ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ (Цуврал нийтлэл №1)

2021-11-09  

   Манай сайтад ойр ойрхон нийтлэл тэмдэглэлээ ирүүлж бидэнтэй хамтран ажилладаг МУСГЗ, ахмад сэтгүүлч Д.Цэдэн-Ишийн өмнө манайд нийтлүүлсэн Киргиз, Казахстан, Египет орноор аяласан талаарх цуврал тэмдэглэлийнх нь үргэлжлэл болох Туркийн талаарх нийтлэлийн эхний хэсгийг бид энэ удаагийнхаа дугаарт нийтлэж байна.    

...Каираас гурван цаг гаруй нисээд Истанбулд бууцгаав. Туркийн гурван хотод нийтдээ арав хоногийн аялал хийхээр бид төлөвлөсөн юм. Турк орон бол монголчуудын хувьд ойр дотнын холбоотой орны нэг. Энэхүү холбоо нь хэдэн зуу, мянганы түүхтэй. Эртнийхээ энэ түүх, холбоо сүлбээний тухай Монголд ч, Туркт ч бас ярьж хэлэлцэх болжээ. Удам угсаа ойролцоо нүүдэлчин овог омгийнхон монголын их тал нутагт эрт дээр цагт хамтдаа амьдран сууцгааж байгаад өнөөгийн  Туркчуудын дээд өвөг болох хөх түрэгүүд нь Орхоны хөндийгөөс нүүж өнөөгийн Ази, Европ тивийн зааг нутаг усанд суурьшцгаасан түүхтэй аж. Тэдний ул мөр болох Хөх Түрэгийн Билгэ хааны бунхан, мэргэн сайд Тоньюкук, Куль Тегин жанжных нь гэрэлт хөшөө, эртний түрэгийн бичээс бүхий олон арван дурсгал Монголын тал нутаг, Орхоны хөндийд үлдсэн байдаг. Хэдэн зууны өмнөх түүхийн энэ улбааг бодохоор өнөөгийн Туркууд манайхантай их л ойр дотно хаилцаатай байхаар. Магадгүй социалист, капиталист хэмээх хоёр системд харъяалагдаж байсан тэр цаг үе манай хоёр улс үндэстэнд түүх, удам угсаагаа дээдлэн харилцаж холбогдох боломжийг нэг хэсэгтээ олгоогүй байж ч мэднэ. Тавин жилийн өмнөөс л ийм боломж олдож хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоогоод буй. Манай орон ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжин хөгжсөн сүүлийн гучин жил хоёр орны харилцаа сүрхий идэвхжээд байна. Анкарад ч, Улаанбаатарт ч Элчин сайдын яамд ажиллах боллоо. Туркийн хамгийн том хот болох Истанбулд Монголын Консулын газар үйл ажиллагаа явуулж байна. Монгол, Турк иргэд хоорондоо визгүй зорчиж, Улаанбаатар, Истанбулын хооронд долоо хоногт гурван удаагийн нислэгтэй болжээ. Монголчууд Туркт олноороо ажиллаж амьдарч байна. Нийтдээ таван мянга орчим иргэн тэнд байдаг гэх тоо байх юм билээ. Монголд ч Туркүүд цөөнгүй тоогоор ажиллаж амьдардаг болоод буй. Туркийн хөрөнгө оруулалттай Турк багш нартай сургууль манай нийслэл болон Дархан, Эрдэнэт хотуудад өндөр нэр төртэй ажиллаж байлаа. Энэ сургуульд суралцаж төгссөн олон арван залуус Туркэд явж суралцаж тэндхийн их дээд сургуулийг амжилттай дүүргэж тал талын мэргэжил боловсрол эзэмшсэн мэдээлэл байдаг.

Туркэд их дээд сургууль төгсөөд нутаг орондоо ирж ажиллаж, бас их улс төр, бизнест хүч үзэж нэрд гарч яваа залуусыг ч манайхан мэднэ дээ. Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Төмөрбаатарын Аюурсайхан, УИХ-ын  гишүүн асан, дараа нь Истанбулд Ерөнхий Консулаар ажиллаж байсан Энэбишийн Мөнх-Очир, мөн УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Равжихын Эрдэнэбүрэн нарын нэр миний санаанд байна. Туркийн сургалтын систем, Туркийн их дээд сургуулийн нэр хүнд ч дэлхийд дээгүүр үнэлэгддэг гэх. Зүүн европ, Ойрхи Дорнодын их дээд сургуулиудын дунд явуулсан судлагаагаар 100 шилдэг сургуулийн 12 нь Туркийнх, мөн дэлхийн шилдэг 500 их дээд сургуулийн жагсаалтын 10 дугаарт Туркийн Их сургууль эрэмблэгдсэн байдаг аж. Одоо манай 183 оюутан Туркийн Засгийн газрын тэтгэлэгээр эдний их дээд сургуулиудад суралцаж буй мэдээлэл байна. Тэд ч удахгүй төгсөн ирж улс орныхоо бүтээн байгуулалт, нийгэм улс төрийн амьдралд дээр нэр дурдагдсан ах нараасаа илүү их амжилт бүтээл гаргахыг үгүйсгэмгүй. Дипломат харилцаа тогтоосон хагас зуун жилийн хугацаанд Монгол Туркийн төр засгийн харилцаа жил бүр өргөжин хөгжиж ирснийг ойрын түүхээс харж болохоор юм. Туркийг манай улс гадаад харилцаандаа АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Европын Холбооны нэгэн адил “Гуравдагч хөрш” хэмээн тооцдог юм байна. Өнөөг хүртэл хоёр талын 100 гаруй гэрээ, хэлэлцээрийг байгуулаад буй юм билээ. Аялал жуулчлал хөгжүүлэхэд ч хоёр улсад боломж байна. Туркийн хүн амын 4-5 сая нь идэвхтэй аялал хийдэг, Турк улс өөрөө жилдээ хүн амынхаа талтай тэнцэх тооны жуулчин хүлээж авдаг гэсэн судалгаа байх юм билээ. Туркуудын хувьд Монгол орон нь тэдний өвөг дээдсийн өлгий нутаг, Түрэгийн соёл иргэншлийн ул мөр үлдсэн нутаг орон гэсэн онцлог буй. Энэ учир шалтгаанаар Туркийн аялал жуулчлалын байгууллагууд манайхыг сонирхож буй хэдий ч агаарын тээврийн тийзний үнэ өндөр, олон улсын нислэгийн тоо цөөн, дотооддоо дэд бүтцийн хөгжил дорой зэрэг хүчин зүйлсээс болоод ажил хэрэг төдий л амжилт олохгүй байгаа гэнэлээ. Иймэрхүү мэдээлэлтэй Турк орныг зорьж явна. Эдний аялал жуулчлалын том төв болох Анталья хотод гурав хоночихоод нийслэл Анкара, тэгээд хамгийн том хот нь болох манайхан олноороо ажиллаж амьдардаг Истанбулд хоёр хоноод, тэндээсээсээ шууд нислэгээр нутгаадаа буцна. “Каир-Анталья” гэх шууд нислэг байхгүй болохоор Истанбулаар дахин дамжаад л нисэх болсон юм. Эндээ хоёр цаг гаруй хүлээгээд Анталья ниснэ. Олон улсын терминалаас гарч орон нутгийнхад шилжин байж онгоцонд суух юм. Истанбулын онгоц буудалд би хэдэнтээ бууж ниссээр хаана юу байдгийг нь мэдэхтэйгээ болчихоод буй. Хэд хоногийн өмнө үүгээр дамжиж Каирын нислэг хүлээж байхдаа нутгийнхаа хоёр залуутай таарч танилцаж билээ. Тэр тухай бичээгүй мартсанаа Антальяагийн нислэг хүлээж суухдаа санаж, утаснаасаа тэдний зураг, бас ярьсан хэлснийг нь сэргээж авсан юм. Унгарын Будапештад суралцдаг оюутан Т.Чинзориг, Өмнөд Суданд алба хаадаг цагдаагийн албан хаагч Р.Батбилэг гэх хоёр сайхан залуу байсан юм тэд. Дөрөв дахь жилдээ алба хааж буй цагдаагийн ахлах дэслэгч Р.Батбилэг

амралтаараа ирчихээд албандаа буцаж буй гэж байсан. Найробын онгоц хүлээж буй гэсэн санагдаж байна. “Эхнэр, хоёр хүүтэйгээ хэд хоног хамтдаа сайхан амарч байгаад явж байна” гэж ярьж байв. Хүнд хэцүүхэн албанд хол газар зүтгэж буйгийнх  хурааж хуримтлуулсан мөнгөөрөө хоёр өрөө орон сууц худалдаж авах гэж байгаа гээд баяртай байна лаа. Эхнэрт маань ээж, эгч шигээ хандаж энэ тухайгаа дотночлон ярьж байхыг нь би хэрэгт дурлаад сонсчихсон юм... Энд тэнд аялаж явахдаа амжилттай яваа нутаг нэгтнүүдийнхээ тухай аль болохоор бичиж тэмдэглэхийг хичээж байдаг нэгэн билээ би. Истанбулын онгоц буудалд таарсан хоёр бол хилийн чанадад монголынхоо нэр төрийг өргөж яваа залуусын маань төлөөлөл гэх үүднээс ийн бяцхан тэмдэглэл  тэрлэв.

      Аялал жуулчлалын Анталья хотноо.

Энэ хот нь Туркийн аялал жуулчлалын нийслэл гэгддэг бөгөөд сүүлийн жилүүдэд энд ирэх аялагчдын тоо байнга өсч байгаа аж. 2018 оны байдлаар Турк Улс 45 сая жуулчин хүлээн авснаас 13,6 сая гаруй нь зөвхөн Антальяг зорьж ирсэн гэх судалгаа байдаг юм байна. Манайхны хувьд Анталья хот Анкара, Истанбулын дараа орохоор танигдсан хот юм. Бас аялаж жуулчлахын хувьд ч тэр хоёрын дараа эрэмблэгддэг аж. Манайхны аялал жуулчлалын “Нью жуулчин турс”, “Ориг трэйвэл”, “Аэр маркет Холидэй” компанийхан Анталья руу долоо хоногийн аялал зохион байгуулж цөөнгүй тооны иргэдийг тус хотын түүх дурсгалт газрууд, хотын эргэн тойрны үзэсгэлэнт сайхан байгальтай танилцуулаад байгаа юм билээ. Энэ компаниудын сурталчилгаа танилцуулга, аялалынх нь маршрут хөтөлбөр ч цахимд байж байна. “Ориг трэйвэл” ХХК Улаанбаатар-Анталия чиглэлд шууд нислэгтэй багц аялалыг үйлчлүүлэгчиддээ санал болгосон байх юм.Тус компани нь Анталия хотын таван одтой зочид буудлуудын TURSAB нийгэмлэг, Казакстаны SCAT Airlines компаниудтай хамтран ажилласнаар жуулчдын зорчих, буудаллах өртгийг хамгийн хямд түвшинд байлгах боломжтой гэж мэдээлсэн байна лээ. Дээрх компаниудын нэгнийх нь нэг өдрийн хөтөлбөрийг  энд толилуулахад Анталья хот юугаараа анхаарал татдаг, юу нь монгол аялагчдад сонирхолтой болохыг ч мэдээд авч болохоор... “Өглөөний хоолны дараа хотын зүүн хэсгээр аялаж, Дюден хүрхрээг үзэж зургаа авахуулна. Дараа нь үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдаа хийнэ. Зөвхөн Туркт байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг эдлэлийг хямдаар худалдан авах боломжтой. Өдрийн хоолны дараа “Хуучин хот”, “Улсын талбай”, эртний хотын бэлэг тэмдэг болсон “Йивлийн цамхаг” үзнэ. Хүсвэл Сэлчукийн үед баригдсан хамгийн эртний исламын шашны сүмд орж үзэх боломжтой. Оройн хоолоо зооглоод буудалдаа очиж амарна” гэжээ. Аялалын ийм группт хамрагдсан бол ихийг үзэж олуул хөгжилтэй сонирхолтой аялах байсан хэдий ч цаг хугацааны боломж таараагүй юм. Анталья хот нь эртний Ром, Визант, Османы эзэнт гүрний үеэс үлдсэн түүхэн дурсгалт объектуудаа хадгалаад орчин үеийн барилгажилтад өртүүлээгүй авч үлдсэн байдаг гэнэ. Грекийн Аполлоны сүм, амфитеатр, Йивлийн цамхаг зэргийг энд дурьдсан байх юм билээ.Түүнчлэн, “Хөвөн цамхаг” гэж нэрлэгддэг, ЮНЕСКО-гийн хосгүй өвүүдийн нэг Памуккалегийн байгалийн өвөрмөц тогтоцтой цогцолбор, алдарт Дюдены хүрхрээ нь дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын зорьж очдог гол газрууд хэмээн цахимд сурталчилсан байсан. Хотын хүн ам нь нэг сая, зуны улиралд нэг сая жуулчин нэмэгддэг гэнэ. Иймэрхүү урьдчилсан мэдээлэлтэйгээр Анталья хотод бууцгаав. Онгоцны буудал нь тохилог цэвэрхэн юм. Дотоодын нислэгээр ирж буй болохоор хил, гаалийн хяналт гэж цаг алдсангүй, ачаагаа аваад л гадагш зүглэв. Хөлсний тэргээр хот руу явах тул 100 доллар солиулж Турк мөнгөтэй болов. Египетийн онгоцны буудлын мөнгө сольдог цэг шиг муу заль гаргах хэн нэгэн энд байсангүй яг л  барууны соёлт ертөнцийн жишгээр нүдэн дээр минь Турк лирийг имэрч тоолж өгөөд л арагшаа эргэж квитанц баримтыг нь хэвлэх машинаас гаргаад гарт минь атгуулаад “Анталияд тавтай морилоорой” хэмээн ерөөв. Гарахад хөлсний тэрэг ч бэлээхэн байж байна. Буух зочид буудлынхаа хаягийг үзүүлээд л замд гарцгаав. Хот хүртэл 60 гаруй км гэнэ. Зам зуур барилга байшин төдийлэн харагдсангүй, харин жимс ногооны талбай л ойр ойрхон үргэлжлэх юм. Алсхантай хонь малтай хашаа, адууны жүчээ, наахантай нь манайхны тоомсог хэмээн нэрлэдэг өндөр зэгзгэр хэдэн сайхан морь идээшлэж харагдана лээ. Анталья хот, энэ муж эрчимжсэн хөдөө аж ахуйтайг нь замын зуурын энэ тохиолууд бэлээхэнээ илтгэх аж. Газар дундын тэнгисийн эргийг эмжисхийн хагас цаг гаруй давхиад хот ороод ирэв. Бидний захиалгат “Sea Life“ тодотголтой “Family Resort Hotel”-ч яг энэ Газар дундын тэнгисийн эрэгт юм.

