Г. ХАНДМАА: ХАНЬ МИНЬ ЦАС БОЛЖ ЭРГЭЖ ИРНЭ ГЭЖ ХЭЛДЭГ БАЙСАН

2021-12-01  

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн амьдарч байсан од мэт цагаан байшинд нь энэ зун очсон юм. Дорнодын Эрээнцавд гэсэн үг шүү дээ. Уг нь засаг эахиргааны нэгж нь Чулуунхороот сум. Эрээнцав бол уг сумын дэргэд байх төмөр замын жижигхэн өртөө. Гэтэл энэ буйдхан өртөөг Монгол даяар андахаа байжээ. "Эрээнцавд бороо орох сайхан" гэж бичсэн эвдрээгүй найрагч Д.Нямсүрэн энэ л ажин түжин суурингаа яруу найргийн суурин болгосон юм. Ингээд зогсохгүй Монгол даяар алдаршуулсан юм. Ямар сайндаа Чулуунхороот сумын Засаг дарга нь нийслэлд ирээд Д.Нямсүрэн найрагчийн нэрээр албаны олон ажлаа амжуулж байх вэ дээ. Энэ тухайгаа Эрээнцавдаа очоод өөрт нь хэлж байсан гэдэг. Найрагчийнд очиход гэргий Г.Хандмаа нь хүүхдүүд, ач зээ нартайгаа бужигнаж, олон хүүхэдтэй айл ямар байдаг билээ, тийм л эгэлхэн дүр төрхөөр угтсан юм. Цай, хоол хийе гээд л хөл алдах. Бид аян замын жолоо эвхэх газар хол тул удаан тухлах зав хомс гэдгээ хэлж, Д.Нямсүрэн найрагчийн бичгийн өрөөнд орж хүндэтгэл үзүүлээд мордсон билээ. Тэнгэрт халихынхаа өмнө бичгийн өрөөгөө ямар байдалтай орхисон тэр бүхэн нь яг л хэвээрээ гэнэ. Шүлгээ бичдэг ширээ нь, түшлэгтэй сандал дээрээ тохсон хурганы арьс нь, бурхан тахил, ном судар, бичгийн машин нь, Алтан овооных ньзураг, А.С.Пушкины хөрөг, Дарьгангынх нь алтан харгана, алаг судалтай өөхөн чулуу, сонирхон цуглуулдаг байсан их буу, пулемётны хонгио, том жижиг монгол цоожнууд нь, яруу найрагч найз нөхөд, дүү нартайгаа авахуулсан олон зураг нь яг л тэр нэгэн өдөр орхиод гарсан тэр л янзаараа. Харин энэ өрөөнд сүүлд нэмэгдсэн зүйл гэвэл өнгөрсөн өвөл хэвлэгдсэн найрагчийн гурван боть ном нь хоёр жилийн өмнө Эрээнцавын дунд сургуулийн өмнө сүндэрлэсэн хөшөөнийх нь зураг л байна. Ийнхүү Д.Нямсүрэн найрагчийн бичгийн өрөөнд хэсэгхэн саатаж, гэргийнх нь гарын цайг уугаад мордов. Г.Хандмаа эгч, 'Удахгүй хот орно, тэр үед тухтай уулзъя" гэсээр үдсэн юм. Хэд хоногийн өмнө түүн рүү утас цохивол хотод ирээд нэлээд хэд хонолоо гэж байна. Отгон охиныхоо хүүхдийг харахаар иржээ. Хотод өвөлжих бололтой гэнэ. Тэгээд энд идээших нь үү гэсэнд "За, ер нь нэг их удаан баймааргүй л байна. Хөдөө олон жил болсон болохоор хотод дасахгүй юм шигээ"гээд инээж байна. Ингээд бид бямба гаригийн өглөө уулзахаар цаг товлолоо. Тэрээр "Явуухулан гуайн хөшөөг үзье гэж бодоод байгаа юм. Их сайхан хөшөө болсон байна лээ. Зурагтаар гарч байхыг нь харлаа" гэсээр уулзав. Бидний яриа ийнхүү Явуугийн цэцэрлэгт өрнөлөө.


