Ө.РАГЧААСҮРЭН: ТОРГОНЫ ЗАМ ( Уран зургийн эссе)

2022-01-19  

No description available. 

Өнөөдөр их гоё уран зураг үзнэ ээ, найз нар минь. Дархан хотын авьяаслаг залуу зураач бүсгүй Соронзонболдын Мөнгөнзулын шинэ бүтээл бидний өмнө дэлгэгдлээ. Уран зурагт дүрслэгдсэн аян замын үзүүр их хол болохоор зураг ч ялгаагүй их урт зурагдсан байгаа. Нүүр номынхоо галерейд ороод дээд талын зурган дээр нь дараад томруулж үзээрэй гэж зөвлөе. Алдарт торгоны замын тэмээн жингийн цуваа Монголын говиор дайран өнгөрч байна. Анд нар минь, нэг асуулт байна. Торгоны зам хаанаас эхэлж хаа хүрдэг билээ? Хаагуур дайрч өнгөрдөг вэ? Хариулаарай... Торго ачсан жин хөсөг эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань хотоос гараагаа эхэлнэ. Тэгээд далайн цаадах Европын эрэгт Ром, Франц хүрдэг. Замдаа Энэтхэг, Перс, Арабыг дайран дундад Азийг бүтэн туулж, газрын дундад тэнгисийг гатална. Ертөнцийн нөгөө бөөрөнд очдог энэ замыг бидний өвөг дээдэс “Түмэн уртын зам” хэмээдэг байсан нь мөн ч онож өгсөн нэр шүү. Яах ч аргагүй л түмэн бээрийн газрыг туулдаг байжээ. Манай тооллын өмнөх гуравдугаар зуун буюу өнөөдрөөс хоёр мянга гаруй жилийн өмнөөс энэ зам үүсчээ. Марко Поло энэ замаар л аялан Монголд ирсэн гээд бод доо. Сонирхуулахад Хятадын хуучин Чанань хот байсан одоогийн Шаньси муж нь Бээжингээс урагш Хятад улсын төв хэсэгт оршдог. Энэ муж нь Хятадын өнөөгийн удирдагч Ши Жиньпиний төрсөн нутаг гэхээр тэрбээр Торгоны замын эхэнд төржээ. Торгоны замыг Хүннү улсын Модун Шанью эхлэн хянаж байснаа үе улиран Чингис хаан дараа нь Өгэдэй хаан харуул гарган их замын дээрэмчидээс хамгаалж байсан нь шастир сурвалжид бичигдэн үлдсэн. “Чингис хаан Торгоны замаар өрнө дорныг холбосон ертөнц дахины худалдаа арилжааг саадгүй явуулдаг байсан нь өнөөгийн НҮБ-ийн үүргийг гүйцэтгэж байсан хэрэг” гэж эрдэмтэн мэргэд үзэцгээдэг. Гайхалтай дүгнэлт шүү. Чингис хаан “Их засаг” хуулиндаа “Монголын газар нутгаар дайран өнгөрч буй торгоны замын жингийн цуваа нь дайсан орных байсан ч довтолж үл болно” хэмээн заажээ. Тэр ч бүү хэл худалдаачдыг орд өргөөгөөрөө дайруулан оруулж, дэлхий дахинд болж буй бүхий л үйл явдлыг тэдний ярианаас сонсож “мэдээлэл цуглуулдаг” байсан нь мөн ч сонирхолтой... Уран зурган дээрх жингийн хөтөч бас унасан тэмээ нь ч адилхан, аян замын үзүүр хол байна даа хол байна гэсэн шинжтэй их л алс дээгүүр харцаа бэлчээжээ. Хөтөч эрийн өмссөн юүдэн малгайн улаан залаа нь салхинд хийсэх нь учир начиртай. Жингийн цувааг харсан говийн хүний сэтгэл нэг л сайхан болоод явчихна. Цувааны эхэн дунд яваа хоёр жинчин, ачаатай олон тэмээд тун ч өөриймсөг дотно санагдана. Ийм л орчинд төрж өсөж өндийсөн болохоор тэр. Хүүхэдсэн бол жин хөсгийн өөдөөс амдан гүймээр. Торго дурдангаас гадна жинчин ахын богцонд хол газрын амттан бурам жимс заавал байгаа. Түүнээсээ хүүхдэд заавал өгнө... Тэмээ цөөхөнтэй гэгддэг Сэлэнгэ нутгийн төв дунд нь байдаг Бурхантын хөндийн хотод төрж өссөн залуу зураач бүсгүй, тэмээ малын дэргэд л өссөн юм шиг яасан гоё зурна вэ. Тэмээг бүр дэндүү гоё зурахыг нь яана. Дандаа ингэж тэмээ зураад байдаг нь нэг л совин ерөөлтэй биз ээ... Өрнө дорныг холбосон торгоны замын зөн билиг өнөө цагт ч биелэлээ олсоор байхын утга санааг уран зураг бидэнд өгүүлсээр...

2021 он. Бурхантын (Дархан уул) хөндийн хот

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?