МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛТЭН ЭРДЭНИЙН ВАНДУЙ

2021-11-10  

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн анхны үүсэл болсон Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасагтай тоолбол нас чацуу нэрт эрдэмтэн бол Эрдэнийн Вандуй (1921-1977) гуай мөн. Энэ сард Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн 100, Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэнгийн 60 жилийн тэгш ой тохиож байна. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн бол 100 жилийн зузаан түүхтэй шинэ үеийн шинжлэх ухааны ууган хүрээлэн мөн. Энэ онд Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан Э.Вандуйн мэндэлсний 100 жилийн ой болж байна. Монгол хэлний нутгийн аялгуу, монгол нэр томъёо судлаач, хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн Олхонуд овогт Э.Вандуй нь билгийн тооллын XV жарны цагаагчин төмөр тахиа жил буюу аргын тооллын 1921 оны долдугаар сарын 1-ний өдөр хуучин Засагт хан аймгийн Хантайшир уулын хошуу, эдүгээгийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Талбулаг гэдэг газарт чинээлэг малчин ардын гэр бүлд айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний өвөг эцэг Олхонуд овогт Б.Хайнзан нь хошуу ноён байсан учир Э.Вандуй гуай өөрийгөө “Өрөөл махны нормтой, хөл махны хувьтай хүн” хэмээн хошигнон ярьдаг байсан гэдэг. Түүнтэй олон жил хамт ажиллаж байсан профессор Ц.Шагдарсүрэн нэгэн дурсамждаа “Вандуй багш угтаа язгуур угсаатай тайж хүн байсан. Тэр үед тийм хүмүүс угсаа гарлаа нуудаг байхад багш харин ч түүгээрээ бахархдаг байсан нь одоогийн залуучуудад нэг их онцлоод байх зүйл биш юм шиг санагдавч, тэр үедээ бол зоригтой байсны шинж л дээ” хэмээн бичсэн нь буй.

Олхонуд овогт Э.Вандуй 1931 онд Говь-Алтай аймгийн төвийн бага сургуульд элсэж, 1934 онд бага сургуулиа төгсгөж, 1934-1936 онд Завхан аймгийн төвийн дунд сургуульд суралцаж, 1936-1938 онд Улаанбаатар хотын Багшийн сургуульд сурч, 1938 оноос Улаанбаатар хотын Үлгэр жишээ бага сургуульд анхлан түр багшлаад, 1939 оны эхээр Багшийн сургуулийн дэргэд байгуулсан дунд сургуулийн багш нарыг бэлтгэх хоёр жилийн түргэвчилсэн курсийг төгсгөөд, 1940 оноос Улаанбаатар хотын I дунд сургуульд тоо, физикийн багшаар ажилласан түүхтэй. Үүний дараа 1941-1942 онд Төв аймгийн дунд сургууль, 1942-1945 онд Улаанбаатар хотын II дунд сургуулийн багш, захирлын албыг удирдах дээд газрын тушаалаар гүйцэтгэж явсан ахмад сурган хүмүүжүүлэгч мөн.

Э.Вандуй 1945 онд МУИС-ийн Монгол хэл, утга зохиолын ангид элсэн орж, 1950 онд их сургуулиа амжилттай төгсөөд, Улаанбаатар хотын багшийн сургуульд томилогдож хэсэгхэн хугацаанд ажиллаад, дараагаар нь 1951 оноос Улсын төлөвлөгөөний комисст шилжин очиж, 1954 оны наймдугаар сар хүртэл Нийгэм, соёлын хэлтэст алба хаших болсон байна. Тэрбээр 1955 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Хэл бичгийн кабинетад шилжин ажиллаж, эрдэм шинжилгээний ажил дагнан эрхэлжээ. Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хэл шинжлэлийн тасгийн эрхлэгч, Туршилт авиан зүйн лабораторийн эрхлэгч, Эрдмийн зэрэг цол олгох зөвлөлийн гишүүн гэсэн хариуцлагатай ажил алба хашиж, хэл бичгийн өндөр боловсролтой, нарийн мэргэшлийн ахисан түвшний мэргэжилтэн бэлтгэх, тус хүрээлэнг удирдлага зохион байгуулалтын талаар бэхжүүлэхийн зэрэгцээ монгол хэл судлалын хэд хэдэн салбарт хичээн зүтгэж, эрдэм судлалын арвин өв үлдээсэн их эрдэмтэн билээ.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад ажилтан Б.Содном, С.Лувсанвандан,  Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, А.Лувсандэндэв, Ш.Лувсанвандан, Э.Вандуй.

