ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ (Цуврал 5 буюу төгсгөл)

2021-11-25  

…Буудлынхаа хажуух нэгэн зоогийн газарт оройн хоолонд орж байхдаа холгүйхэн нэгэн сүмийн хурц шовгор оройнуудыг харж суулаа. Анкарад бидний үзсэн нөгөө алдарт “Кокатепэ” сүмээс дутахааргүй том сүм харагдаж байв. Хэрэгт дуртай надад үзэж харах бас нэг обьект ийн нэмэгдэх нь тэр. Ер нь Турк орон сүм хийд арвинтаа, тэр хэрээр сүсэг бишрэл шүтлэг өндөртэй иргэдтэй улс орон юм. Үзмэр соёлын ноён оргил гэхээр сүм музей ч энэ Истанбул, Анкара зэрэг хотуудад нь хэд хэдээрээ буйг өмнө би нэгэнтээ бичсэн. Энэ сүмүүдийн үүдэнд, эсвэл дээвэр дээр нь Туркийн төрийн далбаа намирч байх юм билээ.

     Анкарагийн “Кокатепэ” сүмийн гол хаалгын хэсэг ийм байсан

Шашин нь төрөө, төр нь шашнаа хүндэтгэж сүсэгтэн олон, ард иргэдээ нэг зүгт дуудаж залж буйн илэрхийлэл бизээ гэж санагдаж байв.

   ...Өглөө эрт нөгөө багана сэрийлдээд байсан сүм рүү арван минут орчим алхаж очив. Ямар сүм рүү очиж байгаагаа мэдэхгүй болохоор гаднах хаягаас нь мэдээлэл авах санаатай үүдээр нь эргэлдлээ. Бичиг танилцуулга ч байж байна. Гантиг хавтан дээр турк, англи, франц хэлээр бичсэн танилцуулгыг сүмийн урд хананд байршуулчихаж. "SEHZADE CAMII 1543-1548”, “SEHZADE MOSQUE”, “PRINZENMOSCHEE” гэх хаяг бичээс байна. “Хан хүүгийн сүм” хэмээн орчуулагдах юм байна. Арван зургадугаар зууны үед Туркэд хаанчилж байсан Сулейман гэх алдартай хаан өөрийнх нь хүү Мехмед Унгартай дайтаад буцаж явахдаа 1542 онд амь эрсэдэхэд нь харамсан гашуудаж Мехмед хүүгийнхээ дурсгалд зориулж энэхүү сүмийг барих зарлиг гаргасан аж. Сүмийг таван жил барьж 1548 онд сүсэгтэн олонд нээсэн түүхтэй аж. Тэгээд л “Ханхүүгийн сүм” гэгдэх болж. Энэ цагаас хойш  таван зуу гаруй жил сүсэгтэн олонд нээлттэй байгаа юм байна энэхүү сүм.