Зургаан давхар, шил толь болсон тэнгис далай шигээ цэнхэр өнгөтэй өргөө байна. Таван одотын жишгээр л биднийг угтав. Бичиг баримтаа бүртгүүлээд өрөөндөө орж ирэхэд чемодан савыг маань ч оруулаад тавьчихаж. Шүршүүрт орж замынхаа ядаргааг арилгачихаад түр амсхийгээд оройн хоолонд орцгоов. Нэгдүгээр давхартаа хэд хэдэн зоогийн газартай юм. Бид багцаар төлбөрөө урьдчилаад төлчихсөн болохоор хоол ундны хувьд ямар нэг асуудал байсангүй. Орой өдрийн хоол нь сонголтоор, бас гашуун нясуун даруулгыг ч хүссэнээрээ хэрэглэх боломжтой аж. Хоёр зуугаад хүний суудалтай юм уу гэж миний барагцаалсан энэ зоогийн газарт оросууд олноороо үйлчлүүлж байна. Гэр бүлээрээ ч, бас найз хамт олноороо ч байх шиг. Ер нь Анталья нь орос иргэд олноор суурьшсан бүр оросын сургууль цэцэрлэгүүдтэй гэнэ. Коньяалти гэх далайн эргийн үзэмжтэй дүүрэг нилээд оросжсон юм байх. Эндхийн тансаг орон сууц байр байшингуудын ихэнхэд нь орос иргэд амьдардаг аж. “Матрёшки” гэх парк ч тэнгисийн энэ эрэгт байдаг юм байна. Антальяг орос хэлтэй амралтын газар гэж оросууд нэрлэдэг нь ч дэмий үг биш юм байх. Өмнө бидний аяласан “Шарма эйш Шэйх”-ийн зоогт хатуу архи огт байгаагүй юм. Энд харин “Водка” хэд хэдэн төрлөөрөө өрөөстэй, үйлчлэгч нь ч найрсгаар санал болгож байв. Оросууд л тэр хатуу ундааг дуртайяа татацгааж дуу чангарч хөөр баясалтайхан байцгаана лээ. Бид улаан дарс, шар айраг төдийг сонгож байв. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлсэн нь энэ зоогийн газрын хоол унднаас илт мэдрэгдээд буйг энүүхэн зуур өгүүлмээр санагдав. Бяслаг, цөцгий, аарц хоормог мэтийн цагаан идээ энд элбэг юм билээ. Орой үдэшдээ 00 цаг хүртэл үүдний хэсгийн бааранд сууж хүссэнээрээ дарс, хатуу юмаар үйлчлүүлж болно гэнэ. Нэг давхрын нөгөө нэг жигүүрт нь хүүхэд багачуудад зориулсан тоглоомын болон дуу хөгжмийн өрөө танхимтай юм билээ. Гэр бүлийн гэсэн тодотголтой зочид буудал юм болохоор хүүхэд багачуултайгаа амарч яваа залуус олон байх юм. Тэдний хоолны танхим ч тусдаа юм билээ. Нас насанд нь зохицох ширээ сандлуудтай юм. Эх эцэгтэйгээ хооллох нялхуудад зориулсан ширээ сандлын хуванцар хослолыг үйлчлэгч нь танхимд авч ирээд өгчих юм. Энэ зураг дээрх шиг нялхсын ширээ сандлын хуванцар хослолыг манайхны Блю фин зэрэг зарим зоогийн газар үйлчилгээндээ нэвтрүүлсэн байх нь бас ч гэж сайшаалтай...    

Хүүхдүүдийн танхимтай жигүүрт оройдоо багачуулд зориулсан концерт шоу зохион байгуулж байх юм билээ. Зохион байгуулагч залуухан бүсгүй төгөлдөр хуур хөгжим тоглоод орос англи дуу дуулаад, бас оросоор ч яриад тэнд цугласан хүүхдүүдийг өөрсдийг нь дуулуулж бүжиглүүлээд хөөрхөн хөгжөөж буйтай би тааралдаж байв. Том бага гэлтгүй бүх аялагч үйлчлүүлэгч нартаа ийн анхаарал тавьж байж ор суудал ямагт бүрэн дүүрэн байдаг хамт олон байх энэ “Family Resort Hotel”-ийнхан гэх сэтгэгдэл төрж байв. Далайн эрэгт оршдог хэдий ч энэ буудал гаднаа том бага хоёр усан сантай юм. Нэг давхраас шууд л тийш гарчихна. Доошоо хасах давхартаа сауна, массажын үйлчилгээтэй юм. Буудлынхаа үүгээр түүгээр явж энэ бүхэнтэй танилцчихаад үүдний бааранд түр саатаж цагаан дарс, самар энэ тэрхэн хүртэж байгаад амарцгаав. Багцын үнэ өртөг нь  хоногийн 178 ам.доллар, хоёр хүний хувьд боломжийн гэхээр. Өглөө цайлчихаад хоттой танилцахаар буудлынхаа хүлээн авахынханд хандав. Энэ үйлчилгээг нь узбек залуу эрхэлдэг юм байна. Хүршед Илмаз гэх гучаад насны энэ залуу Антальяд хорин жил амьдарч байгаа гэнэ. Нутгаадаа бараг явдаггүй, ойр дотныхон нь бас Анталия болон ойрхны хотуудаар суурьшсан гэх.

Жижиг автобус, суудлын хэд хэдэн машинтай, түүгээрээ энэ буудалд буусан аялагчдад үйлчилдэг юм байна. Өнөөдөртөө “Хуучин хот”-оор аялахыг бид хоёрт санал болгов. Зургаан хүний суудалтай жижиг автобус бидэнд гаргаж өгөв. Багцад ороогүй болохоор эдний үйлчилгээ тусдаа үнэтэй юм.Түрэг найз бүсгүйтэй африк залуу энэ аялалд бидэнтэй хамт явав. Арваад км давхиж тэр “Хуучин хот” хүрэх гэнэ. “Тэнд яг гурван цаг аялаад үдийн хоолондоо амжиж ирцгээнэ шүү” гэж Хурмеш бидэнд үүрэгдэв.

    Дюдений цэцэрлэгт хүрээлэнд.

Мөнх цастай уулын зүг хэсэг давхиад бага шиг улаан тоосгон байр байшин үргэлжилсэн хороолол руу орж ирцгээв. Анталья хот тэртээ цайвалзах мөнх цаст уулс, энүүхэнтээ цэнхэртэх тэнгис хоёрын хооронд үргэлжлэн орших цэвэр цэмцгэр үзэсгэлэнт хот юм. Цас мөст уул далай тэнгисийн дунд оршдог болохоор чийглэг зөөлөн уур амьсгалтай аж. Хоёр сарын эхээр аялаж яваа бид нимгэвтэр хүрэмтэй явахад даарахааргүй, хурдтай алхахад халууцах талдаа юм билээ. Нэмэх хоёр гурван хэмтэй манайхны майн баярын дараахь хаврын сүүл сарын өдрүүдийг санагдуулахаар нартай сайхан өдөр байв. Аяллын хөтөч жолооч залуу биднийг нэгэн сүмэрхүү байшинтай хашааны үүдэнд биднийг буулгаад яг гурван цагийн дараа эндээ уулзана шүү гэж дохиж зангаад одлоо. Хазгай муруй англи, орос хольсон үг ярианаас нь парк, цэцэрлэг гэх үгсийг ойлгож үлдлээ. Хашааны үүдэнд хэдэн тэмээ уяатай байна лээ. Тохош хэрэгслээс нь анзаарахад нэг бөхтэй тэмээ аж.

Аялагчид олонтой үед энэ үйлчилгээ идэвхждэг юм байх. Хашааны дотор л бидний үзэх үзмэр, тэр парк байх юм байлгүй. Хашааны гаднах энэ хэсэгт хаалганы хоёр талд хоёр метр орчмын урттай араатны хаан арслангийн яг нэг адилхан хоёр чулуун хөшөө өөд өөдөөсөө хараад хэвтэж байх юм. Элэгдэж эмтэрсэн байдлыг харахад энэ арслангууд нилээд хэдэн зууны настай болов уу гэхээр. Нэг арслангийнх нь ам хамар бага шиг эмтэрч хэлтэрсэн байна лээ. Аялагчид ч эртний энэ хоёр

арслангийн дундуур алхаж хашаа руу орох юм. Үүдний мухлагаас орох тасалбар авав. Зургаан лир буюу манайхаар бол 2400 орчим төгрөгийн үнэтэй юм. Уулын түргэн урсгалтай гол дундуур нь урссан цэцэг ногоо, мод хадтай сайхан цэцэрлэгт хүрээлэн рүү бид ороод ирэв. Хэсэг уруудаж явтал гол горхины урсгал ширүүссээр хэд хэдэн хүрхрээ болон үргэлжилж хүүхэд багачууд, залуус  эргэн тойрноор нь баясан зугаалцгааж байв. Хавь орчных нь байгаль ч их өвөрмөц юм. Гол ус хүрхрэн бууж буй тэр хэсэг нь хоёр талаараа мод хадтай уултай юм. Шатаар дээшилж доошилж хэд хэдэн хүрхрээ, уулын агуйнууд үзэж харж аялцгаав. Агуйнуудын чулуурхаг амсруудаас ус чийг дуслаад л байж байх юм. Доошлох тутам голын ус нэмэгдэж урсгал нь ширүүсч хүрхрээний өндөр улам нэмэгдсээр байх юм билээ. Хүрхрээнүүд нь хоёр гурван метрээс эхлээд л долоо найман метр, хамгийн өндөр нь энэ хавьдаа 27 метр хүрч хүрхэрдэг аж. Манай Улаан цутгалангийн хүрхрээнээс гурван метрээр илүү байх нь. Хүрхрээнүүдийн ойр тойронд ууш зуушын цэгүүд ажиллаж байх юм

билээ. Нэг томхон хүрхрээний доохонтой хүрхрэн буух их усны гол дундах том царс модонд тавцан бэхлээд тэр тавцан дээрээ ширээнүүд засчихаж. Хоёр ч ширээнд залуус сууцгаачихсан дарс, шар айраг шимж яриа хөөрөө болцгоож харагдана лээ. Их л романтик, бас экзотик үйлчилгээ гэж хэлж болохоор, мэдээж үнэ өртөг ч өндөртэй байх. Шатаар доошилж гүүрээр хүрхрээ болон голын нөгөө эрэгт гарч болохоор юм. Гүүрний тэр хэсэгт зураг авахуулахад их зохимжтой юм. Голын эх хэсэг рүү харахад хэд хэдэн хүрхрээ цуварч харагдах агаад гол усны баруун тал нь агуйтай хадат хясаа, нөгөө тал нь ой мод бургас багсайсан битүү шугуй. Залуус, хүүхэд хөгшид энд янз бүрээр л зураг авахуулцгааж байв. Би бичлэг хийж зураг авч яваад өөрийн зураггүй хоцорчих гээд байдаг юм. Залуухан хоёр бүсгүй энүүхэнд өөрсдийгөө янз бүрээр сээлфийдэж байлаа. Дуусах үед нь камераа тэдэнд сарвайж зураг дараад өгөхийг хүсэв. “Тэгэлгүй яахав...”гээд аль аль нь уриалгаханаар толгой дохиж камерийг минь авлаа. Нэг бүсгүй нь хоёулаа бол бүр “Ок” гэж хоёр хуруугаа гозойлгон айлгүйтэж байгаад надтай зургаа даруулчихлаа. Хар гивлүүр унжуулсан хаалттай бүсгүйчүүлийнхээс ялгарах орчин цаг үеийнхний төлөөлөл юм даа энэ хоёр бүсгүй.

