзэглүүлэхээр юм билээ. Ингэж зугаацсан тэр хүмүүс архины шил, тамхины хайрцаг энд тэндгүй л хөглөрүүлсэн байсан. Гал хөсний дутуу шатсан түлээ мод, яс үсний үлдэгдэл хаягдал хаа сайгүй нь яаруу түргэн нүүж одсон айлын буурь бууц шиг л харагдаж байв... Иймэрхүү хог хаягдалыг амралтын газрын хэдэн үйлчлэгч, туслах ажилтнууд л цаг зав, хүч хөдөлмөрөө заран байж хамж цэвэрлэнэ. “Хяргас нуур” амралтынхан хашаа хороо барьж дураараа дургиж байгаль орчин бохирдуулагсдаас эргэн тойрныхоо эзэмшил газраа хамгаалахаар болж буй нь сайн хэрэг. Нуур усныхаа загас жараахайг хамгаалахад ч бас тустай. Гурван жилийн өмнө энд бид амрахдаа удирдлага менежерүүдэд нь зарим санал хэлж байсан юм. Тэр юу вэ гэвэл, эргэн тойрондоо ирж бууж хонож өнжөөд яваа хэсэг бүлэг амрагчдаас хэд гурван төгрөгийн хураамж төлбөр аваач ээ, тэр мөнгөөрөө ядаж л тэдний үлдээсэн хогийг түүж цэвэрлэх, дараа нь ачиж хогийн цэгт хүргэх ажлаа санхүүжүүлнэ шүү дээ гэж зөвлөж байсан юм. Жишээ болгоод “Хар зүрхний Хөх нуур”-т хэдэн жилийн өмнө амрахад тэдний байгаль хамгаалагч нь яаж ажиллаж байсан тухай ярьж өгч байв... Тэр тухай энд дахин өгүүлэхэд, бидний хэсэг найз нөхөд тэнд гурав хоног амрахаар байр байшингаа урьдчилан захиалаад очсон юм.

Тэгтэл тэднийхэн “Эхний өдрөө та нар гадуур хоноглочихооч, Солонгосын хүндтэй зочид манайд гэнэт буухаар болоод байр хүрэлцэхгүй болчихлоо...” гэж учирлав. Бид ч тэдний гуйлт хүсэлтэд найрсаг хандаж майхан саваа Зүрх уулын нэг аманд барьж дуу хуур, наргиан шуугиан болоод хоноцгоов. Өглөө хээрийн цайгаа ууцгааж байтал алаг морьтой өвгөн хүүтэйгээ хамт манай гал дээр ирлээ. Тэрээр Хан Хэнтийн Байгаль орчны байцаагчийн үнэмлэх үзүүлж, дүрэм журам танилцуулж байгаад манайхны машин бүрд гурван мянга ч билүү таван мянга ч билүү төгрөг, аялагч хүн бүрд мянган төгрөгийн хураамж  ногдуулж байсан санагдана. “Амралтын газар захиалгатай байсан, тэднийхэн зөвшөөрсөн” гээд ч тус олсонгүй. Тэдний эзэмшил газарт нь хоносон бол өөр хэрэг гээд бидний тайлбарыг тэр өвгөн авч хэлэлцээгүй юм... Нуур ус хавьдаа та нар тийм л хатуу харуул хамгаалалттай баймаар юм, “Хан Хөхийн байцаагч” Бумаа ч “Хан Хэнтийн Байгаль орчны байцаагч” тэр өвгөн шиг ажилладаг болмоор юм гэх мэт яриа хөөрөө болж байв. Ер нь тал талаас шаардлага тавиад нуур хавиар буудаг, хоноглодог амрагчид хог хаягдлаа орхих нь гайгүй болоод байгаа шүү гэж Ж.Саруул ярьсан юм. Өчигдөр бид төв замаас танайх руу салдаг замд том улаан автобустай тааралдсан, танайхны аялагчдын унаа юу...? гэж түүнээс асуухад тэрээр “Бодь Даатгал компанийн Улаангом дахь салбарын ажилтнууд нуурын эрэгт амарсан юм аа, манай хамаатны залуу салбарынх нь захирал юм. Тэр тэдэнтэйгээ хамт ирээд манай амралтад байрласан байгаа.

Ажилтнууд нь маш эмх цэгц, зохион байгуулалттай амраад, тэр орчиндоо тамхины нэг ширхэг  иш ч үлдээхгүй цэмцийтэл цэвэрлээд явна гэж амлаж байсан юм. Түүнийгээ ч биелүүлсэн байна лээ, Та тэр газрыг очиж хараарай. Өчигдөр та нартай зам дагуу тааралддаг нь энд гарсан хог хаягдлаа хогийн цэгт хүргэж хаясан байх, дөчөөд хүн нэг хоёр хонохоор хог хаягдал их гарсан байх л даа, энэ жил аймгийн Байгаль орчны газар төв замд хогийн цэгүүд байгуулж аялагч жуулчид, амралтын газрууд тэнд нь хогоо хүргэж хаях бололцоотой болоод байгаа” гэж ярьж байв... Маргааш нөгөөдөр нь нуур усанд орохдоо би улаан автобустай амрагчдын буурь бууцыг эргэж тойрсон юм. Үнэхээр л тамхины ширхэг ч иш, чихрийн ганц ч цаас тэнд олж хараагүй шүү. Амрагч аялагч бүр ийм л байгаасай гэх хүсэл мөрөөдөл төрж байлаа. Буцахдаа аймгийн Байгаль орчны газар, ТҮК-ийнхэний бий болгосон хогийн цэгийг харав. Жуулчны баазын ойролцоо, төв зам дагуу ийм цэг буй болгосон нь сайн хэрэг. Харин айл гэр, албан байгууллагын хашаанд байдаг шиг ийм жижиг сав огт хангалтгүй болох нь эндээс илт харагдаж байна. Энэ цэгээ өргөжүүлээд бага шиг хашаа барьчихаад  хуримтлагдсан хогийг нь ойр ойрхон ачдаг байгаасай. Савнаасаа хальсан энэ их хог салхинд хийсээд л нуур ус, орчин тойрныг нь илүү ихээр бохирлож буртаглаад байх бололтой.

  

Ер нь нутаг орноороо аялж явахад хэн хүний нүд, сэтгэл эмзэглүүлсэн хамгийн ноцтой асуудал бол хаа сайгүй хөглөрөх хог болоод байна шүү түмэн олон минь ээ, ТҮК-ийн удирдлагуудаа, бас байгаль орчин хамгаалагч эрхэмүүд ээ!!! 

МУСГЗ Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?