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Вандуй 1959 оны намар есдүгээр сард Улаанбаатар хотноо хуралдсан Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож, “Орчин цагийн монгол нэр томъёо” гэсэн илтгэл тавьж, монгол бичгийн болон ярианы хэлэнд байгаа нэр томъёог орос, европ хэлний нэр томъёотой тохируулах, үгчлэн орчуулах, шинээр үг бүтээх журмаар нэр томъёо тогтоож ирсэн түүхтэйг тодорхой өгүүлсэн байдаг. Тэрбээр уул илтгэлдээ “Монгол хэлний шинжлэлийн ажил сүүлийн 10-аад жилд эрчимтэй хөгжиж байгаагийн ачаар нэр томъёо ч улам эмх журамтай болж чанаржиж байна. Манай орны эдийн засаг, соёл өрнөн хөгжиж, нэр томъёоны ажлын хүрээг өргөжүүлж байна. Бидэнд нэр томъёоны талаар хийх ажил, үзэж судлах зүйл их байна. 1956 онд Унгарын монголч эрдэмтэн Л.Бэшэ [Lajos Bese] (1926-1988) монгол хэлний шинэчлэгдэж байгаа тухай өгүүлэлдээ орчин үеийн монгол нэр томъёоны тухай өгүүлэхдээ монголчууд хэлээ орчин үеийн нөхцөл байдалд тохируулж шинэчлэн хөгжүүлж байгааг зүй ёсоор дүгнэж, хэрэгцээгүй гадаадын зарим үгийн оронд монгол хэлэндээ байгаа нэрийг хэрэглэхийн чухлыг хэдэн жишээ татаж дурдсан нь аргагүй зүйтэй. Үүнд нэр томъёог олонд алдаршуулахад улсын бүх сонин, сэтгүүл, сурах бичиг, хэвлэлд бага, дунд, дээд сургуулийн багш, зохиолчид, бас радио их чухал үүрэг гүйцэтгэх юм гэдгийг тэмдэглүүштэй. Орчин үеийн монгол хэл, нэр томъёогоор тасралтгүй баяжиж, ардын засгийн үед одоо цагийн боловсон хэл болсон”-ыг монгол нэр томъёоны олон жишээ баримтаар нотолж, нэр томъёо тогтоох үндсэн зарчмыг тэмдэглэсэн байдаг.

Тэрбээр 1970 оны нэгдүгээр сарын сүүлээр академич Ш.Лувсанванданы удирдлагаар “Дөрвөд аман аялгуу” судалгааны ганц сэдэвт бүтээлээрээ хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрдмийн зэрэг хамгаалалтын хурал дээр Э.Вандуй хэлэхдээ “Та нөхөд миний толилуулж байгаа өчүүхэн зохиол “Дөрвөд аман аялгуу” ном болон түүний товчлолтой тодорхой танилцсан болохоор би энэ зохиолынхоо тухай бүр товчхон өгүүлэхийг хүсэж байна. Дөрвөд аман аялгуу бол тус улсын монголчуудын ярилцдаг монгол хэл аялгууны дотор том аялгууны нэг. Өөрөөр хэлбэл, халхын дараа ордог томоохон аягуу юм. Ялангуяа, тус улсын ойрад аялгууны дотор дөрвөд аялгуу зонхилох суурийг эзэлдэг. Дөрвөдүүд тооны талаар тус улсын монголчуудын дотор халхын дараа ордог ба ойрадуудын 50 орчим хувь, Увс аймгийн хүн амын 40 гаруй хувийг эзэлдэг. Монгол хэлний олон нутгийн аялгуу болон монгол хэлний түүхийг судлах, орчин цагийн монгол хэлний үгийн санг шинэ үг хэллэг, нэр томъёогоор баяжуулахад монгол хэлний том аялгуу болсон дөрвөд аман аялгууг юуны өмнө судлах шаардлагатай болсон билээ. Энэ учраас би энэ аялгууг өөрийнхөө зэрэг хамгаалах зохиолын сэдэв болгон сонгон авсан. Дөрвөд аман аялгууг түүхийн талаар нь үзвэл дундад зууны эртний монгол хэлний онцлогийг хадгалсан. Одоогийнхоо байдлаар гэвэл хилийн чанад дахь ойрад хэл аялгуунаас ялгаатай орчин цагийн монгол хэлний нэг нутгийн аялгуу юмаа” гэж онцолсон байдгийг дурдалтай.

