З.САНЖДОРЖ( Зурхайч): АЛТ МӨНГӨ ЭЛБЭГ, АРД ИРГЭД ЖАРГАЛТАЙ БАРС ЖИЛ ГАРАХ ГЭЖ БАЙНА

2022-01-18  

 XVII Жарны “Сайжруулагч” хэмээх Усан барс жилийн өнгийг тольдвол ингэж буужээ. Морилон ирж буй XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан барс жилийн хаврын урь орох өдөр нь 2022 оны 02-р сарын 04-ны өдөр буюу шинийн 4-ний шар хулгана өдөр тохиож байна. Дөрвөн ногоон мэнгэтэй, гал суудалтай , баасан гарагт хаврын урь орох нь. Урь орох энэ өдрөөр тэр жилийн ерөнхий төлөв байдлыг шинжин үздэг зурхайн уламжлалтай. Үүгээр шинжвэл, хаврын сардаа салхи шуурга багатай, баяр баясгалантай, зундаа өвс ногооны гарц сайн, хур бороо элбэг, намартаа Монгол орны өмнө зүгийн хил хязгаар орчимоор гандуу боловч үр тариа арвин, өвөлдөө цас багатай өнөтэй сайхан жил болно. Хаврын урь орох өдөр тэнгэр цэлмэг бол түмэн бодис дэлгэрнэ. Тэнгэр бүрхэг байвал үер усны аюул болно. Тэнгэрт хуримтлагдах үүл зүүн зүгт ихээр бөөгнөрч байвал өнтэй сайхан жил болно. Энэ өдөр зүүн зүгээс салхи ихтэй бол будаа тариа боловсроход муу нөлөөтэй, харин баруун зүгээс салхи ихтэй бол хур тунадас арвин байх магадлалтай гэж Монголчууд үздэг. Зурхайн зарим ном сударт “Сайжруулагч” хэмээх усан барс жил алт мөнгө элбэг, ард олон амгалан жаргалантай хэмээн айлдсан буй. Хаврын урь орох өдрөөр жилийн “Шороон үхэр” хэмээх дүрслэлийг тодорхойлвол, шар хулгана өдөр тохиож байгаа учраас үхэр хариулаач нь шар дээлтэй, шар малгайтай, дөрвөн ногоон мэнгэтэй өдөр таарч байгаа учраас үхрийн биеийн ихэнх хэсэг нь ногоон өнгөтэй, гал суудалтай учраас үхрийн дөрвөн туурай, омруу нь улаан өнгөтэй дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь үхрийнхээ хойно алхан явж байгаа нь энэ жилийн хаврын урь орох өдөр нь цагаан сарын хойно буюу шинийн 4-ний өдөр таарч байгаатай холбогдуулан дүрслэгдсэн болой. Иймээс “Шороон үхэр” хэмээх дүрслэлээр “Сайжруулагч” хэмээх усан барс жил нь идэр залуу хүмүүст ээлтэй сайн, нялхас хүүхэд багачуудад ширүүн, өндөр настан, ихэс дээдэс нарт хатуу жил болох төлөвтэй. XVII жарны Усан барс жилийн ёгт нэр нь Төвдөөр “ Дагжэд буюу “Сайжруулагч” гэсэн утгатай. Харин Төвдөөр “Гэжэд” буюу “Буян үйлдэгч” гэдэг нь ёгт нэр биш. Тухайлбал: “Шороон барс” жил нь “Олон үрт” хэмээх ёгт нэртэй, “Төмөр барс” жил нь “ Тийн урвагч” хэмээх ёгт нэртэй, “Модон барс” жил нь “ Хотол баясгалант” хэмээх ёгт нэртэй, “Гал барс” жил нь “ Барагдагч” хэмээх ёгт нэртэй байдаг. “Усан барс” жил нь “Сайжруулагч” хэмээх ёгт нэртэй юм. Онцолбол, VII жарны “Барагдагч” хэмээх улаан барс жилд (1206 он) Их Монгол улсыг байгуулан тунхаглаж Чингис хааныг залсан. “Олон үрт” хэмээх “Шар барс” жил (1638 он) Өндөр гэгээний дайхийг үргээж “Гэнэн” санаваар хүртээж Ишдорж хэмээх нэр өгсөн. Өндөр гэгээн Занабазар “Барагдагч” хэмээх улаан барс жил (1686 он) 52 сүүдэртэйдээ алдарт Соёмбо үсгээ зохиосон. Өндөр гэгээн “Сайжруулагч” хэмээх усан барс жил (1722 он) 88 сүүдэртэйдээ Бээжинд морилон очсон гэх мэт түүхэн үйл явдал барс жилүүдэд тохиож байжээ. VII-р жарны Улаан барс жил (1206 он) их хуралдайгаар хэлэлцэн “Их засаг хууль” батлагдсан. “Их засаг хууль”-д (…Аливаа шашин суртахууныг хүндэтгэмой. Гэвч аливаа нэгэн онц эрхийг эдэлж үл болмой...) хэмээн заасан байдаг. “Арван буяний номын цагаан түүх” хэмээх номонд заасан төр, шашин хоёрыг тэгш хослон явуулах үзэл санаа бол төрийн албыг олон түмний итгэлээр дамжуулан зүй зохистой хэрэгжүүлэх, төр ба шашины харилцааг үндэснийхээ иргэншилийн онцлогт нийцүүлэн үр нөлөөтэй зохион байгуулах талаар хүн төрөлхтөний төр, иргэншилийн сан хөмрөгт Монголчуудын оруулсан гайхамшигт хувь нэмэр мөн. Үүнээс үзвэл, XVII жарны “ Сайжруулагч” хэмээх усан барс жил Монголын бурхны шашны шинэчлэл бодит үр дүнд хүрэх магадлалтай гэж үзэж байна.

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?