-"Хандмаагаас ирсэн захиа, Хөх нуурын шүлгүүд минь цас болно" гэж Д.Нямсүрэн ахын нэгэн шүлэгт бий. Д.Нямсүрэн ах сайхан захиа бичдэг байсан гэдэг. Та бол тийм сайхан нандин, торгомсог үгтэй захидал хамгийн олныг авсан байх даа?
-Зөндөө захиа авч байсан даа. Бүгдийг нь хадгалж байдаг. Харин тоолж үзээгүй юм байна шүү.
-Танд хэзээнээс захиа бичиж эхэлсэн бэ?
-Цэрэгт очоод бичиж эхэлсэн. Би тэгэхэд есдүгээр ангид байсан. Их захиа бичсэн дээ. Ихэнхдээ захиагаа шүлэглэж бичнэ. Мартын найман зэрэг баярын үеэр их гоё үгтэй захиа. Ирдэг байсан.
-Д.Нямсүрэн ах Дарьгангын сургуульд багшилж байсан гэдэг байх аа?
-Дарьгангын сургуульд багшилж байсан. Тэгээд Эрдэнэцагаан суманд ажиллаж байгаад тэндээсээ цэрэгт явсан юм. Намайг долоо, наймдугаар ангид байхад юм уу даа.
-Таныг дунд сургуулийн жаахан охин байхад олж хараад олон жил хүлээж байж гэргийгээ болгосон гээд л нандин гэгээн дурсамж бий дээ?
-Би Наран суманд бага сургууль дүүргээд Дарьгангад дунд сургуулиа төгссөн. Орост дөрвөн жил суралцсан. Төгсөөд ирэхэд манай хүн, хадам аав хоёр намайг хүлээж авах бэлтгэлээ хийчихсэн, идээ будаа зэхээд хүлээж байсандаа.
-Эрээнцавд анх гал голомтоо бадраасан уу?
-Үгүй. Дорнодоос Эрээнцав орох замд Хавирга өртөө гэж бий. Тэнд манай хүн, хадам хоёр намайг угтаж авсан. Ингээд л Хавирга өртөөнд анх гал голомтоо асаасан.
-Тэр үед Д.Нямсүрэн ах төмөр замд ажилд орчихсон байсан уу?
-Аав, дүү хоёртойгоо цуг байдаг байсан. Төмөр замд ажилд орчихсон байсан.
-Та хэдэн онд төгсч ирсэн хэрэг вэ?
-1976 оны хавар гуравдугаар сард юм уу даа.
-Дөнгөж төгсч ирээд Данзангийн гэдэг айлын бэр болоход ямар санагдаж байв?
-Оюутны ширээний араас дөнгөж ирсэн хүн байсан. Тухайн үед их л хүндтэй угтуулж байсан санагддаг.
-Орост  ямар   мэргэжлээр суралцсан бэ?

-Оёдлын инженер мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсч Дорнодын төвд хуваарилагдаж очоод Нийтийн ахуй үйлчилгээнд ажилласан. Манай хүн Хавирга өртөөнөөсөө шилжиж аймгийн төвд ажилд орно гэж нэг хэсэг будилж явсан. Төмөр замаас гараад номын худалдааны газар ажилласан. Тэгсэн гурван өдрийн турш том скпад дүүрэн ном тоолоод бие нь дийлэхгүй хэвтээд өгсөн. Ингээд больё гээд цаг уурын шинжилгээний газарт ажилд орсон. Хэрлэн голоор өглөө эрт завьтай явж усны түвшний хэмжилт хийдэг байсан. Усны харуул гэсэн үг л дээ. Тэгж явахад их гоё байдаг гэж ярьдагсан. Ус цаг уурт удаан ажиллаагүй ээ. Тэгээд аймгийн төвд ер нь болохгүй юм байна, хөдөө очиж ажиллая гээд 1976 оны арванхоёрдугаар сард би жирэмсний амралтаа аваад Эрээнцавд нүүж очсон. Тэндээ 40-өөд жил болж байна. Бараг л Эрээнцавын улс болж дээ.
-Д.Нямсүрэн ахын аав Данзан гуай лам хүн байсан гэдэг биз?
-Нутгийн сүмдээ сууж байсан лам хүн байсан. Нэлээд уншлагатай. Юм үзнэ. Хүүхэд халуурахад барихад аргалчихдаг л байсан. Манай том ах айл гэр болоод удаагүй, хүүхэд нь хүн хар гэрт нь ороход хөлсөөд дандаа уйлдаг байв. Тэрийг манай хадам хөгшин аргална. Ном уншаад л зүгээр болгодог байсан. Уншдаг байсан номууд нь одоо ч манайд байгаа. Өвгөний бичгийн өрөөнд залаатай байсан даа, та нар очихдоо анзаарсан уу.
-Ханийнхаа захидлуудаар ном гаргах гэж байгаа гэл үү?
-Харилцаж байсан захидлуудаараа өөрөө ном бэлдээд тавьчихсан байсан. Манай хүн ер нь тэр болгоноо ил гаргаад байдаггүй. Гол зүйлээ л тэр номдоо оруулсан байна лээ. Зарим захиа нь эх хувиасаа арай өөр болсон байсан. Нэгийг бодож тэгээ биз дээ. Тэр номыг нь ойрын үед гаргая гэсэн бодол алга. Тэгж байгаад гаргах байлгүй дээ.
-Д.Нямсүрэн ах танд анх сэтгэлээ яаж илэрхийлж байв?
-Захидлаар л илэрхийлсэн дээ. Тэр үед захидал бичдэг байлаа.
-Анхны үрийн зулай унэрлээд мэдээж их баярлаж байсан байх. Тэр үедээ шүлэг бичиж байсан уу?
-Том охиндоо зориулсан шүлэг бий. Охиноо төрөхөд манай хүн өлгийг нь оёж байсан. Их хөгтэй. Уг нь манай хадам ахын эхнэр хүүхдийн өлгий оёж өгөх байсан юм. Тэгээд зав зай болохгүй, жаахан хүлээлгээд байсан юм уу даа. Тэгэхээр нь манай өвгөн өөрөө оёхоор болж. Дээр үеийн орос хөвөн их зузаан байдаг шүү дээ.  Тийм хөвөнг хуулж нимгэлж мэдэхгүй зузаан хэвээр нь улаан эрээн даавуунд хавчуулаад л өлгий оёчихсон байсан. Сүүлд тар өлгийг нь хараад яаж тийм зузаан хөвөнг оёдлын машинаар оёсон юм гэж бодсон шүү. Охин маань арван хоёрдугаар сарын эхээр төрсөн. Яг төрөх үед нь солонго татаад их гоё байсан гэж манай хүн ярьдаг байсан. Тэгээд Цасантуяа гэж нэр өгснийг нь боож авсан ээж нь сольж Цасанчимэг болгосон юм.

