Ширээний теннисний өнөө цагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хүний нэг бол "Өег" компанийн захирал, Монголын Ширээний Теннисний Холбооны дэд ерөнхийлөгч Г.Даваасүрэн байлаа. Өөрөө теннисээр хичээллэдэг, теннисний спортод дуртай , дээр нь хүүхдэд хайртай нь түүнийг Монголын Ширээний Теннисийг хөгжүүлэх үйлсэд эргэлт буцалтгүй татан оролцуулсан гэж боддог. Тэр бол бодсон санаснаа шууд л ил тод хэлдэг, шүүмжлэх зүйлээ эзэнтэй нь нэр заан хэлчихдэг шударга, зарчимч , цөөн гишүүдийн нэг байсан. Монголын ширээний теннисний холбоо , тус холбооны аливаа нэг албан тушаал нь хэн нэгний амь зуух арга, амьжиргааны өчүүхэн хэрэгсэл байх ёсгүй гэж тэр нэг бус удаа холбооны тэргүүлэгчдийн хурал дээр шүүмжилж, Холбоонд эрүүл саруул уур амьсгал оруулахын төлөө тууштай тэмцсэн. Холбооны шинэ санаачилгыг байнга дэмжигчийн ч нэг байж ирсэн. Холбооноос санаачилсан Дээд Лигийн тэмцээнд Батдэлгэр нарын залуучуудаас "Өег" багийг бүрдүүлж, бүх санхүүжилтийг дааж оролцуулан тамирчдаа ч, холбооны үйл ажиллагааг бодитойгоор дэмжиж байсан. Ийнхүү холбооны үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Өсвөр насны УАШТ-ийг 2014-18 оны хооронд 4 жил дараалан санхүүжүүлэн, зохион байгуулсан. Энэ бол түүний хүүхдүүдэд хайртай байсны тод илрэл юм. Тэр энэ тэмцээнийг спонсордох, зохион байгуулахдаа жаргалын дээдийг эдэлдэг байсан гэж бодогддог. Өсвөр насны хүүхдийн УАШТ-ий шагнал нь тухайн үедээ Насанд хүрэгчдийн УАШТ-ийг хол давсан. Тэрбээр түрүүлсэн охид, хөвгүүдийг мөнгөн шагналаас гадна, ракет, резинээр нэмж байлж байсан нь даруй 1 сая төгрөгийг ч хол давсан мөнгөн үзүүлэлт юм. Тэрбээр холбооны хуралд хурц шүүмжлэгч, маш зарчимч, хатуу байр суурийг баримлагч гишүүдийн нэг байсан ч, хүүхдүүдэд бол хайлсан тугалга шиг зөөлөн, өгөөмөр нэгэн байж билээ. Гайгүй шиг тоглодог, ирээдүйтэй ядруудуу хүүхдийг дуудан газар дээр нь үүргэвч, пүүзийг нь сольж, багаж хэрэгслийг нь санаачилгаараа шинэчилж өгдөг байсныг теннисчид өнөө хэр санадаг. Хөвсгөлийн "Монтана" хочит Батдэлгэрийг иж бүрэн хувцаслаж, Германд болсон ДАШТ-д оролцоход нь бүх зардлыг нь дааж, дээр нь 1400 еврог халаасны мөнгө болгон өгч, баярлуулж байсныг багш Цэнджаргал нэг бус удаа дурссан нь бий. Ил гараагүй ийм жишээг олныг татаж болох. Ийм л ядарсанд тусархүү, задарсанд хатуу, шударга нэгэн байж билээ. Цэнджаргал мастерийг ч "Өег" компанидаа биеийн тамирын зааварлагчаар авч, түүнээр дамжуулан теннисэнд дуртай олон хүүхдийг дэмжсэн. Багш, спортын мастер солгой Цэнджаргалыг тэрбээр онцгойлон дэмжиж, АНУ-д зохиогдсон хоёр ч тэмцээнд, мөн Хөх хотод мөрөө эмчлүүлэх бүх зардлыг дааж байсан. - Би яаж явах байснаа төсөөлөхгүй байна. Даваасүрэн захирал бол миний амьдралыг бүрэн өөрчилсөн хүн. Даваасүрэн захирал бол зөвхөн сайн захирал биш. Тэр бол бусдын төлөө төрсөн хүн. Агуу их хайр, халамж, сэтгэлийг би түүнээс мэдэрсэн. Би Даваасүрэн захиралд өртэй хүн. Гэхдээ гэрээр нь орж, зул өргөсөн зурагны өмнө мөргөхөөс өөр юу ч хийж чадсангүй гэж теннисний спортын мастер Цэнджаргал харуусан, нулимсаа барьж чадалгүй энэ өдөр гашуудлаа. Түүнийг " Өег"-ийн Даваасүрэн гэдэг ч, тэр нь бидэнд "Теннисний Даваасүрэн" гэдэгтэй ижил дотно сонсогддог болжээ. Ийм нэгэн буянтан, спортын зүтгэлтэн, зөв хандлагатай, зөв хүнээ теннисчид, монголчууд алдлаа. Тэр гэнэт " од" болон харван тэнгэрт одлоо. Тэнгэртээ тавтай морил доо, журмын нөхөр минь.
Ц.ЭНХБАТ (Ширээний теннис сонирхогч, Холбооны тэргүүлэгч гишүүн)
Шинэ жилийн хүлээн авалтын үеэр улсын хошой аварга Баярмагнайтай энэ зургийг татуулжээ