Эндээсээ хөдөлж ойр ойрхон үелэсэн шат гүүр дамжиж өгссөөр голын нөгөө эрэгт гарч аялалаа үргэлжлүүлэв. Ойрхны сүүдрэвчид сууж түр амсхийж байтал бидэнтэй аялалд гарсан африк залуу тааралдлаа. Түүнтэй зургаа даруулчихлаа. Анкарад дээд сургууль төгсчихөөд нутгаадаа хараахан яваагүй байгаа Этиофийн иргэн юм байна энэ залуу. Найз бүсгүй нь Измирийн уугуул түрэг аж.

Унаа ирэх цаг дөхөж буйг нэг нэгэндээ сануулаад л аяллаа үргэлжлүүлцгээв. Хэд алхаад баахан булш бунхантай тааралдав. Гадна хаалгаар орох үед сурталчилгааны нэг самбарт “Томб” гээд биччихсэн байсныг би анзаарч хаахантай тэр нь байдаг юм бол гэж амихандаа хайж явсан юм, тэр нь энд байж таарлаа. Чулуун багана, боржин хавтан болсон арав шахам булш харагдав. Зарим булшийг нь ухаад авчихаж. Урт дөрвөлжин хэд хэдэн газар нүх үлдэж. Боржин чулуу, бетонон хучилттай хэд хэдэн булш наахантай нь бас байв.  

Ойр орчинд нь бичиг, тайлбар ч байсангүй, тэгээд ч бид хөтөчгүй яваа болохоор чухам ямар учиртай булш бунхан, харанхуй нүх болохыг нь төдий л ойлгосонгүй. Энэ зэрэгцсэн олон булш бунхны байр байдлаас харахад эртхэндээ энд оршуулгын газар ч байсан юм болов уу гэж бодогдохоор... Аялагчдад зориулсан олон сүүдрэвч, сандлуудын нэгэнд түр тухлаж утасныхаа цахимд орж энэ цэцэрлэг, оршуулгын газрын зарим зургаар мэдээлэл хайв. Энэ цэцэрлэгийг “Дюдений цэцэрлэг” хэмээн нэрлэдгийг мэдэж авав. Эндээс гучаад км-ийн алсад урсаж буй Дюден гол дээр усан цахилгаан станц ажилладаг юм байна. Хуримтлагдсан усных нь хэсэг нь усан хоолойгоор газар доогуур явсаар энд ирж нийлдэг аж. Алсад цэнхэртэх мөнх цаст уулсаас тэжээл авч урсдаг бага шиг горхиуд Дюден голд бас нийлж хүрхрээг улам их эрч хүчтэй болгодог аж. Дюден гол, энэ хүрхрээ доошоо 16 км урсаж тэнгис рүү нийлдэг гэнэ. Оршуулгын газрын хувьд дараахь мэдээлэл байв. Эндээс хориод км-ийн алсад Лирботон Коме гэх эртний хот хоёр мянган жилийн өмнө оршиж байж. Энэ хотын оршуулгын газар энд байсныг археологчид, эрдэмтэн судлаачид олж илрүүлж 1970 аад онд хотын захиргаа энд пикник хийх (хойтын хүндэтгэл) бага шиг асар сүүдрэвч, уушын газар барьж эхлэснээр хожмоо энэ нь өргөжсөөр амралт аялалын бүс болж хөгжөөд байгаа юм байна. Эртний түүх, байр байдлыг нь хадгалах үүднээс хэсэг булш үлдээж бусдыг нь зөөж газрыг нь цэвэрлэсэн аж. Түүх болж үлдсэн хэсэг булштай нь сая бид ийн тааралдсан юм байна. Ер нь энэ  Анталья хот ч өөрөө бас эртний хот юм. Манай эриний 1100 аад оны үед байгуулагдсан түүхтэй юм билээ. Энэ үедээ Византийн хаан Иоанне II-ын мэдэлд байсан аж. Атталия, Адалия нэртэйгээр италичууд, османы түрэгүүд хоёр зуу гаруй жил ээлжлэн эзэмшиж байж. Османы эзэнт гүрний үед 1423 онд Түрэгүүдийн мэдэлд шилжин ирж одоогийн Анталья нэртэй болсон түүхтэй юм байна. Энэ цагаас Газар дундын тэнгис дэх Антальягийн усан боомт нь дорно өрнийг холбох худалдааны ач холбогдол бүхий том цэг болжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа буюу 1919-1921 онд Анталья хот түр зуур дахиад л италичуудад эзлэгдэж байж. Энэ үедээ Анталья хот Туркийн их хувьсгалч Мустафа Кемал Ататуркийн толгойлсон үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд тэнгис далайн хамгийн чухал  боомтын үүрэг гүйцэтгэсэн гавъяатай гэнэ. Энэхүү хөдөлгөөн улмаар өргөжин хувьсгал болж ялахад Анталья хот ч буцаад Туркийн эзэмшилд иржээ. Тийм болохоор хувьсгалын их удирдагч Мустафа Кемал Ататуркэд зориулсан томоохон хөшөө цогцолбор эдний төв талбай, жуулчны гол гудамжуудад байдаг гэнэ... Цэцэрлэгт хүрээлэнгээр ийнхүү гурван цаг шахам аялаад хашааны үүдэнд гарахад  бидний унаа ч ирсэн байв...

    Монгол охин сэтгүүлчийн ангид нь сурдаг гэв.

Үдээс хойш буудлаасаа хэдхэн алхаад далайн эргээр аялацгаав. Эрэг хавийн үйлчилгээ ч идэвхтэй юм. Ус ундаа, хоол цайны үйлчилгээ алхам тутамд л тааралдана. Сууж амрах болзох тохилог цэгүүд бас элбэг юм. Утас камер цэнэглэгчийг ширээ бүрт бэхэлчихсэн байх нь элдэв зураг авсаар байж аппарат хэрэгслийнхээ цэнэгийг амархан дуусгачихаад байдаг мань мэтэд тун тааламжтай ажгуу. Худалдаа үйлчилгээний цэгийн зай холдсон үед утас цахилгааны шонд цэнэглэгч байршуулчихсан байх юм билээ. Аялагчдаа, иргэдээ аль болох тав тухтай аялуулах, хэрэгцээг нь аль болохоор гачигдуулахгүй хангах гэсэн үйлчилгээний бодлого хандлага юм даа. Аялал жуулчлал хөгжүүлэх гэсэн бодлого чармайлтдаа манайхан анхаараасай гэж энүүхнийг өгүүлэв... Өвлийн сүүл сар хэдий ч тэнгисийн ус бүлээн дулаан байх аж. Ганц нэг чийрэг залуус биднээс алсхандуу сэлж харагдана лээ. Эрэг хавиар нь аялагчид алаглаад л бэлчиж байв. Уурга барьсан загасчид ч тэнгисийн захаар зогсож байх юм. Дуу хөгжим, хөзөр наадам, цай кофе болсон аялагч амрагчид эрэг хавийн элс хайрган дээр хэсэг бүлгээрээ тухалцгаасан байх юм. Тэдний нэг болох хар, шар ,цагаан арьст таван залуустай тааралдаж танилцав. Орос үг яриа дуулдахаар нь ойртож очсон юм. Тажик бүсгүй, киргиз хүү хоёр хоорондоо ярьсан бололтой юм. Түрэг хос, өмнөд африк залуу тэдэнтэй найзалдаг юм байна. Анталиягийн их сургуулийн оюутнууд аж. Киргизээр аялж яваад ирсэн тухайгаа ярьж Уранбек гэх киргиз хүүтэй дотносов. Биднийг хэн болохыг сонирхон асууцгааж монголчууд гэдгийг маань сонсоод сургуульд нь сэтгүүлчийн ангид нэг монгол охин сурдаг гэж киргиз хүү, тажик охин хоёр ярив. Нэрийг нь санахгүй байна, оюутны байранд олонтоо тааралдаж мэнд мэдэлцэх төдий явцгаадаг гэж тэд ярьж байлаа. Байрандаа очоод асууж сураглаж байгаад утас хаягийг олбол танд мэдээлье гээд миний буудлын хаяг, утас, имэйл авсан юм. Тэдэнтэй зургаа авахуулчихаад далайн эргийн аяллаа үргэлжлүүлэв. Тажик охиныг нь Лэйла Алтиева гэдэг юм байна.

  

Анталья хот тэнгисийн энэ эргийг хорь шахам км эмжиж үргэлжилдэг гэнэ. Хуучин шинэ хоёр далайн боомттой юм. Дюден хүрхрээ үзэх үеэр хуучин боомттой нь танилцах боломжтой гэнэ. Ачаа тээврийнх нь Акдениз хэмээх 2014 онд ашиглалтад орсон том боомт арай алсдуу байдаг юм байх. Тэнд нь чөлөөт худалдааны бүс байдаг аж. Гадаадын аялагч жуулчдад голлон үйлчилдэг гэнэлээ. Зочид буудлууд, нисэх онгоцны буудлаас тусгайлсан автобус явж үйлчилдэг гэх мэдээлэл цахимд байв. Зочид буудалдаа ирчихээд Акдениз боомт руу манай энэ буудлаас тусгай автобус явдаг эсэхийг сурагласан чинь аялал жуулчлалын идэвхтэй улирал болох гуравдугаар сараас 12 сар хүртэл энэ үйлчилгээ үргэлжилдэг, тэр хугацаанд л буудлаас автобус явдаг гэв. Өрөөндөө орчихоод өдрийнхөө фотог нөгөө киргиз оюутандаа илгээж монгол охины сураг гаргаж буй эсэхийг асуусан чинь, сайхан фото ирүүлсэнд баярлалаа, нэр хаягийг нь олохоороо танд илгээнээ гэсэн хариу ирүүлэв... (Туркт байх хэд хоногт мэдээлэл авч чадсангүй, харин нутагтаа ирсэний дараа сурагласаар тэр оюутан охины сургийг гаргасан юм. Намхайн Бямбагарав гэх охин Антальягийн Их сургуулийн сэтгүүл зүйн факультетийн төгсөх курст суралцдаг аж. Хожим нь сургуулиа төгссөнийх нь дараа түүнтэй Анталья хотынх нь тухай сайхан сэтгэгдлийг нь сонсож ярилцах боломж олдсон юм. Түүнийг тусад нь нийтлэх нь зүйтэй гэж үзээд буй)  

      Дюдений Хүрхрээ.

