“Байгалийн театр”, “Уяхан Замбуу тивийн наран” хөшөө”-нд ...“Уст хад”-ны ус дөрвөн алд уурга оруулахад ёроолд нь хүрдэггүй, тэгээд бас энэ рашаан ус нь нүдний эмгэгийг илааршуулах ач тустай гэж нутгийнхан ярьдаг аж. Мөн энд байдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий “Ембүү хад”, “Лян буюу үр гуйх” хадыг нутаг нутгийнхан зорин ирж хүслээ шивнэн сүсэглэдэг гэх юм билээ. “Их газрын чулуу”-ны өвөрмөц тогтоцыг ашиглан “Талын цуурай”, “Ичээнд нь”, “Бушхүүгийн үлгэр”, “Загийн алим” зэрэг олон киноны зураг авалтыг энд хийж байжээ. Гадаад дотоодын аялагч жуулчид ч байгалийн үзэсгэлэнт энэ газар руу их цувдаг байж. Өнөөхөндөө бид мэтийн дотоодын жуулчид л төөрч будилаад ийшээ цувж байна. “Их газрын чулуу” хэмээх энэ бүсийг 2003 онд Улсын тусгай хамгаалалтад авч 2013 онд “Байгалийн цогцолбор газар” гэх статустай болгожээ. Аймаг орон нутгаас ч аялал жуулчлалын бүс болгоход анхаарч хэд хэдэн ажил, арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Арван хэдэн жилийн өмнө Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан эндхийн хадан цохионуудын дунд “Байгалийн театрын задгай тайз” байгуулсан юм билээ. Энэ нь манайдаа анхдагч гэгддэг юм байна. Задгай театрын тайзны диаметр нь 19 метр, есөн метрийн радиустай, тайзны өндөр нь метр хагас гэнэ. Энэхүү тайзнаа 2006, 2013 онд Олон улсын урлагийн их наадам, 2019 онд “Уяхан замбуу тивийн наран” урлаг соёлын их наадам тус тус амжилттай зохион байгуулж байжээ. Биднийг энэхүү тайзнаа ирэхэд аялалын бас нэг баг тайзыг эзэмдэж Ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-ыг уянгалуулж зураг хөрөг болоод байцгааж байв. Манай багийнхан тэдний ая дуунд хүч нэмж “Үлэмжийн чанар”-ыг хоороор дуулж Байгалийн театрын цагаан тайзыг мялаацгаав.
Бетон зуурмагаар энэ тайзыг бүтээж будаж шунхадсан нь “Байгалийн театр” гэх нэрэнд нь зохисонгүй ээ гэх бодол төрж байлаа. Хүрэн боржин энд мундсан биш дээ, хавь ойрынх нь хад чулууг хөнддөггүй юм аа гэхэд хорь гучин км үргэлжлэх энэ их хадан уулсын хаанаас л бол хаанаас нь хэсэгхэнийг олборлоод эвлэж зүүгээд энэ тайзаа урлачихсан бол... Бидний дараагийн танилцсан үзмэр бол хадан цохионуудаас зайдуу баруунтайх уулын орой дахь энэ нутгийн уугуул “Зууны манлай уртын дуучин” тив дэлхийд нэр алдраа дуурсгасан Н.Норовбанзад агсанд зориулсан гэрэлт хөшөө байв. Тэнгэрийн солонго дор тэр алдарт дуучин дуулж байгаа юм уу даа гэхээр тэртээ алсаас цайвалзан харагдах юм билээ тэр гэрэлт хөшөө. Мэдээж “Их газрын чулуу”-нд ирсэн хүн бүр л энд ирж хүндэтгэл үзүүлдэг байх. Уул руу өгссөн машин замтай, хөшөөнөөс доохонтоо зогсоолтой юм. Хөшөөний дугуй сууринд “Дээд тэнгэрээс Монголд унасан эрдэнэ, Дэлхийд багтдаггүй гэгээн аялгууг одонд хүргэсэн ХАТАН ХААН”хэмээсэн бичээсийг хөх гантиг дээр цохимолдсон байв. Хөшөөний өвөр талд “Уяхан Замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхжүүлсэн байх юм билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэр алдрыг мөнхжүүлсэн энэхүү гэрэлт хөшөөг Их Монгол улс байгуулагдсаны 100 жилийн ойн үндэсний хороо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Норовбанзад Сан, Их дуучны үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, шавь нарын сэтгэлийн хадгаар бүтээн босголоо гэж бичсэн хүрэн гантиг хавтанг хөшөөний сууринд байршуулсан байв. Хөшөөний Ерөнхий зураачаар нөгөө Мандалговь дахь Чин Ван Г.Чагдаржавын хөшөөг бүтээсэн бидний анд, МУЭ-ийн шагналт зураач Пунцагийн Цэгмид ажилласан юм билээ.
