ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ (Цуврал нийтлэл №2)

2021-11-15  

Эртний түүхээр хөгжлөө чимсэн үзэсгэлэнт Истанбул.

      Зам зуурын байгаль, мөнх цаст уул, ногоон төгөл, гол ус харж долоон цаг аялаад шөнө дунд Истанбулд хүрээд ирэв. Хэдэн мянганы арвин их түүхтэй энэ хотод хоёрдахь удаагаа хөл тавьж буй минь энэ. Авто вокзал дээр нь буучихаад бага шиг будилж утас шөрмөс, имэйлээр холбогдож байгаад угтсан унаагаа олоод авлаа. Хоёр ч зогсоолтой, хоёр давхар том вокзал болохоор зөрж будилсан бололтой. Консулын дунд гарын Бенц-д сууж тухалчихаад захиалсан зочид буудал руугаа жирийлгэв. Жолооч Эрдэнэбаяр өмнө нь Вашингтоны элчин сайдын яаманд ажиллаж байсан юм билээ. Миний дотно анд Элчин сайд Б.Алтангэрэлийн үед тэнд ажиллаж байж. Хоёр жилийн өмнө биднийг тэнд аялаж очихоос хэдхэн хоногийн  өмнө томилолтоо дуусгаж нутгаадаа явсан юм байна. Тэр үед ажиллаж байсан хамт олных нь нилээдийг би таних болохоор тэдний тухай ойр дотно яриа Эрдэнэбаяртай өрнүүлж явав. Удаж төдөлгүй “Рамада Гранд Истанбул” буудалдаа хүрээд ирлээ. Уулзаж учрахаар төлөвлөсөн хүмүүстэйгээ холбоо тогтоох гэж оролдоод бүтэл муутайхан байгаагаа түүнд дуулгав. Эхний удаадаа Консулаар орж мэдээ мэдээлэл авах нь зүйтэй байхаа гэж тэр зөвлөж би ч түүнийг нь хүлээн зөвшөөрч консулынхны утас хаяг аваад үлдэв. Зав гарвал маргааш намайг ухасхийж аваад консулынхантай уулзуулчихвал тун сайн байна гэж би түүнээс гуйсан юм. Ингээд л буудалдаа түр тухалчихаад ойр тойронтоо танилцах, бас амжвал хооллочих санаатай гадагш гарлаа. Шөнийн 01 цаг өнгөрч буй болохоор хотын төв гудамж хэдий ч хөл хөдөлгөөн татарсан байв. Гэхдээ л хоолны ганц хоёр газар ажиллаж байх юм аа...

