Үүсгэхээ мэдэхгүй, үрэхээ л мэддэг МАН-ын Засгийн Газар шалдаа буух цаг ойртсон байна. Ард иргэд, албан байгууллагын ус, цахилгаан, дулааны үнийг хөнгөлж, Эрдэнэт үйлдвэрээр даалгаж ирсэн Засгийн газар мухардалд орж эхэлжээ. Эрдэнэт үйлдвэр улсад мөнгө нийлүүлэх нь бүү хэл, гэрээлсэн Орон сууцны конторынхоо төлбөрийг ч хийж чадахгүйд хүрсэн байна. Үүнээс улбаалаад Орон сууцны компаниуд цалингаа тавьж чадахгүй байдалд оржээ. Шинээр хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн хуулиар ажилчдын олгогдоогүй цалинд 3 хувийн алданги тооцох заалт бий. Тэгвэл энэ торгуулийг ч Эрдэнэт үйлдвэр, эс бөгөөс Засгийн газар үүрэх болох нь. Яагаад зэсийн үнэ тасралтгүй өссөөр атал Эрдэнэт үйлдвэр төлбөрийн чадваргүй болов гэдэг талаар: - 44 дэх жилдээ тасралтгүй ажиллаж, улсынхаа эдийн засгийн гол ачааг үүрч ирсэн Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн экспорт 2021.11.29-ний өдрөөс буюу үндсэндээ 2 сар орчим хугацаанд бүрэн зогссон .Цаашид ч үргэлжлэх магадлалтай ноцтой байдал үүссэн. Коронавирусний цар тахлын улмаас урд хил дээр 237 вагон буюу 30.0 сая ам.долларын баяжмал гацсан. Үйлдвэрлэл зогсох эрхгүй учир агуулах саваа дүүүргэж, илүү гарсныг нь гадна талбайгаа ашиглан 170.0 сая ам.долларын 90.000 тонн баяжмалыг ил хураагаад байна. Энэ нь их хэмжээний зай талбайг эзэллээ. Хятадын талаас баяжмалыг ууталж биш чингэлгээр зөөвөрлөхийг шаардсан. Тавьж буй шаардлагыг биелүүлэх боломжийг судалж үзлээ. Хуучнаар нэг тонн баяжмалын тээврийн зардал өнөөдөр 17.6 ам.доллар буй. Хятад улсын тавьсан шаардлагын дагуу чингэлгээр зөөвөл нэг тонн баяжмалын тээврийн зардал даруй 4 дахин өсөж хамгийн багадаа 63 ам.доллар, цаашлаад 290 ам.доллар буюу 11 дахин өсөх тооцоо гарсан. Энэ нь тэр хэмжээгээр ашиг орлого буурна гэсэн үг . Иймд БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас нааштайгаар шийдвэр гаргуулах, эхний ээлжинд хил дээр гацсан баяжмал бүхий 237 вагоныг саадгүй хил нэвтрүүлж, улмаар хуримтлагдсан 90.000 тонн баяжмалыг уламжлалт аргаар ууталсан хэлбэрээр экспортод гаргахыг шийдвэрлэж өгөх нь цорын ганц арга зам юм гэж Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн тайлбарлалаа. Уг асуудлаа ч ерөнхий сайдад уламжилсан байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Бээжин-2022 өвлийн олимпийн нээлтэнд оролцох үеэрээ БНХАУ-ын үеэр Засгийн газрын тэргүүнтэй уулзаж, үүсээд буй асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж өгөхийг хүслээ. Ийнхүү Хятад улс хилээ хааж, тээвэрлэлтийн шинэ журам нэвтрүүлснээр Эрдэнэт үйлдвэр гэх Монголын цорын ганц саалийн үнээний " сүү" эрс татарсан байна. Л.Оюун-Эрдэнэд олимп үзэж зугаацах биш, асуудлыг шийдэх даалгаврыг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн уурхайчдынхаа өмнөөс ийнхүү үүрэг болголоо. Одоо л бид хэр зэрэг хүчтэй, ажил бүтээж чаддаг ерөнхий сайдтай эсэхээ шалгах цаг иржээ.
Ц.ЭНХБАТ