АЙРАГТАЙ, АДУУТАЙ, ДУУ ХУУРТАЙ ДУНДГОВЬ НУТГААР... (Цуврал 1)

2021-12-01  

Дэлхийг хамарсан ковид гээч энэ цар тахлаас болоод сүүлийн хоёр жил хаа сайгүй хөл хөдөлгөөн хумигдмал байна. Уг нь бид найз нөхөд, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамтаар хөдөө гадаагүй их явдаг байв. Хилийн чанадад ч, нутаг орноороо ч олонтоо аяласан даа. Энэ тухай нийтлэл тэмдэглэл ч олныг бичсэн дээ. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд л “Өнөө жил хаашаа явцгаах вэ?” гэх яриа хөөрөө бидний дунд ёс юм шиг өрнөдөгсөн. Цар тахалтай хэдий ч өнөө жил тэр яриа бас өрнөв. Зарим нь Хэнтийн Дадал, Биндэрээр аялаад  “Гурван нуур”-т очиж амарцгаая гэж байв. Галт тэргээр “Сайхны хөтөл” орж буучихаад Сэлэнгэ мөрнөөр загасчилангаа тэр хавиар аялацгаая гэх санал ч гарч байлаа... Бид хэд “бурхан тэнгэр” биш махан бодийн хүн л юм болсон хойно зарим нь ковидлов. Зуны сар ч дуусаж намартаа золголоо. Идэвхтэй зарим маань дадаж заншсанаараа аялалд уриалсаар л... Дундговь явж “Их, Бага газрын чулуу”, “Сүм хөх бүрд”-ийг  үзээд ирцгээх саналыг багийн хоёр ч гишүүн гаргалаа. Олон түмэнд ТВ-9, Коментатор телевизийн хэмээн нэршсэн Цэндийн Энхбат маань Дундговь аймгийн Засаг даргаар сүүлийн хэдэн жил ажилласан С.Од-Эрдэнэтэй дотно харилцаатай нэгэн юм. Тэр найз нь одоо тус аймгийн Иргэдийн Хурлын даргын алба эрхэлж буй гэсэн. Түүнийг нь ч бид мэдэх юм. Ц.Энхбат маань дарга найзтайгаа бидний  маршрутыг ярьж зөвлөлдөөд аялалаа аятай тухтай болгоход анхаарах юм болов. Багийн бас нэг тэргүүлэх гишүүн , Барилгын “Заг” компанийн Ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар С.Од-Эрдэнэ даргатай ажил төрөл, андлалын муугүй харилцаатай гэдгээ ч бас хэлж байв. Тэгээд л бид Дундговь руу зам шулуудаж манайхны дөрвөн гэр бүл намрын дунд сарын сүүлээр замд гарах өдөр хоногоо товлоцгоов. Яг явахын урдхантай нөгөө Дундговийн аялалыг санаачлагч нэг нь “Завхан явах яаралтай ажил гарлаа...” гээд энэ аялалаас татгалзчихлаа. Ярьж тохирчихоод эцэст нь энэ мэтээр сугарч үлдэх нь Энхбат андын хувьд “Гэм биш зан” болоод буй болохоор би дургүйцэж Дундговийн аялалыг цуцлах санал тавив. “Орон нутаг руу хүмүүстэй яриад яв цав тохирчихоод байхад...” гээд Нэмэхээ анд биднийгээ ятгасаар байх. Нөхрийн зүтгэл сэтгэлийг хүндэтгэснийх “Хамба” хэмээн биднийхээ дунд нэршсэн П.Мөнхчулуун андыг оролцуулаад манайхны гурван гэр бүл гурван машинтай Дундговийн аялалд зам шулуудан гарцгаав. “Бага газрын чулуу” үзчихээд “Сүм хөх бүрд” орж хоноод маргааш нь Өлзийт сумын зүг давхиж “Говь Караван Серай” гэх шинээр барьсан жуулчны баазад хоноглож тэндхийн нэгэн гайхамшиг болох “Цагаан суврага” үзчихээд Гурвансайхан сум руу давхиж “Их газрын чулуу” үзэх, тэндээсээ хэл ам, хэрүүл уруул мандуулсан нөгөө алдарт “Салхитын мөнгөний орд”-ыг үзэж сонирхохоор нийт дөрөв хоногийн аялал төлөвлөцгөөсөн юм. 

