ХАРИЛЦАН ЯРИЛЦАХ БУЮУ МЭТГЭЛЦЭХ СОЁЛ

2021-10-08  

Хүн төрөлхтний хөгжлөөс хоцорч үлдсэн зарим алслагдсан арлын омгийнхон техник технологийн хөгжил өндөр соёл иргэншилтэй анх учирсны дараагаар газар авсан нэгэн мухар сүсгийн хэлбэрийг шинжлэх ухаанд “Cargo Cult”буюу “Карго мухар сүсэг” гэж нэрлэдэг аж.

Дэлхийн 2-р дайны үеэр Холбоотны арми Номхон далайн Милэнэз (Melanesian islands) арлуудыг түшиц газраа болгон, цэрэг дайны хангамжаа тээвэрлэдэг байж. Ингэх явцад тухайн бүс нутгийн орчин үеийн соёл иргэншлээс хоцрогдсон омгийнхон анх удаа радио, зурагт, онгоц зэрэг хүн төрөлхтний дэвшилтэт техник технологитой нүүр тулгарчээ.

Омгийнхон тэдгээр техник хэрэгслүүдийг бидэнтэй адил хүн бүтээсэн гэх цэргүүдийн тайлбарт огтхон ч итгээгүй аж. Омгийн гишүүдийн ихэнх нь ийм дэвшилтэт технологийг эдгээр харийн хүмүүс бүтээсэн байх учир үгүй, харин омгийн өвөг дээдэс, тэдний бурхад, шүтээнүүдийн л бүтээсэн бүтээл байж таарна, түүнийг нь харийн хүмүүс заль мэх хэрэглэн тэднээс булаасан гэж бат итгэсэн гэдэг.

Тиймээс омгийнхон эдгээр харийнхны хийж байгаа бүх зүйлийг дуурайгаад байвал бурхад, өвөг дээдэс маань бидэндээ, жинхэнэ эздэд нь өндөр техник технологио хүртээх юм байна гэж дүгнэн, янз бүрийн тахил, өргөл барьц зан үйлүүдийг хийж бүх л арга чаргаа хэрэглэсэн аж.

Танна гэх алслагдсан арлын омгийнхон бүр онгоцны буудлыг бүх детальтай нь, хяналтын цамхагтай нь хүртэл дуурайлган барьж, бүр онгоцыг хүртэл модоор урлан хийж, өөрсдөө цэргүүдийн хувцсыг өмсөж, онгоц буух хөөрөх процессыг нэг ч үйлдэл алдалгүй дуурайсан нь Карго мухар сүсгийн оргил гэдэг. Бүр цэргүүдийн бууг хүртэл модоор урлаж тухайн зан үйлийг хийж буй хүндээ бариулсан аж.

Нисэх онгоцыг аюулгүй хөөргөж газардуулахад нислэгийн зурвас, хяналтын цамхаг, чиглүүлэгч зэрэг онцгой чухал үүрэгтэй бөгөөд зайлшгүй факторууд.

Харин энэ бүх байгууламжийг яг дуурайлган барьснаар бурхад, өвөг дээдсээс омгийнхонд заяасан барууны дэвшилтэт техник төхөөрөмжийг тээвэрлэн яваа онгоцыг дуураймал онгоцны буудалдаа буулгана гэвэл тун хангалтгүй биз.

Тиймээс, аливаа зүйлийн цаадах зорилго, утга, учир, функц, түүх, ажиллах нөхцөлийг ухаж ойлголгүйгээр өнгөн төрхийг өнгөц дуурайж, хар мухраар хийдэг үзэгдлийг тодорхойлох үүднээс Карго мухар сүсэг (Cargo Cult) гэх хэллэг англи хэлэнд бий болж бусад олон хэлэнд нэвтэрсэн аж.

