ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ ЦУВРАЛ 3

2021-11-17  

    Монгол ахан дүүсийн холбоонд. “Султан Ахмед”-ийн сүмийн хажуухнаас автобусанд суугаад удаж төдөлгүй зорьсон газартаа хүрээд ирлээ. Хотын төвд юм. Орон сууцны бололтой найман давхар байшингийн гуравдугаар давхарын хэдэн өрөөнд “Монгол ахан дүүсийн холбоо” үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Байрны орцны дээхэнтэй эдний байгууллагын хаяг байна лээ. Монгол,Турк хэл дээр юм. Холбооны дарга нь болох Б.Мөнхмаа хэмээх ажил хэрэгч байрын

гялалзуур бүсгүй, бас тус холбооны менежэр Бөкен гэх казах залуу ажлынхаа өрөөнд биднийг найрсгаар угтав. Монголын туг далбаа, урлаг соёл, гар урлалын олон арван бүтээл өрөөний хана, шүүгээний дээгүүр доогуур өрөөстэй тавиастай байна лээ. Мөнхмаа бүсгүйн ширээн дээрх дэвтэр, бичгийн хэрэгсэл ч монголын компаниудынх юм. Өрөөний уур амьсгал тэр чигээрээ л монгол нутаг орных аж. Тус холбоонд орж ирж эднийхэнд хандсан хэн ч гэсэн монгол орондоо, нутаг усандаа хүрээд ирсэн мэт сэтгэгдэл төрөхөөр юм билээ. Энэ холбоо байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж буй гэнэ. Б.Мөнхмаа бүсгүй хорь гаруй жилийн өмнө Туркэд ирж суурьшсан нэгэн юм байна. Эндээ сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж туркийн иргэнтэй гэр бүл болж энэ нутаг устай ажил амьдралаа бүрэн холбосон нэгэн аж. Холбооныхоо үйл ажиллагааны талаар тэр нилээд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Тус холбоо нь анх Истанбулд суугаа Ерөнхий консул

Энэбишийн Мөнх-Очирын санаачлагаар Туркт ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэддээ зөвлөгөө өгөх, иргэдийн асуудалд тулж ажиллах, шийдвэрлэх, тэдэнд тулгамдаж байгаа асуудалд туслалцаа үзүүлэх,  мэдээ мэдээлэл түгээх зорилгоор байгуулагдсан гэнэ. Туркт албан бус тоогоор манай 5,000 гаруй иргэн ажиллаж амьдарч буй гэх мэдээлэл байдаг юм байна. Мэдээж иргэдийн тоо нэмэгдэх тусам асуудлууд ихэсдэг гээд Б.Мөнхмаа хатагтай тэрээр цааш нь ийн  ярьсан юм.

-Бид холбоогоо байгуулсан цагаас хойш Туркт хууль ёсоор ажиллаж, амьдрах тал дээр маш их мэдээ, мэдээлэл иргэддээ түгээсэн. “Оршин суух” (Зөвшөөрлийг ийн нэрлэдэг аж) авах бүх талын заавар зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч сүүлийн хоёр жилд 1065 иргэнд үйлчилсэн тооцоотой байна. Үүний хажуугаар бид Турк хэлний сургалт байнга явуулж байна.Гадаадын оюутнуудыг Турк улсын их дээд сургуульд элсэх шалгалтад бэлдэх ЕӨС сургалтуудыг сар болгон явуулдаг. Энэ жилийн хувьд 13 монгол хүүхэд сургалт, давталтаа өдөр болгон хийгээд явж байна. Турк хэлний хурдавчилсан сургалтад  сар бүр 10-15 хүүхэд явдаг. Бидний судалгаагаар Турк улсад эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа сургуулийн насны 300 гаруй хүүхэд байдаг. Ихэнх эцэг, эх нь энэ улс оронд амьдран суух хууль ёсны зөвшөөрөл байхгүйгээс шалтгаалаад хүүхдүүд нь улсын болон хувийн сургуульд хамрагдаж чаддаггүй. Энэ жилээс Монгол улсад боловсролын системд хэрэгжиж байгаа цөм хөтөлбөрийн дагуу нэгээс тав дугаар ангийн хүүхдүүдийн хоёр анги нээгээд одоогоор 45 хүүхдийг сургалтад хамруулаад явж байна. Хориод жил багшилсан туршлагатай хоёр багш тэдэнд хичээл зааж байна.