    Өглөө цайндаа орчихоод Эрдэнэбаяр руугаа хэдэнтээ утасдав. Зав нь болохгүй байгаа юм байлгүй, утсаа авдаггүй ээ. Нөгөө Дамдины Баясаа руу ч бас хэдэнтээ утасдав. Дуудаж дуудаж байгаад л тасарчих юм. Баясгалан гэх энэ бүсгүйтэй би аль хэдэн сарын өмнө Туркийн аялал төлөвлөж эхэлснээсээ хойш фасе хаягаар нь харилцах гэж оролдоод бүтэл муутай байлаа. Истанбулын утасных нь дугаарыг аялалд гарахаасаа өмнө түүний зээ дүү болох сэтгүүлч Э.Эрдэнэцэцэгээс авсан юм. Тэр бүсгүйг сураглахын учир бол Э.Эрдэнэцэцэг сэтгүүлчийн “Өнөөдөр” сонинд бичсэн “Дүнсгэр шаналан” нийтлэлтэй холбоотой юм л даа. Тэрхүү нийтлэлийг уншаад л Истанбулд очвол энэ бүсгүйтэй уулзчих юмсан гэх хүсэл төрсөн юм. Баясаа бүсгүй одоогоос 15 жилийн тэртээ, 28-тайдаа Истанбулыг зорьсон аж. “Туркт өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн сонины зараар 2500 ам.долларын зуучлалын хөлс төлж Истанбулд анх хөл тавьсан гэх юм билээ. Зуучлагчийн амласан өндөр цалин, нөгөө амар хялбар ажил нь ёстой л лөөлөө болж. Анхныхаа Турк айлд гэрийн үйлчлэгчээр зургаан сар ёстой унаж тусталаа зүтгэсэн юм байх.  Турж эцээд бүх хувцас нь таарахаа больж шувтарч унах болж. Сөхөрч унахдаа хүрээд л ажлаа сольж. Турк хоол огт хийж үзээгүй хэрнээ “Чадна” гэж хэлээд өөр нэг айлд гэрийн үйлчлэгчээр орчихож.  Хоол хийж сурсан ч гэрийн үйлчлэгчтэй нь тааралгүй бас л ажлаасаа гарчээ. Цөхөрсөндөө “Гэртээ харья” гэж шийдээд буцах билет сураглаад алхаж явж. Тэрхэн үедээ гэрэл гэгээ болох нэгэнтэй таарсан нь ажил зуучлалын газрын ажилтан турк авгай гэнэ. “Ийм ажилтай охин ямар ч ажил хийсэн алзахгүй, ирсэн зорилгоо бодооч” гэж зоригжуулсанаар тэр өнөөг хүртэл Истанбулд ажиллаж буй юм байна. Нутгаа, гэр орон, аав ээжээ санаж, бас өөрийг нь гэж өрөвдөх хүн огт үгүйд гомдож байсхийгээд л уйлна. Эхний жил таван ажил сольсон гэнэ. Хоёр сар ажилгүй явж байгаад эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг 70 настай өвгөнийд ажилд оржээ. Эхнэр нь “Хэзээ ч битгий турк хүнтэй суугаарай, насны эцэст зовно шүү” гэж зөвлөдөг байж. Гэрийн эзэн өвөө ирэх бүртээ түүнийг үнсдэг байж. Охин шигээ л санадаг байх гэж итгэж, тэр бүрт аавтайгаа адилтган боддог байсан гэнэ. Гэтэл тэр өвгөний бодол огт өөр байсныг эхнэр нь гадагшаа явсны дараа л мэджээ. “Нэг шөнийг хамт өнгөрүүлбэл 1000 ам.доллар өгье” гэж эзэн өвгөн санал тавьж. Энэ үг түүнийг дахин ажлаасаа гарахад хүргэсэн гэнэ. Харин үүний дараа очсон айлдаа тэрбээр одоог хүртэл 12 жил ажиллаж, итгэлийг нь хүлээгээд байгаа гэнэ. Баясаа бүсгүй гэрээсээ гарснаасаа хойш нэг л удаа нутагтаа очжээ. Гурван жилийн өмнө аав нь, бас хайртай ах нь бурхан болоход ч очиж чадаагүй аж. Хайртай хүн нь дахин хэзээ ч уулзахгүйгээр одоход уйлахаас өөр юу ч хийж чадаагүй хүн нь цор ганц миний эгч биш гэж энэ “Дүнсгэр шаналан” нийтлэлийн зохиогч бүсгүй бичсэн байв. Хилийн чанадад амьдрахаар шийдсэн хүн бүрийн туулаад гардаг энэ жим өдөр ирэх бүр зам болон тодорч буй гэж тэрээр бичсэн байна лээ. Баясаа бүсгүйн энэлэн шаналан өнгөрсөн хоёр гурван жилд эрх биш нимгэрсэн байлгүй гэх үүднээс түүнтэй уулзаж байр байдлыг нь үзэж мэдэх, боломж олдвол түүнтэй адилхан гэрийн үйлчлэгчээр ажилладаг зарим танилуудтай нь бас Баясаагаар зуучлуулж байгаад уулзчих санаатай хөөцөлдсөн юм. Нийтлэл бичсэн зээ дүү нь болох Эрдэнэцэцэгт ч би ингэж л хэлж Баясаагийн утас, фасе хаягийг нь авсан билээ... Өглөө буудалдаа цайлчихаад Консулын Эрдэнэбаяр руугаа хэдэнтээ утасдлаа. Ажил алба ихтэй байгаа юм байлгүй утсаа авсангүй. Найз нөхөд, хамаатан садангуудаас ажиг сураг тавьж авсан Истанбулын хэдэн утас, хаяг руу ч хэдэнтээ харьцсаар үд өнгөрөв. Тэгж тэгж олон жилийн өмнө Туркт Элчин сайдаар сууж байсан Б.Алтангэрэл андын тэр үеийнх нь Монгол оюутнуудын холбооны дарга байсан, одоо ч Турк, Монголын харилцааны олон нийтийн байгууллагын идэвхтэй гишүүн Алтанхуягийн Хосхүүгийн өгсөн нэгэн хаягаар Истанбулд сурдаг Балжаа гэх хүүтэй утсаар нь холбогдоод авлаа. Тэрээр үдээс хойхнотой манай буудалд хүрч ирж ойр зуур замчлахаар болов...

