YESTERDAY БА ПОЛ МАККАРТНИЙ

2022-06-22  

No description available. 

Өчигдрийг хайрла, хүмүүс минь!

Өнгөрч одсон гэж түүнийг бүү март. ]

Өнөөдөр та нарын зүрхэнд бялхан байгаа хайрын илчийг хэзээ асаасан билээ?

Өчигдөр л асаасан шүү дээ.

Халуун хайрынхаа цогийг анхлан гэрэлтсэн тэр мөчийг та нар юу гэж мартах вэ?

Ийм л учраас өчигдрийг битгий мартаарай...

Миний гитарын чавхдаснаас эгшиглэн байгаа шидэт аялгуунд бүгд уусан автжээ.

Сэтгэлээс минь ундарсан дуун цацаргийг хэдийд би анх тосож авсан билээ?

Ая дан нь санаанд орж ирэхээс хамаагүй өмнө зүрх догдлуулсан ганцхан авиаг хэзээ олж сонслоо?

Тиймээ, түүнийг би өчигдөр л мэдэрч шүүрсэн.

Хэн хүний чихэнд наалдахааргүй дэндүү намуухан, даан ч анзаарагдмааргүй даруухан нь дэндсэн тэр эгшигээс л энэ найрал хөг аяндаа өөрөө ундарсан биш гэж үү?

Тиймээ тэгэхээр өчигдрийг би мартах учиргүй... Yesterday...

"Өчигдөр" хэмээх дууны үгийг бичсэн Пол Маккартнийн 80 насны ой өнөөдөр тохиож байна. Манай гариг ертөнцийн халуун дулаан бүслүүр, цас мөсний орон, эх газар, далайн арлууд дээр амьдардаг түмэн олон Битлз-ийг шүтэн биширч, хайрлаж дурласаар бүтэн жаран жил болж байна. Хайр сэтгэлийн эгшиглэнт дууль гэвэл энэ дууг хэлнэ. Битлзийг сонсох тусам уйддаггүйн адил энэ дуунд уяраад эзэмдүүлээд ханадаггүй тийм л дуу даа. Дууг хүн бүр өөрийнхөөрөө л хүлээж авдаг. “Yesterday” ч түүнээс ялгаагүй. Хүний амьдралын улиран өнгөрч одсон өдрүүдийн хамгийн арынх нь мэдээж өчигдөр. Энэ өдөр хүмүүст янз бүрээр дурсагдана. Хэн нэг нь өчигдрийг хайр, аз жаргалаар бялхан үдэхэд өөр бусад нь сэтгэл дундуур хоцрох нь бий. Хүмүүс хэдийгээр өчигдөртөө үл ялигхан уйтгарлах болов ч маргаашийн итгэлийг илүү тод мэдрэхийг харин энэ дуунаас олж авна. Энэ дууг өөр хүн биш зөвхөн та л сонсож байгаа....

Энэ дуу нийтийн дуу биш хувь хүний дуу. Учир нь зөвхөн таны л амьдралын тухай өөрт тань аминчлан дуулж өгч байгаа учраас тэр. Таны эргэн тойронд зөндөө олон хүн байлаа ч гэсэн та өөрийнхөө дотоод ертөнцөөр нэг аялаад үзэхийг энэ дуу урьж байдаг. Хүн болгонд өөрийн гэсэн давтагдашгүй ганцхан орчлон бий. Таны ертөнцөд өөр хүн бүрэн гүйцэд нэвтэрч, сэтгэл зүрхний тань нарийн нандин нууцлаг бүхнийг мэдрэх боломжгүй. Та өөрөө л энэ ертөнцийн эзэн нь. Ийм л учраас “Yesterday” дууны аялгуу сонссон хүн бүрийн зүрх сэтгэлийн ертөнцөд хүрч, хайрын нандин утсыг доргиосоор байгаа нь юутай гайхамшиг вэ?...

Хүнд ганцаардах үе тохиолдож болно. Та дэргэдэх хүмүүсээсээ өөрийн эрхгүй холдон дайжмаар ч болж мэднэ. Эсвэл огт хүн амьтангүй газар л орь ганцаараа баймаар санагдаж магадгүй. Яг ийм мөчид л “Yesterday”-г сонсоод үзээрэй. Дөнгөж саяхан танд нүүрлэж асан ганцаардлын айдас ор мөргүй хийсэн арилахыг мэдэрнэ. Энэ дуунаас өөр илүү юу ч хэрэггүй мэт санагдана. Барокко поп дууль “Yesterday” дууны ид шид ийм юм. Пол Маккартнийн тайван намдуухан цээл хоолой сэтгэл зүрхийг минь сэм сэмхэн гэгэлзүүлнэ. Дээр нь их хан хуурын тэмүүлэл дүүрэн аялгуу, гитарын чавхадсанаас уянгалах жигдхэн хэмнэл, хийлийн зөөлөн цээл эгшигтэй найрсан биднийг ховсодсоор...

Полын “Yesterday” дууг 1965 онд зохиосон түүх энгийн хэр нь сонирхолтой. Тэр гэртээ амарч байхдаа, орон дээр хэвтээд хажуудаа байгаа төгөлдөр хуурынхаа даралтууд дээгүүр гараараа аажуухан илж байв. Гэнэтхэн түүний толгойд нэг хөнгөн зөөлөн ая орж ирэх нь тэр. Ухасхийн босоод хөгжмийнхөө ард суун тэмдэглэж авчээ. Ингээд л гүйцээ. “Yesterday” мэндэлсэн нь энэ. Анхандаа тэр энэ дуугаа нэг л өөрт нь танил юм шиг санагдаад байхаар нь, нилээн олон хүнд сонсгон

“-Ийм дуу мэдэх үү?“ гэж асуужээ. Хүмүүс “-Мэдэхгүй, анх удаа л сонсож байна. Гоё дуу байна” гэсэн гэдэг. Дэлхийн Гиннесийн дээд амжилтын номонд “Yesterday” дуу нь, хорьдугаар зуунд найман саяаас илүү тоогоор дуулагдсан гэж дуу бичлэгийн хамгийн том EMI корпорацийн баталгаагаар бүртгэгдсэн. “Yesterday” дуу нь зохиогдохдоо хөгжмийн урлагт цоо шинэ сэтгэлгээний “Барокко-рок” урсгалыг эхлүүлсэн гэж хөгжим судлаачид дүгнэсэн юм. Энэ нь сонсогчид дасал болсон нэгэн хэмийн аялгуунаас хөндийрөн холдохдоо сэтгэл гэгэлзүүлсэн шидэт эгшиглэнд нь өөрийн эрхгүй уусан автахыг хэлж байгаа хэрэг. Намуун зөөлөн хэмнэл нь биднийг соронздохын зэрэгцээ хувь хүний сэтгэлийн догдлолыг илэрхийлснээрээ дууны шүлэг нь хичнээн уянгалаг гэж санана. “Yesterday” шүлгээр л Пол Маккартнийн яруу найрагчийн мэдрэмжийг үзэгчид нь дуу алдан үнэлсний учир бас тайлагддаг.

Ө.Рагчаасүрэнгийн “Өчигдрийг хайрла”(2015 он) номноос

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?