Хүүхдүүдээ унаагаар авч хүргэдэг, бас өдрийн хоолтой ийм сургалт юм. Холбооныхоо фэйсбүүк хуудас, болон утсаар  иргэдэд бүх төрлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн холбооныхоо байранд иргэдийг хүлээн авч биечлэн уулзаж зөвлөгөө мэдээлэл өгөх нь ч бий. Иргэддээ эмнэлэг, эрүүл мэнд, өмгөөлөлийн ажил үйлчилгээ авахад нь мэдээлэл, зөвлөлгөө өгч байна. Хүнд хэцүү байдалд орж эх орон руугаа буцахаас өөр аргагүй болсон иргэдэд туслах талаар Олон улсын болон Буяны  байгууллага, зарим “Сан”-гуудтай хамтран ажиллаж, одоогийн байдлаар 150 гаруй иргэний зардал мөнгийг тэднээр шийдүүлж тэдгээр иргэдийг эх орон руу нь буцаагаад байгаа. Истанбулд ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэдийгээ хамруулсан “Монгол наадам” жил бүр зохион байгуулдаг болоод байна. “Наадам” өргөн дэлгэр болдог болсон. Иргэдийн хамрах хүрээ өргөжиж өнгөрсөн жил гэхэд л 2000 гаруй хүн наадамлалаа. Монгол иргэд маань наадамлаж баясахаас гадна гадна энэ наадам маань Турк орон, турк иргэдэд Монголоо орон, монголчуудаа мэдүүлэх, тэднийхээ ололт амжилтыг сурталчлах ач холбогдолтой гэж бид үздэг юм.

     “Ахан дүүсийн холбоо”-ноос Истанбулд зохион байгуулсан 2018 оны монгол наадам

   

       Б.Мөнхмаа наадмын үеэр турк иргэдтэй         

  

     Оюутны холбооны Д.Балжиннямтай хамт

“Оюутны холбоо”-тойгоо хамтарч наадмаа зохион байгуулж байгаа. Наадмаар спортын олон төрлийн тэмцээн болдог юм. Нийт 300 гаруй баг, тамирчид оролцлоо. Сагс, воллейбол, хөлбөмбөг, ширээний теннис болон шатар гэсэн төрлөөр зохион байгуулсан. Ер нь иргэдийн янз бүрийн асуудлыг шийдэхэд манай холбоо дангаараа ажиллах боломжгүй л дээ. Ерөнхий консулын газартайгаа хамтран ажиллаж байна. Иргэд, консулын газар, төрийн байгууллагуудын хооронд манай ТББ гүүр нь болж байна гэж хэлж болох. Манай энэ Истанбулын  “Монгол оюутны холбоо”, “Монгол ахан дүүсийн холбоо” бол ах дүү хоёр холбоо. Олон нийтийн болон бусад олон талын үйл ажиллагаагаа хамтарч зохион байгуулж байгаа. Та нарт өнөөдөр замчилсан Балжинням маань Оюутны холбоог тэргүүлж маш идэвхтэй ажилладаг юм. Бас та нартай танилцсан Бөкен маань манай холбооны гишүүн болж, оффисын ажилтан болоод байгаа. Өдөр бүр иргэд хүлээж авч уулзана. Оршин суух зөвшөөрлийн цагийг авна, тэр талын зөвлөгөө өгнө, фасе, месенжерээр болон утсаар байнга мэдээлэл түгээнэ. Жишээ нь, цагдаагийн газарт манай нэг иргэнийг саатууллаа гэвэл холбооны бид очиж учрыг нь олоход оролцоно, эсвэл Оюутны холбооноос хэн нэг нь очих болно. Эмнэлэгт мэс засалд орж буй иргэд, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүст чадах ядахаараа орчуулга хийж, бусад тулгамдаж байгаа асуудлаар нь тус дэм үзүүлнэ. Хамтарч ажилладаг хувийн болон улсын эмнэлэгүүдийн төлбөр мөнгөний тал дээр иргэддээ аль болох хямдрал үзүүлэх гэх мэтчилэн хөөцөлдөх ажил мундахгүй их.

