АЙРАГТАЙ, АДУУТАЙ, ДУУ ХУУРТАЙ ДУНДГОВЬ НУТГААР... (ЦУВРАЛ 4)

2021-12-28  

“Их газарын чулуу”-нд.

    “Цагаан суварга”-аас “Их газрын чулуу” хүртэл шороон замаар хоёр зуу гаруй км давхих юм байна. Манайхан ярилцаж байгаад засмалаараа буцаж аймаг ороод тэндээсээ шороон замаар дал орчим км давхиад тэнд хүрэх нь дээр юм гэх хувилбарыг сонгосон юм. Ахлагчийн санал мэдээж энд голлосон хэрэг. Манай багийнхан аймгийн төв, Мандалговь хотоор дайраад үүгээр түүгээр орж төдий л саатсангүй, төв зам тоссон төв талбайд нь байх, манай багийн гишүүдийн анд, МУСГЗ, зураач П.Цэгмидийн урлан бүтээсэн Түшээт хошой Чин Ван Г.Чагдаржавын хөшөөг үзэж сонирхож хүндэтгэл үзүүлээд гарав. Нутаг орноороо аялаж явахад зураач андын бүтээл таарахад нь бид хэд баярлаж сонирхож явдаг юм. Ховд аймгийн Зэрэг суманд П.Цэгмид андын бүтээж цогцлоосон хөшөө дурсгалын цогцолборын тухай зураг хөрөгтэй мэдээллийг миний бие “Алтай таван богд ” аялалын тэмдэглэлээрээ уншигчдын сонорт нэгэнтээ хүргэж явлаа. Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ой, Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн их ойг тохиолдуулан 2011 онд Чин Ван Г.Чагдаржавын энэхүү хөшөөний нээлтийг Мандалговь хотод хийж байжээ.

Андын энэ бүтээлийг ийн үзэж сонирхчихоод “Их газрын чулуу”-гаа зорин давхицгаав. Бидний зорьж яваа “Их газрын чулуу” гэх байгалийн цогцолбор газар бол Дундговь аймгийн Гурван сайхан, Говь-Угтаал, Өлзийт сумын нутгийг дамнан оршдог юм билээ. Монголын их боржин чулуулгийн бүсийн хамгийн том нь буюу нийт 450 км. хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрийг хамардаг гэх мэдээлэл байдаг. Ахлагчийнхаа араас тоосыг нь алдчихгүй талын замаар хоёр цаг гаруй давхисаар нэг суурин газар ороод ирцгээв. Зам хазайгаад Өлзийт сумын төвд хүрээд ирсэн аж. Захдуухан буй сүмд хурал хурж буй бололтой гадуур нь машин тэрэг, хүн зон олонтоо байлаа. Бурханы шашинтай хүмүүс болохоороо хурал ном хурж байхад хажуугаар нь яаж давхиад явцгаачих вэ гээд сүмд орж номын дуу сонсож, эргэл мөргөл хийгээд гарцгаав. Нутгийнхнаас зам асуухад хориод км давхиад л хүрэх байх гэж байна. “Энэ зэрэгтэй хазайсан маань яамай даа, харин ч эргээд давхичихаагүй байна шдээ бид хэд чинь...” гэж инээд наргиан болсоор унаандаа сууцгаав. Бичиг тэмдэглэгээ байхгүй орон нутгийн энэ олон салаа зам бид хэд гэлтгүй мөн ч олон хүмүүсийн цаг зав, эдийн засгийг үрж байгаа даа гэж харамсаж л явлаа. Өлзийт сумаас гарахад ч зам хэд хэд салаалчихаж. Багийн ахлагч маань түрүүлдэгээрээ алга болж өгөв. Өмнөх нийтлэлд магтан бичиж байсан малчны нэг сууц замд тааралдахаар зураг авах гэж гурван хором саатаад Мөөгийгөөсөө би түр хоцорчихож. Гадаа нь нүүдэл суудал хийдэг “Портер”нь , бас гэрэл цахилгааны толь тоног нь байна лээ. Эзэд нь малдаа явсан бололтой, шар халтар нохой л гэрээ манаж байв.

