“ЗАЛУУ БАЙГААГ МИНЬ УУЧЛААРАЙ”

2021-09-16  

Хэдэн жилийн өмнө үзсэн кино, тавхан минут ярилцсан хүн гүн сэтгэгдэл төрүүлж, нэг уншсан номынхоо ганцхан хуудсыг хэдэнтээ эргүүлэх мөч бидэнд олон тохиолддог. Энэ нь тухайн кино, ном, хүний үзэл санаа бидэнд таалагдаж, бодол санаагаа өөрчлөгдөхөд хүргэсний илрэл юм. Чухамдаа хүн олон төрлийн аргаар бусдаасаа суралцаж, мэдлэгээ тэлж, өөрийн ертөнцийг бүтээж явдаг. Тиймээс сүүлийн үед олны анхаарлыг татаж, бусдад хамгийн ихээр нөлөөлсөн нэвтрүүлэг, подкаст болон бусад контентуудаас онцлон, залуус бүтээлээрээ дамжуулан ямар мессеж нийгэмд хүргэхийг зорьж байгааг “Контент тэмдэглэл” булангаараа хүргэж байна. Энэ удаа олонхийн залуу хүн өвдөх, ядрах эрхгүй гэх бодол, залуу хүн туршлагатай болохын тулд цалингүйгээр ч ажиллах ёстой гэх хандлагаа өөрчлөхийг уриалсан “Mesmerism”, “Humanz” сайтын бэлтгэсэн контентийг онцлов.

Mesmerism: Залуу хүн мөнгө голох эрхгүй

“Найз тань талх зарж байвал мөнгөөр нь худалдаж ав” гэсэн үг бий. Хэн нэгэн танил тань шинэ бизнес эхлүүлвэл хамгийн эхэнд дэмжих ёстой хүн нь та.Ингэхдээ хэрхэн, яаж туслах вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Гагцхүү тухайн хүний зарж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авах, байгууллагаас нь мөнгөө төлөн үйлчилгээ  авахад л болно. Гэвч яг өнөөгийн нийгэмд бүх зүйл эсрэгээрээ. Ах, дүү, найз нөхөд бизнес эрхэлж байвал бүх үйлчилгээг үнэгүй авах гэж хичээнэ. Төлбөрөө төлөхийг шаардвал “Чи хэзээ ийм болчихсон юм.Надаас мөнгө нэхээд байгаа юмуу” хэмээн найз нөхөд, хамаатны холбоогоо тасална гэх нь бий. Мөн олон сар ажиллуулчхаад багахан цалин өгөхдөө “Эхний гурван сар нь дагалдан. Тиймээс цалингүй. Залуу хүн байж мөнгө голохгүй шүү” гэж хэлэх нь олон байдаг тухай эерэг хандлагыг түгээгч 560 мянга орчим дагагчтай “Mesmerism” цахим хуудасны хамт олон видео бэлтгэжээ. Энэ бичлэг өчигдрийн байдлаар 1.7 сая хүнд хүрсэн байна. 
Залуу, хөгшин, туршлагатай, туршлагагүй гэдгээсээ үл хамааран бид ижил орчинд, ижил цагаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа атал авах цалин нь өөр байна гэдэг утгагүй. Тэр тусмаа залуу хүмүүс бусдаасаа ч илүү хичээл зүтгэл гарган олон цагаар ажиллах нь олон билээ. Иймээс нас, ажилласан жилээсээ үл хамааран хийсэн ажлын бүтээмж, ажилдаа зориулж байгаа сэтгэлдээ тохирсон цалин авдаг нийгмийг хамтдаа бүтээхийг уриалж байна.

HumanZ: Залуу хүн өвдөх эрхгүй

“Залуу хүн өвдөх, үзэл бодлоо илэрхийлэх, өлсөх, хүссэнээ өмсөх, ядрах эрхгүй.Үргэлж эрч хүчээр дүүрэн байж, өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллах ёстой” гэж ихэнх байгууллагын хамт олон, удирдлага боддогийг хөндөн “HumanZ” сайт контент бэлтгэжээ.
Хааяахан толгой өвдөх, ханиад хүрэх, дотор муухайрах, халуурахаас эхлээд гар, хөлөө гэмтээх тохиолдол хүн бүрт л байдаг.Ер нь хэн нэгний бие өвдөхөд нас огт хамаагүй. Шинэхэн ажилтан байтугай эхээс дөнгөж төрсөн нярайн бие ч өвдөж л байдаг. Гэтэл хөгшин, ахмад настнуудын бие л өвддөг гэсэн нэг хэвшмэл ойлголт Монголын нийгэмд тогтжээ. Үүнээс үүдэн залуу ажилтан өвдлөө чөлөө авъя гэвэл “Залуу хүн байж яахаараа өвддөг юм. Би залуудаа ийм байгаагүй.Залуу хүн үргэлж өөдрөг, цог золбоотой байх ёстой. Өвчин хэлэх эрхгүй” хэмээн аашлах  нь олон. Үүнээс гадна бие тааруу ажил дээрээ сууж байвал “Залуу хүн байж яагаад урвайгаад байгаа юм. Жавхаалаг бай” хэмээн тухайн хүний  дотор юу “буцалж”, бие нь хэрхэн өвдөж байгааг үл ойшоон  сэтгэлийг гэмтээх нь бий.