Нобелын шагналт физикч Ричард Фэйнман “Surely You are Joking, Mr.Feynman” номдоо бүхэл бүтэн нэг бүлгийг “Карго Мухар Сүсгийн Шинжлэх Ухаан”-д (Cargo Science) зориулж, жинхэнэ шинжлэх ухааны цаадах учрыг ойлголгүйгээр шинжлэх ухааны дүр исгэж, мухраар сүсэглэж байгаа үзэгдлийг шүүмжилжээ.

Тэрээр лабораторийн хархуудыг төөрдөг хана дотор гүйлгэдэг шинжлэх ухаанд түгээмэл нэгэн жишээг дурдсан. Туршилтын хархууд төөрдөг ханануудын байршлыг шалнаас гарах чимээгээр мэдэж, цээжилж байсан нь тогтоогдсон нь түүнээс өмнөх туршилтуудын ололт, үр дүнг хүчингүй болгож, цаашид ижил төрлийн туршилт хийх боломжгүй болгосон аж.

Харин төөрөх хананы шалыг элсээр сольсон үед чимээ гарахгүй тул хархууд байршлаа цээжлэх боломжгүй болсноор цаашдын төөрдөг хана доторх хархны туршилт илүү баталгаатай, үр дүнтэй болсныг Ричард Фэйнман тэмдэглэжээ.

Гэтэл, зарим “шинжлэх ухаанчид” (cargo scientist =мухар сүсгийн шинжлэх ухаанчид) дээр дурдсан жишээгээр зүйрлэвэл, төөрдөг хананы шалыг элсээр солилгүй туршилтаа хийсээр, үр дүнгээ нийтэд нийтэлсээр, шинжлэх ухааны дүр исгэж оромдож байгааг шүүмжилснээр Карго шинжлэх ухаан буюу шинжлэх ухаан, мэдлэг нэрээр мухар сүсэгтэх гэх ойлголт бий болсон байдаг тухай тус номд дурджээ.

Шинжлэх ухаан хүртэл асуулт тавьж, мэтгэлцэж үнэний төлөө гэсэн гол зорилгоо алдахад мухар сүсэгтэж болдгийг “карго шинжлэх ухаан” гэх ойлголтоор физикч Ричард Фэйнман харуулахыг зорьсон. Бараа таваарыг чингэлгээр гахайнд чихээд зөөгөөд авчирч болох ч мэдлэгийг, оюуны бүтээлийг цаадах нарийн учир начирыг ойлголгүй, асууж лавлаж, эргэлзэлгүй хар сохроор хуулбарлахад шинжлэх ухааны төвшинд хүртэл мухар сүсэгтэж болдог байх нь.

Бид мухар сүсэг гэдгээр зөвхөн бороо шороо оруулах ид шидтэй, тэнгэрээс татсан антенаараа нөгөө ертөнцийн эсвэл өөр дименшний хэн нэгэнтэй утасгүй холбогддог өндөр технологитой, ирээдүйг бас өнгөрснийг харах тусгай линз, лицензтэй нөхдүүдээр хязгаарлаж болохгүй болох нь.

Тэгвэл мухар сүсгээс юу биднийг ангижруулах вэ гэсэн асуултыг физикч Ричард Фэйнманд (Richard Feynman) тавья.

“Үнэнд (бодит байдал) хүрэхийн төлөө өөр өөр үзэл бодолтой (өөр өөр онолтой) хүмүүс харилцан асуулт тавьж, хариулж, мэтгэлцээн явуулж, нэг ойлголтод хүрэхэд юуг зөрүүтэй бодож байсан, ямар нийтлэг ойлголтуудтай байсан, яг нэг сэдвийн талаар ярьж байсан эсвэл байгаа эсэхээ харилцан ярьсаар ярьсаар бүх зөрүүнүүдээ арилгаж, эцэст нь нэг үнэнд хүрч, нэг л үнэн ойлголттой болох “Харилцан ярианы соёл” буюу Диалогийн соёлыг (Өөрөөр мэтгэлцээний соёл ч гэж хэлж болох) төлөвшүүлэх” хэмээн тэрээр хариулах болов уу. Шинжлэх ухаан, философийн салбарын харилцан яриаг (dialogue) Dialectic= диалектик гэж нэрлэдэг аж).