Би өөрөө Турк улсад 20 гаруй жил ажиллаж байгаа. Энэ улсад олон жил ажиллаж амьдарч өөрийн гэсэн орон зай, боломжийн карьертай болоод буй монгол хүнийхээ хувьд дөнгөж энэ нутагт анхлан хөл тавьж байгаа иргэддээ туслах талд миний хийж чадах зүйлс маш их байсан. Монгол иргэддээ мэдээ мэдээлэл өгөх, ажил албанд зуучлах гэх мэтийг өөрийн боломжоор хийдэг байлаа. Хожмоо Истанбулын Ерөнхий консулынхаа газарт орчуулагч, гэрээт ажилтан болоод иргэдтэйгээ тогтмол харилцан ажиллах болсон юм. Ингэж ажиллаж байхдаа төрийн бус олон нийтийн байгууллага байгуулчихвал иргэдтэй илүү нээлттэй, ойр дотно ажиллаж болох юм байна гэж санагдсан юм. Тэгээд ч Консулын газар нээгдээд дөнгөж жил болж байсан болохоор юм юманд хүрч ажиллах боломж тааруу байсан байх. Консулынхандаа иргэдтэй ажиллах олон нийтийн байгууллага байвал ямар вэ гэсэн санал хэлэхэд Ерөнхий консул Э.Мөнх-Очир их дэмжсэн юм. “Ахан дүүсийн холбоо” гэх ТББ-аа бид анх байгуулахад Э.Мөнхочир Консул хувиасаа тодорхой хэмжээний санхүүжилт хийж туслаж байв. Манай холбоо жил ирэх тутам үйл ажиллагаагаа идэвхжүүлээд явж байна. Одоогоор ямар нэг төрийн байгууллага, консул, яам тамгын газраас  санхүүжилт авдаггүй. Ерөнхий консулын газраас зөвхөн нийтээр зохион байгуулж байгаа томоохон  арга хэмжээ болох “Монгол наадам”, Биеийн тамир спортын том тэмцээнүүд зохион байгуулахад л зохих дэмжлэг авдаг. Эдийн засаг санхүүгийн хувьд холбоог дэмждэг байгууллагууд, Ерөнхий консул асан Э.Мөнх-Очир болон түүний бизнесийн хүрээлэлийнхэн, миний Турк дэх нөлөө бүхий бизнесийн хүрээнийхэн гээд манай удирдах зөвлөлд байдаг нөлөө бүхий хүмүүс туслалцаа дэмжлэг үзүүлдэг. Тийм болохоор бидний үйл ажиллагаа төлбөргүй. Сургалтуудын хувьд л бага шиг төлбөртэй. Түүгээрээ бид гурван багш, нэг жолооч, бас тогоочоо цалинжуулж байгаа. Сурагчид маань өдрийн хоолтой, хүргэлттэй. Турк цэцэрлэгт хүүхдээ өгвөл сарын 1000 лир. Бид монгол иргэдийнхээ хүүхдийг сарын 300 лир-ийн төлбөртэй авч байна. Өдрийн цагаар энд бага ангийн хичээл ордог. Оройн цагаар их дээд сургуулийн элсэлтэд хүүхдүүдээ бэлтгэж байна. Үнэ төлбөрийн хувьд ч хамгийн бага түвшинд байгаа гэж байв.

“Холбооны энэ байр түрээсийнх үү? Сард хэд орчим төлөх вэ?” гэж намайг асуухад тэрээр “Тийм ээ, түрээсийнх. Монголчуудтай ойрхон, ер нь манай иргэдийн ихэнх нь мэддэг болчихсон газар. Гуравдахь  жилдээ нүүгээгүй, эндээ тогтвортой ажиллаж байна. Түрээсийн хувьд сард 4000 орчим лир төлдөг. Холбооны урсгал зардал сардаа 1500-аас 2000 орчим лир.  Багш нар маань сургалтын төлбөрөөсөө цалинждаг. Бөкен цалингүй. Бөкен маань туркээр сайн ярина, бичнэ, бас сайн зурна. Монголд байхдаа “Монгол-Туркийн парламентийн бүлэг”-ийн ажлын албанд ажиллаж байсан. Манай холбооны ажилтнууд, сонгуультнууд бүгдээрээ л ажлын их туршлагатай, хариуцлагатай залуус” гэж ярьсан юм. Тус холбооны менежер Бөкентэй хэдэн үг солив. Тэрээр монголдоо “Сэрүүлэг” дээд сургуулийг 2010 онд төгсөөд Улаанбаатарт Туркийн хөрөнгө оруулттай Турк компанид хэдэн жил ажилласан гэнэ. Боломжийн турк хэлтэй болсон аж. Монголын хоёр ч том банк, мөн харилцаа холбооны салбарын “Скайтел” компанид мэргэжилтэн, салбарын захирлаар ажиллаж байж. Улсын Бүртгэлийн газар, УИХ-ын Тамгын газар, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ажлын алба, бас Хүний Эрхийн Үндэсний Комисс, АТГ-ын олон нийтийн зөвлөл гээд төр засгийн болон олон нийтийн байгууллагад орон тооны болон сонгуульт ажил алба эрхэлж байсан гэнэ. Туркт ирэхээсээ өмнө УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайханы туслах, зөвлөхөөр ажиллаж байсан аж. Т.Аюурсайхан гишүүн ч өөрөө энэ Туркт суралцаж дээд боловсрол эзэмшсэн нэгэн, тэгээд ч “Монгол-Туркийн парламентийн бүлэг”-ийн даргын сонгууль ажилтай болохоор Турк хэлтэй энэ Бөкен түүний ажил албанд нь тус дэмтэй нэгэн байсан биз ээ.  