Өглөөнийхээ цайнд орчихоод нөгөө Хүршед Илмаздаа хандаж хөнгөн тэрэг хөлөглөөд хуучин хотын зүг давхив. Жуулчдын үзэж харах гол үзмэрүүд тэр зүгтээ байдаг аж. Хуучин шинэ хот хоёрын хоорондох төв замын цэцэг навч болсон дугуй тойрогт хувьсгалчдад болон их удирдагч Мустафа Кемал Ататуркэд зориулсан хүрэл хөшөө үзэж сонирхов. Гурван талтай, талууд нь тус тусдаа хувьсгалт тэмцлийн үйл ажиллагааг урнаар илэрхийлсэн өгүүлэмжтэй юм. Буу сэлэм далайж, туг далбаа мандуулан ура хашгиран шийдвэрлэх тулалдаанд орж буй морин цэргийн дайчдыг магтан дуулсан сайхан цогцолборыг нэг талд нь урлажээ. Нөгөө нэг тал нь ялсан дайчид энхийн бүтээн байгуулалтын их хөдөлмөрт шамдан орж буйг үйлдвэрийн ажилчин, барилгачин,  тариачдаар дүрслэн харуулжээ. Гуравдахь хэсэгт нь цэрэг дайчид, сэхээтний төлөөлөгч, ирээдүйн төлөөлөл болсон сурагч охид хөвгүүдийг хувьсгалын их удирдагч Мустафа Ататурк хүлээн авч үйл хэрэгт нь баяр хүргэн зөвлөлгөө өгч буй утга агуулагатай юм. Турк улсын анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн гарын үсгийг энэ хэсэгт хүрэлдэн товойлгож урласан нь хөшөөний утга санаа, ур хийцийг улам бүр өргөж байна лээ. Доор нь их хувьсгалчийн хэлсэн үгийг түрэгээр бичсэн байв. Зургийг нь татаад авчихав. Мэдээж залуу үедээ улс орноо ирээдүйд сайн сайхнаар авч явахыг л зөвлөж уриалсан үг байх гэж таамаглав. Буудалдаа очиж байгаад нөгөө Хүршэд менежерт үзүүлээд орчуулгаад авчихна гэж бодлоо. Гурван талт энэ хөшөөний оройд баруун гараа итгэл төгс өргөн өндөр лүү цоройж  буй морьт баатарын хөшөөг тусгайлан урлаж байршуулсан нь хувьсгалт тэмцэлд ялсан их удирдагч Мустафа Ататурк нь ард түмнээ, улс орноо сайхан ирээдүй өөд уриалан дуудаж буй хувьсгалт утгатай нь илт.

Анхны энэхүү Ерөнхийлөгчөө Анталья хотынхон мэдээж их дээдэлдэг аж. Дюдений хүрхрээ үзэхээр явж буй энэ зам талбайд түүний хоёр ч босоо хөшөө байв. Антальягийн усан боомтоор дамжуулан хөршүүдээсээ зэр зэвсэг, бусад бараа материалын дэмжлэг туслалцаа авч байсан болохоор энэ хот, тэнгисийн боомт ч түүнтэй холбоотой юм. Антальягийнхан ч түүгээр нь бахархаж хөшөө дурсгалыг нь барьж байгуулаад буй нь энэ байх... Хөтөч жолооч маань биднийг тэнгис рүү дөхүүлээд аялал жуулчлалын бүс болох нэг тохилог талбайд буулгалаа. Өчигдрийн бидний үзсэн нөгөө Дюден гол энд шуугин урссаар ирж байв. Голын дагуу модон хэрмэн хашлагатай юм. Аялагчид хэрмийг даган тэнгис рүү дөхөж байлаа. Бид ч засаж тохижуулсан замаар гол даган алхаж бага шиг хүрхрээ хоёр гурвыг үзэж харж явлаа. Тэнгис рүү ойртох тусмаа ус улам ихсэж яг эрэгт хүрэх тэр мөчид цагаан хөөс цахруулан шуугин хүрхэрсээр тээр доор ногоорон цэнхэртэх их ус руу нийлж байв. Хүүхэд багачуулаа дагуулж амарч аяласан, салхилсан хүмүүс ч энд олон. Туг дарцагтай хятад, япон жуулчид цуваагаар явж зураг хөрөг болцгоож байлаа. Дюден голын хүрхрээний өндрийг энд 40 метр гэж тэмдэглэсэн байв. Дюден гол, Дюдений хүрхрээ Газар дундын тэнгисийн их усанд ийн нэмэр хандиваа оруулдаг аж.

Хүрхрээ үзэх аяллаа өндөрлөөд эндээс холгүйхэн буй тэнгисийн хуучин боомттой танилцахаар тийшээ зүглэв. Тэнгис хавийн энэ өндөр эргээс цахилгаан шат руу боомт руу буудаг юм байна.  Шатны хажууханд гитартай залуу авъяасаа үзүүлж байх. Түүний гитардан дуулж  буй түрэг дуу чихэнд чимэгтэй юм. Тоглолтыг нь таашааж тав арван зоосоор түүнийг урамшуулсан үзэгч аялагсад энүүхэнд нь тойроод зогсчихсон байна лээ. Хаа газрын гудамжны авъяастнууд амьдралаа ч, авъяасаа ч сайжруулангаа ингээд л зүтгэж байдаг даа. Зураг бичлэг хийж, хэдэн лир өмнөх саванд нь хандивлаад цахилгаан шат руу орцгоов. Найм есөн давхар байшинтай тэнцэх өндрөөс буух шиг замыг цахилгаан шатаар туулан байж боомт руу гарлаа. Аялалаас саяхан буусан бололтой бага гарын хэд хэдэн модон хөлөг тэнгисийн эрэгт сойлттой, цаанаас нь тэр зиндааны нэг хөлөг дуу хөгжмөө хангинуулан, хөөрсөн аялагсдын дуу шуу цуурайтуулан бидний очиж буй эрэгт дөхөн ирж байв. Дээхэнтэй би Анталья хот шинэ хуучин хоёр усан боомттой гэж бичсэн дээ. Бидний одоо үзэж харж буй энэ боомт хуучин нь юм. Хоёр мянгаад жилийн өмнө буюу манай эриний 10-аад оны үед эртний Ромчууд энэ боомтыг барьж байгуулсан түүхтэй гэнэ. Боомтын энэ хавь нь хад чулуу болсон хуучны хэрэм цайзаар хүрээлэгдсэн байх юм билээ. Хөлгүүд нь ч хуучны гэх тэр өнгө аясаа дагасан юм байлгүй нилээдийнх нь их бие, хашлага хамар нь модон хийцтэй харагдана лээ. Тэнгисийн эргээрх ойрхны зарим хот, тухайлбал гучаад км-т оршдог Кемер хот руу ийм хөлгөөр аялах боломжтой аж. Мөн тэнгисийн эргээр хөвж Анталья хотыг танилцуулдаг маршрут байдаг юм байна. Аялал жуулчлалын идэвхтэй улирал биш болохоор өдөртөө цөөн хөлөг үйлчилж буй аж.

Маршрут хоорондынх нь цаг бас хол юм. Тиймээс бид энэ үйлчилгээг нь авч амжсангүй. Усан боомтын орчинтой зэрвэс танилцчихаад нөгөөх цахилгаан шатаараа дээшилж тэрүүхэнд байх кафед цай унд ууж түр тухлав. Түрүүхэн үзэж харсан эртний өнгө аястай усан хөлгүүд тэр доохонтой ярайж, тэнгисийн их ус орчин тойрноор нь  долгиотон цалгилах нь сэтгэлд таатай, тэгээд ч бас романтик юм. Туркууд ч ийм үйлчилгээгээ ухаалгаар бодож зохион байгуулах юм аа. Аялагч жуулчдыг ч үүгээрээ сайн татаж байх шиг.

Анталья хот жилдээ 13 сая жуулчин хүлээн авдаг гэдэг нь ч энэ менежментийнх нь үр дүн буй заа.          

Мөнх цаст Тахтали-д.

Өглөөний цайнаас гараад Хүршед Илмазтайгаа уулзаж уулын аялалынхаа талаар ярилцав. Газар дундын тэнгисийн баруун хойт талыг чимэглэн сүндэрлэдэг Таврын нурууны нэгэн салбар болох Тахтали уул руу би аялах гэж буй юм.Хамтран аялаж зардал хуваалцах хань олдвол сайн байна  гэж өчигдөр орой түүнд захиж байсан юм. Тийм хүн олдсонгүй гэж байв тэр. Тэгээд л ганцаараа хөнгөн тэрэг хөлслөхөөс аргагүй болов. Уул хүртэл 65 км юм. Цас мөст Олимпос оргил нь далайн түвшнээс дээш 2365 метрт оршдог. Энэ оргил руу агаарын утсан замаар гарна. Аялалын зардал болох 90 ам. долларыг Хүршедийн мухлагт төлчихөөд унаандаа сууж замд гарлаа. Тэнгисийн эргээр давхиж, зам зуурын хот тосгон, барилга байшин, замын баруунтайд дүнхийх бага шиг уул нурууд, хад хавцал, хүглийн ногоорох ой мод гээд хүн, байгаль хоёрын бүтээсэн  гайхамшгийг хоёр тал руу нүд билчээн харж сэтгэлийн таашаал эдэлж явав. Тэгээд л тэнгисийн эргээс холдож ой хөвчийн хөндий суга, өгсөж давхисаар бага шиг уулын тагт дахь эхний бааз дээр ирэв. Эндээ цас мөсгүй, нов ногоон юм. Үйлчилгээний цэлгэр танхимтай том шилэн байшинтай юм энэ бааз. Байшингийн үүдэнд  “Sea to Sky“ гэсэн бичээс бүхий том самбар байв. “Тэнгисээс тэнгэр лүү” гэх энэ сурталчилгаа энэ баазын үйл ажиллагааг бүрнээ илэрхийлнэ. Бааз байрлаж буй энэ уул цас мөсгүй, ой мод нь нов ногооноороо юм. Бидний гарах “Олимпос” хэмээх тэр оргил үүл манантай орон зай булаацалдан тээр дээр цайвалзаж байв. “Олимпос” хэмээх нэр нь олон зууны өмнө грекүүд энд амьдарч байсантай холбоотой гэнэ. Жолооч хөтөч Демир маань үйлчилгээний танхимд намайг бүртгүүлээд л оргил руу аялах асуудлыг шийдчихэв. Хурмешийн мухлаг эднийхэнтэй байнгын гэрээтэй ажилладаг биз. Хамтрах аялагчид маань хөлгийн бүхээг нээгдэхийг хүлээгээд дараалалд зогсчихож. Яриа хэл, байр байдлыг нь ажихад нутгийнхан болон япон, хятад, солонгосууд байх шиг. Би төдий л яарсангүй, танхимын хана дахь зураг мэдээллийг эргэж тойрч сонирхов. Бидний аялах утсан замын бүхээг 80 хүний багтаамжтай юм. Энэ багтаамж, даацаараа дэлхийд тэргүүлдэг юм байна. Доод станцаас дээшээ хүрэх өндөрлөг нь 1600 метрт оршдог юм байна. Бүхээгийн нэг талдаа аялах хугацаа нь 10 минут, нэг хүний зорчих үнэ 14 ам. доллар гэнэ. Тахтали уулан дахь утсан замын энэхүү байгууламжийг “Олимпос Телеперик” хэмээн нэрлэдэг аж. “Олимпос Телеперик”-ийг Австри, Швейцарийн “Доппелмэйр” хэмээх хамтарсан компани 2007 онд барьж байгуулсан юм байна. Иймэрхүү мэдээлэл үзэж харж явтал сууж аялах агаарын автобус маань уулнаас утсан замаараа буугаад ирлээ. Удаж төдөлгүй автобус дүүрэн хүн уул дамнуулан татсан бүдүүн төмөр утсанд дүүжлэгдэн цаст оргил руу хөдлөв. Бидний хөлгийн цонх том, цэлгэр юм. Хөлөг маань суудалгүй тул аялагчид зогсож явна. Ой мод, уул хад тэр доор хөвөрч өнгөрнө. Алсхантай харагдах цаст уул тээр дээрээс бага багаар бидэн рүү дөхнө. Зорчигчид доошоо ч дээшээ ч зураг аваастай. Хөлөг ямар ч донсолгоогүй жигд хурдаар явах тул нэг талын цонхноос нөгөө рүү очоод зураглах бол огт асуудал биш, чөлөөтэй. Түүнийг үүнийг хараач гэж нэг нэгнээ уриалан дуудах, байгалийн сайхныг харж баярлан бахархах сэтгэлээ дуу алдан илэрхийлэх авиа шуугиан орчин тойронд минь бүрэн ноёлосоор бидний хөлөг цаст оргилд газардав. Доод баазынх шиг зай багтаамжтай үйлчилгээний танхимд бид хөлгөөсөө гарцгаав. Бүгд л танхимаас яаран яаран ухасхийж цас мөст “Олимпос” оргил дээр хөл тавьцгаалаа. Агаарын бүхээгт явж байхад даралттай, зүрх судасны талд анхаарах санамжтай зорчигчид танхимд түр саатаж биеэ ажиглаарай гэх сануулга өгч байсан юм. Япон, солонгос жуулчид л танхимын хана дагуулсан сандалд түр сууж үлдэнэ лээ. Доод болон дээд станцийн аль алинд нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвартай ажилтан ажилладаг гэж бичсэн байна лээ. Ахлах сургуулийн нэг ангийнхан бололтой хэсэг түрэг хүүхдүүд гадаа гарчихсан ёстой л нэг хөөрч өгч байна лээ. Цасаар шидэлцэж, нэг нэгнийхээ нүүрийг цасаар угааж,  нэгнийхээ хүзүү рүү цас чихэж бидний бага балчиртаа сахилгагүйтдэг байсан шиг л элдвээр аяглаж байв. Багш нар нь бололтой залуус ч тэдэнтэйгээ хамтраад л баясацгааж байна лээ.

