АЙРАГТАЙ, АДУУТАЙ, ДУУ ХУУРТАЙ ДУНДГОВЬ НУТГААР... (ЦУВРАЛ 2)

2021-12-03  

 “Алтан унаганы эзэн” адуучныд хонон өнжиж найрлахаа дөхөв.

Хэсэгхэн давхиж байтал баахан адуу мал, хэдэн гэр, хоёр гурван контейнер чиргүүл болсон хотхон замаас холгүй харагдав. Ахлагч маань тийш давхиж бид ч дагалдлаа. Одоо цагийн малчин айл иймэрхүү л хот хороотой байх болжээ. Гэрийн эзэгтэй зүүн эрэгнэгтээ хийн гал дээр хоол хийж суув. Биднийг “Дээшээ сууж айраг ууцгаа...” гээд урьж байна тэрээр. Өглөөгүүр сүмийн туурь үзэж явахад бидэнтэй рашаан дээр таарч рашаан усны тухай ярьж танилцуулж байсан мотоциклтэй бадриун бор хүү, турьхан шар бүсгүй хоёр бид хэдэд хөхүүрээс айраг аягалж байх. Эдний хүү, бэр хоёр байж л дээ. Эзэгтэй яриа хөөрөөтэй, унд цай ус сайтай нэгэн аж.

   Бид ч авч яваа сав суулгаа айргаар дүүргүүллээ. Айргаа эднийх аймгийн төв оруулж литрийг нь зургаан мянган төгрөгөөр зардаг гэнэ. Тэр үнээр нь төлбөр тооцоогоо хийчихээд бид хэд хөдлөцгөөх гэж байв. Тэгтэл гэрийн зүүн хойморт хэвтэрт байсан настай хөгшин орноосоо өндийж байна. Бид ч мэнд усыг нь мэдэв. Эзэгтэйн ээж аж. Нуруу нь татаж өвдөөд ойрноос хэвтчихлээ гэж байв. Нэмэхийн гэргий Цэнээ эмч юм болохоороо эмээгийн өвдүүр зовиур, ямар эм тан ууж буйг нь асууж байх. Би ч энэ хооронд Цэндээ эмчийг магтаад хэдэн үг хэлчихлээ. Ер нь нэгдүгээр эмнэлэгт бариа заслын чиглэлээр олон жил ажилласан туршлага дадлага сайтай эмч гэдгийг нь манайхан бүгд мэднэ. Бас өндөр нэр төртэй манайхны элит гэгддэг зарим эрхэмүүдийн эмчилгээ үйлчилгээг хариуцаад хөдөө гадаа, бас гадагшаа ч заримдаа хамт явж байдгийг нь би сонсож байсан юм. Дөрвөн жилийн өмнө манай багийнхан нилээд олуул Хөвсгөлийн Хатгал, Цагаан нуураар аялаад Шишгэдийн хотгор орох гэж яваад наахантайх давааг нь давж чадаагүй, бороо их ороод зам шавар шавхаа, хальтиргаа гулгаа ихтэй болчихсон, тэгээд ч манайхны нэгнийх нь машинд бага шиг эвдрэл гарчихсан болохоор эрсдэл хийгээд яахав гээд давааны дундаас буцсан юм. Буцах замд миний үеэлийн охин Ариунбилэг найзуудтайгаа Шишгэд орохоор явж байна гээд тааралдлаа. Найман настай охин нь хоолны хордлого болоод сандарч явна гэцгээж байв. Цэндээ эмч охиныг машинд нь хэвтүүлж байгаад хэсэг хугацаанд бариа засал, бас хануур хийж байх шиг байсан.

