ШАНХАЙ ХОТ

2016-05-24  

Арын эгнээ : С.Шаравдорж, Х.Бүрэнтогтох, Б.Баярсайхан  Урд эгнээ : Б.Нарантуяа

Монголын сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөгч бидний хэсэг нөхөд Бээжингээс Шанхай хот орохоор хурдан галт тэргэнд суулаа. Хятадын хурдан галт тэрэг цагт 430-250 км зам туулдаг гэж урьд нь уншиж байснаа санаж байна. Бээжингээс Шанхай ороход 700 гаруй км гэнэ. Бидний суусан галт тэрэг зам зуурын 4-5 хот сууринд 2 минут зогсож зорчигч суулгаж буулгасаар 5 цагийн дараа гэхэд Шанхай хот орлоо.

Шанхай бол Хятад улсын дөрвөн том хотын нэг юм. Дорнод Хятадын тэнгэсийн эрэг дээр Хөх мөрний цутгаланг дамнан орших энэ хот улсдаа хамгийн олон 23 сая хүн амтай. Бас дэлхийн хамгийн том далайн боомтын нэг. Өнөөдөр энэ хот Хятадын худалдаа, санхүүгийн хамгийн том төв төдийгүй олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох болжээ.

Бидний энэ хотод байх хугацаа богино байсан болохоор олон зүйлийг үзэж амжсангүй. Гэхдээ энд ирвэл заавал очих ёстой газрын нэг гэдэг эртний европын өнгө төрх, орчин үеийн хэлбэр хийцийг хослуулсан Нанжин лу-гийн гудамжаар цухас боловч алхаж үзлээ. Гудамжны нилээд урт хэсэгт, машин тэрэг явдаггүй ,зөвхөн явган зорчигчид  хөлхөх  бөгөөд  шөнө дөл болсон өдөр мэт гэрэлтэй ч дэлгүүр, хоолны газрууд нь нээлттэй ёстой л их хөлийн хот гэдгийг мэдрүүлж байлаа. Шанхайн худалдаа наймааны гол төв болох энэ гудамж 1860-аад онд бий болсон түүхтэй юм байна. 

Тэр үед энэ нутаг  хөдөөгийн бөглүү тосгод бүхий загасчдын бяцхан суурингуудтай байжээ.  Манж Чин гүрэн, Барууны орнуудын хооронд болсон “хар тамхины” дайнд хятадууд ялагдаж далайн боомтууд нь нээгдснээр барууныхан олноор ирж сууршин,  “Дорнын Парис” ч гэж нэрлэгдэх хүртлээ өрнө дорнын соёл хосолсон Шанхайн өвөрмөц өнгө төрх бий болжээ. Ажиглаж  байхад  Шанхайн оршин суугчид нь Бээжингийнхээс  нэг л өөр, хувцаслалтаас эхлээд хүмүүсийн харилцаанд нь европын нөлөө илүү байх шиг санагдлаа.

Бид Шанхай хотын зүүн хэсэгт орших Пудун дүүргийн нилээд эртний зочид буудалд буусан юм. Гэхдээ энэ хавьд орчин үеийн олон арван давхар барилгууд хийц загвар, өнгө төрхөөрөө өрсөлдөх мэт сүндэрлэж байна. Буудлаас маань холгүй Азид 2-рт, дэлхийд З-рт ордог 468 м өндөр “Дорнын сувд” хэмээх телевизийн цамхаг, түүний дэргэд азийн хамгийн өндөр 100 гаруй давхар барилгуудын орой үүлэн дундаас сүүмэлзэн харагдаж байлаа. Энэ барилгууд нь тоо хэмжээгээрээ гэхэд л хойд Америкийн бүх “өндөр”-үүдийг нийлүүлсэн тооноос ч давж гарсан гэнэ.

Бид Шанхай хотод ирсэн хоёр дахь өдрийнхөө өглөө Шанхай хотоос 50 км-ийн зайд орших Жөү-Жуан тосгоны усан сувгаар аялахаар мордсон юм.

Төв Хятадын хэд хэдэн мужийн нутгийг дамнан байгуулсан их суваг хэмээх усан зам нь эртний Хятадын нэг том бүтээл юм. Хойд Хятадын Луоян хотоос өмнөд Хятадын Янжоу хот хүрдэг 1700 км урт энэ суваг Суэцийн сувгаас арав, Панамын сувгаас хорь дахин том гэнэ.

Хятадын их сувгийн бүтээн байгуулалт анх МЭӨ 506 онд эхэлсэн гэдэг. Ингэхдээ сувгийн ойр орчны хэдэн зуун том жижиг гол горхийг татаж, суваг шуудууг томсгох замаар нэгтгэн холбожээ. Сувгийг барьж дуусгасны дараа ихэс дээдэс бараа бологсдынхоо хамтаар энэ сувгаар аялан хамгийн баян тансаг гэгддэг өмнөд Хятадаар зорчдог болжээ. Юань гүрний үед ч хааны зарлигаар их сувгийг засаж тордож, өргөсгөж уртасгах ажлыг хийж байсан гэдэг.