   

Нөгөө солонгос, япон жуулчид их л аажуухан гарч ирж, цас барьж үзэж нэг нэгэндээ дамжуулан баяр хөөр болон шуугилдацгааж байх. Цас мөсөн дээр хальтраад уначих вий гэж болгоомжтойхон чөмчигнэн хэд хэдээрээ бөөгнөрөн зураг хөрөг болцгоож байв. Уулын оргилийн энэ хэсгийг засаж тохижуулан байж энэхүү гурван давхар байшинг барьжээ. Үйлчилгээний энэ байшингийн эргэн тойронд хааш хаашаа арваад метр талбайд л аялагчид зугаалах боломжтой юм. Талбай нь торон хашлагатай. Торноос цааш аюулт бүс буюу хад хавцал, цасаар хучигдсан ангал, хөл алдвал доош нисчихээр уулын уруу харагдаж байна лээ. Байшингийн дээр аялагчдад зориулсан бас нэг талбай байдаг юм байна. Нартай цэлмэг өдөр байсан тул ойр тойрны бусад уул, цаст оргилууд, бүр алсхандаа тэнгисийн наахантайх уул нүдний үзүүрт ногоорон харагдаж байв. Байшингийн өмнөхөнтэйх алсыг хардаг төлбөрт дурангаар япон, солонгосын жуулчид тэнгис хавийг харж барилга байшин, эсвэл аялж яваа усан онгоц харсан ч юм уу гар хуруугаараа тиймэрхүү дохио зангаа үзүүлж нөгөөхөө дуудаж байв. Нартай цэлмэг өдөр 30 км-ийн алсыг харах бололцоотой гэж бичсэн байсан. Япон солонгосын жуулчид тэнгист хөвж яваа хөлөг онгоц харсан юм байлгүй дээ гэж бодогдож байв... Үйлчилгээний танхимдаа бага шиг ресторан, бэлэг дурсгалын мухлагтай юм билээ. Бидний буцах хөлөг ээлжит аялагчдаа аваад ирж буй нь танхимын цонхоор ийн харагдав.

Таврын нурууны Тахтали хэмээх энэхүү цаст оргилд хагас цаг гаруй саатан цэнгээд агаарын хөлгийнхөө энэ ээлжээр доошилцгоов. Бүгд л сэтгэл нэн ханамжтай нэг нэгэндээ үзсэн харсанаа өгүүлж явцгаах шиг байна лээ манай энэ багийнхан. Бидний хөлгийн бүхээгээс ойр тойрны Таврын уулс ингэж харагдах юм билээ.

 Ататуркийн Анкара.

Бидний дараагийн аялал Туркийн нийслэл Анкарад үргэлжилсэн юм. Анхандаа бид Анкара руу автобусаар аялахаар төлөвлөж байсан юм. Долоо найман цаг автобусаар явна гэхээр нэг л ядаргаатай санагдаад онгоцны маршрут сураглав. Буудлынхаа хүлээн авахаас мэдээлэл аваад ойрхны билетийн касст зорин очив. Ачаагүй бол хямдхан суудал байдаг аж. Олон хоногоор аялаж яваа бид хоёр яаж ч ачаагүй байх вэ. Тэгээд ч урьдчилан захиалага хийгээгүй болохоор билет үнэтэйхэн туссан юм. Захиалгаа урьдчилаад өгсөн бол нэг дахин хямд нисэх боломж байж. Оройхондоо Анкарад бууж хөлсний тэрэг аваад захиалгат буудал руугаа давхицгаав. Үзэж харах юмандаа ойр гээд хотын төвийн “Раймер” Raymar Hotels Ankara гэх дөрвөн одын зэрэглэлтэй буудал бид захиалсан байсан юм. Нисэх буудлаас цаг гаруй давхин байж буудалдаа ирэв. Миний нэр дээр зурвас ирснийг хүлээн авахын ажилтан надад өгч байна. Элчин сайдын яамны зөвлөх М.Мөнхсүх нэрийн хуудсаа “Сайн явцгааж байна уу...” гэсэн зурвастай үлдээсэн байв. Каираас гарахад Элчин сайд Ч.Баярмөнх Анкара руу Болд сайдад хэл өгч та нарын аялалд тус дэм болохыг хүсч болох юм гэж ярьж байсан юм. Тэгээд л элчингийн ажилтан биднийг угтахаар захиалсан зочид буудалд маань ирсэн бололтой. Уг нь бид автобусаар өглөө эрт гараад үдээс хойхно буудалдаа ирчихсэн байхаар байсан юм. Тэр хуваарийг Каирынхан эдэнд мэдээлсэн байж. Өрөөндөө ороод удаагүй байтал Мөнхсүх зөвлөх утасдаж байна. Хувиараа өөрчилж төвөг удсандаа түүнээс уучлалт хүсэв. Бидний аялалын хөтөлбөр, үзэж харах музей, үзвэр соёлын талаар тэр асууж байна. Элчин сайд маргааш үдээс хойхонтоо өрөөндөө уулзаж ярилцах боломжтой гэж хэлснийг нь тэрээр надад  уламжиллаа. Би ч түүнийг нь баяртайяа хүлээн авав. Элчин сайдын тэр урилга, элчингийн ажилтны энэ яриа хөөрөө улс орноо төлөөлсөн элчин яамтай байхын дотно сайхан уур амьсгалыг мэдрүүлж байв. Биднийг угтсан зочид буудлын ажилтан манай элчингийн ажилтны үлдээсэн нэрийн хуудас бүхий зурвасыг надад гардуулахдаа ч хүндэтгэлтэй хандаж буй нь надад мэдрэгдэж байсан. Өглөө буудалдаа цайлчихаад ойр зуурын орчинтой танилцав. “Раймер” буудал бага шиг толгодын дээхэнтэй оршдог юм байна. Доошихноо баахан дэлгүүр хоршоо, хоолны газруудтай юм. Буудлаас тээр дээхэнтээ том сүм харагдаж байв. Сүмийн шовх баганууд нь буудлын энүүхнээс ч сэрийлдээд их л сүртэй юм. Анкарагийн хамгийн том “Кокатепе” гэх сүм аж. Ухасхийгээд л үзчихээр юм байна гэх бодол төрж байлаа...

     Анкара нийслэл нь Туркийн хоёрдахь том хот гэгддэг юм байна. Хүн амын тоогоороо ч хамгийн том хот болох Истанбулын дараа ордог аж. Өнгөрсөн оны тооллогоор хүн ам нь 5.5 саяд хүрсэн юм байна. Бага шиг түүх дурдахад эртхэндээ долоо наймдугаар зууны үед энэ хот Анкира гэдэг нэртэй байсан бөгөөд энэ нь грекээр “Зангуу” гэсэн үг аж. Европ, Ази тивийн хоорондох худалдааны замыг холбосон далай тэнгисийн огтлолцол дээр оршиж байсан болохоор ийн нэрлэгджээ. Тэгээд ч Ромын эзэнт гүрний үед Анкира нь худалдаа наймаа, нийгэм улс төрийн гол төв болж байж. Дайн тулаанаар Анкира хот хэд хэдэн удаа бусдын мэдэлд шилжиж байсан түүхтэй гэнэ. Кельт, Византийн иргэд, Селжукууд, Загалмайтнууд, Арабууд, Османчууд ээлжлэн эрхшээж байжээ. Ромын дараа Византчууд хотыг захирч байсан бөгөөд 1073 онд Селжукууд булаан авч Анкира нэр нь Анкара болон өөрчлөгдөж Османы эзэнт гүрний хамгийн чухал хотуудын нэг болжээ. Мустафа Кемал Ататүркийн улс орноо түрэмгийлэгчдээс чөлөөлөх тэмцэл эхэлснээр Анкара хот хувьсгалт хүчний анхаарлын төвд орж, Мустафа Кемал засгийн эрхэнд гарсны дараа албан ёсоор Туркийн нийслэл болсон юм байна.

     Элчин яамандаа зочлов.

Үдийн цайны дараа М.Мөнхсүх зөвлөх буудалд ирж биднийг аваад элчин яам руу давхилаа. Зам зуур түүнтэй ойр зуурын яриа өрнүүлж явав. Үлдээсэн нэрийн хуудсыг нь аваад л би таамаглаж байсан юм. Миний таамаг ч онож. Цагдаагийн дарга байсан Мөрөнгийн хүү мөн байв. Аавтайгаа ч төстэй юм. “Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа цагдаагийн тусгай тасгийн ахлах дэслэгч Мөрөн, түүний багийнхныг өрөөндөө урьж зэвсэгт дээрэмчдийн нэг бүлгийг илрүүлж баривчилсан тухай нь ярилцлага хийж явснаа түүнд дурсан ярьж ойр зуурын яриа дэлгэж явав. Манай элчин сайдын яам уул толгод гэхээр бага шиг өндөрлөг газар байдаг юм байна. Элчингийн хороолол гэхээр байршил аж. Хөрш зэргэлдээ нь хэд хэдэн орны элчин яамд байдаг гэнэ. Иймэрхүү яриа хөөрөө болж яваад л элчин яамныхаа үүдэнд давхиад ирцгээлээ. Том төмөр хашаатай юм. Хашааны хаалга автоматаар онгойж бидний бенц элчингийн гурван давхар шаргал байрны үүдэнд зогсов. Хашаа хороо, байр байшин нь шинэвтэр, цэвэр цэмцгэр юм. Ашиглалтад ороод хоёр жил гаруй болж буй гэсэн. Хаалгаар нь ороод л  монголоороо амьсгалж эхлэв. Хилийн чанад дахь элчин яамдуудад байдаг шиг монголын байгалийн уран зураг, монгол ахуйн эд хогшил, эмээл хазаар гээд л хананд ч, тусгайлсан хорго, хайрцаг саванд ч байрлуулсан сайхан үзмэрүүдтэй юм. Өмнө миний орж гарч явсан Токио, Гавана, Вьентьян, Бангкок мэтийн хуучны элчин яамдад манай социализмын үеийн нэрт зураач Д.Цэмбэлдорж, Г.Одон, Н.Цүлтэм, Б.Гүрсэд нарын бүтээлүүд байж хана туургыг нь чимж байдаг бол энэ Анкарад арай л шинэ үеийнхний зураг хөргүүд байх аж. Цаг үеэ ч, бас элчин сайдынхаа мэдрэмжийг ч дагадаг биз, модернист, импрессионист, авангард чиглэлийн бүтээлүүд энд голлож байв. Тэмээн жин, хадны сүг зургаараа алдаршсан Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн хоёрын зэрэг бүтээл нэгдүгээр давхарын хананд залаастай байна лээ. Нэг нь нэлийж цэлийн шаргалтах элсэн толгодын дундуур алслан холдож яваа тэмээн жин. Хоёр гуравдугаар давхарт нь ч олон зураг байв. Модернист зураач Н.Адъяабазарын “Морьтон” зургийнх нь нэг хуулбар байх шиг харагдсан. Миний сайн мэдэх, Токиод амьдардаг контемпорари стилийг монгол зургийн аргатай хослуулан бүтээлээ туурвидаг зураач С.Заяасайханы нилээд олон бүтээлийн хуулбар энд байв. Элчин сайд нь ч юм уу эсвэл эднийхний хэн нэг дипломат нь энэ зураачийн бүтээлийг үнэлж хүндэлдэг бололтой. Гуравдугаар давхрын нэг танхимын хананд түүний зарим бүтээлийг буулгасан гурван ч шаазан таваг бас байршуулсан байна лээ. Зураач С.Заяасайханы хамгийн алдаршсан “Хаадын хаан” зургийнх нь хуулбарыг нэг хананд жаазлаад тавьчихаж. Энэ зураг 2015 онд Тайпэйд болсон олон улсын үзэсгэлэнд оролцож ихэд алдаршсан юм. Тэнд болсон дуудлага худалдаагаар 175 мянган ам. долларын үнэд хүрч зарагдсан алдартай бүтээл нь юм. Миний бие зураач Заяасайхантай Токиод уулзаж уран бүтээлийнх нь тухай, бас энэ өндөр үнэ хүрсэн “Хаадын хаан” зургийнх нь тухай ярилцлага хийж явсан болохоор түүний бүтээлүүдтэй хуулбараар нь ч гэсэн Анкарад дахин танилцахдаа баяртай байлаа. Энэ зураачийн

