2025 онд хос бичиг болох гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангиас ахлах анги дүүргэтэл сурагчдад зааж байна. Үндэсний бичиг учраас өнөөг хүртэл хамгаалан ирсэн түүхтэй. Эх бичиг бол тусгаар тогтнолын хамгаалагч. Улс, үндэстэн тусгаар оршихын үндэс нь өөрсдийнхөө сэтгэхүйгээр ярьж бичихэд оршино. Оюун санаа, хэлний хувьд улсаараа нэгдмэл харин бусдаас ялгарах ондоошилтой байх нь үндэстний тусгаар тогтнолын хамгаалалт болдог. Монгол гэдэг нүүдэлчин үндэстэн хэрхэн сэтгэж ярьдаг, өгүүлбэрийн бүтэц, үйл нэр үг хаана байрладаг, тухайн үгийг яагаад тэгж нэрлэсэн гэдэг нь үндэстний оюуны ондоошил юм. Тодруулбал, суу гэдэг үгийг кириллээр бичээд харахад үндэстний онцлог, сэтгэлгээ харагдахгүй. Хүүхдүүдэд “суудал” үгийн язгуур “суу”, “суу” билгийн “суу” ялгаагүй харагдана. Харин үндэсний бичгээр бичихэд сандал, суудал, сууц адилхан “са” язгууртай. Хүн биеэ амрааж доош болгох гэсэн ерөнхий хийсвэр сэтгэлгээг монгол хүн “са” язгуурт багтаасан байгаа юм. Энэ сэтгэлгээг хадгалж байгаа бичиг бол жинхэнэ үндэсний бичиг. Түүнчлэн монгол бичгийн гол онцлог нь монгол туургатнаа бичгээрээ нэгтгэдэгт оршино. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолыг хэл, аялгуугаар нь зангидаж баталж ялгаруулж байгаа юм. Тэгэхээр тусгаар улсаа хамгаалъя гэвэл үндэснийхээ хэлийг, язгуур сэтгэлгээгээ хадгалах ёстой. Монгол бичгээр төрийн хэргээ хөтөлж хос бичигтэн болох нь оюун санааны хувьд бие даасан улс гэдгээ баталж харуулах, цаашид үндэсний сэтгэлгээгээ хадгалахын үндэс юм. Тэгэхээр үндэсний бичгээ хамгаалж авч үлдэхийн тулд өнөөгийн ардчилсан, зах зээлийн нийгэмд үндсэн хууль мэт үйлчилдэг эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явах нь зүйтэй. Харин төр эрэлтийг үүсгэх хэрэгтэй. Энэ нь 2025 оноос хос бичигтэн болох хууль юм. Монгол бичиг бол монголчуудын эртнээс эдүгээ хүртэл хэрэглэж ирсэн 10 гаруй зүйлийн бичиг үсгийн дотроос улс, үндсээрээ овоглосон цор ганц бичиг. Улсаараа овоглосон энэ бичгийн бичих журам нь дээрээс доош чиглэлтэй босоо хэлбэртэй. Хэлбэр, чиглэлийн хувьд өвөрмөц. Тэгэхээр монгол бичиг бол нүүдэлчин үндэсний сэтгэлгээ, соёл иргэншил, үндэстний өөрийнх нь түүхэн замнал, оюуны соёлын ай савын гол бүрэлдэхүүн хэсэг мөн.
Эх сурвалж:" Зууны мэдээ" өдөр тутмын сонин