Монгол улс цагаан захтан гэмт хэрэгтнүүдийн өмнө сөхөрсөн. Сүр дуулиан больж хорьсон ч, төдөлгүй өршөөлийн хуулиар суллана. Үгүй бол хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэдэг хуулийн зүйл ангиар ялаас мултардаг уламжлал тогтсон. С Баяр, Ж.Энхсайхан, С.Баярцогт нар үүний жишээ нь. Энэ хүмүүс бол тухайн цаг үеийнхээ МАН, АН-ын лидерүүд, үе үеийн ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын гишүүд юм. Ял завшигчид. Монголын улс төрд ноёрхлоо тогтоосон МАН+АН-ийн гэмт бүлэглэл ШҮҮГЧИД+ ПРОКУРОРУУД-аар тойргоо томсгож, өөрсдийгөө хуулиар дархалсан. Энэ тухай:- " Эдийн засгийн томоохон гэмт хэргүүдийг эрх мэдэлтнүүд хууль, хүчнийхэнтэй хүч хавсран хийдэг болсон байна" гэж ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд л хүлээн зөвшөөрлөө. Тэгвэл өөрсдийгөө болон өөртэйгээ ижил цагаан захт гэмт хэрэгтнүүдийг ялаас мултлах, хамгаалах хуулийг С.Баяр, Лүндээжанцан нарын үед баталсныг багш, хуульч А.Булган баримтаар сөхлөө. Үүнд: С.Баяр ерөнхий сайд, Лүндээжанцан УИХ дарга байхдаа Эрүүгийн хуулиас дорхи заалтуудыг хасаж, гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлжээ. Нэг: 163 дугаар зүйл. Хууль бусаар олж авсан хөрөнгө, мөнгийг ашиглах. (15 жил хүртэлх ялтай зүйл анги) Хоёр:167 дугаар зүйл Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих,татвар хураах тухай хууль тогтоомж зөрчих (эд хөрөнгийг хураах ялыг) Гурав:272 дугаар зүйл Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах.(3 жил хүртэл хорих ялыг) 2008 оны 2-р сарын 01 ны өдрийн УИХ-ын чуулганаар тус тус хүчингүй болгож, хулгайчдыг яллах хуульгүй болгосон байна. Мөн эрх баригч МАН-ын олонхи болсон, УИХ-ын даргаар М.Энхболд, ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайдаар Бямбацогт, УИХ-ын Хууль Зүйн Байнгын Хорооны даргаар Раднаасэд ажиллаж байхдаа мөн ял завших суурийг тавьсан байдаг. Үүнд: Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 22.2 заалтыг 2017 оны тавдугаар сарын 11 -ны өдөр хассан байна. Ингэснээр албаны эрх нөлөөгөө урвуулан ашигласан цагаан захтан гэмт хэрэгтэнг 8 жил хүртэлх ял сонсохоос чөлөөлжээ. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байсан хөөн хэлэлцэх хугацааг Хууль зүйн байнгын хорооны дарга Раднаасэдийн оруулсан заалтын ачаар үгүй хийсэн. Тэгснээр "Хөгжлийн банк", ЖДҮ зэрэг бүхий л санг цөлмөсөн гэмт хэрэгтнүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болгожээ. Энэ бол Монгол төрийн түүхэнд " хар өдөр"-өөр тэмдэглэх өдөр гэж нэрлэвэл зохино. Тиймээс ил тод байдал, олон нийтийн шахалт нь ял завшигч, хуулийг завхруулагч нарт боломж олгохгүй гэж бодож байна. Ядахдаа л хуульч, шүүгч, прокурорынхны хамгаалалтанд орж, шүүх, прокурорт хавтаст хэргийг хэдэн сар жилээр дарах, улмаар хөөн хэлэлцэх хугацаатайгаа золгох зэрэг башир арга нь мухардах байх гэж найдна.
Ц.ЭНХБАТ