Уулзаж учраагүй хэдий ч Өлзийт сумын энэ малчны ахуй амьдралыг энэ зургаас бас ч гэж  ойлгочихож болохоор. Ийм зурагтай болчихоод замд ороод ойрхны толгод давахад л зорьсон газар маань алсхантаа хүрэнтэж байв. Ахлагчийн машины тоос “Их газрын чулуу”-ны наахантаа хүрчихэж. Мөөгийгийн цагаан форд арай л өөр замаар тэр лүү дөхөж явах. Ахлагчийнхаа тоосны чигт давхисаар бид хоёр хагас цагийн дараа хүрэн улаан хадат бүсийн захад очив. Өлзийт сумын зүгээс ирсэн бидний замд чиг зүг заасан ямар ч тэмдэглэгээ, самбар байхгүй болохоор бидний гурван аялагч дөрөв таван салаа замын алинаар нь ч хамаагүй давхисаар нэг нэгнээ алдчихаж. Тоосыг нь алсаас харж явсан юм болохоор ахлагчийгаа би хоёр гурван хадан хошуу тойрч байгаад ямартаа ч гэсэн олоод авав. Хамгийн өндөр нь болов уу гэсэн нэг толгод руу машинтайгаа гараад Мөөгийгөө хүлээцгээв. Нар жаргаад харанхуй болчихвол энэ хадан цохионуудын дундаас нэгнээ олоход бүр ч хэцүү болохоор. Ахлагч маань толгодын оройд намайг үлдээгээд ойрхны зам, даваа гүвээг нэгжээд ирье гээд давхичихлаа. Уул толгодынхоо хяр хэсэгт утасны сүлжээ бүдэгдүү орж ирж буй ч дор газраа сүлжээ барихгүй юм билээ. Арай өндөр толгод руу алхаад ойр тойрныг дурандаж байтал нэг мотоциклтэй эр бидний зүг давхиад ирэв. Ойртож ирэхэд нь ажвал аппарат хэрэгсэл, дуран энэ тэр агсчихсан дүрэмт хувцастай аль нэг салбарын байцаагч бололтой. Тусгай хамгаалалттай газрын уул толгодоор хамаагүй давхилаа гэж зэмлэх, торгох энэ тэр юм болох болов уу гээд эмээсхийж зогсов. Хажууханд давхиж ирээд мэнд ус мэдэж байна. Төрийн далбаат эмблемтэй хүрэмтэй байгаль орчны байцаагч байв. “Нэг нөхөр маань зам салж төөрчихөөд уулын оройд зогсвол харах болов уу тэр гээд...” дурандаад байж байна гээд эмээнгүйхэн хэллээ түүнд. Тэр байцаагч “Би ч бас нэг цагаан жиптэй нөхрийг тосоод олохгүй, та нарыг хамт яваа нөхөд нь биш байгаа даа гэж бодоод гараад ирлээ...” гэж байх. Эндхийн байгаль хамгаалагч Д.Мөнх-Очир аж.