Алдарт дуучин Н.Норовбанзад агсаны “Уяхан Замбуу тивийн наран” хөшөөний өмнө
Манай багийнхан эндээсээ нөгөө хэдэн жилийн өмнө хэл ам, хэрүүл уруул дагуулж дуулиан шуугиан болоод байсан “Салхитын мөнгөний орд”-ыг зорьсон юм. Анх хоёр монгол залуу эзэмшиж байгаад хятад хөрөнгө оруулагчдад найман зуугаад мянган доллараар буюу хоёр тэрбум орчим төгрөгөөр зарсан гэх мэдээлэл сонин хэвлэл, телевиз, сүлжээ сайтуудаар түгж байсан. Ордыг худалдаж авсан хятадууд уг ордод хөрөнгө оруулалт хийж үйлдвэр байгуулаад олборлолт явуулаад өндөр ашигтай ажиллаад эхэлсэн чинь ордоо зарсан нөгөө залуус тэр орд, үйлдвэрт нь ажиллаж байсан нэг хятад иргэнтэй хамсаад наймаагаа буцах, ордоо эргүүлж авах зарга үүсгээд явчихаж. Аль аль талд нь хятад иргэдийн оролцоо байсан юм байх. Мөнгөтэй ч хүмүүс байж. Ордын үнэ цэнийг ч мэдэцгээчихэж. Тэгээд л тал талаасаа л хууль шүүх, цагдаа хүчнийхнийг онц их хэмжээгээр авлигадаад гүйцгээсэн гэх юм билээ. Тэр нь илэрч улс орон даяар дуулиан болоод явчихсан хэрэг. Улсын Ерөнхийлөгч хүртэл энэ тухай ярьж хэлж хууль шүүхийнхэнд анхааруулга өгч, нэр бүхий 17 шүүгчийн шүүх эрхийг түдгэлзүүлж байв. Энэ хэрэгт холбогдсон нэр хүндтэй нэгэн гавъяат хуульч шоронд амиа хорлож байлаа. Ордын эргэн тойронд ийм хууль бус байдал газар авч, хэрэг явдал даамжирсан учраас Засгийн газар онц байдал зарлаж хэрүүл маргааны бай болсон тэрхүү ордыг тусгай хамгаалалтад авч улмаар улсын мэдэлд шилжүүлсэн билээ. Засгийн газрынхан ордыг авахаар очиход нь эсэргүүцэл үзүүлсэн “Салхитын мөнгөний орд”-ын харуул хамгаалалтынхныг хар машинтай хар хувцастай тусгай албаны залуус газар хэвтүүлэн гарыг нь гавлаж байгаад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхныг уг орд, мөнгөний уурхайд нэвтрүүлж байсныг телевизийн нэвтрүүлгээс манай иргэд үзэж харж байцгаасан даг. “Салхитын мөнгөний орд”-ыг улс мэдэлдээ авч ажилласнаар зохих амжилтад хүрснийг ч ард түмэн мэдэх болсон. Ялангуяа монголын ахмадууд, тэтгэвэрийнхэн илүү сайн мэдэрсэн байх. “Салхитын мөнгөний орд”-оос олборлосон баялагаар ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн зургаан сая хүртэлх зээлийг тухайн банкинд нь төлж барагдуулж, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ. Нийгмийн халамжийн энэхүү санхүүжилтэд тус уурхайнхан олон их наяд төгрөг гаргасан байх. Зөвхөн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөгийн хувьд нийт 216.2 тэрбум төгрөгийг энэ ордын толгой компани болох “Эрдэнэс силвер ресурс” компанийн дансанд төвлөрүүллээ гэх мэдээ энэ оны тавдугаар сард өдөр тутмын сонин хэвлэлд гарч байв. “Салхитын мөнгөний орд”-ыг амжилттай удирдаж төр засгийн үүрэг даалгаврыг сайн биелүүлснийг нь үнэлж “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ий Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол улсын Хөдөлмөрийн баатар” цолоор шагнасан нь ч саяхны мэдээ. Бас Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж шинэ Засгийн газар бүрэлдсэний дараа шинэхэн Хөдөлмөрийн баатар маань ажил албаа чив чимээгүй өгөөд хаашаа ч юм одсон нь хамгийн сүүлийн дуулиан. Дуулиан шуугиан, амжилт бүтээлийн аль алиных нь эзэн болсон тэр уурхай, орд газрын өнөөгийн ажил байдал, амжилт бүтээлийг зам зуур сонирхоод гарахаар манай багийнхан эднийхнийг зорьж яваа юм... “Их газрын чулуу”-наас хөдлөөд удаагүй байтал “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ий Гүйцэтгэх захирал С.Баярмөнх утасдаж байна. “Сэрүүлэг” сонин, “ТВ 8” телевизийн эзэн байх үеэс нь л таньж мэдэх болсон ажил мэргэжил нэгтэй дотно нөхдийн маань нэг юм тэр. Хоёр жилийн өмнө Каир орчихоод буцаж явахдаа Москвагийн нэг зочид буудалд тохиолдлоор таарч байлаа.
