ХАРИЛЦАН ЯРИАНЫ СОЁЛ БА ФРАНЦЫН АРДЧИЛАЛ

2021-10-13  

“Зохиомж эссе”

Хааны дарлагч төр байхгүй, оюун санааны клончлогч шашны харанхуй төр үгүй ард түмэн өөрийн төрийг байгуулж, нийт Францууд хоорондоо хамтаар сайн, сайхан амьдрах гэрээгээ байгуулбал Франц хүн болгон өөрийн эзэн болж амьдрах бололцоотой хэмээн Жан Жак Руссо (Jean Jacques Rousseau) хэлжээ.

Гэтэл тухайн үеийн Францын гутранги үзэлтэй, өөрийгөө бүтэхгүй гэж боддог, бүтэлгүй юм ярьдаг, бичдэг, эрх мэдэлдээ бялуурчихсан, феодалжсан соёлтой, бусдын хөдөлмөрийг мөлжиж, бусдыг дорд үзэж амьдардаг сэхээтнүүд, язгууртнууд, хааны албатууд Жан Жак Руссог элэглэн дооглож, доромжлонгуй өнгө аястай ийнхүү асуужээ:

Хааныг нь устгаад, шашны төрийг нь унагаад, энэ Францын ард түмэн өөртөө эзэн болж, ард түмний төрөө авч явж чадах уу? Өөрийнхөө амьдралыг ч тээгээд явах чадваргүй шүү дээ эд чинь. Ёстой хий хоосон мөрөөдөл байна. Чи хэрэв Францын бүх ард түмнийг Жан Жак Руссотой адил мэдлэгтэй, ёс суртахуунтай, өөрийн эзэн болгож чадвал л чиний ярьж буй ард түмний төр оршин тогтнох боломжтой.

Энэхүү асуултад Жан Жак Руссо хариулахдаа:
Бүх ард түмнийг нэгэн шөнийн дотор Жан Жак Руссо шиг болгоно гэдэг бол боломжгүй боловч прогресс, өөдлөх үйл хэргийн эхлэл тавигдана. Нэг эрчээ авсан прогресс, нэгэнт тавигдсан эхлэл зогсолтгүй явагдана хэмээжээ.

Феодалжсан, бусдын хөдөлмөрөөр амьдрагч, бусдыг дорд үзэгч сэхээтнүүд, язгууртнууд, хааны албатууд түүнд ахин нэг асуулт дооглонгуй аястай тавьжээ:
Тэгвэл чамд ямар арга байгаа юм бэ? Их л аргатай нөхөр байх нь ээ. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөх вий.

Жан Жак Руссо:
Эхлээд би Францын ард түмнийг та нар бол өөрийн эзэн биш, хаан болон шашны боол болж амьдарч байна. Үүнээс болоод та нарын амьдрал хүссэнээр чинь баян чинээлэг, аз жаргалтай байж чадахгүй байна. Боол хүнд ямар хүндэтгэл, ямар сайн сайхан, ямар эрхэм нандин (Value), ямар Зөв (Right) байх билээ дээ.

Боол хүн бол бусдын л өмч шүү дээ. Өөрийнхөө төлөө өөрөө бодох ч шаардлагагүй хүнийг боол гэдэг. Өөрийн эзэн байх ямар ч боломжгүй. Өөрийн хүсэл байх бүр ч боломжгүй. Боол байдлаасаа салж, өөрийн эзэн болж, ухамсартай, өөртөө хариуцлагатай бусдад хүндлэлтэй амьдарч чадвал, эрх чөлөө, тэгш эрхийг (Equality) цогцлон бүтээж чадсан цагт л өөртөө эзэн болж, ухамсартай ард түмэн болж төлөвшин, яг төрсөн ахан (эгч) дүүс (Fraternity) адил амьдарч, дэм дэмэндээ дээс эрчиндээ прогрессив (дэвшилтэт) нийгмийг бүтээж, нэг нэгэндээ хонь чоно болохгүй амьдрах бүрэн бололцоотой.

Жан Жак Руссо: Нийгмийн гэрээ

Мэдээж үнэнээ сонссон Францын ард түмэн уурлана. Францын ард түмний боолын амьдрал тэдний уламжлал, ёс, зан заншил, өдөр тутмын дадал болчихсон учраас тэд яс махандаа ортол дургүйцнэ.

