Г.ГҮНЖИДМАА: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ОРЧИН САЙЖРАХАД АВЛИГЫН ИНДЕКС БУУРНА

2022-01-10  

 Монгол улс 2020 онд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ “улбар шар” буюу мэдэгдэхүйц асуудалтай орнуудын тоонд багтаж дэлхийн 180 орноос 28.97 оноотойгоор 68 дугаарт эрэмбэлэгдсэн. Харин Авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт жагсаж байна. Ардчилал, хүний эрх, чөлөөт шударга байдлыг илтгэдэг эдгээр индексүүд нь хоорондоо харилцан уялдаатай. Учир нь хэвлэлийн эрх чөлөөний орчин сайжирч индексийн оноог 25-т хүргэхэд манай улс сэтгэл хангалуун буюу “шар” түвшин рүү орно. Монгол Улс авлигатай бүх шатанд тэмцэхээ илэрхийлж буй энэ цаг үед хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, дэмжих замаар шударга, чөлөөт эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлж улмаар авлигын төсөөллийн индексийг бууруулах боломжтой юм. Гэвч хэвлэлийн эрх чөлөөний индекст сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хуулийн зохисгүй хязгаарлалтууд олноор гарч байгаа. Нууцын хуулийн малгайн дор мэдээллийн ил тод нээлттэй байдал хангалтгүй хэвээр, нийтийн мэдээллийн тухай хуулиар байдлыг дордуулсан, улмаар шүүмжлэлт сэтгүүл зүйг цагдан хяналтаар боомилох оролдлогууд нийтлэг зэргийг дурдаж болно. Эдгээр нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагаанд саад учруулж, улмаар сэтгүүлчид нийтийн эрх ашгийн төлөө шүүмжлэл өрнүүлэхээс татгалзах эс үйлдэл рүү хөтлөх бодит эрсдэл үүссэн. Сэтгүүлчид “тархиндаа хайч үүсгэх” буюу өөрт нь айдас, дарамт дагуулах мэдээллээс татгалзаж, нийтийн эрх ашгийн төлөө дуугарахдаа өөртөө цензур тавих буюу буруугийн хажуугаар чимээгүй өнгөрч эхлэх цагт бид авлига, хээл хахуультай тэмцэж, ардчилал хүний эрхийг хамгаалах талаар яриад ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс нэн тэргүүнд шударга, чөлөөт сэтгүүлчид аюулгүй, айдасгүй орчинд зоригтойгоор, мэргэжлийн бөгөөд ёс зүйн өндөр түвшинд ажиллаж байж ардчилал амь бөх оршино гэдэгт итгэдэг. Шүүмжлэл бүхий нийтлэл бичсэн сэтгүүлчдийг олноор нь Цагдаад дуудах болсон. Цагдаа, тагнуулд дуудагдсан сэтгүүлчдээс нэн тэргүүнд эх сурвалжаа хэлэхийг шаарддаг нийтлэг жишиг тогтжээ. Сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа хамгаалж чадахгүй юм бол сэтгүүлчийн ажлаа хийж чадахгүй гэсэн үг. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд хууль бус асуудлыг эрэн сурвалжлах, мөрдөн мөшгих, нийтэлж нэвтрүүлэхэд эрх зүйн таатай орчин дутагдсаар байгаа. Тиймээс сэтгүүлчийн аюулгүй байдал, нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хангах эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, сайн туршлагад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн нууцлалын хүрээ өргөн байгаа нь сэтгүүлч мэдээлэл авахад хүндрэл учруулдаг. Тухайлбал, Монгол Улсын Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2-т “Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ зүйлийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу Төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо 565 болж 2017 онтой харьцуулахад ес дахин өссөн. Мөн хуулийн 14.1-д “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж заасан байдаг. Ингэснээр байгууллагууд өөрсдийн үзэмжээр мэдээллийг нууцлах боломжийг өгч байгаа юм. Тиймээс байгууллагын нууцын тухай хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Өнөөдрийн торгож буй хатуу хатуу хуулийг зөөлөн зохицуулалтаар солих нь өгөөжтэй. Зөөлөн зохицуулалтын хэм хэмжээ болох хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг улс төрийн соёлын болоод бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч дэмжих шаардлагатай байна. Сэтгүүлч бусад мэргэжлийн хүмүүстэй харьцуулбал ёс зүйн өндөр хариуцлага хүлээдэг мэргэжил. Тэгэхээр хуулийн зохицуулалт, сэтгүүл зүйн өөрийн зохицуулалт хоёр хамт хөгжиж хэвлэлийн эрх чөлөөний асуудал цэгцэрнэ. Хэвлэлийн эрх чөлөөний индекс өндөр улс орнуудын гол баримталсан зарчим бол ерөөсөө л эдгээр хоёр зохицуулалтын хоорондын ялгаа заагийг тодорхой зааж тэдгээрийг зэрэгцүүлэн хөгжүүлсэн явдал юм. Хуулиараа зохицуулдаг зүйл нь тодорхой, ёс зүйгээр зохицуулдаг нь тодорхой. Бие бие рүүгээ холилдон оролцдоггүй. Гэхдээ хоёулангийнх нь зорилго чанартай, хариуцлагатай мэдээллийг олон нийтэд түгээх, иргэдийг худал мэдээлэлд автаж, хор хохирол учрахаас хамгаалах. Тэгэхээр хаана юуг нь яаж зохицуулах вэ гэдэг хилийн дээсийг тодорхойлох шаардлагатай. Улмаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн баталгаа болдог.

No description available.

Эх сурвалж: Зууны мэдээ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?