ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ (Цуврал 4-р хэсэг)

2021-11-23  

Истанбулын “Таксим талбай”, “Улс хувьсгалын хөшөө”.

“Ахан дүүсийн холбоо” дэргэдээ “Дээж Монгол төв” гээд монгол хоолны газартай гэнэ. Тэндээ монгол иргэддээ хэрэгцээтэй үйлчилгээний төвтэй юм байх. Эндээс тав арван минутын зайтай газар гэв. Тэнд ч бид иргэдийгээ хүлээн авч уулзаж ярилцах цаг үе бишгүй байдаг гэж Б.Мөнхмаа дарга хэлээд биднийг тэр төвтэй танилцахыг урьсан юм. Тэрхүү зоогийн газар, үйлчилгээний төв нь  Холбооны байрнаас холгүй хоёр гурван гудамжны цаахантай юм. Нэгэн өндөр байшингийн доод давхарт нь дөч орчим суудалтай болов уу гэхээр хоолны газар ажиллаж байна. Хоёрдугаар давхарт нь монголчуудад ихээхэн хэрэгтэй бас нэгэн үйлчилгээ болох ачаа карго, тээвэр зуучлалын төв байдаг гэнэ. “Тэр төвтэй та нарыг удахгүй танилцуулна аа, эхлээд айлд орсон аян замын хүмүүс байна та нар, аяга цай уучих гээд...” Мөнхмаа дарга биднийг хоолны цэстэй танилцуулав. “Хуушуур, бууз, Гурилтай шөл, Банштай цай, Гуляш...” гээд л манайхны дуртай хоолны нэрс зураг хөрөгтэйгөө тэр цэсэнд дурайж байх. Монгол зөөгч бүсгүй, монгол тогооч эмэгтэй бидэнд найрсгаар үйлчлэв. Хуушуур бараг бэлэн байна гэцгээж байв. Ж.Ууганаа гэх бүсгүй энэ “Дээж” зоогийн газрыг ажиллуулдаг аж. Истанбул дахь монголчуудын дуртайяа цугладаг, бас нэг нэгэнтэйгээ уулзаж учирдаг тийм газар болоод удаж буй гэнэ. Тамирчин бололтой булиа залуу хооллоод дуусч байлаа. Мэнд мэдэлцэж хэд гурван үг солив. П.Пүрэвээ гэх энэ залуу бодигийн тамирчин аж. Нэрээр нь түүний facebook-д ороход энэ талаарх мэдээлэл нь байна лээ.

    

“Дээж” зоогийн тогооч хатагтай Ж.Ууганаа, Бодигийн тамирчин П.Пүрвээ нартай “Дээж” төвд

Зоогийн танхимаас дээшилж эндхийн нөгөө нэг үйлчилгээ болох “Ачаа карго, тээвэр зуучлалын төв”-рүү оров. Тус төвийн захирал Б.Батмөнх гэх залуу ажил албаа бидэнд танилцууллаа. Нутаг нэгтнүүддээ онгоцны тийзийн болон тэдний ачаа барааг нь нутаг оронд нь хүргэх, мөн тэдэнд нутгаас нь ирэх илгээмж, шуудангийн үйлчилгээ, зохион байгуулдаг аж.

Мөн эндхийн том хотуудын хооронд ч иймэрхүү үйлчилгээ,  бас хүн тээврийн үйл ажиллагаа, бас нэмээд аялал жуулчлалын зуучлал эрхэлдэг бололтой юм. Саяхандаа ойрхны нэг хот руу нутгийн аялагчидтай яваад ирсэн тухайгаа хэн нэгэнтэй утсаар ярьж байна лээ. Иймэрхүү ажил үйлчилгээ эрхэлдэг болохоор зочин төлөөлөгч угтах үдэх гээд онгоцны буудал руу байсхийгээд л давхидаг гэж тэрээр ярьж байв. Маргааш манайхан замаараа та хоёрыг онгоцны буудал хүргээд өгчихнө гэж Б.Батмөнх бидэнд найр тавьсан юм. Том ачийн захисан пүүзийг олж авахаар нэрийн дэлгүүр явахад ч тэр бас хамт явж замчилж туслав. Үдшийн Истанбулын гудамж талбайгаар явуулж танилцуулсан нь бас таатай байлаа. Төв талбай болох “Таксим”-д очиж “Улс хувьсгалын хөшөө”-г нь үзэж зураг хөрөг болцгоов. “Таксим” хэмээх энэ талбай нь манай жанжны талбай шиг л төр