Гэхдээ тэд эргэлзэж эхэлнэ. Тэд асууна. Сократын хэлсэнээр муу, муухай, бурууг мэдсээр байж, өөрийн хүслээр хийдэг хүн хэзээ ч байхгүй. Хүн болгон сайн, сайхныг л хүсдэг, зөв байхыг хүсдэг. Хэрэв муу, муухайг хүсээд байна гэвэл сайн мууг ялгаж мэдэхгүй л байна гэсэн үг гэж хэлсэнийг нь би сануулна.

Прогресс бол эргэлзээнээс эхэлнэ. Тэд нэг эргэлзээд эхэлсэн бол зогсохгүй. Тэд эргэлзээнүүдээ тодорхой болгохын тулд асууж эхэлнэ.
Бидний амьдрал яг сайн, сайхан байна уу? Бид өөрийн эзэн үү? Хэрвээ тийм биш бол сайн, сайхан, баян, чинээлэг амьдрал бүтээхийн тулд бид юу хийх ёстой вэ? Юу саад болно вэ? Өөрийн эзэн байхад юуг хийх ёстой вэ? Ямар байх ёстой вэ?

Тэд нэг нэгнээсээ асууна, ярилцана. Тэд мэтгэлцэнэ. Үнэнийг мэдэх гэж чин сэтгэлээсээ хүсэх болно. Бид үнэхээр боол юм биш үү? Бидний сайхан амьдралын саад нь бид өөрөө л юм биш үү? Боолын амьдралдаа дассан, буруу гэдгийг нь мэдсээр байж түүнээсээ салахыг хүсдэггүй, буруутай эвлэрч, зөвийг үл ойшоосон бидний энэ араншин л бид боол шиг амьдрах болсон үндсэн учир байж.

Биднийг боолоор нь байлгах гэсэн энэ уламжлал, ёс заншил чинь бидний асууж, эргэлзэж, харилцан ярилцдаггүй, нэгнээ үл ойшоосон, аминч үзэл дээр амь бөх оршиж байгаа юм биш үү?

Тэд эцэст нь худлаас залхаж, үнэнд хүрэхийн тул мэтгэлцэнэ, харилцан ярилцана. Нэгнээ сонсоно, ойлгоно. Улс орон даяар мэтгэлцээн өрнөнө.

Үүний үр дүнд мэтгэлцээний соёл (Dialogue culture) Францын ард түмний өдөр тутмын амьдралын хэв маяг болон төлөвшиж, үнэнийг мэдэхийн тулд асууж, ярилцаж, мэтгэлцдэг, тэгээд олж авсан үнэнээ нийтээрээ хүлээн зөвшөөрч, даган мөрддөг тийм уламжлал, дадалтай болно. Эцсийн дүндээ, Францын ард түмэн боол байна гэдэг адгийн муу зүйл, бид нараас өөрсдөөс л болсон гэдгийг ухаарах болно.

Яаж өөрийгөө олж, өөрийн эзэн байж, хэрхэн ахан (эгч) дүүс мэт амьдарч, амьдралаа өөд нь татах вэ? Ямар арга зам байна гэж тэд асуух болно. Сайн муугаа мэдчихлээ, сайхан муухайгаа таничихлаа. Өөрийн эзэн баймаар байна гэж тэд шаардах болно. Гэвч тэдэнд өөрийн эзэн байх талаар мэдлэг, туршлага бий гэл үү гэж тэд өөртөө эргэлзэх болно.
Өөрийн амьдралыг сайжруулахын тулд нийт нийгмээрээ сайн, сайхан амьдрах гэрээгээ (нийгмийн гэрээ) хийж, хүн бүр хариуцлагатай, ухамсартайгаар, өөртөө болон бусдад хүндэтгэлтэйгээр амьдрахын чухлыг тэд ойлгоно.

