РАДНААГИЙН БҮДХАНДЫН ГЭГЭЭН ДУРСГАЛД

2022-02-14  

No description available.

    Бидний хайрт ээж,  эмээ Раднаагийн Бүдханд ертөнцийн мөнх бусыг үзүүлж 2022 оны хоёрдугаар сарын 11-ний баасан гаригийн өглөө хорвоогийн жам ёсоор энэ ертөнцөөс халин одлоо.  Өнгөрсөн жил бидний энэрэлт аав, өвөө Балжиннямын Намбар бурхан болсноос хойш хайрт ээж, эмээ маань энэрэлт аав, өвөөг маань үгүйлсээр түүний хойноос энэ хорвоог орхин явлаа.
      Раднаагийн Бүдханд 1935 оны гахай жил одоогийн Хэнтий аймгийн Дадал суманд мэндэлжээ. Түүний авга талын өвөг дээдэс  хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж, хилс хэрэгт гүтгүүлэн хэлмэгдэж хүчээр ял тулгуулж, зарим нь Монголдоо, зарим нь тэр үеийн Зөвлөлтөд шоронд хоригдож, ид хийж бүтээх насандаа эмгэнэлтэйгээр амь насаа алдсан байна.Хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртсөн нутгийн нэг болох Хэнтий аймгийн Дадал сумандаа амьдрахад туйлын хүнд хэцүү болсон тул Раднаагийн Бүдханд эмээ Дулам, ээж Шаравын Гарамханд нарыгаа даган 1930-аад оны сүүлээр Улаанбаатар хотод нүүн ирж суурьшсан байна. Раднаагийн Бүдханд насан туршдаа эмээ Дуламыгаа санан дурсаж, түүнтй хөдөлмөрч, хичээнгүй зан чанар, эр нөхрөө хэлмэгдүүлэлтийн хар шуурганд алдсан ч, амь үрэгдсэн хэмээн хүлээн зөвшөөрч чадалгүй араас нь байнга сураглаж байсан тухай, хөдөлмөрийнхөө үр дүнд бүтээсэн бүтээгдэхүүнээ борлуулж ар гэрээ тэжээж байсан тухай, өөрийн үлгэрлэлээр бусдад хөдөлмөрлөхийн ач холбогдлыг ойлгуулж, амьдралын хүнд хэцүүг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байсан тухай ярьдаг байсныг бид санаж байна.
    Раднаагийн Бүдханд нийслэлийн нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэж, Монгол Улсын Их сургуулийн монгол хэл, утга зохиолын ангид суралцан төгсөх жилдээ насныхаа хань Балжиннямын Намбартай хувь заяаны тохиолоор учирч амьдралаа холбожээ.
Раднаагийн Бүдханд Гэгээрлийн Яам, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, “Залгамжлагч” сэтгүүл, “Утга зохиол, урлаг” сонин, Зохиолчдын Эвлэлийн Хороо, Монголын Эмэгтэйчүүдийн Хороо, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн зэрэг байгууллагуудад ажиллаж эзэмшсэн мэдлэг боловсролоо залуучууд, уран бүтээлчид, эмэгтэйчүүд, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хуваалцаж, Монголын хөдөө орон нутагт соёлын довтолгоон өрнүүлэх эрхэм үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан байна. Тэрбээр энэ ажлаа хийж явахдаа жирийн ард иргэдтэй уулзаж, тэдэнд чадлынхаа хэрээр тус дэмжлэг үзүүлж байсныг нь тэр хүмүүсийн үр сад одоо хүртэл дурсан санаж, талархлаа илэрхийлж байдаг билээ.
    Раднаагийн Бүдханд олон жилийн турш Сономын Удвал хэмээх Монголын нийгмийн нэртэй  зүтгэлтний хамт түүний туслах, зөвлөхөөр ажиллаж байсан тухайгаа, С.Удвал гуайгаас их зүйл сурсан тухайгаа дурсан ярьдаг байсныг бид санаж байна. Раднаагийн Бүдханд эрхэлж байсан ажлын шаардлагаар, ажиллаж байсан байгууллагуудын шугамаар тэр үеийн Монголын сэхээтнүүдийн сор нь болсон нийгмийн зүтгэлтнүүд, зохиолчид, сэтгүүлчид, уран бүтээлчид, багш нартай харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж байсан билээ. Бидний хайрт ээж, эмээгийн үеийнхэн улс орондоо сайхан нийгэм бүтээх гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн өнөөгийн Монголыг нөр их хөдөлмөр, авьяас чадвар, сэтгэлийн тэнхээгээ дайчлан, эрхэлж хариуцсан ажилдаа эзэн болж цогцлоон бүтээхэд гарамгай хувь нэмэр оруулсан юм. Раднаагийн Бүдхандын хүүхдүүд, ач зээ бид нар аав, ээж, өвөө,эмээгийнхээ үеийнхэнд, Монголын нийгмийн сэтгэлгээг шинэ төвшинд гаргахад сурсан мэдлэг, эзэмшсэн боловсрол, төрөхөд нь заяасан авьяас чадвараа дайчлан 20 дугаар зууны Монголын оюун ухааны сор бүтээлүүдийг туурвиж, нээлтүүдийг хийсэн сэхээтнүүдэд гүн хүндэтгэлээ илэрхийлж байна. Раднаагийн Бүдханд хайрт ээж, эмээ маань хэлмэгдүүлэлтийн аймшгийг сургаар биш, биеэр туулж амссан тул Монголд хэлмэгдүүлэлт дахин давтагдах ёсгүй гэсэн байр суурийг хатуу баримталдаг, ингэхийн тулд юуны түрүүн хэлмэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэх ёстой хэмээн үздэг байсан билээ. Раднаагийн Бүдханд хайрт ээж, эмээ, Балжиннямын Намбар энэрэлт аав, өвөө хоёр маань юуны түрүүн Хэнтий аймгийн Дадал сумынхан, улмаар нийт улс орон даяар хэлмэгдүүлэлтийн аймшгийг марталгүй санаж байх, энэхүү эмгэнэлт үйл явдлыг дахин гаргуулахгүй байхын сэрэмжлүүлэл, сануулга болгож Хэнтий аймгийн Дадал суманд хэлмэгдүүлэлтийн хар шуурганд нэрвэгдсэн тус сумын иргэдийн хүн бүрийн нэрийг бичиж мөнхөлсөн суварга, хүрд босгож, тус нутгийн удирдлага, холбогдох байгууллагын мэдэлд шилжүүлэн өгсөн билээ.