 “Бага газрын чулуу”.

Толийсон сайхан цардмалаар хоёр зуугаад км  давхиад Дундговийн Дэлгэрцогт сум оров. Эндээсээ шороон замаар дөч орчим км давхиад “Бага газрын чулуу” орох юм. Эргэн тойрон нь тэгшхэн ногоон талаар хүрээлэгдсэн 300-аад км хавтгай дөрвөлжин талбайтай хүрэн боржин хад чулуун бүсийг л “Бага газарын чулуу” хэмээн нэршүүлсэн юм билээ. Үүнийг бичиг миний бие гучаад жилийн өмнө Ардын хянан шалгах байгууллагад ажиллаж байхдаа Зөвлөлтийн Ардын хянан шалгахын нэгдүгээр орлогч дарга В.Шитов тэргүүтэй төлөөлөгчдийг говийн тэмээчин айлын амьдралтай танилцуулах, мөн өнөөдрийн бидний зорьж буй “Бага газрын чулуу”-г үзүүлэхээр явж байснаа нөхдүүдэд дурсан ярьж явав. Тэр үед өнөөгийн бидний хурдлан давхиж буй цардмал зам ч байсангүй. Шороон замаар л тэр үеийн хамгийн сайн унаа болох УАЗ-469 хөлөглөн давхицгааж байв. Зөвлөлтийн том даргын тав тухыг бодоод манай хорооны дарга хотод унадаг Волга Газ-24 машиндаа тэр даргатай хамт суусан юм. Энхэл донхолтой шороон замаар зургаан цаг шахам давхин байж бид Дэлгэрцогт сумын төвд ирж байсан санагдана. Өнөөдөр Нэмэхээ захирлын шинэхэн Дефендэр жип, Мөнхчулууны Форд транзит, миний Тоёото энэ замыг хоёр цаг гаруйхан давхиж туулав. Улс орон маань хөгжиж буйн нэг илэрхийлэл юм даа энэ цардмал зам. Бид хэдийн унаа машиныг ч улс орны хөгжил дэвшилтэй бас холбож болохоор. Гучин хэдэн жилийн өмнөх байдлыг өнөөтэй харьцуулахад иймэрхүү бодол эргэцүүлэл төрж байх... Нийслэлээс үд хүргэж гарсан бид хэд нар нилээд дээр байхад “Бага газрын чулуу”-ндаа хүрээд ирэв. Газар орон сайн мэдэхээрээ, бас унаа машины хүч чадал, давхил сайтайгаараа Нэмэхээ найз хаа ч явсан багаа тэргүүлж манлайд нь явдаг юм. Энэ удаа ч тэрээр тэр л зан заншлаа баримтлав. Тавгийн идээ өрсөн мэт тэвхийлдэх хүрэн бор хад чулуудын хажууг хөвөөлдөж өгссөн хоёр гурван замын нэгээр ахлагч маань биднийгээ дагуулан давхисаар нэгэн өндөрлөгт гараад ирлээ. Зам ч тэнд хүрээд мухардаж. Бүгд л машинаасаа бууж ямар гээч газар хүрээд ирснээ мэдэхээр эргэн тойрноо харуулдацгаав. Гурав дөрөв алхахад л хадан хавцлын ирмэг байх. Эвгүй гишгэхэд л хавцлын ангал руу нисчихээр аймшигтай юм. Эрчүүд бид хэрэгт дурлан доош өнгийхэд эхнэрүүд сандралдан араас хашгирцгааж байх. Өндөрлөгт гараад ирсэн бидэнд эргэн тойрон их л тод. Дээр дээрээс нь үелэн өрсөн юм шиг том том хүрэн боржингууд нэг нэгэндээ сундалдсаар тэртээ рүү алсарч байв. Бидний зогсож буй энэ газар нь “Бага газар”-ынхаа ноён оргил нь болох “Тахилгын хавцал” аж. Далайн түвшнээс 1768 метр өндөрт оршдог гэх мэдээлэл байв. Гучаад жилийн өмнө миний бие Зөвлөлтийн өндөр албаны төлөөлөгчдөд үйлчилж явахдаа энэ “Тахилгын хавцал”-ын доохонтой буудаллаж цай цүү, идээ будаа болж, энэ хавцлаар өгсөж, хавь ойрынх нь үзэсгэлэнт тогтоц, булаг шанд, өвс ургамлынх нь тухай Зөвлөлтийн төлөөлөгчдөд таниулж тайлбарлаж явсан юм. Миний “таниулах ч” гэж юу байхав, Аймгийн АДХГЗ-ны дарга Бат-Очир, Хянан шалгах хорооны дарга М.