ДИЖИТАЛ МАЙНИНГААР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ ГҮНИЙ УУРХАЙН ГҮНД

2022-05-09  

Улаанбаатар хотоос 600 гаруй километр зайд орших Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зэс, алтны том уурхай Оюу толгойн ордын зэсийн нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Газрын гүнд нэвтрэлт бүтээн байгуулалт, тэдгээртэй холбоотой бусад олон ажил энэ ордод өрнөж дэлхийд цөөн байдаг цогц уурхайн үйл ажиллагаа явагдаж байна. Манай сонины сурвалжлах баг Монгол Улсын эдийн засгийг авч яваа Оюу толгойн гүний уурхайд өнжихөөр Өмнөговь аймгийг зорьсон юм.

Газрын гадаргаас доош километр гаруй гүнд орших гүний уурхайд нэвтрэхээр Оюу толгойн ажилчид хамгаалах хувцас хэрэглэлээ бүрэн өмсчээ.Тус гүний уурхайн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг тус бүр нь ойролцоогоор 1300 метрийн гүнтэй таван босоо ам хангадаг байна. Үйлчилгээний эхний босоо амыг хамгийн түрүүнд барьжээ. Тус амыг гүний уурхайн барилгын эхэн үед уурхай руу хүн, материал зөөх зориулалтаар ашиглаж байсан бол үйлдвэрлэлийн ам нь гүний уурхайг газрын гадаргатай холбодог гүний уурхайн тулгуур суурь аж. Ажилчид энэхүү босоо амаар гүний уурхай руу орох бөгөөд 150 хүний багтаамж бүхий хоёр тавцантай хоёр өргүүр газрын гүн рүү 2.5 минутад хүргэдэг байна. Гүний уурхайд шаардлагатай бүх тоног төхөөрөмж материалыг үйлдвэрлэлийн амны чулуулгийн өргүүрээр зөөвөрлөнө. Газрын гүнээс газрын гадарга хүртэл явах хоёр өргүүр тус бүр нь 60 тонны даацтай.

Гүний уурхайн газарт бутлууртай холбогдсон үйлдвэрлэлийн амны тээврийн систем нь хүдрийг газрын гадарга руу гаргах нэмэлт гарцын үүргийг ч гүйцэтгэдэг. Энгийнээр хэлэхэд, цахилгаан шатны аварга том хувилбар ч гэж нэрлэж болохоор тус өргүүрт бид суулаа. Алгуурхан доошилсоор нэг мэдэхэд газрын гүнд ирж зогсов. Манай улсад байрны подваль дахь авто зогсоол, Сансарын тунель, Багшийн дээд, Мөнгөн завьяагийн автобусны буудалд байрлах нүхэн гарцнаас өөр газрын гүнд байгуулсан бүтээн байгуулалтын ажил гэхээр зүйл байдаггүй гэвэл дэгсдүүлэл болохгүй. Гэтэл Оюу толгой төслийн инженер,техникийн ажилчид газар доор бүхэл бүтэн хот байгуулчихсан байх нь анх орж байгаа хүнийг дуу алдуулмаар нүсэр бүтээн байгуулалт юм. Газрын гүн гэхээр гэрэл гэгээ муутай харанхуй бүүдгэр орчин байх болов уу гэсэн төсөөлөл минь замхран одов. “Оюу толгой”-нхон газрын хөрснөөс километр гаруй гүнд цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар гэрэлт хотыг байгуулжээ. Ажилсаг зөгий гээд нэрлэчихмээр шар хантаазтангууд нарийн зохион байгуулалтын дор өөр өөрийн чиг үүргийн дагуу аварга бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг болж, уул уурхайн салбарын бас нэгэн түүхийг өөр өөрсдийнхөөрөө бичилцэж байна.