Манай багийн Ц.Энхбатын дотно танил, эдний багийг ахалж  яваа тэр үеийн УИХ, Засгийн газрын  гишүүн Н.Оюундарь манайхныг Шишгэд рүү хамтдаа явах юм биш үү гэх санал гаргалаа. Тэднийхэн машин тэрэг татдаг бартаат замын тусгай үйлчилгээний том машинтай явцгааж байгаа юм байна. Тийм болохоор уул даваа, ус шавхаа ямар ч асуудалгүй гэцгээж байлаа. Бид хэд тэдэнтэй явах эсэхээ дотроо ярилцаж зөвлөлдөөд тэнд хагас цаг гаруй л болсон байх. Тэгээд л өөр өөрсдийн замаа хөөхөөр болсон юм. Үеэлийн охин Ариунаад “баяртай” гэж хэлэх гээд очиход тэрээр “Охин маань тайвшраад унтах янзтай байна” гээд баяртай байв... Хоёр жилийн өмнө байна уу даа, Ховдын Дуутад бид аялж явахад манайхны нэгний нь найз тэр нутгийн нэг эрхэм өвдөж зовиурлаж байхад нь Цэндээ эмч бас л бариа засал хийж илааршуулж явсан юм даг. Иймэрхүү тохиолдлуудыг мэдэх болохоороо түүнийг энэ малчны хотонд би магтчихсан хэрэг. Тэгээд л гэрийн эзэгтэй “Ашгүй дээ, ээжийгээ үзүүлээд бариулаад авах минь...” гээд дэгэлзчихлээ. Эмч хүн юм болохоороо Цэндээ ч татгалзсангүй... Малчин эзэгтэйг Ё.Хонгорзул гэдэг юм байна. Ээжийг нь барьж эмчилж байх хооронд биднийг хоол унд, айраг цагаа идэж уугаад тухалцгааж байцгаа гээд байшин илгээчихлээ. Байшин нь ч тухтай юм. Нийслэлийнхний зуслангийн зарим хаус шиг цэвэрхэн модон доторлогоотой юм. Хөргөгч, зурагт, диско хөгжим энэ тэр гээд хотын айл гэрт байдаг ахуйн болон соёлын цахилгаан хэрэгслүүд энд бүгд л байж байна. Нарны цахилгаан үүсгүүртэй болохоор аймаг, нийслэлийнхний нэг адил зурагтаараа мэдээ, мэдээлэл, кино концертоо үзэж нийгмийн амьдрал, нийтийн соёлоос эднийхэн огт хоцордоггүй аж. “Таван ханат маань гал тогоо, айраг цагаа бэлтгэх байр сав болж байна даа” гэж Хонгорзул эзэгтэй хошигнож байв. Дөрвөн дугуйтай чиргүүл маягийн энэхүү тохилог нүүдлийн сууцыг хийдэг үйлдвэр аймгийн төвд нь байдаг гэнэ. Малчид хаа сайгүй л ийм сууцтай болж байгаа юм байх. Энэ хот айл ийм гурван сууцтай юм. Хоёр нь өрх тусгаарласан хүүхдүүдийнх нь аж.

Гэрийн эзэн, хүүхдүүдийн аав нь аймаг сумандаа нэртэй адуучин аж. Түүнийх нь батламж болох “Алтан унаганы эзэн Д.Түмэнмөнх Танаа” гэсэн цом сууцны хойморт залаастайг бид анзаарч тэр тухай яриа хөөрөө болж сууцгаав. Бидэнд үйлчилж айргаар дайлж буй эдний бага хүү Намсрай “Аав адуундаа явсан, ээж сая утсаар ярьж дуудна лээ, мотоциклтэй яваа юм чинь удахгүй ирчих байх аа, аавын зүрхийг эмчид үзүүлээд авья гэж байна лээ ээж” гэж ярив. Намсрай хүү ер нь яриасаг юм. Эднийхэн таван зуугаад адуу, гурван зуу шахам үхэр, мянгаад богтой хот айл гэнэ. Аав нь дунд сургуулиа дүүргээд цэрэгт алба хааж ирээд л ээжтэй нь айл гэр болж өөрийн гэсэн мал хунартай болж адуучин болох эхлэлээ тавьсан юм байх. “Манай өвөө, эмээ нар ч малч удмын хүмүүс. Улсын сайн малчин цол хүртэж явсан гэх юм билээ. Хишигт эмээ маань одоо бидэнтэй хамт амьдарч байна. Хоёр ах маань адуучин, хоёулаа уяач. Түвшинтөр ах аймгийн алдарт уяач цолтой...” гээд хоймрын жааз дахь зургийг зааж, гэр бүлийнхээ зургийн  цомгийг бидэнд өгч сонирхуулав. Ээж Хонгорзул нь ч нийгмийн идэвхтэй бүсгүй аж. Аймаг, сумынхаа урлаг соёлын арга хэмжээ, мөн эмэгтэй малчдын улсын зөвлөлгөөнд оролцож буй зургууд нь цомогт байв. Гэрийн эзэн Д.Түмэнмөнх ч улс, аймагтаа бас нэртэй малчин, сайн адуучин гэдгийг цомгоос харж сууцгаав.  

      

Хонгорзул эзэгтэй хонины халуун гэдэс гэрээс оруулж ирэнгээ цомог үзэж суугаа биднийг харчихаад, “Ашгүй дээ, хүү минь зочиддоо сайн үйлчилж сатааруулж байгаа юм байна...” гээд Намсрайгаа магтаж байв.