Элчин сайд Р.Болдтой “Хаадын Хаан” зургийн өмнө

бүтээл ч, бусад зураачдын  монголын байгаль, ахуй амьдралын сэдэвт зургууд ч элчин яамаар орж гарсан гадна дотныхонд монгол орныг, орчин үеийнх нь урлаг соёлыг сурталчлан мэдүүлэх нэг төрлийн сурталчилгаа юм. Монголчууд маань нутаг усаа ч, монгол ахуйгаа ч, бас өсөж дэвжиж буй урлаг соёлоо ч элчин яамаараа орж гарахдаа мэдэрч, бас нутгаа санасан зарим нэг нь нутаг усандаа очсон мэт сэтгэл санаа нь уужирч байдаг л байлгүй дээ... Ийн Элчин яамныхаа өрөө танхим, энд байршсан урлаг соёлын бүтээлүүдтэй танилцчихаад Элчин сайдтай өрөөнд нь сууж хэсэг ярилцлаа. Бид хоёрын яриа Турк орны эрт эдүгээ, эртний нүүдэлчин омгууд болох түрэг, монголын тухай, мөн манай их хаад, бага хаадын үеийн түрэг болон монголчуудын харилцаа, тэр үеийн түүх, өнөө үеийн Турк орны хөгжил дэвшил, Монгол, Турк орны харилцаа гээд л өргөн сэдвийг хамарсан юм. Эртний Түрэг омог, Түрэг гүрэн, Монголын эзэнт гүрэн, тэр үеийн улс гүрний хоорондын харилцаа,  доголон Төмөр, Сири орон, өнөө дуулиан болоод буй эрт эдүгээгийн Алепо хотыг байлдан эзэлсэн тухай, түүний одоогийн байр байдал гээд л олон сэдвээр тоо баримт дурдаж нэгэн хэмээр тайван ярих юм энэ Болд сайд.

-Та нар өчигдөр “Исэн бух” гэх эдний онгоцны буудалд буув уу? Манайхны түүхтэй холбогддог Доголон Төмөр хааны цэргийн нэг том жанжны нэр юм тэр “Исэн бух” гэдэг нь. Эдний эрдэмтэд нилээд маргаан өрнүүлж хэл амтай л байдаг нэр, нэршил. Нэг хэсэг нь “Манайхныг түрэмгийлж дайрч явсан дайсны жанжны нэрээр онгоцны буудлаа нэрлэж болохгүй...” гээд л шүүмжилцгээдэг юм. Зарим нь тэр нэрийг өөрөөр тайлбарлаж маргацгаана. Салхийг туркээр “Исэн” гэдэг юм байна. Тэгэхээр тэр жанжны нэртэй энэ нь огт холбоогүй, “Салхитын хөндий” гэх утгатай юм гээд л маргалдаж байцгаадаг улс. Түүх талаасаа бол Доголон Төмөр хааны тэр Исэн бух гэх жанжны цэргүүд Сири, өнөө яригдаад байдаг тэр Алепо хотыг эзлэж явсан байдаг юм. Алепо бол тэр үеийнхээ маш үзэсгэлэнтэй сайхан хот байсан түүхтэй юм билээ.    

-Өнөөгийн байр байдлын тухай ярих юм бол эднийхэн Бүгд найрамдах улсаа тунхагласан, үндэсний хувьсгал ялсныхаа 100 жилийн ойгоо эднийхэн тэмдэглэх тухай сүүлийн үед онцгойлон ярьж байгаа. Дөрвөн жилийн дараа буюу 2023 онд энэ их ой нь болох юм. Эрдоган Ерөнхийлөгч “Турк орон одоо дэлхийн 17 дахь эдийн засаг гэгдэж байна. Шальтай ч юм биш л дээ, улс хувьсгалынхаа их ой тэмдэглэх үед бид харин дэлхийн 10 дахь эдийн засаг болох санаатай...” гэх ярилцлага өгсөн байсан. Турк ер нь хурдацтай хөгжиж байна. Эднийх 82 сая хүнтэй том зах зээл. Истанбул 15 сая, Анкара 5 сая гаруй хүн амтай. Газар нутгийнх нь байрлал ч сайхан. Ази Европыг дамнаж энэ хоёр тивийг холбож оршиж байна. Хоёр тивийг холбосон худалдаа, эдийн засгийн бүс нутаг. Усан боомт, усан тээврийн боломж сайтай байршил.

-1923 онд хувьсгал хийгээд шашин төрөө салгаж, европжих тал руу явсан улс орон. Эр эмгүй хувцас хунараа өөрчилсөн. Эрчүүд нь костюм зангиа болоод л, эмэгтэйчүүд нь алчуур гивлүүрээ солиод л... Ер нь өнгөрсөн зуун жил шахмын хугацаанд европжих гээд л үзээд байна. Оросуудтай Турк ер нь ойр байсан түүхтэй. Эдний хувьсгалын удирдагч Мустафа Кемал Ататурк жанжин оросын маршал Ворошиловтой ойр дотно байж, уулзалддаг байсан юм билээ. Түүний Ататуркэд бэлэглэсэн сэлэм энэ тэр гээд юмнууд Анкарад буй түүний бунханд байгаа. Ататуркийн бунхан үзвэл та нар түүнийг сонирхож болох байх. Ер нь хувьсгалын тэр эхэн үед Зөвлөлт оростой Турк их харилцаатай байсан юм билээ.

-Манай Гэндэн Ерөнхий сайд 1934 онд Зөвлөлт Оросод Сталинтай уулзсан байдаг. Тэрээр “Богд уулын аманд бид уулзалт хийгээд манайхан хөгжлийн замаа Турк маягаар явах ёстой юм бна...” гэж тогтлоо гэж Сталинд хэлж л дээ. “Туркүүд шашин төрөө салгачихлаа. Нэгд, манай Богд хаан нас барж, манайх шашин төрөө тусгаарлачихлаа. Хоёрт, Турк Зөвлөлт оростой маш ойр харилцаатай, бид ч бас тийм. Гуравт, Туркууд манайхтай эртнээс удам угсаа нэгтэй ойр явж ирсэн ард түмэн, тиймээс Туркийн энэ хөгжлийн зам бидэнд ойр юм, тэр замаар бид явах нь зүйтэй гэж үзэж байна” гэж Сталинд хэлсэн юм байх. Сталин “Дэмий донгос...” гэж хэлсэн гэдэг түүх байдаг даа...

   -Ер нь арван хэдэн он, хориод оны эхээр манайд Туркийн иргэд, турк худалдаачид бас олон байсан юм билээ. Турк хүмүүс ийм тийм хүсэлт тавилаа гэсэн баримт материал 1920-иод оны архивын материалд байх жишээтэй. Бас манайд аяласан гадаад хүмүүсийн тэмдэглэлээс ч бас манайд туркүүд амьдарч байсныг уншиж мэдэж болохоор. Америкийн аялагч, үлэг гүрвэл судлаач Эндрюс гялалзсан хувцас хунартай олон турк хүн манай нийслэл хүрээний гудамжаар явж байсан тухай 1918 оны аялалын тэмдэглэлдээ бичсэн байсан нь нэг л жишээ юм. Манайхаас 1913 онд Хаянхярваа гэдэг лам Туркэд ирж суралцсан түүх байдаг. Тав зургаан жил сурч амьдарсан гэдэг. Энэ тухайн баримт материал Улсын архивт ч бий байх. Зөвлөлт оросоос ч халимагууд Туркт ирж амьдарч байж. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлж Орост амьдрал хүнд болоод халимагууд ирсэн гэдэг. Хаянхярваа лам халимагуудтай ойр байсан юм байлгүй нутаг буцахдаа халимагаар дамжаад,   оросоор орж монголдоо очсон юм байх. Хожмоо тэр ламтан Монголынхоо Судар бичгийн хүрээлэнд байна уу даа удирдах алба хашиж байсан гэдэг. 1930 аад оны сүүлээр Туркийн тагнуул энэ тэр гээд баривчлагдаж хэлмэгдэж явсан түүх буй. Бидний мэдэж байгаагаар Туркэд ирж хэл сурсан, боловсрол эзэмшсэн анхны хүний л нэг байх.

-Ирэх зургадугаар сард Монгол Туркийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг бид тэмдэглэх гэж байна. Тэр үеийн Югославт сууж байсан манай Элчин сайд Хосбаяр гуай, Москвад сууж байсан Туркийн Элчин сайд нар тухайн орнуудаасаа хоёр орны Элчин сайдын үүргийг хамаараад л энэ харилцаа эхэлсэн түүхтэй. Жуух бичгээ барихаар анхлан очсон Элчин сайд нь онгоцноос буунгуутаа л газар сөхрөөд л эх нутагтаа, эртний уугүул газар шороондоо ирлээ гээд л мөргөж байсан гэх дотно түүх байдаг юм билээ манайханд. Хоёр орны хоорондын анхны яриа хэлэлцээ эхэлж байх тэр үед Москвад манай их хаадын нэгнийх нь нэртэй хүн эдний элчингээр сууж байсан юм билээ. Тулуй гэх нэртэй Элчин сайд байж. Чингис, Чингиз нэртэй хүмүүс ч эднийд их олон. Ер нь манайхны монгол нэр, монгол үгс эдний үгийн санд олон тааралдана шүү. Сая таны дурдаж ярьсан, манайхны сайн мэдэх,  Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн нэр ч бас нөгөө л Орхоны хөндий энэ тэртэй л холбогдоно шүү дээ. Орхон, Орхан нэртэй хүмүүс ч эднийд  олон бий. Эртнээсээ түүхийн ийм улбаа, удам угсааны холбоо сүлбээ манайханд бий гээд бидэнтэй дотносох турк хүмүүс байдаг.  

-Эдний Ерөнхийлөгчийн туг дээр 16 таван хошуу бий. Эртний хаадууд, үе удам дамжсан улс гүрнүүдийнхээ нэрээр тэр таван хошууд нь нэрлэгддэг гэж тайлбарлах юм билээ. Хүннү гүрэн гэж эхлээд л Билгэ хаан энэ тэр гээд л явах жишээтэй. Сэхээтэн, улс төрчид нь Билгэ хаан, мэргэн Тоньюук жанжин, Орхоны хөндий энэ тэр гээд л ярина аа, ярина. Бид тэр газраас ирсэн гэнэ. Зарим нь ч бид Кавказаас гаралтай, харин Орхоны хөндий рүү сүүлд очсон гээд л ярьцгаана.

-Их, бага хаадын маань нэр овог эднийхэнд өнөө хүртэл уламжлагдаж нэршээд буй нь манайхантай эртнээс л удам угсаа, гарал үүслээрээ харилцаа холбоотой байсных нь илрэл байх. Ер нь тэр утгаараа манай их хаадыг өөрсөддөө ч хамааруулж бид тэр угсааных, бидний ч хаан хэмээн хүндэтгэж хандах үзэл санаа эднийхэнд бас бий байх. Үр хүүхдүүддээ хаадын нэр өгч буйг нь ч энэ утгаар ойлгож болох. Бага хаадын үед зуу шахам жил эднийхэн манай хаадын төрд татвар төлөгч байсан түүх байх юм билээ. Элчин сайд Батхишиг энд ажиллаж байхдаа энэ үеийн түүх, харилцаа холбоог судлаж эдний нутаг орноор нилээд явсан байдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны хэд хэдэн өгүүлэл, ном товхимол гаргасаныг нь хүмүүс мэдэх байх. Манай бага хаадын байгуулсан, тэдний нэрээр нэршүүлсэн номын сан, суврага, барилга байгууламжууд эдний хэд хэдэн хот сууринд байсныг олж илрүүлж тэр тухайгаа ном товхимолдоо оруулсан байдаг...