Харин Жан Жак Руссо би нийт Францын ард түмэнд хэрхэн эрх чөлөө, тэгш эрхээ олж аван, төрсөн ахан (эгч) дүүс адил хамтран амьдрах талаар тэдэнтэй нээлттэй ярилцана. Хаан үгүй, шашны дарлал үгүй ард түмний төрөө цогцлоон байгуулж, ард түмэн жинхэнэ төрийн эзэн болж, сайн сайхан амьдрах талаар бүтээсэн өөрийн хөтөлбөрүүдээ өргөн барина. Франц хүн хэрхэн өөрийн эзэн байж, худал үнэнийг ялган, зөвхөн баталгаатай мэдлэгээр л ухамсараа төлөвшүүлж, нэг нь нөгөөгөө дарангуйлах бус, нэг нь нөгөөгийхөө хөдөлмөрийг мөлжих бус, хэрхэн хамтдаа сайн, сайхан, баян чинээлэгийг цогцлоон бүтээхэд нийгмийн гэрээ яагаад чухал болохыг тэдэнтэй ярилцана хэмээн хариулжээ.

Түүний хариултыг сонссон, Франц хүн өөрийн эзэн болох боломжгүй гэцгээж байсан феодалжсан, бусдын хөдөлмөрийг мөлжигч, гутранги үзэлтэй сэхээтнүүд, язгууртнууд, хааны албатууд өөрийгөө олчихсон, тэгш эрхийг эрхэмлэгч Францын ард түмнийг дахин мөлжин амьдрах боломжгүйг ухамсарлан, нийт Франц улсын, Францын ард түмний дайсан болохгүйн тулд Жан Жак Руссогийн хамтаар олон нийтийн диалоги, сонсгол, мэтгэлцээнүүдэд сайн дураар оролцож, нийгмийн гэрээний нэгэн хэсэг болсон гэдэг.

Францын хувьсгалын 3 тулгуур онол бол “тэгш эрх” (Equality- хэн ч хэний хөдөлмөр, амьдралыг мөлжихгүй), “эрх чөлөө” (Liberty- өөрийн эзэн, өөрийн амьдралын эзэн, ард түмэн төрийн эзэн байх эрх чөлөө), “ахан (эгч) дүүсэг” (Fraternity) юм.

Францад мэтгэлцээний соёл (Dialogue culture) үүсч, нийт ард түмний өдөр тутмын дадал болж төлөвшсөн нь Францын хувьсгал ялах нэгэн гол хэрэгсэл байсан.

Харин мэдлэгийн мэтгэлцээн явуулахыг хориглож байсан тухайн үед Франц эмэгтэйчүүд өөрсдийн амь нас, үр хүүхдэд тулгарах эрсдлээс үл айн, олон тооны салонуудыг Франц орон даяар байгуулж, тэндээ мэтгэлцээнүүдийг өргөнөөр өрнүүлж, баталгаатай үнэн мэдлэг Францын ард түмэнд хүрэх үйлсэд баатарлаг гавьяатай, манлайлан оролцсон яруу түүх бий.

Франц салон

Францын ард түмэнд (ер нь хүн төрөлхтөнд) ардчилал буюу ард түмний төр (Democracy) тийм амар, хямдхан олдоогүй ажээ. Францын ардчилал хөдөлмөрч, баатарлаг, ахан (эгч) дүүсэг ёс суртахуунтай, зөвийг болон тэгш эрхийг эрхэмлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөрөөр боссон гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.

Хөгжил бол оюуны хөгжил, мэдлэгийн хөгжлийг л хэлнэ гэж Хегел хэлсэн байдаг аж. Оюун хөгжиж, мэдлэг хөгжихийн тулд харилцан ярилцах буюу мэтгэлцэх соёл хөгжих шаардлагатай. Цаашлаад “диалектикс” буюу мэргэжлийн, мэдлэгийн мэтгэлцээн явагдах хэрэгтэй. Харилцан яриа (диалоги), мэтгэлцээний соёл нь ардчилалд ямар их ач холбогдолтойг Францын түүхэн туршлагаас харж болно.

(Диалектик гэдэг нь харилцан яриа гэсэн утгатай. Диалектикс нь мэдлэгийн өндөр түвшинд мэтгэлцэх мэдлэг эсвэл онол гэсэн утгатай ба мэдлэгийн тусгай салбар багтдаг аж.)

Монголын боловсролын тогтолцоонд харилцан ярилцах буюу мэтгэлцэх (диалоги), цаашлаад диалектикс буюу мэдлэгийн түвшний мэдлэгийг хэрхэн заадаг вэ?

Ардчилал амь бөх, жинхэнэ утгаараа оршихын тулд ард түмэн нь диалогийн соёлтой бас чадвартай байх зайлшгүй шаардлагатайг Жан Жак Руссо хэлсэн хэрэг болов уу.

Б. Мөнхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?