УРАН ЗОХИОЛ – НИЙГМИЙН ОЮУН САНААНЫ ДАРХЛАА

2022-06-28  

No description available.

УРАН ЗОХИОЛ – НИЙГМИЙН ОЮУН САНААНЫ ДАРХЛАА

Монголын уран зохиолын үнэт зүйлийн таван төлөвшил

Илтгэгч: МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо

Нийгмийн оюун санааны тусгал төдийгүй оршихуйн дархлааны нэгэн хүчирхэг хөдөлгүүр нь уран зохиол юм. Уран зохиолгүйгээр оюун санааны бүтээл уран сайхны баялаг үүсэн бүрэлдэхгүй. Учир нь уран зохиол бол зөвхөн зохиолчдын урлан бус бүх урлагийн эх булаг, оюун санааны эцэг, архитектор нь юм. Тиймээс нийгмийн оюун санааны хүрээг тэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл уран зохиол хийгээд түүнд суурилсан нийгмийн эрчис хөдөлгөөнийг хөхиүлэн дэмжих үйлийг төрийн бодлого, түмний дэмжлэгээс эхлэх хэрэгтэй гэж бодож байна. Зохиол үгүй кино, жүжиг, цомнол үгүй балет, хэмнэл үгүй хөгжим, өгүүлэмж үгүй зураг гэж үгүй. Яруу найраг бол харах уран зураг. Хөгжим бол сонсох яруу найраг гэдэг ээ. Тиймээс уран зохиолын тухай яриа бол урлагийн бүх төрөл зүйлийн эх үүсгэлийн төдийгүй монгол үндэстний сэтгэлгээ, өв сан, нийгмийн оюун санааны дархлааны тухай өгүүлэмж юм.

ХХI зууны монголын уран зохиол бол уламжлал шинэчлэлийн зохист харьцаанд суурилсан, үндэсний болоод нийтлэг шинжийг агуулсан сэтгэлгээний шинэ уран зохиол юм. Нийгмийн оюун санааны баялагийг шингээсэн шинэ зууны шинэ уран зохиол бол зөвхөн зохиолчдын бүтээл туурвилын хүрээнд эргэлдэх үзэгдэл бус монголын шинэ соёл, үндэстний иргэншил, нийгмийн түүхэн хөгжлийн тусгал бөгөөд энэ утгаараа улс орны оюуны тусгаар тогтнолын баталгаа, дархлаа болох учиртай.

Ийм түүхэн үүрэг, үйл явдлын босгон дээр монголын зохиолчид та бид тулж ирээд байна. Монголын зохиолчдын мэргэжлийн төв байгууллага болох Монголын зохиолчдын эвлэл үүнийг гүнээ ухаарч байна. Тиймээс бид үйл ажиллагаандаа төдийгүй үзэл санаа, онол суртахуундаа шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Монголын зохиолчдын эвлэл, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны эв нэгдлийн Нэгдсэн Их хурал бидэнд түүхэн боломж олгож байна. Эв эеийг эрхэмлэх ийм нөхцөл боломжийг бүрдүүлэх санал санаачлагыг гаргаж хүчтэй нөлөө үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд гүн талархлаа дэвшүүлье. Мөн УИХ, Засгийн газар монголын зохиолчид, зохиолчдын байгууллагыг дэмжихээ илэрхийлсэн мэндчилгээ ирүүлсэн төдийгүй “Монголын уран зохиолын хөгжлийн үндэсний хөтөлбөр” боловсруулах Ажлын хэсэг байгуулж байгаад баяртай байна.