-Яруу найрагчид их зөнтэй хүмүүс. Д.Нямсүрэн ахын хувьд ч шүлэгт нь тийм зөн совинлог мөрүүд олон бий. Та ханийнх нь хуньд илүү сайн мэдэх байх даа?

-Бид хоёр 2000 оны үед хотод цуг ирсэн юм. Том хүү эмнэлэгт хэвтээд. Тэгээд хоёул Сүхбаатарын талбай дундуур гараад зүүн тийш явж байсан чинь манай хүн гэнэт "Хоёулаа зургаа авахуулъя" гэсэн. Нэг зөн совин байсан л байх. Даанч би "Яах юм" гээд авахуулаагүй. Сүүлд бодож байхад тэр үед хамт зургаа авахуулдаг байж гэж харамсдаг юм. Хүүхдүүд оюутан болоод хотод сурч байхад манай хүн "За охин минь яаж байна" гээд дөрвөн шагай хаячихдаг байсан. Тэгээд тийм байна, ийм байна гэнэ. Том охиноо амралтаар ирж байхад нь нэг мэргэлээд.  "Ирэх нь ч ирэх юм байна. Галт тэргэнд байна" гэв. Тэгснээ дахиад нэг юм үзье гээд мэргэлсэн. Юу мэргэлсэн юм гэсэн чинь "За за, хоосон юм байна" л гэж байна. Тэгсэн охиноо өөртөө ганц шил юм авчирч байна уу, үгүй юу гэж мэргэлсэн юм байж. Тэгээд удалгүй охин маань ч ирсэн. Аавдаа юм авчирсан уу гэсэн хоосон байсан. Тэрнээс хойш охид маань аавдаа дандаа юм авчирдаг болсон. Хүүхдүүд болохоор аавыгаа горьдоно гэж санаанд ордоггүй юм байна л даа.
-Шүлгээ ямар үед бичдэг байв. "Шүлэг бичиж байхад хаалга онголзуулж болохгүй, шүлэг гэдэг шувуу уүдээр гараад нисчихнэ" гэж "Сэтгэлийн байгаль"-даа бичсэн байдаг даа?
-Заримдаа үе үе шөнө босоод юм тэмдэглэж байдаг байсан. Гэнэт суугаад л бичдэг. Нэг бичихээрээ хоёр гурван өдөр сууна. Долоо хоног ч сууна. Ажилтай байхдаа шөнө голдуу ээлжид гарна. Тийм үедээ бол орон гаран, босон суун бичдэг байсан байх. Гэртээ байхдаа амандаа нэг юм үглээд л, өрөөн дотуураа холхиод л байна шүү дээ. Нэг шүлгээ олон дахин засч бичдэг байсан байх гэж боддог.
-Шинэ шүлэг бичээд танд уншиж өгөх үү?
-Би нэг ийм шүлэг бичлээ гээд уншина аа. Би заримдаа тэрийг нь тэгмээр юм байна гэж хэлнэ. Гэхдээ нарийн юм хэлж мэдэхгүй. Зарим шүлгээ миний хэлснээр зассан л байдаг юм.
-Үйсэн дээр шулэг бичдэг байсан гэсэн. Тийм шүлэг хэр олон байна вэ?
-Үйсэн дээр бичсэн шүлэг нэлээд байгаа. "Амитаба" шүлгийнхээ дөрвөн мөрийг үйсэн дээр бичсэн нь одоо бичгийн өрөөнд нь өлгөөтэй байгаа. Манайх хус их түлдэг. Хусны үйс ховхолж аваад л дээр нь дөрвөн мөртүүд бичсэн байдаг юм. Номонд орсон шүлэг нь ч бий, ороогүй ч байгаа л байх.
-Номд нь ороогүй, хэвлэгдээгүй шүлгүүд танд байна уу?