С.Баярмөнх бид хоёр Москвад
Хоёр ч өдрийг бид хамт өнгөрөөж, бас нэг онгоцоор нутагтаа хамт ирж байлаа. Ийм анд маань дуулиант үйлдвэрийн толгой компанийх нь удирдлагаар томилогдоод ажиллаж буй, бас тэр үйлдвэр нь яг замд болохоор сонирхоод гаръя гээд хэрэгт дурлаж явдаг сэтгүүлчийнхээ хувьд хамт яваа нөхдөө анхнаас нь уриалчихсан хэрэг. Энэ тухайгаа ч Дундговийн аялалд гарахаасаа өмнө С.Баярмөнхөд хэлж зөвшөөрүүлээд үйлдвэр үзэх өдөр цагийг урьдчилсан байдлаар ярьж тохирчихсон байсан юм. Тэгээд л тэрээр ирж яваа эсэхийг маань лавлаж утасдаж байх. Баярмөнх захирал өөрөө хүндэтгэх шалтгаантай ажил алба гараад хотоос гарч чадахгүй болсноо учирлаад “Салхит УБҮ-ийн” захирал Ж.Ганхүлэг биднийг хүлээж аваад орд газраа, үйлдвэрээ танилцуулахаар болсныг мэдээлэв.
“Салхитын Мөнгөний орд”-од
Шороон замаар гуч шахам км давхиад их үд болж байхад зорьсон газраа хүрээд ирцгээв. Ордын захиргааны байр байшин нь их замаас холгүй, үйлдвэр болон олборлолт явуулж буй орд нь арай цаахантай юм билээ. Захиргааны албан байрны гадаах зогсоолд унаа машинаа байршуулж байтал хаа газрын том үйлдвэр компанийн жишгээр харуул хамгаалалтын албаныхан нь гүйгээд ирж байна. Хэрэг зоригоо танилцуулсаны дараа захиргааны ажилтан хүрч ирж бичиг баримт, бас ковидын шинжилгээ, вакцины бүрэн тун энэ тэр гэх мэтийг асууж лавлаж байгаад биднийг дагуулав. Бид ч амны хаалт энэ тэрээ зүүж халдвар хамгааллын дэглэмээ чанд сахицгаагаад захиргааны байр руу нэвтэрцгээв. Биднийг хүлээн авч буй энэ байр нь ажилчин албан хаагчдын цайны газар, чийрэгжүүлэх танхимтай юм. Цэвэр цэмцгэр тохилог сайхан байр байв. Замын тоосоо гөвж ариун цэвэр сахицгаав. Энэ талын өрөө тасалгаа, үйлчилгээний тоног хэрэгсэл нь ч том үйлдвэр, том компанийн л жишигтэй юм. “Салхит УБҮ-ийн” захирал Ж.Ганхүлэг бидэнтэй энд уулзах юм байна. Үдийн цайнд урингаа ажил албаа танилцуулах гэнэ. Цайны газрын бага шиг танхимд суудлаа эзэлж байтал тэрээр орж ирж мэнд ус болж танилцацгаав. Бидний танил С.Баярмөнх “Эрдэнэс Силвер ресурс” компаний захирлаар томилогдсоны дараа түүнтэй хамтарч ажиллахаар болж энд ирсэн гэнэ. Өмнөх захирал удирдлагууд нь хятадуудаас одоогийн энэ баяжуулах үйлдвэрийг хүлээн авч засварын шинэчлэлийн ажил маш ихийг хийж өнөөгийн байр байдлыг бий болгосон тухай тэрээр ярьж байлаа. Баяжуулах үйлдвэрийг сэргээн засахаас гадна дэд бүтэц болон захиргааны энэ байрыг бүрэн тохижуулсан гэнэ. Биднийг хүлээн авч буй энэхүү заал танхим, зоогийн газар бүхий үйлчилгээний цогцолборыг шинээр барьсан аж. Компани үр ашигтай, сайн ажиллах нэг үндэс нь ажиллах хүч байдаг гэх үүднээс ажиллагсадынхаа тав тух, амралт сувилал, эрүүл ахуйн орчинд анхаарал тавьж энэ талын бүтээн байгуулалт нилээдийг хийжээ. Халаалт дулааны бүх шугам сүлжээг хөлдсөн байсныг сэргээн зассан гэнэ.