Хонгор хоёрын ярьж хэлснийг л төлөөлөгч нөхдөд чадан ядан орчуулж явсан хэрэг. Газар орноо нэвт сайн мэддэг аймгийн удирдлагуудтай явсан болохоор төлөөлөгч нөхөд эндээс холгүй орших “Сөдөтийн ам” хэмээх улиасан шугуйгаар орж “Жаргалантын агуй”-руу өнгийж, бас “Нүдний рашаан” дээр очсон юм. Хавтгай том боржин чулууны яг голд өрөмдсөн юм шиг тохой хэртэй гүн нүхний амсраар доошоо шагайхад доохонтой нь ус урсаж байсан юм. Нүхний голч нь шүдэнзний хайрцагнаас яльгүй том, тэнд нь утсаар оосорлосон жижигхэн аяга байсан. Түүгээр утган авч нүдээ шавшдаг юм билээ. Нутгийнхан эрт дээр үеэс л нүдний аливаа эмгэгийг энэ рашаан ус илааршуулдаг гэж шүтэж иржээ. Аймгийн хоёр даргын зааж зааварласнаар манай төлөөлөгчид ч, дагалдсан бид ч тэр рашаан усаар нүдээ шавшицгааж байсан юмдаг. Жаргалантын агуйн хувьд талыг нь босоогоор, талыг нь мөлхөж туулдаг хорь шахам метрийн урттай гэж аймгийн хоёр дарга төлөөлөгчдөд тайлбарлаж төлөөлөгчдийн арай залуу хоёр нь М.Хонгор дарга бид хоёртой агуй руу орж гурван метр хэртэй явж сонирхоод буцаж байсан юм. “Сөдөтийн ам” нь сөд өвс, олон янзын цэцэг алагласан, улиасан шугуй, хад хавцлуудынх нь дундаас булаг шанд оргилсон үзэсгэлэнтэй сайхан газар байсан нь орос дарга нарт их л таалагдаж төлөөлөгчдийг даган хүндэтгэж явсан манайд суугаа Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтан Борис Мещанин гэх эрхэм “Би Монгол орноор явж байгалийн үзэсгэлэнт газруудтай их л таарч танилцаж сэтгэл хөдөлж л явсан даг, “Бага газар”ын чулуу гэх энэ газар нутгийн өвөрмөц тогтоц, хадан хавцал, бургас, улиастай шугуй, булаг шанд, рашаан ус намайг үнэхээр бишрүүллээ...” хэмээн төлөөлөгч нөхөддөө ярьж байсан нь миний санаанд их л тод үлдсэн байв. Эл хавцлын улиасан дундах бага шиг төгөлд эрдэм номтой хоёр лам амьдран суудаг байж. Тэд тус тусынхаа гэрийг барихдаа гэр дотуур нь рашаан ус урсаж байхаар барьж гэрээсээ гаралгүй цай хоолоо хийж ном бясалгалаа үйлдэж он удаан жил эндээ даяанчлан суусан гэх. Тэднийг өөд болоход шавь нар нь ном эд агуурстай нь хамт энд нь бунхалсан гэдэг, бунхан туурь нь ч энүүхэнд бий гэж аймгийн хоёр дарга ярьж байсан юм. Төлөөлөгчдөд нутгийн дарга нар “Сөдөтийн ам”-ны доохонтой буй нэгэн хийдийн туурийг бас сонирхуулж үзүүлсэн юм. Түүнийг Ловончамбын хийд гэдэг байж. Нутаг усандаа “Мэргэн мөр” хэмээн алдаршсан тэр эрдэм номтой лам бясалгал даяанчлал хийхээр энэ улиасан төгөлт “Сөдөтийн ам”-ыг сонгож сүмээ бариулсан аж. Хожим нь хорь дугаар зууны эхэнд шарын шашны том ламтан Зава Дамдин эрхэм хэсэг хугацаанд энэ сүмд нь суурьшиж ном эрдэм, бясалгалаа үйлдэж байсан шинэ цагийн түүх бас байх юм билээ. Нутгийн хоёр даргын тэр үед хийж байсан энэ мэт мэдээлэл танилцуулга болон тухайн аялалын үед үзэж харсанаа хамт яваа хэддээ ярьсан маань цувааны тэргүүн Нэмэхээгийн мухар зам руу оруулаад зогсоочихсон энэ удаагийн аялалын үргэлжлэл, тодотгол болох юм даа. “Бага газарын чулуу”-ны ноён оргил дээр гарцгаасных зургаа авахуулцгаагаад доошилж замдаа орцгоов. 