Ер нь энгийн ийм сүмүүд нь өдөр шөнийн аль ч цагт нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байдаг бололтой юм. Жижүүр харуул ч байдаггүй юм шиг... үүрээр шахуу очиход үүд хаалга нь нээлттэй, хар цагаан хоёр муур л эндхийн эзэд нь бид байна гэсэн шиг үүд хавиар нь нааш цааш зөрөлдөн гүйлдэж байцгаасан даг. Сүм дотор эхэндээ ганц хоёрхон сүсэгтэн мөргөл залбирал үйлдэж сууцгаасан юм. Хагас цаг орчим тэр хавиар нь зураг бичлэг хийж эргэлдэж байтал арваад  мөргөлчин нэмж ирнэ лээ. “Аллах”-аасаа юм юм л гуйж хүсэж залбирдаг биз, нэг залуу сөхрөөд суучихсан гартаа барьсан номоо уншингаа мөргөж залбирч бөхөлзөөд байв. Бодвол шалгалт шүүлгээ амжилттай өгөхөд минь туслаач гэж “Аллах”-аасаа гуйж буй нь тэр юм болов уу гэхээр. “Ханхүүгийн сүм” нь хэмжээ дамжааны хувьд миний үзсэн нөгөө томуудаас дутахааргүй, гэхдээ энгийндүү юм билээ. Буудалдаа буцаж ирж цайлчихаад чемодан саваа бэлэн болгож байтал өчигдөр орой  бидэнд замчилж тусласан “Ахан дүүсийн холбоо”-ны гишүүн, “Ачаа карго, тээвэр зуучлалын төв”-ийн захирал Б.Батмөнхийн ярьж хэлсэн унаа “Рамада Гранд” буудалд маань хүрээд ирлээ. Ингээд л онгоцны буудал руу давхицгаав. Тэнд оччихоод жолооч залуугаас хэдэн лир төлөх вэ гэсэн чинь “Төлбөр тооцоо гэхгүй дээ, би ажил албаар энэ хооронд явж л байдаг юм, та хоёр татгалзахгүй бол энэ бага шиг ачааг миний дүүд аваачаад өгчих...” гээд улаан цэнхэр өнгийн гурван ширхэг пальто дайв. Мөн эхнэрийнх нь гэл үү, дүүгийнх ч гэв үү хугацааг нь сунгуулах болчихсон иргэний үнэмлэхийг ачаа авахаар ирэх дүү бүсгүйд маань бас өгчихөөрэй гэж хүссэн юм. Ийнхүү хэн хэндээ тус дэм болцгоохоор болов. Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг эдний компаний захирал Б.Батмөнх ч тал талын идэвх зүтгэлтэй нэгэн юм билээ. Нисэх буудалд ачаа бараагаа өгч гар суларчихаад цахим шуудангаа шалгахад Батмөнх замч маань миний асууж сонирхож байсан зарим сэдвүүдийг лавшруулаад өдий төдий мэдээлэл ирүүлчихсэн байв. Түүний цахим хаягт нь ч зураг хөрөгтэй олон талын мэдээлэл байна лээ. Хэдхэн сарын өмнө “Камертон” хамтлагийн Д.Болдын Истанбул болон ойр тойрны зарим хотод тоглосон концертын зохион байгуулалтад нь оролцсон бололтой зургууд байв. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Туркэд зохион байгуулсан “Монголын аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээний үеэр БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат болон тус яамны ажилтнуудтай Анкара, Истанбул хотод авахуулсан зохион байгуулагчийн үнэмлэх пайз зүүсэн түүний хэд хэдэн зураг цахимд байршчихсан байна лээ.

                                                              

 

                           

Ийнхүү эрхэлсэн ажил алба, бизнесээрээ өөрсдийгөө болон гэр орноо ая тухтай авч яваа, бас тэгээд энэ харь оронд амьдарч амьдарч буй нутаг нэгтнүүддээ хэрэг болохоор ажил үйлчилгээ эрхэлж буй  Б.Мөнхмаа, Б.Батмөнх, Д.Балжинням нарын олон залуустай энэ Истанбулд уулзсан маань надад таатай байв... Эд нөхөд нөгөө миний зорьж уулзах гэсэн “Дүнсгэр шаналан”-гийн гол баатар бүсгүйчүүл, бас залууст ч аль болохоор тус дэм болж явцгаадаг аж. Харь газар амьдрал ахуй нь доройтож ажил алба эрхлэх чадваргүй болж, унааны зардал мөнгөгүй болсон хэд хэдэн иргэнд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж нутаг руу нь явуулсан тухайгаа “Ахан дүүсийн холбоо”-ны Б.Мөнхмаа дарга ярьж байсныг би өмнөх тэмдэглэлдээ нэгэнтээ дурдсан даа. Истанбулд очоод уулзаж чадаагүй Д.Баясгалан хэмээх бүсгүйтэй нутагт ирсэн хойноо холбоо бариад амьдрал ахуйг нь асуучих санаатай түүний зээ дүү, “Дүнсгэр шаналан” нийтлэл бичсэн сэтгүүлч Э.Эрдэнэцэцэгтэй саяхандаа утсаар холбогдож Истанбул руу Баясаа эгчтэйгээ яриад, түүнтэй холбогдох зөвшөөрөл надад хүсээд өгөөч гэв. Хэд хоногийн дараа Эрка  “Нагац эгч маань сэтгүүлч энэ тэртэй яримааргүй байна” гээд татгалзаад байна гэв. Баясаа эгчийнх нь ахуй амьдрал дажгүй, боломжийн ажил төрөл эрхлээд давгүй яваа гэж зээ дүү нь ярьж байв. Саяхандаа цахимаа ухаж байтал Баясгалан бүсгүй чатад байж байх юм. Мэнд мэдээд хэдэн үг бичсэн чинь хариу бичиж байна. Тэрээр Турк айлд гэрийн үйлчлэгчээр ажиллаж буй гэнэ. Өглөө очоод орой тав зургаа хүртэл л ажилладаг аж. Сунаж унатлаа ажиллахаа больсон юм байх. Хэдэн жилийн өмнө үйлчилдэг айлдаа амьдарч хар бор бүх ажил хийж “зарцлагддаг” байсан бол одоо энэ айлдаа ажлын цагаар л ажиллаад цалингаа авдаг болж. Байр түрээслээд тусдаа амьдарч байгаа аж. Турк хэл ч бас боломжийн сурсан гэнэ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ...” гэдэгчлэн эрхэлсэн ажилдаа үнэнчээр зүтгэж хичээж ажиллавал Турк орон, Истанбул мэдээж “Зовлон шаналангийн далай” биш нь ойлгомжтой. Миний уулзаж ярилцахыг хүссэн Баясаа бүсгүйн хувьд нөгөө “Дүнсгэр шаналан” ч ашгүй алсарч оджээ. Нэг ч гэсэн бүсгүйн амьдрал ахуй ийн дээшилж, зовж шаналахгүй болж буй нь бас сайшаалтай. Түүний facebook-д энэ инээд баясгалантай дараахь зураг нь байна лээ. Истанбулд ажил алба эрхлээд аятай тухтай амьдарч буй залуус ч олширсон гэнэ. Баясаа бүсгүй ч надтай чатлахдаа энэ тухай өгүүлж байсан.

