Одоогоор АНУ өөрийн нутаг дэвсгэртээ дайн хийж үзсэнгүй. Амссан зовлон нь худалдааны ихэр байшин террорист халдлагад өртсөн цорын ганц тохиолдол юм. Дэлхийн 1, 2 дугаар дайн бол Оросын нутгийг бүхэлд нь хамарсан.Ялангуяа хоёрдугаар дайн 4 жил үргэлжилж, Оросын 20 сая иргэний амийг авч одсон гэдэг ч, бодит амьдрал дээр тэр тоог хол давсан гэх нь бий. Дэлхийн хоёрдугаар дайн бол Европ тивийг тэр чигт нь, Ази тивийг хагасчлан нөмөрсөн. АНУ хоёрдугаар дайны зөвхөн төгсгөлд холбоотноор оролцож, дайны төгсгөлийг хийж, буулгаж авсан Германыг 4 хувааж, дийлэнх буюу 3/4-ыг АНУ, Англи, Итали авч Баруун Германыг байгуулж, үлдсэн 1/4-ийг авсан Орос улс Зүүн Германыг байгуулж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд өөрийн усан цэргийн флотыг довтолсон Японы армид хатуу сануулга өгч, Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдөж, арлын Японыг өөрийн эрхшээлдээ оруулсан. Энэ нь ч Оросод сануулга өгөх давхар зорилго агуулсан гэж зарим түүхчид үздэг. Хуучнаар Югослав , Иракыг АНУ дайтсан. Афганистан, Ирак, Иранд дайн өдөөсөн. Одоо АНУ цэргээ ОХУ-ын хил дагуул улс гүрнүүдэд байрлуулаад байгаа. АНУ, Европын холбоог НАТО нэгтгэдэг. НАТО-гийн цэргүүд Оросын аюулаас бусад улс гүрнийг хамгаалах нэрээр ОХУ-ын хилийг тойрон байрласан нь ОХУ -ыг цэрэг зэвсгээ хүчтэй хөгжүүлэхэд шууд нөлөөлсөн. ОХУ болзошгүй дайнаас болгоомжилж, НАТО-гийн цэргийг ОХУ-ын ойролцоох Украйн, Латви, Литва, Эстони зэрэг орноос гаргахыг шаардаж буй. Кремлийн төлөөлөгч Д.Песков: -Украин руу зэвсэг нийлүүлж, НАТО-гийн болон барууны улс орнуудын нисэх хүчин тийшээ чиглэн нисэж байгааг бид харж байна. Энэ бүхэн Украины нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.Тиймээс бид өөрийн цэрэг хүчээ Украйны хил рүү татах тушаал өгсөн гэж РИА новостид хэлсэн. Одоогоор 100 мянган цэрэг зэвсгийн хүчийг Украйны хил дагуу ОХУ бөөгнөрүүлж амжжээ. Болзошгүй дайны үнэр ханхалж эхэлсэн энэ цаг мөчид:- ОХУ-ын цэрэг Украины хилээр нэвтрэх л юм бол довтолсонд тооцож , нэн даруй хатуу хориг арга хэмжээ авах болно. Энэ тулалдаан нь ОХУ-ын эдийн засагт асар их хохирол дагуулах болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден анхаарууллаа. Ийнхүү Украйн- ОХУ -ын хооронд үүсэх жижигхэн ч мөргөлдөөн дайны галыг дүрэлзүүлэх оч болон үсрэхэд бэлэн болжээ. Тиймээс Дэлхийн хөлбөмбөгийн АШТ-д Европ тивд нэмэлтээр олгосон 3 эрхийн төлөөх тоглолтонд оролцох ОХУ, Украйны багийг өөр хоорондоо учраа таарахгүйгээр сугалааг зохицуулсан байна. Дайны зовлонг өөрийн нутаг дээрээ үзээгүй АНУ, Тайваны асуудлаар ч Хятад улстай мөргөлдөхөд бэлэн болсноо илэрхийлсэн. Ийнхүү Монгол улстай хил залгаа хоёр улс АНУ-тай хэзээ мөдгүй дайтах магадлал өндөрслөө.
Ц.ЭНХБАТ