Монголын зохиолчид хоёр байгууллагад хуваагдаж 30 гаруй жил дөрөө харшуулсан явсан. Бидэнд алдсан ч юм бий, оносон ч юм бий. Гэхдээ алдахаасаа онох нь илүү байсан гэдгийг цохон тэмдэглэж байна. Учир нь бид хоёр байгуулагад харъяалагдаж байсан боловч яг үнэндээ зүрх сэтгэлийнхээ гүнд Их Нацагдоржийн өргөө гэрт өргөөлсөн хэвээр байсан юм. Зохиолчдын зүрх сэтгэл гэнэн цагаан, сүүн мөртэй, сүүдрээ гишигдэггүй тэр жам ёсноос бид гажаагүй. Бид монголын уран зохиолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Тиймээс хоёр байгууллагын холдож ойртож явсан он цаг, үйл явдлыг монголын уран зохиолын хөгжлийн түүхийн нэгэн содон үе хэмээн хаана хаанаа хүлээн зөвшөөрч, зайлшгүй туулах ёстой байсан зам хэмээн дүгнэж өнөөдөр нэгдмэл байдлаа эргэн ийнхүү ёсчилж байна.

Монголын зохиолчид нэгдэн чуулж, эв нэгдлээ эрхэмлэж, халуун дотно үгсээ хэлэлцэж, их утга зохиолын хөгжлийн төлөө санал бодлоо цэгцэлж, төр засаг түмэн олонтойгоо нэгэн цогц болохоо ухаарч, ухааруулж байгаа нь түүхэн цаг үеийн нэгэн мөчлөг гэж бодож байна. Зохиолчдын энэ эв нэгдэл зөвхөн бидний хувьд төдийгүй бусад төрийн бус байгууллагууд, спортын эвлэл холбоодын талцал хуваагдлын синдромыг таслан зогсоох жишиг манлайлал болоосой гэж бид хүсэж байна.

Монголын зохиолчдын нэгдсэн их хурлын нийгэмд хандаж буй эв нэгдлийн энэхүү эерэг хандлага зохиолчдын маань уран бүтээлд түлхэц, эргэлт гаргана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Энэ түүхэн эв нэгдлийг монголын уран зохиолын хөгжлийн дахин сэргэлтийн шинэ үе хэмээн харж байна. Ийм байгаасай гэж хүсч байна. Тиймээс орчин үеийн монголын уран зохиолын хөгжлийн дахин сэргэлтийг угтан тосч, ухаарал, урмаар дэмжихийн үүднээс далай шиг баян их асуудлаас тодолж хөгжлийн таван төлөвшилийг та бүхэнд санал болгож байна. Энэ таван төлөвшилийн нийлбэрийг уран зохиолын нийгмийн оюун санааны дархлаа хэмээн үзэж болох юм. Энэ бол монголын уран зохиолын хөгжлийн бодлогын суурь үнэт зүйлс билээ.

Монголын уран зохиолын хөгжлийн үнэт зүйлсийн таван төлөвшил, төгөлдөршлийг хураангуйлбал,

  1. Зохиолч – уран зохиолын анхдагч эх булаг
  2. Зохиол – нийгмийн оюун санааны сан хөмрөг
  3. Уран зохиол – эх хэлний оршихуйн амин чанар
  4. Монголын уран зохиол - нүүдлийн соёл иргэншлийн гал голомт
  5. Шүлэг минь хүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

гэж сэдэвчилж болмоор санагдаж байна. Гэхдээ энд монголын уран зохиолын нэгдмэл үнэт зүйлсийг тогтоох, тодорхойлохыг гол зорилгоо болгоогүй. Харин энэхүү нэгдмэл үнэт зүйлсийн хөдөлгөгч хүчин, хөдөлгүүрийг нь эдгээр таван зүйлээр эшлэн авч үзсэнээ тайлбарлах нь зүйтэй байх.