-Таны асууж буй сүүлийн үеийн харилцааны хөгжил дэвшил, Орхоны хөндийг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүс болгох энэ тэр гэхийн тухайд шийдэгдээгүй зарим асуудал байна. Хамгийн гол нь эднийхэн манай байр байдлыг тийм ч сайн ойлгохгүй тал бий. Манай тал ч бас Туркүүдээ сайн мэдэхгүй байх шиг... Туркийн талаас хэрэгжүүлсэн буцалтгүй тусламжууд ач тусаа өгч байгааг бид  мэднэ. Орхоны хөндийг хөгжүүлэх төслийн хүрээнд зам тавих, музей байгуулах, түрэгийн үеийн хөшөө дурсгал сэргээхэд хөрөнгө мөнгө гаргаж санхүүжүүлсэн. Ер нь томоохон хөрөнгө оруулалт оруулаад хамтарсан үйлдвэр, аж ахуй байгуулах, аялал жуулчлалыг өргөн утгаар нь хөгжүүлэх талд хангалттай ахиц гарахгүй байна гэж би хэлэх гээд байна л даа. Эдний томоохон компаний удирдлага, бизнесмэнүүдтэй бид уулзалт хийж монголд хөрөнгө оруулж ажиллахыг уриалдаг л юм. Тэд монголд очих тухай эхэндээ сүрхий сонирхоод ярьж эхэлнэ ээ. Мэдээж онгоцоор ниснэ гэцгээнэ. Өдөр бүр онгоц нисдэг үү гээд л асууна. Долоо хоногт гурван удаагийн нислэгтэй гэхээр толгой сэгсрээд л өнөө очоод маргааш нь буцах боломж байхгүй юм аа даа гэнэ. Бишкекээр дамжиж тэнд нэг хоёр цаг болоод нийтдээ ес арван цаг нисдэг гэхээр бүр нүд нь том болох жишээтэй. Ер нь эдний бизнесийн томчуул нь европ хавиараа үйл ажиллагаа явуулдаг, бусад тив, улс орон явлаа гэхэд өдөр бүр нислэгтэйд нь дасчихсан байдаг байх. Манайхны байр байдлыг сайн ойлгохгүй байна гэдгийг би үүнтэй холбож ярьж байгаа энэ юм. Бид үүнийг түр зуурын асуудал, цаашдаа өөрчлөгдөх боломжтой гэх талаас нь ойлгуулж ятгах талд ажиллаж л байна. Та нарын дээд удам угсаа, өвөг дээдсийн чинь нүүж суусан эртний нутаг ус шүү дээ гэх зэргийг сануулах үе ч  бас  байх. Түүний дараа тэдний хандлага өөрчлөгдөж яриа хөөрөө болж хамтран ажиллах талаар арай өргөн дэлгэр санаа оноо солилцох тохиол бас гарна.

-Эдний улс төрчид, том удирдагчдынх нь хувьд манай нүүдэлчдийн эртний түүх, Орхоны хөндийн талаар тайлбарлаж ярилтгүй ээ, бүгд л сайн мэднэ. Ер нь сонгууль болох үеэр нэртэй улс төрчид нь манайх руу ер нь явна шүү. Алтан овоо, Шилийн Богд руугаа манайхан явж эргэл мөргөл болж сүсэглэцгээдэг гэдэг дээ... Түүн шиг л юм даа. Эдний Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зиндааны томчуул шийдвэрлэх том сонгууль, том албанд тавигдахынхаа өмнө ер нь Орхоны хөндийд явж сүслэх нь бараг уламжлал болсон гэх яриа хөөрөө байх юм билээ. Үүнд муу юм байхгүй л дээ, Орхоны хөндийг эдний томчуул нь ингэж мэдэж, түүнд хүндэтгэлтэй хандаад байвал энэ бүс нутагт цаашдаа аялал жуулчлал хөгжих өргөн боломж л бий болно. Орхоны хөндий аялал жуулчлалын бүс болчихвол манай эдийн засагт ч нэмэртэй. Хоёр орны хоорондын нислэгийн тоо нэмэгдвэл Орхоны хөндий, эртний түрэгүүдтэй холбоотой түүх соёлоо сонирхох гээд турк жуулчид олноороо манайх руу аялах боломжтой болно. Ер нь Туркууд аялах дуртай ард түмэн. Жилдээ таван сая гаруй хүн гадагшаа аяладаг гэсэн статистик байдаг...

   Элчин сайдтай бид ийн цаг гаруй ярилцав. Зарим мэдээллээс нэмж дурдахад Турк улсын Засгийн газраас Монголын Засгийн газарт 2002-2017 оны хооронд нийт 28 сая ам. долларын буцалтгүй тусламж олгосон юм билээ. Энэхүү тусламжийн хүрээнд Архангай аймгийн Хөшөө Цайдамын хөндий дэх  Зүүн Түрэг улсын Билгэ хааны тахилын онгоныг археологийн хувьд бүрэн малтан судалж, 4800 орчим алт, мөнгө, үнэт чулуугаар хийсэн эд зүйлийг олжээ. Энэхүү олдворуудыг сэргээн засварлаж үзмэр болгож малтлага судалгааныхаа тайланг  монгол, түрк, англи хэлээр  дөрвөн ботиор хэвлүүлсэн нь Хөшөө Цайдамын цогцолбор дурсгалын судалгаанд шинэ хуудас нээсэн юм байна. Мөн Өвөрхангай аймгийн Хар хорин сумаас Хөшөө Цайдам дахь Билгэ хааны музей хүртэл  “Билгэ хааны зам”  нэртэй 45 км  хатуу хучилттай авто замыг Туркийн хөрөнгө оруулалтаар тавьжээ. Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх орчимд орших Зүүн Түрэг улсын мэргэн сайд Тоньюкукын тахилын онгон, гэрэлт хөшөөг бэхжүүлэн хамгаалж, дурсгалыг хадгалах түр байрыг барьж байгуулан, 2012 онд 11км хатуу хучилттай авто замыг барьж “Мэргэн сайд Тоньюкукын зам” хэмээн нэрлэсэн байдаг. Мөн Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв, МУИС-д Турк судлалын тэнхим байгуулах, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг төслүүдийг эндээс санхүүжүүлсэн юм байна. Манай хоёр орны төр засгийнхны хоорондын харилцаа холбоо ч тогтмолжжээ. Туркийн Ерөнхийлөгч Таип Эрдоган Ерөнхий сайд болон хотын дарга байхдаа манайд айлчилж байж. Мэдээж Орхоны хөндийд бас зочилсон байна лээ. Саяхандаа эдний Ерөнхий сайд Бинали Йылдырым манайд айлчиллаа. Н.Багабанди Ерөнхийлөгчөөс эхлээд л манай хэд хэдэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд М.Энхболд гээд манай удирдагчид ч Туркт айлчилцгааж байв... Элчин сайдын яам зочдын сэтгэгдэл бичдэг дэвтэртэй юм. Түүнд нь сэтгэгдлээ биччихээд Р.Болд сайд, М.Мөнхсайхан зөвлөхтэй зургаа авахууллаа.

Үзэж харах үзвэр соёлын тухай ярихад Р.Болд сайд Ататүркийн бунхнаас гадна Анкарад буй Чингис хааны хөшөөний тухай дурсаж ярина лээ. Маргаашаас бид тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй буй. Чингисийн хөшөө рүү М.Мөнхсүх зөвлөх замчилж хүргэнэ гэсэн нь таатай байв.  

      “Кокатепэ” сүм.

Элчин яамнаасаа ирчихээд буудлын энүүхнээс баганууд нь сэрийлдэж харагдаад байсан нөгөө сүм рүү ухасхийв. “Том бага ийм сүм Анкарад 2000 орчим байдаг. Анкара хотын бэлгэдэл болох “Кокатепэ” бол Туркийн хамгийн том сүм бөгөөд барилга архитектурын шийдэл, дотоод үзэмжээрээ ч гайхалтай бүтээл...” хэмээн цахимд бичсэнийг сүм рүү гарахынхаа өмнө би уншиж байв. Гучаад жилийн өмнө буюу 1987 онд энэ “Кокатепэ” сүмийг барьж ашиглалтад оруулсан юм байна. Барилгынх нь ажил 20-иод жил үргэлжилсэн гэх. Нэгэн зэрэг 24,000 орчим зочин хүлээн авах боломжтой гэнэ. Лалын сүмийн хувьд харьцангуй залуу гэгддэг аж. Истанбул дахь хуучны алдартай “Султан Ахметын сүм”-ийн загвараар бүтээсэн гэх. Дорно дахины сонгодог хэв маягаар дөрвөн минареттай барьсан гэнэ... Ер нь түрэгүүд сүсэг бишрэлтэй, шашинлаг улс. Өдөрт таван удаа мөргөл үйлддэг гэх юм билээ. Баасан гараг бүх нийтийн мөргөлийн өдөр бөгөөд үдийн алдад гол мөргөл нь болдог гэсэн. Энэ үеэр лалын шашинтнууд хаана явна, тэр газраа юм дэвсэж суугаад л мөргөл үйлддэг. Энд тэнд явахдаа ийм сүсэгтнүүдтэй бишгүй л нэг тааралдаж явлаа. Сүм рүү ойртож явахад их үдийн хойхонтоох мөргөлийн цаг эхлэсэн юм байлгүй тэр хавийн гудамж талбайгаар л нэг шашны аялгуут уншлага уянгалж эхлэв. Яаруухан алхсаар сүмд хүрч шаргал гантиг шатаар нь өгсч үүдэнд нь хүрч гутлаа тайлав. Хэдэн зуун гутал тэнд ирийж байна. Сүмийн танхим ч нүсэр том юм. Танхимынх нь байр байдал, дотоод засал, үзэмж нь миний нэгэнтээ орж үзэж сонирхож явсан Бишкек, Ташкент, Истанбул, Каирын лалын сүмүүдтэй л төстэй юм. Цэцгэн хээтэй улаан хүрэн хивс битүү дэвссэн тавь жараад метрийн диаметртэй том танхимын нилээд гүн хэсэгт  тавь жараад сүсэгтэн цав цагаан хувцастай, хүрэн оройтой цагаан малгайтай ламтаныг даган шашны уншлага, мөргөлөө үйлдэж байлаа. Ламтан бөхийхэд даган бөхийж мөргөөд л, босоход нь нэгэн зэрэг босоод л уншлагыг нь ч бас даган хоордоцгоож байв. Сүм нэг дор хэдэн мянган мөргөлчин багтаах боломжтой юм. Одоо бол нийт талбайн өчүүхэн хэсэгт л зуу хүрэхтэй үгүйтэй сүсэгтэн байв. Ламтаны уншлага дуу өсгөгчөөр гадна цуурайтаж байсны нэгэн адил сүм дотор ч сүрхий тод цуурайтаж байлаа. Сүмийн дотоод засал чимэглэл, гэрэл гэрэлтүүлэг нь үнэхээр үзэмж төгөлдөр.

   

“Кокатепе” сүмийн гадна дотно байдал нэг иймэрхүү.

     Ататурк буюу Түрэгүүдийн их эцэг.

Буудлынхаа доорх ресторанд өглөөний цайнд орчихоод орчин үеийн Турк улсыг цогцлоон байгуулсан эдний хувьсгалын их удирдагч Мустафа Кемал Ататуркийн бунхан, түүний музейг үзэхээр явлаа. Анкарад ирсэн хүн бүр л мэдээж түүнийг сонирхон үздэг биз. Буудлынхаа доороос хотын газрын зураг олж аваад тийш алхацгаав. Энэхүү цайз хэрэм, бунхан, музейг нэгэн толгодын оройд байгуулсан юм байна. Тийм болохоор алсханаас харагдах юм аа тэр байгууламжууд нь. Ататуркийн бунхан нь Туркийн түүх соёлын хамгийн чухал барилгуудын нэг гэгддэг юм байна. Энэхүү бунханыг Мустафа Кемал Ататуркийг нас барснаас зургаан жилийн дараа эхлээд долоон жил барьж 1953 онд ашиглалтад оруулсан гэнэ. Доохноос нь өгссөөр байж хэрмэн хашаатай цайзын хаалганд тулж ирлээ. Мэдээж харуул хамгаалалттай юм. Харуулын цэргээс зөвшөөрөл авч хажууд нь зогсч байгаад зургаа авахуулчихав. Турк улс 1970 аад оны үед НАТО-гийн цэргийн эвсэлд гишүүн болсон болохоор цэргийн хувцас хунар, зэвсэг хангамж нь ч бас тэр зүгийнх байдаг бололтой.