Раднаагийн Бүдханд хайрт ээж, эмээ маань амьдралдаа идэвхтэй ханддаг, байнга шинийг хийж бүтээх, олон хүнтэй уулзаж учрах, хөдөө орон нутаг руу явж байхыг хүсдэг байсан билээ. Тэрбээр Эзэн Чингисийн амьдрал, түүхтэй холбоотой Дадал сумын алдарт Гурван нуурыг хамгаалан сэргээх чиглэлээр идэвх санаачилга гарган ажиллаж, Буриад зон олны соёл, түүхийг хамгаалан сэргээх, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “Алтаргана” наадмыг дэмжиж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байсан бөгөөд олон жилийн өмнө “Цэвэр орчин” ТББ байгуулж, төв суурин газруудын гэр хорооллын айлуудын ил задгай “00”-ийн асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийн ахуй амьдралыг соёлжуулах санаачилга гарган идэвхтэй хөөцөлдөж байсан юм.Сүүлийн жилүүдэд түүний бие чилээрхэж, ялангуяа бидний энэрэлт аав, өвөө Балжиннямын Намбар бурхан болсноос хойш 64 жилийн турш амьдралаа холбосон бидний аав, өвөөтэй хамт хоёулаа идэвхтэй амьдардаг байсан хэв маяг нь өөрчлөгдсөнөөр хайрт ээж, эмээгийн хувьд сэтгэл санаа, бие бялдрын ихээхэн хүнд байдалд орсон юм. Бидний ээж, эмээ, аав, өвөө хоёр хамтран ном бүтээл туурвиж байсан нь энэ хоёр маань амьдралаа хамтран цогцлоон бүтээж байсны бас нэгэн тод илэрхийлэл мөн билээ. Раднаагийн Бүдханд бидний хайртай ээж, эмээ амьсгалаа хураан хураатлаа бидний энэрэлт аав, өвөө энэ ертөнцөөс халин одсоныг сэтгэлдээ хүлээн зөвшөөрч чадахгүй байсныг дурсахаас өөр аргагүй бөгөөд энэ нь хайрт ээж, эмээ, энэрэлт аав, өвөө хоёр маань үнэхээр заяаны хань ижил байжээ гэж ойлгогдож байна.
   Раднаагийн Бүдханд бидний хайрт ээж, эмээгийн хөдөлмөрч хичээнгүй чанар, хамт олонч зан, бусдад болон өөртөө өндөр шаардлага тавин амьдардаг зарчим, ямагт шинийг хийж бүтээхийг хүсэн тэмүүлсэн сэтгэл, үр хүүхэд, ач зээ нараа өөрөөсөө илүү хайрладаг эх, эмээгийн нандин сэтгэл бидний зүрх сэтгэлд үүрд мөнх хадгалагдан үлдэнэ.
   Раднаагийн Бүдханд,  Балжиннямын Намбарын хүүхдүүд, ач зээ нар бид энэрэлт аав, өвөө, хайрт ээж, эмээгийн үеийнхний хийж бүтээсний үлгэр дууриаллын дагуу нийт ард түмэн, улс орныхоо сайн сайхны төлөө их үйл хэргийг хийж бүтээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахын төлөө хичээн зүтгэх болно гэдгийг тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн амлаж байна.

Хүүхдүүд, ач зээ нар:
Н.ЭНХБАЯР, Н.ЭНХТУЯА, Р.ЭНХЗАЯА, О.ЦОЛМОН,
Э.БАТШУГАР, Э.БЯМБАДУЛАМ, Э.ДАШНАМЖИЛ,
Э.РИНЧИНЛХАМ, Н.МАНДУХАЙ, Н.ТЭМҮҮЛЭН,
М.БУЯНДАРЬ, Б.ТАРА
2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?