Нэг. ЗОХИОЛЧ - УРАН ЗОХИОЛЫН АНХДАГЧ ЭХ БУЛАГ

Монголын уран зохиолын анхдагч эх булаг нь зохиолчид. Энэ эгэл үнэнийг тодлон хэлэх учиртай. Учир нь монголын уран зохиолын хөгжлийн түүх нь зохиолчдын туурвил зүйн түүх юм. Зохиолч үгүйгээр зохиолын тухай ярих боломж үгүй. Тэд туурвил зүйн эх баригчид төдийгүй бүтээл туурвил бүтээгч эх булаг, оюуны эрэлчид юм. Зохиолч бүхэн авъяасын эх орон, өөр өөрийн өвөрмөц ертөнцтэй бодгалиуд. Тиймээс “Монголын зохиолчдын эвлэлийн гишүүний нэр төр, түүний уран бүтээлийн өв” нь  Монголын зохиолчдын эвлэлийн үнэт зүйлс гэж дүрмээрээ хуульчлан хамгаалсан байдаг билээ. МЗЭ-ийн үнэт зүйл, хөгжлийн бодлогын цөм нь зохиолчид байсаар ирсэн, цаашид ч бидний дээд шүтээн нь монголын зохиолчид байсаар байх болно. Энэ бол зарчим, бодлого, мөн чанар юм.

Зохиолчид бол төрөлхийн өгөгдөлтэй хүмүүс. Тэр өгөгдөл нь авъяас. Авъяасыг нээж, тордож, хөгжүүлэх хэрэгтэй. Энэ үйл явц зөвхөн хувь хүний үйл бус. Учир нь авъяас бол тэнгэрийн хишиг, бурхдын таалал, ард түмний өмч юм. Авъяас бол алганы хээ шиг ахин давтагдаггүй үнэт зүйлс. Тиймээс авъяастныг хайрлах, халамжлах, авъяасыг хайх, нээх, өсгөн бойжуулах нь хувь хүний төдийгүй төрийн ажил, түмний хэрэг гэж бодож байна.

Зохиолчид бол сэтгэгчид. Тэд агаарын юм зохиодоггүй. Тэд зохион бодож, зоргоор сэтгэж, зоригоор илэрхийлж, сэтгэмжээр сэржимдэж, итгэлээр илбэдэж энэ ертөнцөд, хүний орчлонд байсан, байгаа, байж болох амьдралын гүн бодлогошролыг бичдэг юм. Энэ бол уртаашаа уран зохиол, ухрааж бодвол түүх, урагшлуулж бодвол зөгнөл, ухаж бодвол амьдрал юм. Тэгэхээр зохиолчид бол нийгмийн оюун санааны манлайлагчид, амьдралын үнэний эрэлчид, шастир түүх бүтээгч бүтээлч сэтгэгчид юм.

Монголын уран зохиолын хөгжлийн төв цэг нь зохиолчид учраас их утга зохиолын цаашдын хөгжлийн хувь заяаг зохиолч нөхдөөсөө шаардах нь зүйн хэрэг юм. Учир нь уран бүтээл хувь хүний туурвил мөн боловч бүтээгдэхүүн болон нийтэд түгснээр нийгмийн үнэт зүйлс болон дэлгэрдэг юм. Энэ үнэт зүйл нь эх орон, тусгаар тогтнол, монгол хүний ахуй, амьдрал, оюун сэтгэлгээний өлгий учраас бүтээл туурвил бүхнээс олон нийт, оюуны ертөнц өндөр шаардлага шаардах нь зүйн хэрэг юм.  Монголын уран зохиолын хөгжлийн төлөвшлийг зохиолчдоос эхлэхийн учрыг бид ийнхүү ухаарч байна.

Зохиол бүтээлийг туурвил зүйн жин бангаар нь зэрэглэж болох боловч зохиолч хүнийг хувь хүний хувьд зэргэлэж болохгүй. Тэд бүгд эрх тэгш, ижил зэрэглэлтэй уран бүтээлчид.  Ялангуяа Монголын зохиолчдын эвлэлд эвлэлдэн нэгдэж буй их зорилгын үүднээс их утга зохиолын хөгжлийн төлөө бид атгасан гар шиг эвлэлдэн нэгдэх учиртай. Нэг зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудын нэгдэх үйл явц эдүгээ эрчимжиж, төрийн бодлого болж буй нь жирийн нэг тохиолдол бишээ. Учир нь дэлхий дахинаа нийгмийн бүхий л салбарт нийлэх, нэгдэх үйл явц даяаршлийн нэгэн давалгаа болон өрнөж байна.