 Ахлагч маань бид хэдийгээ ийн зураглав.

Олон салаа зам ийш тийш сүлжилдэх тул хэсэг давхиад бага шиг толгодын наахантайх адуучин айлд бууж “Сүм хөх бүрд” орох замаа заалгав. Хориод км давхиад очих юм байна. Цувааны тэргүүн маань сурсан дадлаараа хурдлаад  бараа алдарсан тул бидний хоёр аялагч мөрийг нь алдаж онож хэдэнтээ будилсаар нар орж бүрэнхийлэхийн өмнөхөн зорьсон газраа олж ирэв. “Энүүхэн хооронд эргэж будилаад байх юу байхав дээ, зам заагчтай байж...” гээд  ахлагч маань ард хоцорсон биднийгээ буруутгаж байна. Гэр бараагаа аваад тухалчихсан сууж байв тэр. “Энэ жуулчны баазыг аймгийн захиргааныхан зундаа ажиллуулаад  саяхнаас хаачихаад байгаа юм байна лээ, Од-Эрдэнэтэй ярьсных аймгийн захиргаанаас ажилтнаа явуулаад бид хэдийг хүлээж авч байна” гэж Нэмэхээ ахлагч ярьж байв. Бид нэг гэр нэмж авч галлуулав. Хамба Мөөгийнхэн машиндаа тухлана гэнэ. Тэдний “Форд транзит” тух муутай буудлын өрөөнөөс ч дээр л дээ. Унтах ор дэр, гал тогоо, нойл энэ тэртэй, аяны зочид буудал юм билээ. Зам зуур бороо орж байхад бид хэд тэднийд үдийн цайгаа ууж тухлацгаасан юм. Аймгаас ирж угтаж үйлчилж буй гэх дөчөөд насны эр биднийг гэрт байршуулчихаад удалгүй оройн хоолонд урив. Зоогийн газар, гал тогоо нь нэг удаадаа гучаад хүнд үйлчлэхээр тохилог том танхимтай юм. Ногоотой шөл, хуушуур амтархаж, үйлчилж буй эрд аян замынхаа идээ будаанаас амсуулж танилцацгаалаа. М.Батсайхан гэх энэ залуу Аймгийн Засаг даргын Тамгын газарт Үйлчилгээний хэлтсийн даргаар ажилладаг юм байна. Манай цувааны ахлагч Нэмэхээгийн ярих нь, бидний буусан энэ аялал жуулчлалын баазыг зургаа долоон жилийн өмнө Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Од-Эрдэнэ нь санаачлага гарган тохижуулж сайжруулаад аялагч жуулчид хүлээж аваад амжилттай ажиллуулж байсан юм байх. Гурван жилийн өмнө томилогдсон Засаг дарга эрхэм нь намчирхаад анхаарал тавихгүй орхисноос эндхийн байр сав, зам талбай нь сүрхий гундуу болчихсон байж. Хуучин Засаг С.Од-Эрдэнэ өнгөрсөн жил Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга болсноор хэдэн жилийн өмнө аймгийн төсвөөс хөрөнгө хүч зарж тохижуулсан энэ бааз, энэ хавийн газар орчноо анхаарч додомдож хэдий ковид гээд аялал жуулчлал татарсан хэдий ч энэ баазынхаа үйл ажиллагааг эргэж сэргээгээд буй гэнэ. Аймгийн Тамгын газраас ч анхаарч ажиллаж байгаа гэж М.Батсайхан дарга ярьж байв. Тэрээр энэ зун баазаа эргэж тойрч удирдлагаар хангаж байсан юм байх. Түүнтэй ам халж зуу татаж танилцсаных “Таван гар”-т урьцгаав. Шинэ танил маань энэ тоглоомд хоосонгүй нэгэн аж. Бид хэдийгээ гаргаасангүй. Даргаараа үүрэгдүүлж энэ алсад яаруу сандруу давхин ирж гэр галлаж, хоол унд зөөж бид хэдийг ая тухтай байлгасаных, нутгийн залууд хожигддог нь ч зөв байх гэж бид өөрсдийгөө тайтгаруулаад тоглоомоо өндөрлөцгөөв...