Мэтгэлцээн, харилцан ярианы гол зорилго бол мэдэх, үнэнийг, бодит байдлыг олж мэдэхийн л төлөө байх учир энд нас хүйс огт хамаагүй, бүгд тэгш эрхтэй оролцож, нэг нэгнийхээ аргументыг хүндэтгэлтэйгээр, тэвчээртэйгээр дуустал нь сонссоны дараа хариу асуулт тавих эсвэл өөрийн аргументыг хэлнэ бас учирлана.

Харилцан яриа, мэтгэлцээний хамгийн чухал хэрэгсэл бол учирлах (Reasoning). Яагаад тухайн дүгнэлтэд хүрсэнээ, тухайн шийдвэр гаргаснаа логикын гаргалгаатай, алхам бүрээр, нэгд нэгэнгүй учирлах. AD HOMINEM буюу бусдын зан чанар, гадаад төрх зэрэг тухайн хэлэлцэгдэж буй аргументэд ямар ч хамааралгүй хувь хүний шинж чанар луу дайрч, доромжлох, гүтгэх үйлдэл нь харилцан ярианы дүрэмд тас хориглох хэрэгтэй болов уу.)

Хамгийн чухал нь мэтгэлцээний үр дүнд нэгдмэл, нийтлэг, нэг л ойлголттой болох. Түүнээс хойш энэ гэсэн ойлголтыг бүх нийтээрээ мөрдөөд явахад асуудал бага үүсэх буй за. Бүгдээрээ “хэлэлцвэл” буруугүй бүлээн усаар угаавал хиргүй.

Хойд Америк, баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад харилцан ярих, мэтгэлцэх соёлыг 10 жилийн боловсролын хөтөлбөртөө багтааж, хүүхдүүдэд багаас нь төлөвшүүлж өгдөг. Аливаад хар сохроор үнэмшилгүй, өөрөө асууж, эргэлзэж, учирлаж, харилцан ярилцаж, таньж мэдэх нь хүн асуудлын зөв бурууг таних, бие даан эсвэл баг хамт олноороо шийдвэрлэх, бусадтай хамтрах, нэгдмэл ойлголттой нэг хамт олон болж ажиллах бас амьдрах зэрэг олон чадваруудын суурь нь болдогийг бид бишгүй л олон сонсож байгаа.

Орчин үед шинжлэх ухаан, улстөр гэлтгүй бизнесийн салбарт хүртэл диалогийн соёл өндөр байр суурь эзлэх болсон. Жим Коллинс Сайнаас Агуу руу номдоо (Jim Collins: Good to Great: Why Some Companies Make the Leap and Others Don’t), сайнаас агуу руу шилжилт хийж чадсан компаниуд үнэн, бодит байдлыг ил гаргаж, нийтээрээ илэн далангуй хэлэлцэж, харилцан ярилцаж (диалоги өрнүүлж), нэг үнэн нэг ойлголтод хүрч, бодит байдлыг өнгөлөн далдалтгүйгээр хүлээн авч чаддаг дээр дооргүй төлөвшүүлсэн байдгийг онцолсон.

Тэгвэл Монголд бага дунд, ахлах, дээд боловсролын хөтөлбөрт харилцан ярилцах, мэтгэлцэх, диалоги өрнүүлэх соёлыг хэрхэн төлөвшүүлдэг вэ?

Fake it until you make it. Fake хийхдээ бас учиртай хандах хэрэгтэй биз ээ.

Б. Мөнхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
НӨХӨН СОНГУУЛИЙН ҮР ДҮНТЭЙ САНАЛ НИЙЛЖ БАЙНА УУ?