Хамтдаа ийш тийш хэсэг дурандцгаав. Тэрээр тэртээ давхиж яваа хоёр цагаан машины замыг тосохоор доошоо ухасхийв. Манайхны цагаан фордтой тааралдвал биднийг энд хүлээж байгааг хэлчихээрэй гээд бид үлдлээ. Удаж төдөлгүй харанхуйлж эхэллээ. Мөөгийг олсонгүй гээд Нэмэхээ  ирэв. Тэгээд л хамтдаа бууж хад хавцал нэгжихээр болов. Аялагч жуулчдын очдог гол цэг болох Задгай театрын тайз хүрээд хоёр гурван ам харгуй эргэж тойроод ч нөхрийг олсонгүй. Тал тал руу одсон замд тааралдахгүй төөрөөд байхыг үгүйсгэхийн аргагүй юм. Тэгээд л “Их газрын чулуу”-ныхаа хадат хавцлуудаас ирсэн тал руугаа буцаад алдарт дуучин Н.Норовбанзад агсаны хөшөөт ууланд байр эзлэж нөхрийг харуулдахаар болов. Ахлагч маань дадлага туршлага сайтайгаараа хадат хавцлуудыг нэгжиж давхиад Мөөгийг олбол гэрлээрээ дохио өгнө гэв. “Утасны сүлжээ өндөрлөг зарим газраа барьж байна лээ, утсаа ойрхон байлгаарай” гэж надад үүрэгдэж байлаа. Ингээд л би хөшөөт уул руу давхиж байраа эзлээд Мөөгийд бас мэдээ дохио болгох санаатай машиныхаа холын гэрлийг тавьчихаад ойр зууртаа эргэлдэж байв. Говь газар нар орсны дараа хурдан ч харанхуй болох юм. Хагас цаг гаруй болж байтал “Их газрын чулуу”-ны зүгээс машины гэрэл хэдэнтээ дохиж бид хоёрыг дуудаж байна. Унаандаа сууж байтал утасдаж байна, Мөөгийгөө олсон гэнэ. Гэрлээр дохисон уулыг нь чиглээд нэг хоёр нугачаа гараад давхиж байсан чинь уул ороосон хоёр гурван зам байх. Энэ л зөв болов уу гээд нэгээр нь давхисаар хадат уулнууддаа дөхөөд ирлээ. Нөгөө дохиж байсан гэрэл харагдаггүй дээ. Бага шиг хоёр ч хадан хошуу тойрлоо, байдаггүй ээ, утасны сүлжээ ч энүүхэнд алга. Арай өндөрлөг товцог дээр гараад холын гэрлээ  тавиад хэсэг зогслоо. Тэгж байтал хажуухны замаар мотоцикл ороод ирлээ. Нөгөө орой тааралдсан Д.Мөнх-Очир байцаагч давхиад ирж байна. Биднээс асууж сураглаж явсан цагаан машинтай нөхдөө хайж яваад манайхны цагаан фордтой Мөөгийг олоод авчихаж. Мөөгийнхэн тэдний гэрт байгаа гэнэ. Хадан хошуудын цаахантай Нэмэхээтэй тааралдаад тэр мэдээг дуулгачихаад энүүхэн хэдэн цохионы эргэн тойронд төөрч будилаад буй намайг авахаар давхиад ирж буй нь энэ юм байна. Салаа замаар салж төөрсөн бид хэд энэ байцаагчийн ачаар ямартай ч уулзалдах нь. Мотоциклтэй байцаагчаа дагаж давхисаар тэдний хот хороонд хүрцгээв. Хашааны эргэн тойронд нилээд олон машин байна. Эрж сурч явсан нөгөөдүүл нь, бас төөрч будилсан бид хэд, тэгээд ойр зуурын аялагчынх гээд л... Хаагуур яаж яваад төөрч будилчихав аа гээд л нэг нэгнийгээ шүүмжилж буруутан хайцгааж байгаад хаана яаж хоноглох талаар санаа зовж эхэлцгээв. Уг нь “Их газрын чулуу”-ны ойр тойронд аялал жуулчлалын хоёр ч бааз ажиллаж, хоноглох гэр үйлчилгээ ч бас байсан гэнэ. Сүүлийн хоёр жил энд ган гачиг болж, ковидын хөл хорио бас нэрмээд ийшээ ирэх аялагч жуулчдын хөл татарч аялал жуулчлалын бааз ч, гэр кемпүүд ч ажиллахаа больчихоод байгаа аж. “Манай хашаа хороо, гэр байшин хөлд дарагдаад удаж байна даа” гэж Байгаль хамгаалагч Д.