    “Сүм Хөх бүрд” буюу “Оройгүй сүм”.

    Өглөө цайлчихаад ойр тойрныхоо орчин, нөгөө “Сүм Хөх Бүрд” “Оройгүй сүм”-ээ үзэхээр гарцгаав. Энэ хавьдаа бага шиг гол горхи, нуур цөөрөмтэй, цөөрмийн эрэг хавь өтгөн сахлаг зэгстэй юм. Эртхэндээ нутгийн хөгшид нуурыг хөлгүй нуур, нуурын зэгсэнд орсон бод мал харагддаггүй байсан гэж ярьцгаадаг байсан гэнэ. Хун, галуу, ангирийн сүрэг ирж зусдаг хачин сайхан үзэсгэлэнтэй нуур устай байж. Тэгээд л Хөх Бүрд хэмээн нэршжээ. Ер нь нутаг усны албан ёсны нэр үүгээрээ байдаг гэж нутгийн дарга ярьж байв. “Сүм” гэхийн хувьд арван зургадугаар зууны үед Төвдийн нэгэн ноёны хүү энд ирж нутгийн ардуудаар сүм бариулж яг дуусахын даваан дээр дээврийг нь хийлгэж амжаагүй баривчлагдаад нутаг буцсан түүхтэй юм байна. Тэр цагаас л энэ хавийг нутгийн ардууд “Сүм хөх бүрд” гэх болсон аж. Хожим нь сүмийн дутуу дээврийг хэдэнтээ гүйцээн барьсан боловч байсхийгээд л аянга ниргээд нураачихдаг байж. Ийнхүү энэ сүм өнөө хүртэл дээвэргүй үлдэж “Оройгүй сүм” хэмээн нэрлэгдэх болж. Сүмийн туурь нь нийтдээ дөрвөн хэсгээс бүрддэг юм байна. Хоймрын гол сүмийн нэг адил бусад бага шиг гурав нь бас дээвэргүй, хагас дутуу юм. Тууриудын хана нь нилэнхүүдээ долоо найман метр өндөр, арав орчим метр өргөнтэй аж. Хоймрын сүм бусдаасаа арай том, урт нь хорь гаруй метр гэхээр юм. Хануудыг нэгэн жигдийн хавтгай хөх чулуугаар метрийн өргөнтэй жигдхэн өрж барьцалдуулжээ. “Сүм хөх бүрд” нэрийн “Хөх” гэдэг нь энэ хөх чулуунаас нь үүдэлтэй юм байх. Энэ сүмийн тууринд өнгөрсөн зууны эхээр Ноён хутагт Д. Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байсан түүхтэй юм байна. Нуурын усыг гурван горхи сэлбэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ганц нь л үлдэж нуурын усны түвшин ихэд доошилсон гэнэ. Нуурын урдах “Үүдэн булгийн рашаан” нь харин ундарга сайтай юм билээ. Туурийн урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм, бас нэгэн том байшин байсныг нутгийн ардууд буулгаад малын хашаа барьчихсан гэх яриа байдаг юм байна. Сүмийн туурь болж үлдсэн энэ чулуун цайз, орчин тойрных нь горхи, нуур цөөрмийг 1998 оноос улсын тусгай хамгаалалтад авсан гэнэ. Бид хэд сүмийн туурь, орчин тойронтой нь танилцаж зураг хөрөг авч явцгаав...  