Залуу хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй

Залуу ажилтан учраас байгууллагаас гаргаж байгаа шийдвэрт шүүмжлэлтэй хандах, зөвшөөрөхгүй байх эрхгүй. Учир нь тэр шийдвэрийг олон жил ажилласан туршлагатай хүмүүс гаргаж байхад чимээгүйхэн дагаж ажилла гэсэн хандлагыг ихэнх байгууллага гаргадаг. Тухайлбал, шинэ санаа, шинэ төслийг хэрэгжүүлэх үеэр өөрийн бодлоо хуваалцвал “Шинэ ажилтан өглөө цагтаа ирээд, орой цагтаа буцахаа бод. Юу ч мэдэхгүй залуу байж олон үгтэй. Эсвэл бид биш чи энэ ажлыг хий” хэмээн залуу хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боогдуулдаг нь шинэ ажилтны өсөн дэвших боломжийг хязгаарлаж, өөртөө итгэх итгэлийг бууруулдаг билээ. 

Хоол ч идэх завгүй ажиллах ёстой

Байгууллага бүрт өдрийн цайны тогтсон цаг бий. Энэ үеэрээ бүх ажилтан хоолоо идэж, ажлаасаа түр завсарлага авч, эрч хүчээ сэлбэх ёстой. Гэтэл зарим байгууллага залуу ажилтнаа “Шинэ хүн цайны цагаараа ч хоол идэхгүй сэтгэл гаргаж ажлаа л хийх ёстой. Бидний үед хоол идэх байтугай ариун цэврийн өрөө орох завгүй ажилладаг байлаа” хэмээн цаг үргэлж, завсарлах завгүйгээр ажиллахыг шаарддаг. Чухамдаа ажлын туршлагатай болсны дараагаар бид хүссэн үедээ хоолоо идэх эрхтэй болох нийгэмд амьдарч байна. 

Залуу хүн хүссэнээ өмсөж болохгүй

Залуу хүн хүссэн хувцасаа өмсөж, өөрт таалагдсан өнгөөр үсээ будаж, хүсвэл шивээс хийлгэж, том цагираган ээмэг зүүж болохгүй гэсэн хандлагыг зарим байгууллага гаргаж, ажилтны биеэ авч явах соёлд хэт оролцох нь бий. Эмч, цагдаа, багш гэсэн зарим нэг хэм хэмжээг баримтлах ёстой мэргэжил бий.Гэхдээ энэ нь тухайн хүний өөрийгөө илэрхийлэх соёл руу дураараа халдаж, юу өмсөхийг үргэлж цагдана гэсэн үг биш. Тухайн ажилтан хуваарьт ажлаа чанартай сайн гүйцэтгэж байвал бусад зүйл нэг их хамааралгүй байх ёстой. 

Шинэ ажилтан ядарч болохгүй

Ажилдаа ороод удаагүй байгаа шинэ ажилтан эсрэгээрээ бусдаасаа илүү их ядардаг. Учир нь тэр ажилдаа бусдаасаа илүү их хичээл зүтгэл гаргахын сацуу, олон алдаа гаргаж, бүтэлгүйтдэг. Тиймээс ажилдаа хамт олноосоо илүү их цаг зарцуулах нь бий. Гэтэл байгууллагаас “Залуу хүн ядарч, ядарлаа гэсэн шалтаг тоочиж болохгүй. Гэр бүл, үр хүүхэдгүй байж юундаа ядардаг байнаа. Шөнө болно уу, ажилдаа хононо уу хамаагүй,ажлаа дуусгаж байж яваарай” гэж хэлэх нь олон. Залуу хөгшин гэдгээс үл хамааран бид цохилох ганцхан зүрх, хоёр гар, хоёр хөлтэй, ядардаг, өлсдөг бие махбодитой хүн билээ. 

Залуу хүн ажлаас чөлөө авч болохгүй

Хүмүүний амьдрал асуудлаар дүүрэн учраас заримдаа ажлын цагаар хувийн ажлаа амжуулах зайлшгүй шаардлага бидэнд тулгардаг. Ийн залуу ажилтан өдрийн цайны цагаараа эсвэл нэг өдрийн чөлөө авч хувийн ажлаа зохицуулах гэхээр “Ажлыг тань хэн хийх вэ.Залуудаа хүүхэд гаргаж, гэр бүлтэй болчхоод ажлаа цалгардуулах юм” гэдэг. Мөн залуу хүн найз нөхөд, зугаа цэнгэл, гэр бүл гэхийн оронд ажилдаа цагаа зарцуулж, өөрийгөө хөгжүүлэх ёстой гэсэн хандлага ч гаргах нь түгээмэл. Гэвч сайн ажилтан байж, бүтээмжтэй ажиллахын тулд бидний ард санаа зовох асуудал байх ёсгүй. Үүнийгээ ажлынхаа цаг заваар шийдвэрлэх эрхтэй. Мөн ажлын бус цагаа гэр бүл, найз нөхөдтэйгээ өнгөрүүлж байж бид эрч хүчээ сэлбэж, сэтгэл зүйгээ тордож байдаг билээ. Эцэст нь “Өвддөг, ядардаг, алддаг залуу байгааг минь уучлаарай. Гэхдээ хичээж байгаа шүү” гэсэн үгээр нийтлэлээ төгсгөе.

Б.ДОЛЖИНЖАВ /"Зууны Мэдээ"/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Зөв зүйтэй асуудлыг хөндсөн нийтлэл уншлаа. Б.Должинжавт баярлалаа. Ажил олгогч, оогодоггүй ч хүн бүхэн уншаасай, ухаараасай. Тийм шүү залуу хүн гэхээр загнуулж ,адлуулж байх ёсгүй. 2021-09-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?