Мөнх-Очир ярьж байв. Машины гэрэлд иймэрхүү яриа хөөрөө болж зогсоход л хоёр ч нялх хүүхэдтэй бүсгүй бүхээгтээ суулгачихсан “Портер”-той залуу хоноглох газар байна уу гээд л ирж байх. Ярианых нь байдлыг ажвал байцаагчийг мэддэг таньдаг зэргэлдээх сумынх нь иргэд бололтой. Энд буй хоёр гэрт нь байцаагчийн нөгөө хайж сураглаж явсан, биднээс өмнө энд ирж хоноглоно гээд захиалга өгчихсөн цагаан машинтай геодози зургийнхан буучихсан гэнэ. Өөрийнхөө суудаг байшинд л бид хэдийг оруулахаар ярьж байсан чинь нялх хүүхдүүдтэй танил нь хүрч ирээд мань байцаагч яахаа шийдэж чадахгүй сандарч байх шиг. Түүнийг нь бид хэд ойлгоод залуусыг байшинд оруулчих, бид учраа олчихно оо гэсэн юм. Тэр хэсэг бодолхийлж байснаа биднийг байшиндаа оруулаад нөгөө залуусыг сумын төв рүү авч яваад тав тухтай хонуулах шийд гаргав. Байцаагчийн байшин хоёр өрөө юм. Эхнэр хүүхдүүд нь ажил сургууль гээд ихэндээ сумын төвд амьдардаг аж. Манайхан машин унаанаасаа ор дэр, ачаа бараа, бас оройн хоол ундаа оруулах хооронд нь гэрийн эзэн Д.Мөнх-Очир байцаагчтай хэдэн үг сольж танилцав. Хойморт нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны “Жуух” байна лээ. Засаг төрдөө үнэлгээтэй л байцаагч аж. Биднийг, намайг хэн болохыг асууж байна. “Ардын эрх”,”Өнөөдөр” гээд сонинд ажиллаж байсан, ахмад сэтгүүлч гээд өөрийгөө танилцуулсан чинь “Манай нутгийн зохиолч, сэтгүүлч Зэвсэг ахыг таних уу?” гэж байх. Танихаар барах уу, бид “Ардын эрх” сонинд хэдэн жил хамт ажиллаж байлаа, одоо ч сонин хэвлэлийнхний элдэв арга хэмжээ, уулзалтууд дээр учирч таараад л явж байдаг тухайгаа түүнд хэллээ. Аймаг сумынхаа нэрийг мандуулж л явдаг, ном бүтээл олныг туурвисан Соёлын гавъат зүтгэлтэн, нэртэй сэтгүүлч гэдгийг нь би тодотгож хэлэв. Өнгөрсөн жил энд ирж уул хадаар явж киноны зураг хөрөг авахад нь Мөнх-Очир хамт явсан тухайгаа ярьж байв. Энэ намар ирнэ гэсэн, удахгүй ирэх байх гэж байна. С.Зэвсэг сэтгүүлч энэ хавийн үзэсгэлэнт байгаль, ан амьтны зураг авдаг юм байх. Уул хадаар аргал, янгир, чоно, зээр гөрөөс гээд л элдэв төрлийн ан амьтан бий гэнэ. Хориод жилийн өмнө энэ нутаг тарвага ихтэй байж. Зах замбараагүй агнаснаас уг ан бараг байхгүй болж хоёр жилийн өмнөөс тарвага сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхэлснээр тарвага энд олширч буй гэнэ. Хамгаалалтын захиргаа анх байгуулагдаж байх 2013 онд аргал 13, янгир 63 толгой гэж тоологдож байсан бол 2020 оны хаврын тооллого судалгаагаар аргал хонь 295, янгир ямаа 246 тоо толгой болж өссөн дүн мэдээ гарсан аж. Ер нь харуул хамгаалалт сайжирсан болохоор ан амьтны тоо толгой жилээс жилд нэмэгдэж байгаа гэж Д.Мөнх-Очир байцаагч ярьлаа. Иймэрхүү яриа болж байгаад тэрээр сумын төв орохоор гарав. “Та нар надаас өмнө явахаар бол түлхүүрээ тэнд тавьчихаарай” гээд газар зааж байна. Манай ахлагч, Мөөгий хоёр зочид буудлынхаа мөнгийг төлнө өө гээд түүнтэй хамт гарлаа... Өглөө манайхан тав тухтай цайлчихаад, өчигдөр орой төөрч будилж нэг нэгнээ эрж хайж явсан хадан хошуу, уул толгод, хүрлийж сүглийгээд байсан байцуудаа үзэж сонирхохоор хөдөлцгөөлөө. Бидний үзэх гэж буй энэ байц хадан тогтоц бол Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгийн уулзварт уртаашаа 30 км, өргөөшөө 15 км сунаж тогтсон тал тал руугаа гудамлан эгнэсэн хүрэн улаан чулуудын чуулбар, монголын боржин чулуулгийн бүсийн хамгийн том нь гэгдэх юм билээ. Аян замын бид хэд энэ том бүсийн зах хаяаны өчүүхэн хэсэгтээ л зэрвэс танилцаж амжих байх. Том том боржин цохионууд нь ухаа ягаан өнгөтэй, янз бүрийн хэлбэр дүрстэй агаад нэр хаяг өгчихмөөр хад чулуу ч энд маш олон байх юм.  