Нутаг нэгтнүүддээ тус дэм болдог “Ахан дүүсийн холбоо”, түүний идэвх зүтгэлтэй гишүүдийг ч энд магтмаар байна. Тэд харь газар ядарч зүдэрсэн нутаг нэгтнүүдээ “Дүнсгэр шаналан”-гаас нь гэтэлгэж “Гэрэл гэгээ” рүү гаргаж буй гэдэгт ч бас итгэмээр байна.

     Асууж сураглаад олоогүй Антальягийн оюутан охинтой Монголдоо уулзлаа. Туркийн аялалаас буцаж ирчихээд өмнөх тэмдэглэлдээ нэгэнтээ дурдсан Антальяд сурдаг монгол оюутны сураглаад нийтлэлдээ оруулчих санаатай хэсэг хөөцөлдсөн боловч амжилт олохгүй байсан юм. Харин энэ зун түүнийг оллоо. МҮОНРТ-ийн удирдлагын багт ажилладаг хуучны танил Ч.Батцэнгэлтэй тааралдаад Туркийн тухай яриа болж байсан чинь тэдний дэд дарга хатагтай Р.Гандиймаа Анкара, Анталья хотын аль нэг дээд сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж төгссөн тухай мэдээлэл сонсов. Антальягийн сэтгүүлч охиныг мэддэг таньдаг байж магад гээд утсыг нь Батцэнгэлээс авч түүнтэй холбогдлоо. Гандиймаа сэтгүүлч олон жилийн өмнө тэнд суралцаж төгссөн болохоор сүүлийн үеийн оюутнуудыг мэдэхгүй гэж байв. Гэсэн хэдий ч сураглаж өгье гэсэн юм. Тэгээд л удаж төдөлгүй сураг гаргаж өгснөөр нь би нөгөө Антальяагийн оюутаныг оллоо. Намхайн Бямбагарав хэмээх тэр охин Антальягийн Олон Улсын Их сургуулийг хоёр жилийн өмнө сэтгүүлчийн мэргэжлээр төгсөөд нутагтаа ирж аялал жуулчлалын “Тэрэлж” компани, “Шангри Ла” зочид буудалд ажиллаж байгаад саяхнаас ном хэвлэлийн нэгэн компанид номын дизайн чимэглэлийн алба ажил эрхэлж буй юм байна.

 

  Н.Бямбагаравтай ажил дээр нь уулзаж ярилцав.