Даяаршлын түрэлтийн энэ цаг үед аливаа үндэстэн өөрийн төрөлх язгуур шинжээ хадгалах нь үндэстний оршихуйн амин асуудал болон хувирч байна. Чухам энэ нь үндэсний уран зохиолын үнэ цэн, үүрэг хариуцлага, нийгмийн оюун санааны дархлааг улам тод тодруулж байна.

Зохиолчдод юу хэрэгтэй вэ? Тэдэнд яаж туслах вэ? Яахаараа тэдэнд туслах хэрэгтэй гэж гэх мэт асуулт гарч болох юм. Гарч ч байна. Хариулт нь тов тодорхой. Тэдэнд урам, үнэлэмж, орчин гурав л хэрэгтэй. Урам гэдэг нь сэтгэлийн зөвшилцөл, эерэг дулаан хандлага, хүндлэл юм. Үнэлэмж гэдэг нь уран бүтээл, уран бүтээлчийн үнэ цэн юм. Орчин гэдэг нь туурвин бүтээх орон зайн мэдрэмж юм. Энэ гурвыг бүрдүүлж гэмээ нь сайн уран бүтээл сад тавин урсана. Энэ нь зохиолчдод хандах нийгмийн эерэг хандлагыг өөрчлөнө гэсэн үг ээ. Бусдыг нь тэр өөрсдөө бүтээнэ.

Хоёр. ЗОХИОЛ – НИЙГМИЙН ОЮУНЫ САНААНЫ САН ХӨМРӨГ

Монголын уран зохиол бол өөрийн баян түүхтэй, “Нууц товчоо”-гоор эрэмбэлсэн өндөр босготой, үе үеийн авъяас билэгт зохиолчид, тэдний туурвисан үндэсний хэмжээний шилдэг бүтээлүүдтэй, улс гүрнийхээ оюуны тусгаар тогтнолын баталгаа болсон алтан ай сав юм.

Монголын уран зохиол бол үндэсний болон нийтлэг шинжийн тэнцвэрт харьцааг агуулсан, үндэсний дахин давтагдашгүй өвөрмөц хийгээд цогц байдлыг шингээсэн соёлын дархлаа юм.

Монголын уран зохиол бол монгол ахуй, сэтгэлгээ, уран сэтгэмж, дүр дүрслэл төдийгүй оюуны өвийг тээгч, шингээгч, хадгалагч нь үүсгэгч нь бөгөөд монголчуудын үндэсний нэгдмэл үнэт зүйлийн нэгэн бахархал юм. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг тодорхойлж, түүнийг төрөөс бодлогоор дэмжих нь өөрөө үнэт зүйлс билээ. Уран зохиолын гүн ухамсар дархлаатай үндэстэн л нэгдмэл үнэт зүйлсийг бүтээдэг юм. Тийм ард түмний нэг нь Азийн цээжнээ нутагтай, хос чавхдаст морин хууртай монголчууд юм.

Нийгмийн оюун санааны  хөтөч, манлайлагч, оюуны сан хөмрөгийн нэг томоохон бүл хэсэг нь үндэсний их утга зохиол гэдэг нь тодорхой билээ. Найман зууны тэртээ “Монголын нууц товчоо”-г шастирлан бичиж байсан монголчууд зуун зууныг өртөөлөн эдүгээ ХХI зуунд хүрч ирэхдээ уран зохиолын гайхамшиг өв санг бүтээж, өвлүүлэн үлдээсэн нь эзэнт гүрний үр садын оюуны бяд, алсын хараа, авъяасын од нэгдэн чуулсныг баталдаг юм.