Тухайлбал, Бээжингээс өмнө зүгийн Ханьжоу хот хүртэл нэмж суваг татсан байна. Эртний Хятадын инженерийн гайхамшигт барилга байгууламжийн нэг болох энэ усан суваг өнөөдөр хэдийгээр бүрэн ашиглагдахгүй болсон хэдий ч орон нутгийн хэмжээнд, тухайлбал аялал жуулчлал, усан замын тээвэрт ач холбогдолтой хэвээр байна.

Бидний суусан машин нуурын эрэг хөвөө даган хурдалсаар хуучин цагийн өнгө төрхийг илтгэсэн нэгэн хотод ирлээ

 “Шанхайн Венец“ хэмээн нэрлэгдэх болсон усан дээрх энэ хот 1700 жилийн түүхтэй юм байна. Энэ хот бүхэлдээ эртний хятадын өвөрмөц өнгө төрхийг бүрэн хадгалж чаджээ. Тухайлбал эртний уран барилгын хэв шинжийг илтгэсэн хар дээвэртэй, хөх тоосгон барилгууд, тэдгээрийг тусгаарласан нарийхан усан замаар хөвөх завин дээр суусан аялагчид, ардын дуу уянгалуулан дуулах завьчидын дууг сонсох ахуйд эрхгүй хэдэн зууны тэртээд зорчих мэт санагдана.

Алсад цэнхэрлэн бараалах уулс, мэлтэлзэн цалгих их ус, өнгийн цэцэгс битүү ургасан ногоон шугуй энэ хотын нэгэн өнгө төрх өө.

Нийт байшин барилгын 60 илүү хувь нь эртний хийц дизайнаа өнөө хүртэл хадгалсаар иржээ. Тиймдээ ч энэ хот хоёр арал, 3 чиглэл бүхий усан замтай өөрийн гэсэн давдагдашгүй онцлогоороо алдартай гэнэ.

Эртний энэ Жөү-Жуан тосгон дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 тосгоны нэгд ордог  хятадын А зэрэглэл хүртсэн таван газрын нэг юм байна. Мөн Хятадын анхны усан аялалын зэрэглэл хүртсэн хот гэнээ. Бид өдрийн хагасыг энд өнгөрөөхдөө  тосгоны өчүүхэн хэсгийг л үзэж амжлаа.Усан  сувгийн эрэг даган зай завсаргүй эгнэсэн худалдааны жижигхэн мухлагууд байх. Нэгэнд нь уран хатгалам, нэгэнд нь уран зураг, нөгөөд нь хоолны газар  гээд тоочиж барамгүй.Том саванд амьдаараа  арвалзах өт, царцаа ч юм уу амьтдаас шоронд өлгөн шарж идэж байгаа хүмүүсийг харахад тал нутгийн хүмүүст бол эвгүй ч юм шиг санагдана.Хоёр ч мухлагийн ар руу шагайж харвал хааш хаашаагаа 2 метр хүрэхтэй үгүйтэй жижигхэн зайд ор засч, гал тогоо нь үргэлжилж бидний ярьдагаар бөгс эргэх зайгүй юм. Өдөрт нь наймаагаа хийгээд шөнөд нь эндээ унтдаг бололтой. Энэ бүхнийг харж явахад хоёрдмол бодол төрж байлаа.  Энэ олон хүн ингэж амьдраад насыг бардаг бол мөн хэцүүеэ  гэх бодохын зэрэгцээ, монголчууд бид түүх уламжлалаа ингэж хадгалж чадаж байвал хойч үедээ ч хэрэгтэй, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч нэн тустай байхсан гэж бодогдож байлаа. Хэрвээ бид Чойжин ламын сүм, Богд хааныхаа ордон хавийн газарт,монголын уран барилгын  эртний хэлбэр хийцтэй өнгө төрх нь хоорондоо ууссан барилга байгууламж бий болгож, уламжлалт урлаг,соёлоо танилцуулдаг газрыг бий болгосон бол...

Шанхайн усан дээрх тосгоныг бүхэлд нь үзэж сонирхоход хэдэн цаг, нэг өдөр хангалтгүй юм байна.

Бидний аялал өндөрлөх болсон тул орой бүр дэлгэрдэг усан дээрхи тоглолт, мөн эртний уламжлалт урлагийн Күнчү тоглолтыг үзэж амжилгүй мордсон юм. Морьтой болоод завтайсан бол гэдэг шиг усан зам бүхий эртний энэ хотод дахиад нэг хоносон бол хэлж сонирхуулах, үзүүлж харуулах зүйл их байлаа даа.

 

 

 

Аялалын тэмдэглэлийг бичсэн Б. НАРАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?