Тэрээр Антальяд байхдаа аялал жуулчлалын “Ориг Трэйвэл” компанийн шугамаар монголоос очсон жуулчдад хөтөч хийдэг байсан гэнэ. Нийтлэлийнхээ эхэнд би энэ компаний тухай бас бичиж байсан. Туркийн хэд хэдэн хот руу жуулчин илгээдэг, бас Антальяг монголын жуулчдад илүү их танил болгосон, тэгээд ч жуулчны улиралд монголчуудаа захиалгат шууд нислэгээр явуулдаг байсан гээд аялал жуулчлалын үйлчилгээ сайтай компани юм билээ. Бямбаа бүсгүй ч тэр компанийн талаар ам сайтай байв. Ковид цар тахлын хөл хорио болоогүй бол “Ориг Трэйвел” компаний төлөөлөгчөөр, хөтөч орчуулагчаар ч юм уу Анталья хотод ажиллах боломж бас яригдаж байсан гэнэ. Тэрээр их сургуулиа төгсөх сүүлийн хоёр жил гаруй хугацаанд тус компаний төлөөлөгч болж монголоос ирсэн жуулчдад хөтөч орчуулагч хийж дадлагажиж туршлагажаад байсан болохоор тийм санал яригдаж байж. Ер нь Анталья хот, тэндэхийн түүхт дурсгалт газрууд, музей үзвэр, тэр орчны байгаль, далай тэнгис манайхны жуулчдад маш их таалагддаг байсан гэнэ. Аялал жуулчлалын үйлчилгээнд нь ч манайхан сэтгэл хангалуун байдаг байжээ. Таван жил тэнд амьдарсан оюутан бүсгүй , тав гурав хоног тэнд аяласан миний бие ч Анталья хотын тухайд эерэг сайхан сэтгэгдэлтэй байсан юм. Энэ тухайгаа би өмнөх нийтлэлдээ бичсэн гэдгээ Бямбаа бүсгүйд хэлж ярьж суув. Антальяд далайн эрэгт уулзаж танилцсан тэдний сургуулийн оюутнуудын зургийг үзүүлэхэд тэрээр тажик охиныг нь илүүтэй танина, нэрийг нь Лэйла Алтиева гэдэг  юм гээд танд би цахим зурвасаар өмнө нь мэдээлэл өгч байсан даа гэж байв. Н.Бямбагарав охин Замын үүдэд арван жилээ дүүргээд Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаант шалгалтад орж  Антальяд ирж суралцсан аж. Хэдэн жил суралцах хугацаандаа Анталья хот, орчин тойрных нь түүхт газрууд, үзэсгэлэнт байгалийг хангалттай үзэж таашаал авч явж. “Ориг Трэйвэл” компанийн шугамаар ирсэн нутаг нэгт жуулчиддаа хөтөч орчуулагчаар ажиллахдаа бүр ч олон газраар явж Турк орон, Анталья хот, ойр тойрных нь гайхамшигт байгальтай танилцаж, төв азиас энд нүүн суурьшсан хөх Түрэгүүдийн өнө эртний түүхийг жуулчдадаа таниулж тайлбарлаж явсан гэнэ.

       

  

                 Н.Бямбагарав хөтөч монголын жуулчидтайгаа Анталья хот, түүний орчин тойрноор

      Анкарад тааралдсан Афганы хазара багштай ч бас чатлаад авав. Туркийн анхны Ерөнхийлөгч Ататурк Мустафа Кемалийн музей, бунхан үзэж явахдаа Анкарад амьдарч буй Афган залуутай тааралдаж танилцсан тухайгаа энэхүү цуврал тэмдэглэлийнхээ эхэнд нэгэнтээ дурдан бичсэн дээ. Ататурк Ерөнхийлөгчийн унадаг машины дэргэд түүнийг гуйж зургаа авахуулахдаа хэд гурван үг сольсон юм. Тэрээр Афганистанаас дүрвэж ирсэн Имамел Хусейн гэх хазара үндэстэн залуу байв. Тэр эхнэр, хадам ээж, хүүхдүүдтэйгээ олуул явж байсан болохоор тавтай ярилцах боломж ч тэгэхэд байсангүй. Туркийн нэг бага шиг компанид ажилладаг, сурагчдад англи хэл заадаг гэж ярьж байсан төдийг сонсоод л цахим хаягаа солилцож дараа харилцахаар болоод бид салсан юм. Афганистан  өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэг болсон хэвээр буй. Нутагтаа ирсэнээсээ нилээд хойно Анкарад тааралдаж танилцсан Имамел Хусейнтай цахимаар ийн харилцав.