Энэ цагийн билэг оюунт зохиолчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын зохиолчдын эвлэл 90 гаруй жилийн бахархам түүхийг туулж орчин үеийн уран зохиолын хөгжлийг түүчээлэн явж ирсэн бөгөөд он жилүүдийн аян жингийн тэр хөсгийг өнөөдөр бид өртөөлөн авч явж байна.

Монголын зохиолчдын эвлэл нь монголын утга зохиолын салбараар төрөлжсөн, 93 жилийн түүхтэй, монголын зохиолчдын ууган Төрийн бус байгууллага юм. Манай байгууллага монголын уран зохиолчдыг эгнээндээ нэгтгэж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд утга зохиолын хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн юм.

Монголын уран зохиол бол нийгмийн оюун санааны сан хөмрөгийн нэгэн чухал ай сав мөн учраас хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг. Тэрхүү бодлого, бодит үйл ажиллагааг МЗЭ-ийн дүрмээс харж болно. Манай байгууллагын зохион байгуулалтын үндсэн нэгж нь Үндэсний төв бөгөөд түүнийг утга зохиолын төрөл зүйлээр төрөлжүүлэн зохион байгуулсан юм. Энэ нь уран зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх бодлогын баримт бичиг юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлийн дор зохион байгуулагдаж буй Монголын зохиолчдын Нэгдсэн их хурлын салбар хуралдааныг Үндэсний төвүүдэд түшиглэн зохион байгуулж байна. Энэ салбар хуралдаанд монголын уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын тухай илтгэлүүд хэлэлцэгдэх тул Монголын их утга зохиолын нийгмийн үүрэг, оюун санааны сан хөмрөгийн тухай товчхон өгүүлж байна. Монгол угсаатны оюун санааны нэгдэлд монголын уран зохиол тэргүүлэх зэргийн үүрэгтэй оролцож ирсэн, цаашид ч энэ үүрэгтээ үнэнч байх болно.

Гурав. УРАН ЗОХИОЛ – ЭХ ХЭЛНИЙ ОРШИХУЙН АМИН ЧАНАР

            Монголын уран зохиолын оршихуйн язгуур мөн чанар нь төрөлх монгол хэл, эх хэлний оршихуйн амин чанар нь уран зохиол юм. Монголын уран зохиолын үндэслэгч Дашдоржийн Нацагдорж “Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл” гэж дархлаажуулсан бол Төрийн шагналт зохиолч Зундуйн Дорж “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ. Монгол эмгэнэлтэй” гэж лавшруулан айлдсан билээ.

“Чихну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би” гэж их зохиолч Бямбын Ринчен дуу алдан шүлэглэсэн нь монгол хэлний оршихуйн амин чанар уран зохиолд хэрхэн нэвчин шингэсний уран сайхны тайлал болсон юм.

Үнэхээр монгол хэл бол яруу найргийн тансаг хэл. Монгол хэлээр өгүүлж үл болох үзэгдэл юмс, далд чанадын юмс гэж нэгээхэн ч үгүй. Монгол хэл бол саруул сэтгэлгээ, сансар огторгуйн далд чандын авшиг хүртсэн гүн ухааны хэл. Монгол хэл бол бичгийн болон ярианы хэлний түвшинг хэм тэгш шингээсэн хөрвөх чадвар, дүрслэх чадамж бүхий сэтгэлгээний хэл, шинжлэх ухааны хэл юм. Ийм гайхамшигт төрөлх хэлтэй монголын зохиолчид баян, тансаг, давилуун байхаас аргаггүй.

Сүүлийн үед мэдлэг шингэсэн монгол хэлний орчин бүрдүүлэх тухай хөндөж, ярьж, бичиж эхэлж байна. Тэр орчин буюу монгол хэлний яруу тансаг цэцэрлэгт хүрээлэн нь монголын уран зохиол мөнөөс мөн хэмээн бахархалтайяа хэлж болох байна. Монгол хэлний үгсийн баялаг сан хөмрөгийг улам төгөлдөржүүлэх, нийт ард иргэдийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх нэгэн гарц, хөшүүрэг нь монголын уран зохиол гэхэд маргах, санал зөрөх монгол хүн байхгүй. Тиймээс уран зохиол бол эх хэлний оршихуйн амин чанар, монгол хэл өөрөө монгол гүрний тусгаар тогтнолын оршихуйн баталгаа мөн болох нь тов тодорхой байна.

