Өнгөрсөн хоёр жилд, цар тахлын улмаас дэлхийн бүх улс мөнгө хэвлэн, түүнийгээ ажлын байр дэмжихэд зарцуулсан. Харин бид яав? Дэлхийн улс орноос ганцаараа сондгойрсон. Бид бусадтай адил ажлын байраа дэмжих ёстой атал, бүр эсрэг ажиллалаа. Хийсэн ажил нь, ердөө л халамжийн мөнгө тараасан. Дөрвөн их наяд төгрөг хэвлэснээс гурван их наяд нь хадгаламж руу орсон. Мөнгө хэвлэсний гороор инфляц 15 хувьд хүрлээ. Санхүүгийн бодлогыг эрх мэдэлтнүүд өөрсдөө дураараа тодорхойлж, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсангүй. Ковидын хоёр жилд, хамгийн шаардлагатай эдийн засагчдын зөвлөлийг ч огт байгуулсангүй. Зөвхөн У.Хүрэлсүхийг, эрх баригчдыг дагасан хэсэг нөхдийн зөвлөмжийг сонсон, мухардал руу явлаа. Монголд бүхнийг эрх баригчид мэддэг, шийддэг болсоор удлаа. Монголд 1 сая ажлын байр бий. Түүнийг баялаг бүтээгчид л бий болгосон. Хөгжлийн банкнаас зээл авсан байгууллагуудыг ялгаж салгах хэрэгтэй. Хавтгайд нь харлуулж болохгүй. Хөгжлийн банкаар далимдуулаад Монгол дахь 60 мянган үндэсний үйлдвэрлэгчээ давхар харлуулах үйл явц явж байгаа нь буцаад коммунизм руу гулсах, төрд бүх эрх мэдлийг өгөх хандлага цухалзаж байна. Яагаад эрх баригч нам Хөгжлийн банкны асуудлыг 6 жил сунжруулав? гэдгийг ч МАН-аас асуух ёстой. Хэлэлцүүлгийн үеэр Энх-Амгалан сайд “Бид шалгасан” гээд уйлагнаад байна лээ. 2015 онд шалгасан юм бол яагаад шийдээгүй юм? 2015 онд Хөгжлийн банкыг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг яагаад долоон жил дарав. Яагаад мөнгө угаах үйл явцад МАН өөрсдөө оролцсон юм бэ? гэдэг асуудалд эрх баригч нам өөрөө хариуцлага үүрэх ёстой. Энэ бүхнээс дүгнэхэд, асуудал бизнесийнхэнд биш, улс төрчдөд, улс төрийн намд өөрт нь байна гэж харж байна. Явж явж Монголыг дампууруулж буй гол асуудал нь улс төрийн намын санхүүжилт ил тод биш гэдэгт оршино. Намын санхүүжилтийн бузар булайг хэн ч дэлгэдэггүй. Үүний уршгаар төрийн бусад тогтолцоо бохирдсон. Өнөөдөр улс төр хийж, сөрөг намаа үгүйсгэж, бурууг тэдэнд тохох оролдлого анзаарагдлаа. Улс төрөө л " хийж" байна. Н. Алтанхуягийг муулж байна. Гэхдээ Чингис бондын хөрөнгөөр 3000 км зам тавьсан, Э.Бат-Үүл нийслэлийн бүх зам, уулзварыг янзалсан. Тэгвэл МАН ковидын үеийн 5 их наяд төгрөг, Хөгжлийн банкны үлдсэн зээлүүдээр юу хийв? 200 км ч зам тавьж чадаагүй шүү дээ. Уг нь Хөгжлийн банкны асуудлыг Төв банк мэдэж байх ёстой.Гэтэл Төв банкныхан “Бидэнд хамаагүй байсан” гээд арьсаа хамгаалж байна. Өнөөдөр дахиад л улс төрийн оролцоотой дахин нэг банк дампуурахыг харлаа гэж Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргаар ажиллаж байсан, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважав бухимдангуй дуугарлаа.
Б.Пүрэвдорж