       Гол горхийн эргийг ийн хашиж хамгаалж хажуухнаар нь сүм рүү явах зам тавьсан байв.

Дундговь аймгийн засаг захиргаа 2015 оноос "Сүм хөх бүрдийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох” хэмээх нэртэй төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй гэнэ. Тэрхүү төслийн хүрээнд сүмийн туурийн орчныг хашаажуулж, цэвэр бохир усны хоолой, гүний худгууд, хиймэл нуур, түүхийн музей, задгай шилэн тайз, 80 авто машины зогсоол, дөрвөн метр хүрхрээ, волейбол, сагсан бөмбөгийн талбай, амралтын гэр, явган хүний чулуун зам зэрэг олон бүтээн байгуулалтыг үе шаттай хийж буй юм байна. М.Батсайхан дарга энэ ажлын заримтай нь биднийг дагуулж танилцуулсан юм. Нуур цөөрмийн өнгө үзэмж сайжирч , усны түвшин дээшилсэн тухай тэрээр ярьж байлаа. Сүмийн туурийн хажуухантай музейн бага шиг байр, нуурын эрэгт сүм хэлбэртэй ресторан, үйлчилгээний барилга барьж, долоон бурхан одны байршлаар долоон гэрийн шал цутгаж түүн дээрээ гэр барьж аялагч жуулчдад үйлчилж байна, заримдаа ч би шорлог хийж үйлчилдэг юм гэж наргиан болгож байв.

Хөл хорионоос өмнөх жилүүдэд энд жилдээ гадаад дотоодын 3000 гаруй аялагч жуулчид ирж үйлчлүүлдэг байсан гэх тоо баримт байдаг юм байна. Элдэв хурал зөвлөлгөөн уулзалтууд ч олонтоо болдог байж. Хөл хориотой ч гэсэн энэ зун дотоодын аялагчид, үйлчлүүлэгчид татраагүй гэнэ. Ирэх амралтын өдрүүдэд аймгийн захиргаа, бүртгэлийн албаныхан энд ирж хоёр хоногийн семинар, сургалт хийх захиалга өгөөд буй аж. Байр сав, үйлчилгээ нь боломжийн, бас байгалийн үзэсгэлэнт нутаг, түүх дурсгалын өв хадгалсан газар орон болохоор эдний баазыг зорьсон амьтан хүний хөл огт тасардаггүй бололтой. Гүү барьсан айраг цагаатай айл ойр хавьд буй эсэхийг Батсайханаас асууж заалгаад баазаас хөдөлцгөөв...

Үргэлжлэл бий...

МУСГЗ Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?