Хөдөө орон нутагт Э.Вандуй монгол нутгийн аман аялгуу, ардын аман зохиол судлах шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд олон удаа явж ажилласан нь энэ чиглэлээр дорвитой сайн бүтээлүүд туурвих сайхан боломжийг түүнд олгосон нь дамжиггүй. Монгол Улсын бүх аймаг, бүх суманд эрдэм шинжилгээний албан томилолтоор явж, монгол хэл, нутгийн аялгууг тулхтай сайн судалсан эрдэмтэн бол Э.Вандуй мөн. Тэрбээр “Хэл бол нэг хүний бүтээл биш, нийт ард түмний хэдэн үеийн бүтээл” гэж үздэг байсан юм. Монгол хэлний нутгийн аялгуу судлалаар дорвитой сайн бүтээл олныг туурвисан гарамгай эрдэмтний нэг бол хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн Э.Вандуй. Эрдэмтэн Э.Вандуй 1965 онд хэвлүүлсэн “Дөрвөд аман аялгуу” хэмээх судалгааны ганц сэдэвт бүтээл нь “Авиан зүй”, “Дөрвөд аман аялгууны үгийн зүйн зарим онцлогоос”, “Дөрвөдийн аман аялгууны үгсийн сангийн бүрэлдэхүүн” гэсэн үндсэн гурван бүлэгтэй юм. Энэ бүтээлийн төгсгөлийн үгэнд “БНМАУ-ын ойрад угсаатны дотор хамгийн олон хүн ам ярьдаг, том аялгуу болох дөрвөд аман аялгууны онцлогийг тодорхойлохын тулд Увс аймгийн дөрвөдийн нутагт 3-4 удаа албан томилолтоор очиж, монгол бичгийн хэл болон бусад хэл аялгууны нөлөөнд нөлөөлөгдөөгүй, нутагтаа суурин суудаг хүмүүстэй биеэр уулзаж, тэдний хэл аялгуу, аман зохиол, хэв заншлыг ажиглаж, дөрвөд аман аялгууны авиан зүй, үгийн зүй, үгсийн сангийн холбогдолтой зүйлийг энэ удаа хэвлүүллээ. Дөрвөд аман аялгуу нь хилийн чанад дахь ойрад аялгуунуудаас их ялгаатай бөгөөд халх монгол хэлний аялгуу их шингэсэн өвөрмөц аялгуу юм” хэмээн бичсэн нь буй.

Эрдэмтэн Э.Вандуй зөвхөн монгол хэл бичгийн асуудал гэж явцуурдаггүй, энгүй өргөн мэдлэгтэй, олон талын юманд их сонирхолтой, үнэнч цэх шулуун шударга зантай, өөрийнхөө үнэн зөв хэмээн бодсоныгоо хэний ч өөдөөс шулуухан хэлчихдэг хүн байсан гэж хамт ажиллаж хөдөлмөрлөсөн, уулзаж явсан мэргэжлийн нөхөд нь хэлдэг. Эрдэмтэн зохиолч С.Лочин “Улаанбаатар” сонинд 1998 онд бичиж нийтлүүлсэн эрдэмтэн Э.Вандуйн тухай “Алтай нутгийн хүрэн байц” хэмээх хөрөг нийтлэлдээ “Говь-Алтайн хүмүүсийг Алтай нутгийн уулстай нь зүйрлэсэн нь элбэг байдаг. Эх нутагтайгаа хүйн холбоотой болохоор хүмүүс нь нутгийнхаа сүрлэг уулсыг санагдуулдаг нь зүйн хэрэг биз. Өргөн мөртэй, ханхар цээжтэй, өндөр нуруутай, донхор биетэй эр биш боловч, шахсан бяслаг шиг цаанаа л нэг цул, нягт шинжтэй. Алхаар тогшуут л бут үсэрчихдэг элс нуруу шиг биш, ган өрмөөр өрөмдөөд ч дийлдэхгүй, Алтай нутгийн элгэн улаан хад шиг харагддаг сан. Гэсэн атлаа намуун зөөлөн дуутай, алхаа гишгээ нь хөнгөн шингэн тэр хүн бол Монгол Улсын хэл шинжлэлийн салбарт өөрийн байр суурийг эзэлсэн нэртэй эрдэмтэн, гавьяатай бүтээлтэй хүн. Эрдэмтэн Э.Вандуй шударга хүн байсан. Энэ зангаасаа болоод зарим том цолтон, мяндаг тушаалтанд хялайгдаж явсан. Гэвч гүндүүгүй монгол эр учраас “дээдэс”-ийн хялайхыг огтхон ч тоодоггүй. Түүнд нь эмзэглэдэггүй, байдгаараа байж, хийж бүтээж, судалж хөгжүүлж явсан, шударга хэргийн төлөө түүдэг гал шиг дүрэлзэж шатаж байсан нэгэн байлаа. Алтай нутгийнхаа цавчим улаан элгэн хадтай өндөр байц уул болсон эрдэмтэн Э.Вандуй хүнтэй нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг, эрдэм бүтээлийн ажлаа хийсэн шиг хийчихдэг, хэлэх гэснээ ч хэлсэн шиг хэлчихдэг эр байсныг мэдэх хүн даан ч олон доо” гэж тэмдэглэсэн байдаг.