-Хүмүүстэй уулзахдаа дөрвөн мөрт бичээд өгдөг байсан гэсэн.
-Өөр юу сонирхдог байв?
-Романтик ном их уншина. Бас Ж. Чейзийн цувралуудыг бараг бүгдийг нь уншсан шүү. Адал явдалт зохиол сонирхдог байсан шиг байгаа юм. Нэг үе видео кино их гардаг байлаа. Тэр үед манай хүн кино их үзсэн. Орой болонгуут нэг айлд ч юм уу цуглаад л кино үзнэ шүү дээ. Манай хүн гэрийн ажилд их сайн. Сайхан хоол хийнэ. Хүүхдүүд ээжийн хоол амт муутай, аааын хоол гоё гэдэг юм. Тэгэхээр хоол сайн хийдэг байсан байгаа биэ. Мөн гэрийнхээ тавилгыг байсхийгээд л ийш тийш нь өөрчлөөд солиод тавьчихна. Үхрийнхээ саравчийг мөн байн байн засч өөрчилж барина шүү дээ.
-"Эрээнцавд бороо орох сайхан, Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан" гээд л. Цас, бороо зэрэг байгалийн үзэгдэлд их мэдрэмтгий байсан байх гэж санадаг?
-Энэ тэрийг их ажиглаж явдаг байсан. Өртөөний жижүүр хийж байхдаа өглөө эрт ээлжид гарна. Тэгээд л бороо яаж орж байна, өвс яаж хөдөлж байна гэдгийг харж ажиглаж явсан байх. Түүнийгээ шүлэгтээ тусгадаг байсан болов уу.
-Дарьгангаас олон сайхан найрагч төрөн гарсан. Д.Гомбожав, Д.Шагдарсүрэн гэдэг тэр агуу найрагчдын араас Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Г. Мэнд-Ооёо гэдэг гурван найрагчийн нэр марал од шиг холбоотой бичигддэг дээ. Та бол найрагчийн гэргийн хувиар тэр сайхан хүмүүстэй ойр дотно явсан биз?
-Намайг Дарьгангын сургуулийн тавдугаар ангид байхад Г.Мэнд-Ооёо долдугаар ангид, О.Дашбалбар надаас хоёр ангийн доор байсан. Эднийг хараад байхад зан төрх нь их адилхан. Омголон, амархан баярлаж, амархан гомдоно. Ялангуяа О Дашбалбар манай хүнтэй их төстэй зантай шүү. Балбар их авьяастай. Сургуульд байхын л шүлэг их уншдаг хүүхэд байсан. Сүүлд хойно Омскт сурсан. Би тэр үед бас хойно сурч байлаа. Гадаадад сурдаг оюутнуудыг нэг машинаар сум руу хүргэдэг байпаа. Нэг удаа амралтаараа Дарьганга руу О.Дашбалбартай цуг явсан юм. Тэгэхэд мань хүн замын турш шүлэг уншаад л. Бүр сүүлд хотод гэрт нь ирээд байхад О.Дашбалбар "Би оюутан байхдаа Дарьганга явах замд танд олон сайхан шүлэг уншиж өгсөн дөө. Тэрийг санадаг уу" гэж асууж байсан.


Эх сурвалж: СОНИНБАЯР Г.(  “Г.ХАНДМАА: ХАНЬ МИНЬ НАДАД АНХ ШҮЛЭГЛЭСЭН ЗАХИА БИЧИЖ СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙСАН”// ҮНДЭСНИЙ ШУУДАН.-2011 оны  есдүгээр сарын 30, №226.)

Д.Нямсүрэн : Би цас болно

Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно... 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ариунаа:гайхалтай 2025-04-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?