ТҮҮДЭГ ГАЛЫН ДЭРГЭД (эссе)

2021-09-01  

Зуны намуухан орой нуурын хөвөөнд түүдэг гал тойрон суусан эрчүүд халуун яриа өрнүүлнэ. Яг арван нэгэн эр хүн цуглажээ. Ард нь тургилах морьд нь ч бас наашаа харцгаана. Галд ойрхон хажуу тийшээ харан суугаа цав цагаан сахал үстэй, зүүн гартаа навчин бүдүүн янжуур барьсан эрхэмийн ярианы амтанд бүгд автжээ. Хөгжөөн наргиантай яриа сонсох хичнээн сонирхолтой гэж санана. Тэр тусмаа ноён Марк Твен ярьж байгаа бол бүр ч салахын аргагүй. Түүний туурвисан “Том Сойерын адал явдал”, “Жонон гуйлгачин хоёр”-ыг нь уншаагүй хүн байхгүй. Зохиол бүтээлээсээ гадна Марк Твен гуай хошин шог яриа хөөрөө өрнүүлэх талаараа алдаршсан хүн билээ. Түүдгийн дэргэд цугларсан эрхэмүүд бүгд нэр цуутай томчууд харагдана. Улс төрчид, зохиолчид, зураач, жүжигчид гээд. Миний хувьд цаанаас наашаа харан суугаа ковбой цагаан малгайтай нүүр дүүрэн инээсэн эрхэм бол Америкийн ерөнхийлөгч асан Рональд Рейган, баруун гар талд нь зохиолч Эрнест Хемингуэй хоёрыг түрүүлж танилаа. Бас тэр хамгийн хойд талд махир гаансаар тамхи сорж суугаа нөхөр бол зураач Норман Роквелл мөн байна.

Ерэн оноос хойш манайд ихээр хэвлэгдсэн хачин гоё өнгөт зурагтай номууд энэ Америк зураачийнх. За тэгээд зуун долларын дэвсгэрт дээр хөрөг нь байдаг Нэгдсэн улсыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин, ковбой киноны жүжигчин Уилл Рожерс байна. Нэг сонин нь энд суугаа эдгээр эрчүүд янз бүрийн үед амьдарч байсан хүмүүс. Мянга долоон зуугаас өнөө үеийг хүртэл. Америкийн зураач Энди Томас энэ олон хүний хөргийг багтаасан энэхүү зургийг 2001 онд зуржээ. Америкт 1957 онд төрсөн зураач Энди Томас нь “Зэрлэг баруун” сэдэвт цуврал зургуудаараа үзэгчдийн танил юм. Ай даа, уран зураачийн ид шид гайхмаар юм даа, энэ олон эрхмүүдийг түүдэг галын дэргэд нэг дор авчирч бидэнтэй уулзуулдаг. Эр улсын амт шимттэй яриаг нь хамт сонсох юмсан...

Ө.РАГЧААСҮРЭН( МУСГЗ)

Дархан хот, 2021 он

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?