ГҮНИЙ УУРХАЙН МАТЕРИАЛ ТЭЭВЭРЛЭХ СИСТЕМИЙН НЭГДҮГЭЭР ҮЕ ШАТЫГ БҮРЭН ДУУСГАЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ

Одоогоор гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл ойролцоогоор 74 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа талаар Оюу толгойн Гүний уурхайн барилгын хэлтсийн механик шугам хоолойн мэргэжилтэн Т.Номондэлгэр хэлж байна. Тэрээр бидэнд гүний уурхайн барилгын үйл явцын талаар танилцуулах инженерүүдийн багийн нэг төлөөлөл юм. Тэрээр “Гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явцад дэд бүтэц хамгийн чухал. Тиймээс 2016 оноос хойш бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй үргэлжилснээр өнөөдрийн үр дүнд хүрсэн” гэв. Ийнхүү гүний уурхайн үндсэн ажлууд, тэр дундаа барилга угсралтын ажлын бүтээн байгуулалт цаг минутаар амжилттай урагшилж байна. Энэ оны арванхоёрдугаар сард гүний уурхайн материал тээвэрлэх системийн нэгдүгээр үе шатны барилга угсралтын ажил дуусах талаарх таатай мэдээг тэрээр дуулгасан юм. Өнгөрөгч гуравдугаар сарын 2-ны өдөр гүний уурхайн хамгийн том дэд бүтцийн нэг болох материал тээвэрлэх системийн нэгдүгээр үе шатны ажлыг бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгчээ.

АЗИ ТИВД АНХ УДАА ГҮНИЙ УУРХАЙН ЗОРИУЛАЛТААР ХОЁР БУТЛУУР УГСРАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Бидний аялал цааш үргэлжилсээр аварга том бутлуурын системийн хажууд ирэв. Оюу толгойн гүний уурхайн төлөвлөгөө нь олон жилийн геологи, геофизикийн судалгаанд үндэслэгдэн 2005 онд эхэлсэн түүхтэй гэдгийг Гүний уурхайн барилгын хэлтсийн механикийн ахлах инженер Т.Тэнгэс хэлж байв.Оюу толгой компани газрын гүнд дор хаяж 700 метрийн гүнд орших Хюго дамметын хүдрийн биетийг олборлох бөгөөд энэхүү хүдрийн биет нь 2.5 км урт, 300 метрийн өргөнтэй хэмээн судалгаагаар тогтоогджээ. Тус хүдрийн биетийг блокчлон олборлох арга хэмээн нэрлэгддэг бүрэн механикжсан олборлолтын аргыг ашиглан гарган авах юм. Рио Тинто компанийн хувьд блокчлон олборлох аргыг эзэмшсэн дэлхийн цөөн компаниудын нэг. Тийм учраас тус гүний уурхайд ажиллаж байгаа ажилтан нэг бүр мэргэжлийн өндөр ур чадвартай гэдгийг Т.Тэнгэс онцоллоо. Хүдэр буулгуурыг огтлогч болон олборлолтын түвшин хооронд тэсэлснээр хүдэр олборлолтын түвшинд ийнхүү юүлэгддэг байна. Олборлолтын түвшинд ажиллах хутгуурт ачигч, бууж ирсэн хүдрийг тээврийн түвшин рүү хүдэр дамжуулах босоо малталтаар буулгах нь. Тээврийн түвшинд хүдрийг хүнд даацын авто машинд ачиж, гар бөмбөгийн хэмжээтэй болтол нь буталдаг анхдагч бутлуур руу тээвэрлэх аж. Ийнхүү бутлагдсан хүдэр туузан дамжуургаар явсаар газрын гадаргад хүрэх юм байна. Тус туузан дамжуурга нь газрын гадаргуу дээрх одоо ашиглагдаж буй туузан дамжуургатай нийлж, гүний болон ил уурхайгаас олборлосон хүдэр цааш туузан дамжуургаар дамжсаар анхдагч хүдрийн агуулахад очиж, Оюу толгойн баяжуулах үйлдвэрт боловсруулагдах аж. Т.Тэнгэс дэд бүтцийн буюу бутлуурын барилга, тоног төхөөрөмжийг угсрахад гар бие оролцсон хэн бүхнээр бахархаж байна. Оюу толгой төсөл Ази тивд анх удаа гүний уурхайн зориулалтаар хоёр бутлуур угсрахаар төлөвлөсөн бөгөөд эхний бутлуураа ийнхүү амжилттай угсарч дуусгалаа хэмээн онцоллоо.