 “Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна. Тэр хэлэнд би хачин их хайртай” гэж яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай бичсэн. Бид бүхний хачин хайртай энэхүү монгол хэл, уран зохиолын мэдлэгийг улам төгөлдөржүүлэх, бүх нийтийн эх  хэлний боловсролыг дээшлүүлэхийн тулд шат шатны сургуулийн сургалтын хөтөлбөрийг дахин нягтлан үзмээр санагддаг. Юуны өмнө дунд сургуулийн уран зохиолын хичээлийн цагийг өмнөх оргил үеийн түвшинд хүртэл нэмэх, дахин хасч танадаг үзэгдлийг хуульчлан хориглох, сурах бичгийн агуулгын багтаамжийг сайжруулах, уран зохиолын гүнзгийрүүлсэн сургалт, шавь сургалтыг урамшуулан дэмжих зэргээр уран зохиолын чанартай боловсролыг дэмжих цаг болсон. Уран зохиол бол өнөөгийн сургалтын хандлага шиг эх хэлний дасгалын хураамж баймааргүй байна.

Хүн бүр зохиолч болох албагүй, тийм боломж ч байхгүй. Гэвч хүн бүр утга зохиолын боловсрол эзэмших учиртай. Учир нь утга зохиолын боловсрол бол хүний хөгжлийн боловсрол юм. Тиймээс дэлхийн жишигт хүрсэн утга зохиолын чанартай боловсролын хөтөлбөрийг шат шатны сургалтын байгууллагуудад мөрдүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ер нь уран зохиолын суурь боловсрол бол хүний идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх насан туршийн боловсрол гэдгийг төр, захиргааны боловсролын байгууллага байнга санаж явах учиртай.

Дөрөв. МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ – НҮҮДЛИЙН

        СОЁЛ ИРГЭНШЛИЙН ГАЛ ГОЛОМТ

            Дэлхий дахины хөгжлийн чиг хандлага нь эх байгаль, эко системд ээлтэй тэр орчин руу эргэн тэмүүлж байна. Энэ хандлага уран зохиолын ертөнцөд тусч нүүдлийн соёл иргэншлийн хэв маяг, ахуй орчин, сэтгэлгээ үнэд орж байна. Энэ бол монголын уран зохиолын мөн чанарыг дэлхий дахинаа шинээр нээх нэгэн боломж гэж бид харж байна. Үнэхээр шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил, техник технологийн дэвшлийн хурд, үр нөлөө нь дэлхийн сав шимийн ертөнц сөрөг нөлөө үзүүлэхүйц түвшинд хүрч ирсэн нь хүн төрөлхтөнд эх байгалиа хайрлах, хамгаалах ухаарлыг хүчтэй төрүүлэх болсон учраас нүүдлийн соёл иргэншлийн тухай өргөн хэлэлцүүлэг шинэ зууны гол сэдэв болж байна.

Нүүдлийн соёл иргэншлийн голомт нутаг, энэ цаг үеийн гол төлөөлөл болсон монголчуудын хувьд, тухайлбал зохиолчид бидний хувьд сэтгэлгээний энэ дэлгэрлийн үеийг угтан тосч уран бүтээлийн нэгэн гол сэдэв болгон тууштай хичээх нь зүйн хэрэг гэж бодож байна. Энд би хоёр зүйлийг онцлон тэмдэглэмээр санагдлаа. Нэгдүгээрт, монголын уран зохиолын өв соёл, оюун санаа, сэтгэлгээний тулах цэг нь нүүдлийн соёл иргэншил учраас хүн төрөлхтний уран зохиолын ертөнцөд бидний хүлээсэн үүрэг нь энэ сэдэв хэмээн онцлож байна. Хоёрдугаарт, зөвхөн язгуурын монголчууд бидний хувьд төдийгүй монгол туургатанд хандаж энэ сэдвийг онцломоор байна.