“Ээжийн нуруу нь ашгүй тэнийх шиг боллоо, одоо ойр зуур алхана гэж байна, манай хүүхдүүд, бэрүүд ч бас эмчид үзүүлж байна. Өвгөн одоохон давхиад ирнэ, та хэд халуун дээр нь гэдэс идэцгээ, айраг ууцгаа... хуруудсан ч болно шдээ” гээд л биднийг уриалж байх. Намсрай эдний бага хүү, гэрлээд хоёр жил болж байгаа гэнэ. Ой өнгөрч буй хүүтэй аж. Тэрээр өглөөгүүр бидэнтэй “Сүм хөх бүрд”-ийн рашаан дээр анх таарч мэнд ус мэдэлцсэндээ ч тэр юм уу манайханыг эдний хотонд бууснаас хойш сүрхий дотносоод буй. “Хоноод явцгаа, хонь гаргана, хорхог хийж өгье, бас нэмээд ямаа боосон ч болно...” гэж байв тэр. Бид хэд Намсрайтай ярьж хөөрч, айраг ууж, гэдэс амталж хэсэг тухлаад байшингаас гарцгаалаа. Анхлан буусан нөгөө гэр маань хэсгийн эмнэлэг маягийн юм болсон бололтой. Хот айлынхан хүүхэд хөгшидгүй бүгд л Цэндээ эмчид үзүүлж бариа засал хийлгэцгээж байна гэнэ. Гэрийн эзэн, адуучин Түмэнмөнх ч ирээд эмчид үзүүлчихэж. Хишигт гуай гарч ирээд байшингийнхаа үүдэнд суучихаж. Ойр зуур хэсэг алхсан гэнэ. Түүндээ ч баяртай байв. Эмчийн сураг энэ хавьд их л хурдан тархсан бололтой мотоциклтэй, машинтай хүмүүс ч эдний хотонд хэд хэдээрээ ирчихэж. Манайхан гадаа сууж заримтай нь хөөрөглөж танилцацгааж байх. Гэрийн эзэн Д.Түмэнмөнх ч бидэнтэй нийлж суув. Эзэгтэй Хонгорзул “Цэндээ эмчийн үзлэг сая л өндөрлөж байна...”гээд хүрч ирэв. Саарал Ланд 200 унаж ирсэн бадриун эрийг эзэгтэй Хонгорзул бидэнд танилцууллаа. Энэ Адаацаг сумын нутаг усандаа нэр нөлөөтэй сайн малчин Г.Бүдсүрэн гэх эр аж. Эдний гэр бүлийнхний дотны найз гэнэ. “Энэ найзынхаа буянд манайхан энэ нутагт хоёр жил шахам отроор өвөлжиж хаваржиж зусаж намаржаад явцгааж байна. Манай Гурвансайхан сум сүүлийн жилүүдэд их гантай байгаа” гэж ярьж байв. Иймэрхүү яриа болж байгаад байшинд орж цай цүү уугаад бид хэд уг нь хөдлөхөөр болсон юм. Тэгтэл байшинд ороод л айраг, аяны дугараа, дуу хуур үргэлжилж эхэллээ. Эмчид талархсан энэ хот айлынхан бид хэдийг тал талаас л хоноод явцгаа гэж ятгацгааж байх. Аяны дугараанд ам халж хөгжилдсөн зарим маань урилга заллагад нь автах янзтай. Ахмадын хувьд би цувааны ахлагчийн үүргийг өөртөө авч тэр урилгаас нь нөхдөө татгалзуулахаас аргагүй болов. Урьд өмнийн зарим аялалаар иймэрхүү найр наргианд оролцоод маргааш нь машин тэргээ бариад явж чадахааргүй биеэ муутгах тохиол манайхны заримынх нь хувьд гарч хот хорооноос жолооч дуудахдаа хүрч байсан үе бас байсан болохоор энэ удаагийн урилгыг тэвчээд аян замаа хөөх нь өлзийтэй гэж би үзсэн юм. Тэгээд л хот айлынханд талархсанаа илэрхийлж сайн сайхныг хүсээд замдаа гарцгаав. Биднийг, ялангуяа Цэндсүрэн эмчийг намрын айраг уухаар дахин ирээрэй гэж

урьцгааж байлаа энэ адуучны хотынхон, “Алтан унаганы эзэн” адуучин Д.Түмэнмөнх эрхэм. Бидний хөтөлбөрт орсон Өлзийт сумын нутагт байдаг  “Цагаан суварга” гэх үзэсгэлэнт газар эндээс хоёр зуу шахам км болохоор зам харгуйгаа сайн мэдэхгүй хүмүүс нар орж харанхуйлахаас өмнө тэр газраа оччих санаатай би багаа яаруулсан хэрэг...  

Үргэлжлэл бий

МУСГЗ, Сэтгүүлч Д.Цэдэн-Иш

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?