  

Эртний цэрэг дайчид тулаанд орох гэж байгаа юм уу гэмээр ийм нэгэн хадан чуулга байх юм...     Саяхандаа энэ аялалаас буцаж ирээд “Зууны мэдээ” сонин уншиж байхад тэдний сурвалжлагч МУСГЗ Д.Цэрэннадмид “Байгалийн урлан” гэх гэрэл зургийн нүүр гаргасан байв. Тэнд “Их газрын чулуу”-наас “Юндэн, Нансалмаа хоёр”, “Заан хад” гэх хоёр бүтээл нийтлэгдсэн байна лээ. Үнэхээр л байгаль эхийн нэрээ олсон уран баримал, хөшөө дурсгал гэхээр.

                                       

    “Заан хад”, “Юндэн Нансалмаа хоёр” хэмээх байгаль эхийн чулуун хөшөөнүүд

Энэ бүхнээс гадна “Өвгөн хад”, “Сэнжит”, “Хатан хаан”, “Ёрвон” хэмээх нэртэй хад байцууд байдаг аж. “Эхийн умай”,“Өлгий”, “Бунхант”, “Шинэ ус”, “Тоонот” гээд дөчөөд агуй энэхүү хадан бүсэд байдаг юм байна. Бидний нөхөд эхлээд “Тоонот агуй”-г үзэж сонирхов. “Агуйт хад” гэх хадан цохионы ар бэлд орших зүүнээс нь өгсөж ороод ар тал руу нь огцом дээш гардаг арваад метр үргэлжилдэг агуй юм. Дээрээ тооно хэлбэртэй том цоорхойтой учраас “Тоонот” хэмээн нэршсэн аж. Мөлхөсхийж ороод дунд хэсэгтээ бараг гурван метр хүртэл өндөрсдөг гэнэ. Настай болж буй манай багийнхан агуй руу орж хоёр метр хэртэй яваад л авирах хэсэгт очоод цааш эрсдэл хийсэнгүй буцаж гарцгаав. Харин араар нь тойрч өгсөөд тоонот цоорхойг нь олж баясацгаав. Эндээсээ ойрхон давхиад хажуугийн хадан цохион дахь “Эхийн умай” агуйг үзэцгээлээ. Хадан цохионы дунд хэрд агуйны амсар байх юм билээ. Гучаад метр авирч цохионы оройд гараад тэнд буй агуй руу хөлөөрөө мөлхөх шахуу ороод тав зургаан метр алхаад хадаг яндар болсон эхийн умай мэт дугуйрах амсраар нь хөлөөрөө унжралдаж гарч ирдэг юм билээ. Агуйн тухай танилцуулга самбар хадан цохионы хаяанд байлаа. Эрт дээр цагийн хүмүүс өөрсдийн сүсэг бишрэлээр “Эхийн умай” агуйд орж хүн болж бүрэлдэн төрөөд “Уст хад”-анд очиж угаал үйлдэж, “Өлгий агуй”-д очиж өлгийдүүлдэг байсан гэх домог байжээ хэмээн бичсэн байв. Ахлагчийн гэргий Цэндээ эмч бид хоёр багийнхнаа төлөөлж эрсдэл гарган цохионы орой руу авирч “Эхийн умай” агуйд ороод ийн дахин төрж, амсарт нь нэг нэгнээ зураглацгаав.

        

 “Их газрын чулуу”-нд ирсэн хүмүүс дээрх домгийн дагуу энэ агуйгаар орж бие болоод сэтгэл ариусгасны дараа “Уст хад”-ад очиж рашаан ус хүртэн ариусаад дараа нь “Өлгий хад”-анд очиж өлгийдүүлж “Хүн болох” зан үйлийг гүйцэтгэдэг юм байх. Үд гэхэд бид “Салхитын мөнгөний орд” үзэхээр тэднийхэнтэй цаг болзсон тул тэрхүү зан үйлийг дараагийн удаа болгож хойш тавьсан юм. Уг нь энд тэнд төөрч будилаагүй бол амжих л байлаа. Ахлагчаа буруутгахаас илүү нөгөө л орон нутгийн олон салаа замыг цэгцлэх талаар анхаардаггүй, тэнд тэмдэг тэмдэглэгээ ч хийдэггүй нутаг орны засаг захиргаа, зам тээвэр, аялал жуулчлалын салбар чиглэл хариуцсан албан тушаалтнуудад л бурууг өгөхөөс...  Үргэлжлэл бий

МУСГЗ, Сэтгүүлч Д.Цэдэн-Иш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?