Эрүүл мэндийн Яамнаас боловсруулж буй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд электрон тамхины импорт, худалдаа, зар сурталчилгаа, хэрэглээ зэргийг зохицуулах, хянах болж байна. Нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын явцын талаар Эрүүл мэндийн Яам, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны сайд нарын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг саяхан хуралдлаа.
Электрон тамхи бол нэг төрлийн тамхи юм. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, никотин, хорт бодис зэргийг агуулсан. Тухайлбал, электрон тамхи буюу никотин дамжуулах электрон систем /НДЭС/-д агуулагддаг аэрозоль хэмээх хорт бодис нь хорт хавдар, зүрх судасны өвчлөл, уушигны эмгэг үүсгэдэг, ургийн хөгжилд гаж нөлөө үзүүлдэг гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дурьдсаар байна.
Монголын өсвөр насныхан электрон тамхинд ихээр татагдаж буй нь нийгмийн эмзэг сэдэв мөн. Тиймээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, электрон тамхины хэрэглээ, импорт, зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэдэг, борлуулалт зэргийг хуулийн хяналт, зохицуулалтанд оруулах юм гэж тус ажлын хэсгийн гишүүн Б.Туяа илтгэлдээ цохон онцоллоо. Илтгэгчийн хэлснээр, электрон тамхины гол хэрэглэгчид нь оюутан залуус, дунд сургуулийн сурагчид болжээ. Хорин таван мянган оюутны 80 хувь буюу хорин мянга нь электрон тамхи татаж буй гэсэн хамгийн сүүлчийн судалгааг АНУ-ын Флорида мужийн эрдэмтэд хийгээд байгаа нь Монголд ч бас хамааралтай аж. Хамгийн аюултай нь электрон тамхи нь никотинаас гадна хүний эрүүл мэндэд хортой аэрозоль агуулдагийг эрдэмтэд шинжлэн тогтоогоод байна. Ердийн тамхинаас хэдэн арав дахин, хар тамхинаас ч дутуугүй хортой энэхүү электрон тамхийг татсан дунд сургуулийн насны хүүхэд амь нас насаа алдсан тохиолдлууд олон арваараа бүртгэгдсэн.
Тэгэхээр электрон тамхи бол дунд сургуулийн бага ангийн хүүхдүүдэд гангараа биш, үхэл тээгч болж хувирсан гэж хууль хяналтын байгууллагынхан дүгнэж байна. Яг өнөөгийн нөхцөлд электрон тамхийг хоргүй, тамхинаас гарах явцад туслагч гэж эндүүрч ойлгох нь Монголд ч түгээмэл байна. Тиймээс 20 ам.доллараас 300 ам.долларын үнэтэй электрон тамхийг монголчууд ихээр хэрэглэх болсон. Хотын төв, сургууль цэцэрлэгийн ойр орчмын "CU" үйлчилгээний сүлжээ дэлгүүрүүд электрон тамхины борлуулалтын гол цэг болжээ. Тиймээс энэхүү хуулийн нэмэлтийг даруй баталж, электрон тамхины хэрэглээ, импорт, худалдаалалтад хязгаарлалт, зохицуулалт хийх боломжтой болно гэж тус Ажлын хэсгийн хуралдаанаас дүгнэжээ. Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн даргаар Эрүүл мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Ц. Эрдэмбилэгийг томилсон шийдвэрийг холбогдох хоёр яамны сайд хамтарсан тушаалаар баталгаажуулжээ. Уг тушаалаар Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний дотор боловсруулж хоёр яамны удирдлагад танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгожээ.
Э.ОТГОНЖАРГАЛ