Эндээс хэдхэн алхамын цаанаас хашаан доторх үзмэр эхлэж байна лээ. Анхны Ерөнхийлөгч Мустафа Кемалийн оршуулгын бор гантиган бунхан эхнийх нь үзмэр юм. Хажууханд нь хэмжээ дамжаа, хийц загвар, өнгө үзэмжээрээ яг адилхан бас нэг бунхан байв. Тэр нь хоёрдахь Ерөнхийлөгч Исмет Үноных юм байна. Тэрээр Мустафа Ататурк Ерөнхийлөгчийг залгамжлан 1938 оноос 1950 он хүртэл Ерөнхийлөгчийн албыг хашсан түүхтэй юм байна. Ерэн насныхаа босгон дээр буюу 1973 онд өөд болж. Энэ түүхийг бунхан дээрх бичээс нь өгүүлж байлаа. 

   

Дараагийн нэг сонирхолтой үзмэр бол Кемал Ататурк Ерөнхийлөгчийн унаж байсан машинууд. Хэд хэдэн машиныг нь энд үзмэр болгон тавьсан байна лээ. Нэгнийх нь дэргэд зургаа авахуулав. Машин үзэж явсан нэг ази царайтай залууг гуйж зургаа даруулсан чинь цаашид үргэлжлэх нэг яриа, бас хамтын нэг зурагтай болов. Афган залууг би гуйчихаж. Тэр намайг хаанаас явааг сонирхов.

   

“Монгол хүн байна аа” гэсэн чинь сүрхий дотносож өөрийгөө хазар үндэстэн гэж байна. Монголтой гарал үүслээрээ холбогддог болохоо ямарч гэсэн мэддэг сэхээтэн хүн бололтой. Тэрээр эхнэр хүүхдүүдээ дуудаж тэдэндээ намайг танилцуулж буй бололтой хэдэн үг хэлнэ лээ. Нөгөөдүүл нь ч надтай бас элгэмсэх янзтай. Имамел Хусейн гэх энэ афган залуу Анкарагийн нэг дунд сургуульд англи хэлний багшаар ажилладаг аж. Туркт ирээд найм есөн жил болж байгаа юм байна. Том охин нь англи, турк сургалттай дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч, хоёр бага нь цэцэрлэгт явдаг гэнэ. Хадам ээж нь хэдэн жилийн өмнө эд нарынхаа араас энд ирээд хамтдаа амьдарцгааж байгаа аж. Дайн дажинтай эх орноосоо дайжиж л яваа хүмүүс юм. Хүний нутагт хэдий ч өнөөгийн амьдрал ахуйдаа бүгд л сэтгэл хангалуун амар амгалан яваа ийм л нэгэн гэр бүл аж. Цахим хаягаа солилцож дараа харилцахаар болоод тус тусдаа музей үзмэрээ үргэлжлүүлцгээв. Манайхан Төрийн ордон, Чингис хааныхаа хөшөөний өмнөхөнтөө зургаа авахуулдаг шиг эднийхэн аливаа ёслол баяр, тэмдэглэлт үйл явдлаа тохиолдуулан энэ Ататурк Ерөнхийлөгчийнхээ бунхан, музейн өмнө анги, хамт олноороо зургаа авахуулдаг уламжлалтай аж.

Энгийн албаныхан ч, оюутнууд ч, улаан бүчтэй пионерүүд ч байх юм. Жагсаалаараа ирж буй цэргийнхэн ч харагдсан. Бас харуул хамгаалалт болж байгаад зургаа авахуулж буй гадаадын өндөр зиндааны төлөөлөгчид ч энүүхэн богино хугацаанд таарч л байна лээ. Их удирдагчийнхаа шарилыг 1944 онд энд авчирч бунхалсан юм байна. Бунхны харуул солигдож буй нь ч бас үзүүштэй ёслол юм. Энэхүү ёслолыг сонирхчихоод музей руу орцгоов. Музей нь ч баялаг үзмэртэй нүсэрдүү юм. Их хувьсгалч Мустафа Кемалийн хувьсгалын үйл хэргийг эхлүүлсэн үе, Турк орныг харийнхнаас чөлөөлж тусгаар тогтносон улс болгосон их түүх гээд л олныг зураг хөрөг, тэр үеийнх нь эд агуурс, дүрс бичлэг гээд л бүх бололцоот хэлбэрээр үзүүлж харуулсан байх юм. Яаруухан үзээд гарахад  гурван цаг шахам зарцуулж байна лээ. Хонгор халзан тоомсогтой их хувьсгалч Мустафа Кемалийн цоглог дайчин үеийнх нь энэ том зургаар музейн үзмэр эхэлж өнөөгийн өндөр хурдацтай хөгжиж буй Туркийн тал бүрийн ололт амжилтын талаарх кино, элдэв реклам эрээлжилсээр музейн үзмэр дуусах талдаа... Дэлхийн нэгдүгээр дайны дараа Османы эзэнт гүрний суурин дээр тусгаар

тогтносон Бүгд Найрамдах Турк улс байгуулах үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүн гэдгийг нь энэ музей бүрнээ үзүүлж харуулж байв. Тэрээр 1923 оны 10 дугаар сарын 29-нд тусгаар тогтносон Турк улсын анхны Ерөнхийлөгч болж нийт дөрвөн удаа ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм байна. Түүний үндэслэн байгуулсан Ардын Бүгд Найрамдах Нам засгийн эрхэнд байх хугацаандаа төр, шашны хэргийг тусгаарлах, улс орноо шашны харанхуйгаас гаргаж эмэгтэйчүүдэд сонгуулийн болон иргэний эрх олгох, шинэ цагаан толгой зохиож, Турк хэлийг албан ёсны хэл болгох, лалын шашны шариатын хуулийг халж, хууль, шүүхийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх, улс орноо аж үйлдвэржүүлэх зэргээр нийгэм, эдийн засгийн бүх салбарт томоохон шинэчлэл эхлүүлж, хэрэгжүүлж чадсан аж. Түүнийг ард түмэн нь  хүндэтгэж 1934 онд улс орон даяар овгийн бүртгэл нэвтрүүлэхдээ “Ататурк” буюу “Туркуудын эцэг” хэмээх нэр цолыг түүнд хүртээж Мустафа Кемал Ататурк хэмээн албан ёсоор нэршүүлсэн түүхтэй юм байна. Засгийн газар нь энэ нэрийг өөр хэн нэгэн хэрэглэхийг хориглосон тогтоол шийдвэр ч бас гаргасан аж.

     Улаанбаатарт Мустафа Кемал Ататурк , Анкарад Их эзэн Чингис хаан. Мустафа Кемал Ататуркийн мэндэлсний нэг зуун жилийн ойг тохиолдуулж НҮБ болон НҮБ-ийн ЮНЕСКО 1981 оныг Ататуркийн нэрэмжит жил болгон зарлаж дэлхий нийтээр тэмдэглэж байсан түүхтэй юм билээ. Улс орнууд ч энэ хувьсгалчид хүндэтгэлтэй хандаж ирж. Израилд “Ататуркийн ой”, Италийн Ромд “Ататуркийн талбай”, Бангладешийн Дака хотод “Ататуркийн өргөн чөлөө” гээд л түүний нэрийг мөнхжүүлсэн олон арван байгууламж байдаг гэнэ. Манай нийслэлд ч “Ататуркийн нэрэмжит гудамж”, түүний нэрэмжит сургууль бий. Тавдугаар дунд сургуулийн өмнөх талбайд түүний хүрэл хөшөө байдгийг манай нийслэлчүүд мэднэ дээ. Туркүүд ч энд анхаарал тавьж өөрсдийн хөрөнгө санхүүжилтээр энэ гудамж, сургуулийн орчныг сайхан тохижуулсан байдаг. Туркийн нийслэл Анкарад ч  манай Эзэн Хааны маань нэрэмжит талбай, түүний хөшөө дурсгал буй нь хоёр орны найрсаг харилцааны нэг тод илрэл болж байна. Ататуркийн бунхан музейг үзэж сонирхсоныхоо маргааш Чингис хааныхаа нэрэмжит талбай, түүний хөшөө дурсгалыг зорин очиж сонирхцгоов... Анкара хотын төвийн нэгэн дүүрэгт тойрог замын хажуухантай цэцэг ногоо, мод бут болсон бага шиг цэцэрлэг байна. Энэхүү цэцэрлэгийн яг гол дунд манай Их Эзэн Хааны хүрэл баганан хөшөө байв. Их Хааны 800 жилийн ойгоор буюу 2006 онд энэхүү хөшөөг бүтээж энэ цэцэрлэгт залж энэ бага шиг талбайг Чингис хааны нэрэмжит болгожээ. Бор саарал гантиган суурийн нэг талд “Алд бие минь алдарвал алдраг, Ахуй төр минь бүү алдартугай” гэх сургаалийг нь турк хэл дээр, суурийн нөгөө талд энэхүү хөшөөг бүтээх, энэ нэрэмжит талбайг байгуулах санаачлага гаргаж, энэхүү үйлсэд гар бие оролцсон хоёр улсын засаг төрийнхэн, Анкара, Улаанбаатар хотын удирдах албан тушаалтнууд болон хөшөөг бүтээсэн уран бүтээлчдийн нэрсийг бичсэн байна лээ. Манай талаас Ерөнхий сайд М.Энхболд, Элчин сайд П.Халиун, Улаанбаатар хотын дарга Ц.Батбаяр, хотын Ерөнхий архитектор Р.Жадамба, “Очир төв” ХХК-ний захирал Д.Дамба-Очир, “Анод” Банкны захирал Н.Даваа, “Зураг урлал” компани Д.Наранжав гэх нэрс байв. Энэ нэрсээс харахад барималч Д.Наранжав нь хөшөөний эх зураг, баримлыг урлаж, нэр бүхий компани, банкны удирдлагууд хөрөнгө санхүүжилтийг гаргасан байх нь. Тус улсад зочилсон манайхны төр засаг, нийслэлийн төлөөлөгчид, мөн тус улсад томилогдсон элчин сайдууд тус талбай, эзэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлцгээдэг юм байна. Ерөнхий сайд М.Энхболд тэргүүтэй манай засаг төрийн төлөөлөгчид , Элчин сайд Б.Батхишиг нарын зураг хөрөгтэй мэдээлэл цахимд байна лээ. Биднийг хөшөөн дээр ирэхэд нэг хүү хөшөөг тэвэрч алиалж угтлаа. Багашиг  

   

Шүүмж хэлэхэд эзэн хааны хөшөөг энэ хүүгийн тэвэрт багтахаар урлачихсан нь нэг л тиймэрхүү. Арай бахим байж болоогүй юм байхдаа гэх сэтгэгдэл төрж байлаа. Хөшөөг тэвэрч зүггүйтэж байсан хүүтэй хөшөөний өмнөхэнтэй зургаа авахуулчихаад Анкарагийн автовокзал руу явцгаав.

     

Энэ Турк оронд дээд мэргэжил эзэмшиж энэ нутагт долоо найман жил амьдарч буй М.Мөнхсүхээр замчлуулж яваа болохоор тэвдэх сандрах асуудал байсангүй, цаг гаруйн дараа Истанбул зорих автобусанд суудлаа эзлэсэн байв. Цаг тутамд л ийм экспресс автобус Истанбулыг зорьдог юм байна. Консулын газарт хүргэх ном, маягтууд бололтой нэг ачааг элчингийнхэн биднээр дайж буй болохоор Истанбулд ямартаа ч унаа угтана гэцгээсэн...

  Үргэлжлэл бий

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Таалагдлаа, Турк орноор бага боловч аялчих шиг боллоо. Үргэлжлэлийг хүлээж байна шүү 2021-11-11
Иргэн:Таалагдлаа, Турк орноор бага боловч аялчих шиг боллоо. Үргэлжлэлийг хүлээж байна шүү 2021-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?