ГЕОТЕХНИК БОЛ УУЛ УУРХАЙН АМИН СҮНС

Гүний уурхайд ажиллаж байгаа хэн бүхнийг айх айдасгүйгээр, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах боломжийг бүрдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн баг хамт олон бол Оюу толгойн гүний уурхайн геотехникийн багийнхан. Геотехникийн судалгаагаар чулуулгийн физик механикийн шинж чанар болон тогтворжилтыг тэд тодорхойлж, гүний уурхайн ажил алхам алхмаар урагшлахад чухал нөлөө үзүүлдэг. Тэд ил уурхайд ханын тогтвортой байдалд анхаарч, далд уурхайд бэхэлгээний дизайныг тооцоолж гаргадаг. Оюу толгойн гүний уурхайд блоклон олборлох арга ашигладаг. Тэгвэл тухайн чулуулгийг агуйлан нурааж болох эсэхийг геотехникийн судалгаагаар тооцоолж гаргадаг юм. Мөн уурхайн малталтын үйл ажиллагааны явцад хийж буй бэхэлгээндээ чанарын хяналт тогтмол тавьж, ил уурхайн хана болон далд уурхайн малталтын ханын хөдөлгөөнд байнга мониторинг хийдэг байна. Геотехникийн судалгаа хийгдээгүй уурхайд хүн амь насаа алдах, машин техникээ эвдэхээс эхлээд уурхай нь ашиггүй, асар их хэмжээний алдагдал хүлээх ч эрсдэлтэй. Тиймээс геотехник бол уул уурхайн амин сүнс гэдгийг гүний уурхайн геотехникийн ахлах инженер Б.Батбаяр онцоллоо. Геотехникийн багийн тухайд тунелийн малталт, том том байгууламжийн малталтуудыг хийж, хөндийлж ухах дэд бүтцүүдээ өнгөрсөн хугацаанд бэлдсэн аж. Блокчлон олборлох уурхай нь өөрийн гэсэн давуу болон сул талтай учраас технологийн нарийн горимуудыг мөрдөх ёстой байдаг гэнэ. Хэрэв технологийн нарийн горимуудаа мөрдөж, төлөвлөгөөний дагуу явахгүй бол бүх зүйл эрсдэлд орох магадлал өндөр байдаг. Манай уул уурхайд тохиолдож байгаагүй эрсдэл үүсэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс түүнд бэлдэх л ёстой. Гүний уурхайд хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал, бэхэлгээний хувьд дэлхийд хаана ч байхгүй сайн бэхэлгээнүүд хийгддэг” гэв. Нэмж хэлэхэд, блокчлон олборлох арга нь ихээхэн хэмжээний анхны хөрөнгө оруулалт шаарддаг ч, аюул осол харьцангуй бага, урт хугацаандаа ашиглалтын зардал багатай хэмээн тооцогддог байна. “Энэ арга хүдрийн биетийн дагуу нэвтрэх, хөндлөн малталтуудаар явагдана. Огтлогч болон дээд огтлогч түвшнээр хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, тэсрэх материал ашиглан чулуулгийг тэсэлснээр хүдэр өөрийн жингээр нурж орж ирэх, ан цав үүсгэдэг” гэж Геотехникийн мэргэжилтэн Д.Баатарзоригт онцоллоо.

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шат буюу анхны тэсэлгээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өнгөрөгч нэгдүгээр сард эхлүүлсэн юм. Гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ гэж эдийн засагчид онцолдог. Олборлолтын анхны тэсэлгээг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар хамтарч хийснээс хойш гүний уурхайн геотехникийн багийнхан түүнтэй тэнцэх хэмжээний тэсэлгээг долоо хоногт гурван удаа хийсэн бол түүнээс бага хэмжээтэй тэсэлгээнүүд тодорхой хэмжээнд хийгдэж яваа гэдгийг ахлах инженер Г.Өнөболд онцлов. Тэд сард 10 метр тэсэлгээ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Гүний уурхайн геотехникийн багийнхан 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тус багт 5-6 гадаады инженер ажилладаг, үлдсэн нь монгол инженерүүд гэнэ. Монголчууд инженерийн ямар өндөр ур чадвартай болсныг эндээс бэлхнээ харж болохоор байна.

ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙ НЬ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЙХАМШИГ АЖ

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, уурхайн төлөвлөлт,геотехник, босоо амын ашиглалт,засвар үйлчилгээ, ложистик, техникийн багууд олборлолт болон нэвтрэлтийг багуудад дэмжлэг үзүүлдэг. Эдгээр дэмжлэг үзүүлэх багийнхан уурхайн үр дүнтэй, тасралтгүй ажиллагааг хангах шаардлагатай бүхий л эд анги, сэлбэг хэрэгсэл, материал, тоног төхөөрмжийг нийлүүлэх ажлыг хариуцдаг. Бүх машин механизмуудын үйлчилгээг газрын гүнд байрлах засвар, үйлчилгээний хэд хэдэн цехүүдэд хийдэг аж. Гүний уурхайд ажилладаг ажилчид болоод барилга, байгууламжууд олборлолт явуулах нөхцөлийг хангадаг газрын гүн дэх жижиг хот гэсэн үг. Гүний уурхайн олборлолт болон бүтээн байгуулалтын оргил үед нэг ээлжинд 1000 гаруй ажилтан ажиллаж байна. Гүний уурхайн олборлолт аажмаар нэмэгдэж,цаашид оргил үедээ өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох юм. Оюу толгойн гүний уурхай нь инженерчлэлийн гайхамшиг аж. Дэлхийн түвшний энэ уурхай нь Оюу толгойн ирээдүйн олон жилийн баталгаа юм.

Гүний уурхайн анхдагч бутлуурын бүтээн байгуулалтын дараах байдал

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСЭЭС 10 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭН ДЭЛХИЙН ТОМООХОН УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД АЖИЛЛАХААР ОЛОН УЛСЫГ ЗОРЬЖЭЭ

Орчин үеийн уул уурхай мэдээлэл технологиос ихээхэн хамаарах болсон. Уул уурхайн салбар дижитал буюу цахим уул уурхай руу бага багаар шилжсээр байгаа юм. Уул уурхайд төлөвлөхөөсөө эхлээд компьютерийн томоохон программуудыг ашигладаг. Тэгвэл Оюу толгойн төсөл хэрэгжиж эхлээд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх хүртэл компьютерийн хэдэн зуун программ ашигласаар ирсэн гэдгийг Гүний уурхайн мэдээлэл технологийн хэлтэс мэдээлэл технологитой холбоотой төслүүдийн гүйцэтгэл дээр ажиллаж байгаа Г.Бүрэндэй хэлж байна. Түүний хувьд Оюу толгой компанид 11 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн. Гүний уурхайд өнжсөн аяллаа Оюу толгойн мэдээлэл технологийн хэлтсээс ийнхүү үргэлжлүүллээ. Оюу толгой компани мэдээлэл технологийн хэлтэстээ ихээхэн анхаарал хандуулдаг. Тус баг хамт олон ил болон гүний уурхайн олон ажлыг хялбаршуулахаас гадна уурхайтай холбоотой бүхий л тооцооллыг хийдэг байна. Оюу толгой компани мэргэшсэн байдлыг өндөр шаарддаг учраас сүүлийн жилүүдэд хийж байгаа ажил нэг бүрээрээ мэргэшсэн мэргэжилтнүүдийн тоо олширчээ. Дэлхийн жишигт хүрсэн уурхай болоод тийм уурхайн дэд бүтэц дээр ажилласнаар дэлхийн жишигт хүрсэн мэдлэг, ур чадварыг олж авч байдаг. Үүний тод жишээ бол тус Мэдээлэл технологийн хэлтсээс 10 гаруй мэргэжилтэн дэлхийн томоохон уул уурхайн компаниудад ажиллахаар олон улсыг зорьсон явдал аж.

ТЕХНИК ХЭРЭГСЛҮҮД WIFI ТӨХӨӨРӨМЖТЭЙ ХОЛБОГДСОНООР ЭД АНГИ, ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЯНАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

Гүний уурхайн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд хамгийн түрүүнд интернэт сүлжээ байршуулдаг учраас гүний уурхайн хөндлөн нэвтрэлт хийсэн газруудад шилэн кабель татаж, түүнд сүлжээгээ холбож суурилуулжээ. Үүний үр дүнд цахим радиог нэвтрүүлж чадсан байна. Тус цахим радиог нэвтрүүлснээр ажиллагаа нь найдвартайгаас гадна, олон төрлийн функцийг өөр дээрээ агуулдаг учраас ажилчид өөрсдийн гар утас болон компанийн дотоод сүлжээний утсыг ч холбох боломж бүрдсэн байна. Дараагийн ээлжинд гүний уурхайд компьютерийн сүлжээ холбогдож гэмээнэ цахим сүлжээ бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой аж. Хоёрдугаарт, та бидний сайн мэдэх wifi төхөөрөмж буюу утасгүй интернэтийг мөн холбожээ. Ийнхүү олон төрлийн компьютерийн сүлжээг гүний уурхайд нэвтрүүлжээ.