Амьтан хүний хөл үл тасрах Султан Ахмедийн цэнхэр сүмд.

Удсан ч үгүй Балжаа хүрээд ирлээ. Оройн ээлжийн хичээлтэй тул гурван цагийн боломжтой гэв. Юу ч гэсэн хотоор явж ойр зуурыг харах, тэгээд нэг том сүм үзэх, дараа нь Консулын газар луу таксинд суулгуулахаар тохиролцов. Нийтийн тээврээр дөрвөн буудал яваад Туркт ирсэн хүний заавал үзэх ёстой үзмэр соёлын түүхт дурсгал, уран барилгын хосгүй өвийн нэг болох Султан Ахмедийн сүмд хүрээд ирцгээв. Энэ хотын гурван мянга гаруй сүмийн хамгийн том, бас хамгийн үзэсгэлэн төгөлдөр нь гэгддэг юм билээ. Арваад жилийн өмнө уг нь энэ сүмийг бид үзэж явж. Хөтөчтэйгээ сайн танилцаж амжаагүй болохоороо хаана юу үзүүлэх гэж буйг нь асууж зүрхэлсэнгүй дуу шуу багатайхан дагалдчихсан хэрэг. Олон жилийн өмнөх тэр үеэс өөрчлөгдсөн юм гэвэл сүмийн үүд хавиар буутай цагдаа эргэлдэж ойр тойрноо ажиглаж байв. Түүнээс холгүйхэн автомат буу дээр нь зоочихсон төмөр бүхээгтэй цагдаагийн том хар машин бас жижүүрлэж байна лээ. Цаг үе тайвангүй буйн илэрхийлэл байх. Өмнө ирэхдээ сүмийн гаднах усны цоргын хажууханд сууж хөлөө угаагаад дотогш орж байсан юмдаг. Нутгийн сүсэгтнүүдийг дэргэдээс нь харж байгаад л тэднийг дуурайсан хэрэг. Тэгэхэд хүн цөөтэй байсан санагдана. Одоо харин сүм рүү орох сүсэгтнүүд, жуулчин гийчид чихцэлдэх талдаа. Хөлөө угааж ариусаад хөл нүцгэн орж байсан тэр үеийн дэг жаяг ч өөрчлөгдсөн бололтой, хүмүүс гутлынхаа гадуур нэг удаагийн нийлэг цэнхэр углаад, эсвэл гутлаа тайлаад оймстойгоо сүм рүү орж байв. Сүмийн сүрлэг, гоёмсог танхим хуучин янзаараа, нөгөө л гоё эрээн мяраан цонх гонх, тансаг гэрэлтүүлэг чимэглэл, битүү улаан эрээн хивстэй  хэвээрээ...

         

  Эхнэр, хүү бид гурав Султан Ахмедийн сүмд. 2010 он

Олон мянган оюу, номин чулууг шигтгэн олон арван төрлийн алтан зул цэцгийг сүмийн хагас дугуйрсан хана, бунхан маягийн таазанд хээлж хуарлаж урласан гэх юм билээ. Сүмийн барилгын ур хийц нь дотроо ч гаднаа ч үзэсгэлэн төгөлдөр, дэлхийн Ислам шашны барилга байгууламж дотор архитектур хийцийнхээ гоёмсогоор хамгийн алдартай нь, бас Византын болон Исламын барилга архитектурын хэв маягийг хослуулан барьсан дэлхийн уран барилгын үлгэр загвар болсон бүтээл хэмээн үнэлэгддэг аж. Дотор талын ханыг цэнхэр өнгийн хавтан, сүмийн бунхант таазыг цэнхэр  болороор чимж урласан байдаг учраас "Цэнхэр сүм" ч гэж мөн нэрлэдэг юм байна. Өнөөдөр сүмийн энэ танхим энд тэндээ хаалт хамгаалалтуудтай болчихсон, орох гарах хэсэгт нь хянагч зохицуулагч ажиллаж сүсэгтэн олон, аялагч жуулчдыг оруулж гаргаж байв. Эргэл мөргөлийн энэ танхимд олон жилийн өмнө орж танилцаж хангалттай мэдээлэл сонсож зураг хөрөг авч явсан болохоор энэ удаад оочер дугаар болж хүмүүстэй чихцэлдэн тийш орохыг төдий л хүссэнгүй, үүд хавиар ганц нэг зураг авч мөргөлчдийг ажиглаж яваад сүмээс гарав. Энэ сүм таван үндсэн давхар,