-Туркэд Та ирээд удаж байна уу

-Турк улсын нийслэл Анкарад 2016 оны 12 дугаар сард ирсэн. 

-Гэр бүлтэйгээ ирсэн үү?

-Тийм ээ, гэр бүлтэйгээ.

-Ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй вэ?

- Нутагтаа би дээд сургууль төгссөн, банк санхүүгийн магистрийн зэрэгтэй, сүүлийн 15 жил санхүү, нягтлангийн чиглэлээр ажиллаж байна. Бас Турк хүүхдүүдэд англи хэл заадаг.

-Афганистан руу явдаг уу? Тийм бол сүүлд хэзээ явсан бэ?

-2016 онд ирснээс хойш яваагүй. Туркт дүрвэгчээр ирсэн, одоо дүрвэгчийн статустай амьдарч байна.

- Нутагтаа танай ойрын хамаатнууд амьдардаг уу? Тэдэнтэйгээ Та нар ямар холбоотой байдаг вэ? Чиний болон гэр бүлийн чинь амьдрал Афганистанд ер нь ямар байсан бэ?

-Афганчууд сүүлийн 50 жил тэнүүлч хэлбэрээр амьдарч байна. Мэдээж манай хамаатнууд Афганистанд байдаг, гэхдээ ихэнх нь дайн самуунаас болоод эх орноосоо өөр газар дүрвэж амьдарч байна.

-НҮБ-ийн энхийг сахиулагчид Афганистанаас гарч байна. Америкийн Ерөнхийлөгч Жо Байден бас оны сүүлээр танай орноос цэргээ татан гаргах тухайгаа зарлалаа. Танай улсын амьдрал байдал ямар болно гэж Та төсөөлж байна вэ?

-Яг тодорхой хэлэхэд хэцүү байна. Гэхдээ Афганистанд иргэний дайн эргээд гарах нь тодорхой байх. Талибанчууд өөрчлөгдөөгүй, гэмгүй хүмүүсийг алах нь үргэлжилсээр байна. Үүний дотор хазарачуудыг мөн онилж хядаж байгаа. Хэрэв та судалж үзвэл сүүлийн найман жилд хэдэн зуун мянган хазара хүмүүсийг алсан тухай баримт байгаа. Тэд хазарачуудыг нэг хотоос нөгөө хот руу хуримлахаар явах үед нь харгислаж алсан байдаг. Спортын комплекст, их сургуульд, эмнэлэгт (дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг хүртэл) залуусыг олноор нь алсан. Вебсайтаас та дэлгэрэнгүй мэдээлэл олж үзэх боломжтой. Хазарачуудын геноцидыг зогсоохоор маш олон улс орнууд тэмцэж байгаа тухай мэдээлэл сайтуудад гарч байгаа.

- Манай монголын цэргүүд НҮБ-ын шугамаар энхийг сахиулахаар Афганистанд байгаа. Та сонссон уу? Та Хазара хүний хувьд Монгол болон Хазара үндэстний угшилын талаар аль хэр мэдэх вэ?

-Би Монгол цэргүүд Афганистанд байгаа талаар мэдээгүй. Хэрвээ биднийг  уг гарлаар нь хөөж үзвэл холбоотой байдаг, манай хэлний хувьд зарим үгүүд Монгол, Турк, Узбек хэлний үгүүдтэй маш ойролцоо, дуудлага нь төстэй байх юм билээ. Хазара хүмүүсийн түүхийг үзвэл тухайн газар нутагтаа Чингис хааны цэрэг дайчид ирэхээс өмнө амьдарч байсан хүмүүс байдаг. Үүний баталгаа нь Буддагийн хөшөө юм. Одоогийн Афганистаны газар нутгийн уугуул үндэстнүүд нь Хазарачууд, Туркмен, Узбекууд юм.

Имамел Хусейн, түүний гэр бүлийнхэнтэй Ататурк Мустафа Кемалийн бунхны өмнө 2019 он.

МУСГЗ Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?