Энэ ажлын үр дүнд гар утас, зөөврийн компьютерүүд интернэтэд бүрэн холбогдохоос гадна гүний уурхайд ажиллаж байгаа том техник хэрэгслүүд wifi төхөөрөмжтэй холбогдсоноор машины эд анги, ажиллагааны үзүүлэлтүүд хэвийн ажиллаж байгаа эсэхийг хянах төхөөрөмжүүд нь ажиллаж эхэлсэн байна. Компьютерийн сүлжээнд холбогдсон болоод холбогдоогүй техник, машин механизмуудын ялгаа асар их аж. Учир нь тухайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж гүнд хэрхэн яаж ажиллаж байгааг алсын зайнаас буюу дээрээс хянах боломжтой юм байна.

Гүний уурхайд өрөм, хутгуурт ачигч тээврийн машин зэрэг 350 гаруй нэгж тоног төхөөрөмж, машин, механизм ажиллаж байна. Уулын ажлууд, машин тоног төхөөрөмж,туузан дамжуурга, агааржуулалт, халаалт, цахилгаан болон усан хангамж зэрэг гүний уурхайн бүх үйл ажиллагааг газрын гадаргуу дээр байрлах уг олон дэлгэц бүхий “Чандмань” захиргаа үйлчилгээний төвийн хяналтын өрөөнөөс ийнхүү хянадаг байна. Оюу толгой уурхай ингэж цахим уул уурхай болж хөгжсөнөөр гүний уурхайд ажил гүйцэтгэж байгаа техник хэрэгсэл болоод ажилчид автоматаар системд бүртгэгдэх боломжтой болжээ. Оюу толгой компанийн гүний уурхайн хамгийн гол давуу тал бол үйл ажиллагаагаа цахимд шилжүүлснээр аюулгүй байдлаа улам баталгаажуулсан явдал юм байна.

Дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа гүний уурхайнуудаас Оюу толгой аюулгүй байдлаараа тэргүүлэх байр эзэлдэг. Уг үзүүлэлтэд орохын тулд түлхэц үзүүлсэн гол үзүүлэлт бол цахим уурхайд шилжсэн явдал аж. Уул уурхай үр ашигтай ажиллахаас өмнө аюулгүй ажиллагаа хамгийн түрүүнд тавигддаг. Хүн байтугай машин, техник хэрэгслийн дээгүүр дайрч өнгөрөхөө мэдэхгүй байх магадлал өндөр том техник хэрэгслүүд гүний уурхайд олон тоогоор бий.

Цахим сүлжээнд холбосноор дараах давуу талууд бий болжээ. Нэгдүгээрт, компьютерийн сүлжээнд холбогдсон машин техник хэрэгслүүдийн хоорондын зай ойртсон эсэх, хананд ойртож байгаа эсэх, хүний хөдөлгөөн байгаа эсэхийг мэдэж, хэдэн метрийн зайд ойртож байгаагаас шалтгаалан улаан, шар гэрэл асч, тусгай дуут тохио өгдөг байна. Гүний уурхай дахь тоног төхөөрөмжүүд гадаа явж байгаа тоног төхөөрөмжүүд шиг ил тод харагддаггүй, гэрэлтэй гэрэлгүй, янз бүрийн хязгаарлагдмал орчинд ажилладаг учраас автомат дохиоллын систем ажиллаж эхэлснээр аюулгүй ажиллагаанд ихээхэн түлхэц өгөх юм. Эхний ээлжинд хамгийн хүнд машин, механизмуудыг уг сүлжээнд холбож байгаа бол цаашид бүх төрлийн техник хэрэгслийг холбохыг зорьж байгаа гэнэ.

 

Мөн гүний уурхайд нэвтэрч байгаа хүн бүр хувийн хамгаалах хэрэгслийг биедээ авч ордог бөгөөд тус хамгаалах хэрэгсэлд байршуулсан радио станцын мэдрэгчийн тусламжтайгаар тухайн ажилтан бүрийг хаана явж байгааг тусгай программын тусламжтайгаар мэдэх боломжтой. Ийнхүү уул уурхайд дижитал хөгжил дэвшлийг ашигласнаар ямар нэгэн байдлаар осол аваар, аюултай нөхцөл байдал бүртгэгдсэн тохиолдолд, гүний уурхайн яг хаана байрлаж байгааг шууд тогтоох боломж бүрджээ.