-“Салхит төсөл”-ийн одоо ажиллаж буй баяжуулах үйлдвэр жилдээ 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай. Бид цаашид бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмэгдүүлэхийн тулд хоёр дахь баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хоёр дахь баяжуулах үйлдвэр одоогийн баяжуулах үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадалтай учир ашиглалтад оруулснаар тэр хэрээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, компанийн орлого, үр ашиг өсөх бөгөөд шинэ ажлын байр бий болно хэмээн Ж.Ганхүлэг захирал ярьж байв. Иймэрхүү яриа болж байгаад орд газар, олборлох үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулахаар болов. Захиргааны байрнаас арай алсдуу хоёр км шахам зайтай юм билээ. Дохионы шар гэрэлтэй машин биднийг дагуулаад тийшээ давхив. Үйлдвэрийн байрнаас баруухантай хагас км зайтай олборлох талбай нь байна лээ. Том том бульдозер, экскаваторууд тэнд хөрс хуулж, хүдэр овоолж том машинууд хүдэр ачаад л давхилдаж байх. Томоохон ил уурхайнуудын л танил дүр зураг. Бидэнд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ий ХАБЭА-ны инженер Очирсүм, Технологийн ахлах инженер Б.Ганзам, “АХҮ” ХХК-ийн Ерөнхий инженер Э.Батмөрөн нар замчилж ордын олборлолт, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулсан юм. Туузан дамжлагаар үйлдвэрийн байр руу угааж баяжуулах хүдэр тасралтгүй
урсан орж ирж байв. Тэгээд л баяжуулах үйлдвэрийн дамжлага хоолой, том том барабант бутлуураар дамжиж нунтаглагдаж, сэлүүр эргэлдсэн том том хавтгай төмөр саваар дамжиж угаагдаад, хатаах дамжлагаар шахагдаж шүүгдсэн хуурайвтар саарал нунтаг туузан дамжлагаар доош урсаад шуудайлагдаж байх юм билээ. Энэ нь нөгөө мөнгөний баяжмал юм байна. Баяжуулах үйлдвэр нь тасралтгүй үйл ажиллагаатай, сардаа 21 мянган тонн хүдрийг хөвүүлэн баяжуулах флотацийн аргаар баяжуулж 150-200 тонн мөнгөний баяжмал үйлдвэрлэдэг юм байна. Баяжмал дахь мөнгөний агуулга нь 150-180 гтн аж. Баяжмалаа европын хэд хэдэн оронд экспортлодог гэнэ. Одоо ашиглаж буй “Салхит” ордоосоо эднийхэн сардаа 50 мянга орчим тонн хүдэр олборлодог гэнэ. Хүдрийнхээ тавь гаруй хувийг нь Хятад руу экспортлоод үлдсэнийг нь баяжуулах үйлдвэртээ оруулж угааж баяжуулдаг аж. Баяжмал угаасан усаа орчин үеийн өндөр технологит үйлдвэрийн нэг адил дахин ашигладаг гэх. Баяжуулах үйлдвэр болон уурхайд инженер техникийн ажилтан, захиргааны албан хаагчид гээд нийт 150 хүн ажилладаг юм байна. Ордын хөрс хуулалт, хүдрийн зөөвөр тээврийг гэрээт компаниуд гүйцэтгэдэг гэнэ.
Ер нь энэхүү Салхитын мөнгөний ордын геологи хайгуул, өрөмдлөг, нөөцийн тооцоолол зэргийг бүгдийг нь монгол инженерүүд хийснээс гадна, уурхай болон баяжуулах үйлдвэрт мөн л монгол инженер, техникийн ажилчид ажилладаг аж. Энэ нь монгол инженер, техникийн ажилчид уурхай, баяжуулах үйлдвэрийг 100 хувь бүрэн хүчээр нь ажиллуулах хэмжээнд бэлтгэгдсэн, дэлхийн уул уурхайн салбарын боловсон хүчнээс огтхон ч дутахгүй гэдгийг харуулж байгаа юм гэж “Эрдэнэс Силвер ресурс” ХХК, “Салхит мөнгөний уурхай”-н удирдлагууд ярьж байлаа.
МУСГЗ, Сэтгүүлч Д.Цэдэн-Иш