Хэл зохиолын хүрээлэнгийнхээ нэгэн албан өрөөнд хамтдаа ажиллаж хөдөлмөрлөж, хөдөө орон нутагт шинжилгээний ангиар олон ч удаа цугтаа ажилласан номын нөхөр нь “Олон жил хамт ажилласнаа эргэж бодоход Вандуй багш тухайн үедээ нэр сүртэй байсан хэний ч өмнө хэлэх гэсэн үгээ дүлэгнээд байхгүй шууд хэлчихдэг. Нам төрийн зүгээс хавчин элдэвлүүлж байсан хүнийг бусадтай адил муучилж байгаагүйг нь бодоход тэр хүний хувьд дүн нуруутай, өөрийн гэсэн бодолтой хүн байж дээ гэж санагддаг юм” хэмээн бичснийг эш татаж дурдахад илүүдэх юун. Эрдэмтэн Э.Вандуй монгол хэл шинжлэлийн чиглэлээр олон бүтээл бичиж туурвиснаас нь тоймлон нэрлэвэл “Зарим нутгийн аман аялгууны үгсийн сангийн тухай” (1956), “Өгүүлэгдэхүүний тухай” (1958), “Өгүүлбэрийн дэд гишүүн-тодотголын тухай” (1958), “Орчин цагийн монгол нэр томъёо” (1959), “Үгийн боловсролоо нэмэгдүүлж, зөв боловсон ярихын төлөө” (1960), “Дөрвөдийн аман аялгууны зарим онцлогоос” (1962), “Монголын утга зохиолын хэлний дуудлагын нормын тухай” (1962), “Завханы сартуул ба түүний аман аялгуу” (1964), “Дөрвөд аман аялгуу” (1965), “БНМАУ дахь нутгийн аялгууны судлалын тойм” (1965), “Орос монгол нэр томъёоны толь”, I боть (1965), II боть (1970), III боть (1979), “Орчин цагийн монгол хэл зүй” (1966), “БНМАУ-ын хүн ам, тэдгээрийн хэл аялгуу” (1967), “Монгол хэлний нутгийн аялгуу судлах арга зүйн асуудалд” (1967), “Найруулга зүйн зарим асуудлаас” (1968), “Халхын аялгуу” (1970), “Орчин цагийн монгол хэлний найруулга зүйн зарим асуудал” (1972) тэргүүтнийг дурдаж болно. Монгол хэл шинжлэлийн салбарт өөрийн хийж бүтээснээрээ үеийн үед мөнхөд дурсагдах учиртай судлаачийн нэг бол эрдэмтэн Э.Вандуй мөн. Орчин цагийн монгол хэлний хэл зүйн судлал, монгол нутгийн аялгуу судлал болон шинэ тутам үүссэн монгол нэр томъёоны суурь судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, хөл дээр нь босголцоход монгол хэл шинжлэлтэн, хэл бичгийн ухааны доктор Олхонуд овогт Эрдэнийн Вандуйн оруулсан бүтээлч хувь нэмэр үнэхээр их байсныг зориуд онцлон тэмдэглэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?