БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧИД ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НӨЛӨӨЛЛӨӨС АНГИД БАЙХ НЬ НЭН ЧУХАЛ

2022-04-08  

No description available.

 Дэлхий дахинд жил бүр 8 сая хүн тамхинаас үүдэлтэйгээр нас барж тамхи үйлдвэрлэгчид эдгээр хүмүүсийн амь насаар ашиг орлого хийж жилд 8.8 тэрбум ам.долларыг реклам сурталчилгаандаа зарцуулдаг. Манай улсын 15-64 насны 4 хүн тутмын нэг нь (27%), 2 эрэгтэй тутмын нэг нь (49,1 %) тамхи татдаг. Тамхины хэрэглээ улам залуужиж 13-15 насныхны 14,3 % нь тамхи татаж, тамхины хэрэглээний улмаас жил бүр 4300 орчим нас барж, үүний 72 хувь нь 70-аас доош насныханд тохиолдож байна гэсэн тоо баримт байна. Монгол улсын хууль тогтоомжийг 2024 онд боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажил тусгагдсан нь манай улсад тамхины хяналтын эрх зүйн орчинг сайжруулж, ард иргэд, үр хойч үеээ тамхины хор хөнөөлөөс хамгаалахад ихээхэн том алхам болж байгаа юм. Одоогийн байдлаар ЭМЯ, ХХААЯ-ны сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг энэхүү хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Дэлхийн хөгжингүй улс орнуудад тамхины асуудлыг зөвхөн эрүүл мэндийн асуудал биш эдийн засаг, улс төрийн ноцтой асуудал хэмээн үзэж төрийн тууштай бодлого явуулж тамхи үйлдвэрлэгчдийн эсрэг амжилттай тэмцэл явуулсаар ирсэн. Тамхины эсрэг нотолгоонд суурилсан, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхдээ засгийн газрууд тамхины компаниудын заналхийлэл, шүүхийн нэхэмжлэлтэй ч тулгардаг. Тамхины хяналтын арга хэмжээ нь тэдний арилжааны эрхийг зөрчиж байна гэж мэдэгддэг. Филипп Моррис нь Уругвай, Австрали, Хонгконг зэрэг улсын Засгийн газрын эсрэг зарга мэдүүлж байсан ч ялагдал хүлээж байжээ. Тиймээс ч тамхины үйлдвэрлэл эрхэлдэг дэлхийн томоохон компаниуд хөгжингүй улс орнуудаас зах зээлээ татаж хөгжиж байгаа улс орнууд руу чиглүүлж байна. Тамхи үйлдвэрлэгчид ядуу буурай болон хөгжиж байгаа улс орнуудад улс төр, эдийн засаг, урлаг, соёл, спортын, хүмүүнлэгийн зэрэг төрөл бүрийн сувгийг ашиглан өөрийн бүтээгдэхүүнээ шахдаг нь хэдийнээ ил болсон. Тамхины хяналтын хууль эрх зүйн орчноо сайжруулж чадсан улс орнуудад тамхи үйлдвэрлэгчдийн хуулийг сулруулах оролдлогын эсрэг хууль тогтоочдын манлайлал, тууштай байдал чухал үүрэг гүйцэтгэдэг бол эсрэгээр тамхи үйлдвэрлэгчдийн ашиг сонирхлыг зарим хууль тогтоогч, шийдвэр гаргагчид хамгаалж байсан явдлыг хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийнхэн илчилж, таслан зогсоож байсан тохиолдлууд ч гарч байсан. Иймд Монгол Улс тамхи үйлдвэрлэгчдийн хараанд аль эрт өртсөн гэдгийг хатуу анхаарч төр засгаас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахдаа онцгой анхаарал хандуулж, тамхи үйлдвэрлэгчдийн аливаа арга зальд автахгүй байх, хамтран ажиллахаас татгалзах нь нэн чухал байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд ч холбогдох заалт байгааг энд дурьдах нь илүүц биз ээ. Бид үр хүүхдээ тамхины хор хөнөөлөөс хамгаалахын тулд бүх төрлийн тамхины хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна. Электрон тамхийг тамхинаас гарах үр дүнтэй арга гэсэн ухуулга сурталчилгаанд автахгүй байж, электрон тамхи нь олон төрлийн хорт бодис, никотин агуулдаг, өсвөр насныхны оюуны болон бие бялдрын хөгжилд ихээхэн сөрөг нөлөөтэй, дэлхий дээр электрон тамхи хэрэглэсний улмаас хүүхдүүд амь насаа алдсан тохиолдолд ч гарсаар байгаа гэдгийг бид ямагт санаж байх учиртай. Эрхэм бодлого боловсруулагчид, хууль тогтоочид Та бүхнийг тамхигүй хойч үеийнхээ төлөө нэр төртэй, шудрага ажиллахыг уриалж байна.

“Монгол улсад тамхины хяналтын эрх зүйн орчинг бодлогын ухуулга нөлөөлөл хийх замаар сайжруулах нь” төслийн зохицуулагч Б.Туяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?