найман бөмбөгөр орой, зургаан цамхагтай гэх юм билээ. Оттоманы эзэнт гүрний хаанаар 14 настайдаа өргөмжлөгдсөн нэгдүгээр Султан Ахмедийн захиалгаар Мехмет Ага гэх архитектор 1609 онд энэ сүмийг бариулж 1616 онд хааныг 19 настай байхад нь ашиглалтад оруулсан түүхтэй аж. Султан Ахмед хаан Оттоманы эзэнт гүрнийг 14 жилийн турш захирч байгаад 28 настайдаа нас барсан гэх. Сүмийн цогцолбор дотор Султан Ахмед хаан, түүний хатан Көсем Султаны бунхан байдаг аж. Тийм болохоор Исламын шашинтнууд зорин ирж эргэл мөргөл үйлдэх нь илүүтэй гэнэ. Мөн сүмийн өмнөх талбайд манай он тооллын 326 оны үед Персээс авчирсан зэс бүрхүүл бүхий Могойт баганын үлдэгдэл, Ромын түүхийг илтгэх 320 оны чулуун хөшөө, 16-р зууны үеийн Египетийн дурсгал болох боржин багана гээд олон зууны настай үзмэрүүд буй. Тийм болохоор энэ талбайг ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад 1985 онд бүртгэсэн юм билээ. Сүүлийн үеийн мэдээллээр энд өдөртөө 10 мянган орчим аялагчид, сүсэгтнүүд ирж үзэж сүмийг үзэж сонирхдог, эргэл мөргөл хийдэг гэх статистик байдаг гэнэ. Зуны улиралд энэ тоо тав дахин нэмэгддэг юм байх. Ер нь энэ хавь нь мод бут, цэцэг ногоо алагласан, усан оргилуур, гол горхи хоржигносон амралт аялалын ая тухтай сайхан орчин юм билээ. Бидэнд замчилсан Балжаа ч энэ сүм, энэ талбайд олонтоо ирж байж. Нутаг орноос хамаатан саднууд нь, бас хамт сурч байсан найз нөхөд нь Туркт ирэхээр мэдээж замчилдаг аж. Аав нь Истанбулд хүү дээрээ бас зочилж ирсэн гэнэ. Балжаа Истанбулд найз охинтойгоо хамт амьдардаг юм байх. Бас нэг найзтайгаа хамтарч гурван өрөө байр хөлсөлдөг гэнэ. Хотын төв, зах хязгаар, аль хэр тохижсон дүүрэг энэ тэрээсээ хамаарч түрээсийн үнэ хөлс мэдээж хол зөрүүтэй аж. Балжаагийнханы байр дундаждаа орох сарын 200 лирийн түрээстэй гэнэ. Манайхаар бол 1,4 сая төгрөг юм уу даа.  Элдвийг асууж сонирхсоор байтал Балжаа ч намайг хэн болохыг мэдээд авлаа. Сонин хэвлэлд юм бичих, түүнийгээ аян замын талаарх ном тэмдэглэлдээ оруулах санаатайгаа ч түүнд хэлэв. Балжинням Истанбулын Еүлдизийн Техникийн дээд сургуульд  барилгын инженер болохоор суралцаж хажуугаар нь ойр зуурын ажил, бизнес эрхлээд хэдэн жил болж буй гэнэ. Оройн цагаар монгол сурагчид, оюутан залууст турк хэл заадаг багш аж. Энэ Истанбулд үйл ажиллагаа явуулдаг “Монгол ахан дүүсийн холбоо” гэх олон нийтийн байгууллагын идэвхтэй гишүүн юм байна. Ийн ярьсаар байтал бас нутаг ус, аймаг нэгтэй болж таарав. Увс аймгийн Тариалан сумын уугуул залуу аж. Баяд дөрвөдөөрөө ойр зуурыг “хүүрсэж” (Хуучлахыг манай нутгийнхан ингэж хэлдэг) түүнтэй дотносов. Сүмээ үзчихээд тэдний хичээл номын байр руу очиж арай илүү танилцахаар болов. “Монгол ахан дүүсийн холбоо”-ны дарга, ажилтнуудтай ч таныг танилцуулъя гэж байна Балжаа хөтөч маань. Сохорсон биш завшив гэгч л боллоо... 

Балжаа бид хоёр “Султан Ахмедийн сүм”-ийн өмнө

 

Үргэлжлэл бий..

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
КОЙН ХУДАЛДАЖ АВАХ НЬ ЗӨВ ҮҮ?