Тиймээс ажилчдыг цаг хугацаа алдалгүй богино хугацаанд аврах боломж бүрдсэн нь хамгийн том дэвшил юм. Энгийн уурхайд осол гарсан тохиолдолд дунджаар дөрвөн цагийн турш бүртгэл явагдаж, хаана ямар хүн байгааг тогтоох боломжтой байдаг бол ийнхүү цахим уурхайд шилжсэнээр 15-30 минутад нөхцөл байдлыг үнэлж, тооцооллыг нь гаргах боломжтой байдаг аж. Энэ бол Оюу толгойн цахим уурхай болсны хамгийн том илрэл гэнэ.

ГҮНИЙ УУРХАЙД ОЛОН ТӨРЛИЙН КАМЕР СУУРИЛУУЛНА

Цаашлаад гүний уурхайг цахимжуулснаар газры гадарга дээрээс кноп дараад тэсэлгээ хийх боломж бүрдсэн байна. Тус үйл ажиллагаанд олон төрлөөр цахим хэрэгслийг ашигладаг аж. Гүний уурхайд тэсэлгээ хийхийн тулд аюулгүй ажиллагаа маш чухал. Өмнө нь зөвхөн тэсэлгээний баг гүний уурхайд нэвтэрч тэсэлгээ хийхэд бэлэн болгоод доор байрлаж байгаа иргэн товчийг нь дарж тэсэлгээг хийж, аюулгүй ажиллагаа бүрэн хангагдсан гэж үзсэн тохиолдолд ажилчдыг дотогш оруулдаг байжээ. Харин гүний уурхай цахимд шилжсэнээс хойш тэсэлгээний үйл ажиллагааг бүрэн автомат ажиллагаанд шилжүүлсэн байна. Мөн тэсэлгээ хийхэд бэлтгэл байдал бүрэн хангагдсан эсэх,ажилчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тэсэлгээний бүсэд хүн байгаа эсэхийг радио станцаар хянадаг байсан бол одоо цахим үнэмлэхний тусламжтайгаар тухайн бүсэд ямар нэгэн байдлаар хүн байгаа эсэхийг хянадаг болжээ.

Ингээд аюулгүй ажиллагаа бүрэн хангагдсан үед дээрээс кноп дараад тэслэх боломжтой болжээ. Гүний уурхайд олон төрлийн камер суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээр камеруудыг олон төрлийн зориулалтаар ашиглах гэнэ. Цаашид цахим уул уурхайн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг Оюу толгой компани хэрэгжүүлэхээр болжээ.

Тухайлбал, хүнд механизмыг хүн удирдах биш, зайнаас удирдах төслийн судалгаа явагдаж байна. Гүний уурхайд ажиллаж байгаа хүнд даацын техник хэрэгслүүдийг операторын тусламжтайгаар удирддаг байсан бол уг шинэчлэлийг нэвтрүүлснээр яг л бодит хүн удирдаж байгаагаас ялгаагүй тоног төхөөрөмжөөр тоноглосноор уурхайн дээрээс, алсын зайнаас, яг л дотор нь хүн сууж байгаа мэт удирдах боломж бүрдэх аж. Гүний уурхайд тодорхой хэмжээний аюул бий.

Хязгаарлагдмал орон зайд олон төрлийн машин техник ажилладаг, шатамхай материал ихтэй. Зэсийн уурхай нүүрсний уурхайг бодвол шатамхай байдал нь бага боловч тоног төхөөрөмжүүд шатах магадлалтай учраас галын аюул гарч болзошгүй. Мөн хорт утааны аюул бий. Энэ нөхцөлд уул уурхайг цахимаар удирдах нь аюулгүй байдлыг 100 хувь хангаж чадах гэнэ. Тиймээс Оюу толгой гүний уурхайн хамт олон энэ чиглэл рүү зорьж байгаа аж.

Дижитал майнингаар дэлхийд тэргүүлэгч гүний уурхайн гүнд өнжсөн гадарга аялал маань энд хүрээд өндөрлөлөө. Оюу толгойн менежмэнтийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой компанийн хамт олон аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин, П.Батзаяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?