“Улс хувьсгалын хөшөө”-ний өмнө

засгийн бүхий л ёслол хүндэтгэл, жагсаал цуглаан болдог газар нь аж. Туркийн анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал хувьсгал хийж улс орноо тунхагласны таван жилийн ойд зориулан 1928 онд энэ “Таксим” талбайдаа “Улс хувьсгалын хөшөө” дурсгалыг байгуулсан түүхтэй юм байна. Пьетро Канонико хэмээх Итали архитектор зураг төслийг бүтээсэн гэнэ. Турк орныг харийн дарлагчдаас чөлөөлсөн тэмцэгчдийг алдаршуулан мөнхжүүлэхэд энэ хөшөөг зориулсан бүтээл аж. Хөшөөний гол хэсэгт Туркийн хувьсгалчид болох Маршал Мустафа Кемал Ататурк, Мустафа Исмет Инёне, Февза Чакмак нарын хүрэл баримлыг урлан байршуулсан юм байна. Хөшөөний арын хэсэгт Зөвлөлтийн маршал Климента Ворошилов, цэрэг дайны нэрт зүтгэлтэн Семён Араловын хүрэл баримал байх аж. Энэ хэсгийг нь1923 оны Туркийн хувьсгалт тэмцэлд Зөвлөлт Орос улсаас үзүүлсэн улс төр, эдийн засгийн болон цэрэг армийн дэмжлэг туслалцаанд талархах зорилгоор Мустафа Ататурк Ерөнхийлөгч даалгавар чиглэл өгч зохион бүтээлгэсэн түүхтэй юм байна.

Таксимын талбай, Улс хувьсгалын хөшөө.

Сүмийн гэгээнтнүүд хаа нэгтээ зорих нь...

Истанбулын нийтийн тээвэр.

    

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь хөгжмөөрөө ч амь зуулгадаа нэмэр олох аж.

    

Истанбулын гудамжны үйлчлэгчид ийм гоё хувцас формтой эрчүүд л байх.

Бичиж тэмдэглэх сонин хэвлэлийнхээ материалд шаардлагатай байж мэдэх зарим зүйлийг Батмөнхөөс зам зуураа асууж лавлахад тоо баримт сайтай сайхан мэдээлэл өгч байв. Истанбулын Консулын газраар ороод гарах юмсан гэж бодсон боловч үүгээр түүгээр аяласаар байтал амжсангүй оройтчихлоо. Буудлынхаа хажуух нэгэн зоогийн газарт оройн хоолонд орж байхдаа холгүйхэн нэгэн сүмийн хурц шовгор оройнуудыг харж суулаа. Анкарад бидний үзсэн нөгөө алдарт “Кокатепэ” сүмээс дутахааргүй том сүм харагдаж байв. Хэрэгт дуртай надад үзэж харах бас нэг обьект ийн нэмэгдэх нь тэр. Ер нь Турк орон сүм хийд арвинтаа, тэр хэрээр сүсэг бишрэл шүтлэг өндөртэй иргэдтэй улс орон юм. Үзмэр соёлын ноён оргил гэхээр сүм музей ч энэ Истанбул, Анкара зэрэг хотуудад нь хэд хэдээрээ буйг өмнө би нэгэнтээ бичсэн. Энэ сүмүүдийн үүдэнд, эсвэл дээвэр дээр нь Туркийн төрийн далбаа намирч байх юм билээ.

Үргэлжлэл бий

МУСГЗ Д.Цэдэн-Иш

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?