   Менежер Бөкен

“Манай Бөкен сүүлийн хэдэн жил Туркт ажиллаж амьдарч байсан учраас манай холбооны үйл ажиллагааг сайн мэдэж байгаа, тэгээд л өөрөө сэтгэлээрээ мэддэг чаддагаараа танд туслая,  хамтарч ажиллъя гээд л ирсэн байгаа” гэж Б.Мөнхмаа хатагтай бид хоёрын ярианд оролцсон юм. Холбооны менежер нь дотоод зохион байгуулалт , аж ахуйн албаны ажлыг голчлон хариуцдаг гэнэ. Иргэдийг хүлээн авч хууль эрх зүйн зөвлөгөө өгөх ажилд нилээд цаг зав зарцуулдаг юм байна. Мөн эрх нь зөрчигдсөн иргэдийнхээ асуудлаар эдний хууль зүйн болон засаг захиргааны байгууллагуудтай харьцаж ажилладаг аж. Манай иргэдийн гаргасан гэмт хэрэг, зөрчлийн асуудлаар эдний цагдаа хүчний байгууллагад дуудагдах, бас тэднийхэнтэй учир зүй ололцож иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах цаг үе, тохиолдол ч бас олонтоо гардаг гэнэ. “Монгол ахан дүүсийн холбоо”-ны удирдлага болох эд нөхдийн яриа хөөрөө сонссоныхоо дараа эднийхний зохион байгуулдаг зарим сургалттай танилцахаар хажуугийн танхимд оров. Арваад хүүхэд тэнд хичээллэж байв. Бидэнд замчилж тусласан Балжаа багш нь юм байна. Эдний их дээд сургуулиудад элсэн суралцахын тулд гадаадын сурагч, оюутнууд англи хэлний ТОЕФЛ гэдэг шиг Турк хэлний ЕӨС хэмээх оноот шалгалт өгдөг юм байна. Д.Балжинням  багш сүүлийн хоёр гурван жил нилээд хэдэн хүүхдийг энэ танхимаараа бэлдэж тэд нарын олонхи нь хүссэн сургуульдаа элсэж оюутан болоод амжилттай суралцаж буй гэнэ. Энд сурч буй охид хөвгүүд бүгд л энэ Истанбулд сурдаг сурагчид аж. Эх эцэг, ах эгч нар нь энэ Туркэд ажиллаж амьдарцгаадаг тийм хүмүүсийн үр сад юм байна энэ хүүхдүүд. Хэдий ярианы хэлтэй ч гэсэн Турк хэлийг дүрэм номоор нь яг системтэй сураагүй болохоор бичгийн болон дүрмийн нэмэлт хичээл эдэнд зайлшгүй шаардлагатай байдаг гэнэ.

                                          Д.Балжинням багш хичээл дээрээ

                   Д.Балжинням багш бид хоёр тэдний оюутнуудтай

Энэ хүүхдүүд үдээс хойш дөрвөөс таван цаг хичээллэдэг аж. Үдээс өмнө энэ ангиудад багачуудын хичээл ордог юм байна. “Туркэд ажиллаж амьдардаг залуу гэр бүлүүд хүүхдүүддээ эх хэлийг нь сургах талаар сүүлийн үед улам их анхаардаг болсон, тэгээд ч манай анги танхимууд хүрэлцэхгүй болоод буй” гэж Б.Мөнхмаа хатагтай ярьж байсан. Мөн манай Боловсролын байгууллагын дэмжлэг туслалцаа тун тааруу гэдгийг эднийхэн гомдоллон ярьж байлаа.   Үргэлжлэл бий

МУСГЗ Д.Цэдэн-Иш

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?