Нүүдэлчний өвөрмөц мөн чанарыг тусгасан уран бүтээлийг дэлхийн уран зохиолын өнөөгийн түвшинд туурвин бүтээх нь нийгмийн соёлын дархлааг бүрдүүлж уран чадварын өндөр босгыг буй болгоно. Ерөөс монголын уран зохиол өөрөө байгаль дэлхийд ээлтэй нүүдлийн соёл иргэншлийн бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Үндэсний үнэт зүйлд суурилсан соёлын дархлааг тогтвортой бэхжүүлэх, уламжлал шинэчлэлийн тэнцвэрт харьцааг хэвшүүлэхэд монголын уран зохиолын гүйцэтгэх түүхэн үүргийг бид урд өмнөхөөсөө өөрөөр харж, сайтар ухан  ойлгох цаг ирж байна. Нүүдлийн соёл иргэншилт монголын үр сад бид соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, шинээр бүтээх, өвлөн уламжлуулах үүрэг нь өв соёлоо дээдлэгч соёлын дархлаа бүхий монгол зохиолч, монгол зохиолын нэгдмэл үнэт зүйлсийн гол агуулга болж байна.

Монголын уран зохиолд нүүдэлчдийн соёл иргэншлийн түүхэн хөгжлийг уран сайхны аргаар дүрслэн шингээсэн уран бүтээлийн дархлаа нэгэнт тогтсон бөгөөд эдүгээ эрчимтэй үргэлжилж байна. Үүнийг эзэнт гүрэн, их хаад, тулгар төрийн тухай түүхэн роман, туульсийн жүжиг, яруу найргийн бүтээл, хүүрнэл зохиолын бүтээлүүдээс бэлхнээ харж болох байна. Хамгийн ойрын жишээ гэхэд Хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн шинэ хувилбарыг хэлж болох байна. Монголын өв соёлыг гадаадынхан хэрхэн шимтэн сонирхож байгааг  “дэлхийг байлдан” дагуулж буй HUU хамтлагийн тоглолтоос харж болох байна. Энэ бүхэн бидний өмнө дэлгэгдэж буй уран сайхны ертөнцийн шинэ боломжийг санал болгож байна.

Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан монгол ахуй, зан заншил, өв соёлыг илэрхийлсэн нүүдлийн соёл иргэншлийн уран зохиолын ай савыг бүрдүүлэхэд монгол туургатны уран зохиол бүхэлдээ татагдан орох ёстой. Тэр ч байтугай хилийн чанадад амьдарч уран бүтээлээ туурвиж буй монгол, монгол гаралтан, монгол сэтгэлт бүхий л уран зохиолчдын бүтээл туурвилыг энд хамруулан ойлгох ёстой. Ер нь монголын уран зохиолыг ойлгохын тулд монгол туургатны уран зохиолын хүрээнд өргөжүүлэх авч үзэх, мөн казак хэлт монголын уран зохиол зэрэг төрөл болон төрөл бус хэл дээр зохиогдож буй бүтээл туурвилыг судлахгүйгээр их утга зохиолын сан хөмрөг, иж бүрдэл үүсэхгүй.

Тав. ШҮЛЭГ МИНЬ ХҮЛЭГ МИНЬ ЧИ БИДЭН ХОЁРТ

ДЭЛХИЙН ДЭВЖЭЭ ХЭРЭГТЭЙ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан “Шүлэг минь хүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж нэгэнтэй зарлигдсан билээ. Энэ бол монголын зохиолчдын сүлд аялгуу, тотем юм. Энэ бол XXI зууны монголын уран зохиолын хөгжлийн чиг хандлага, тэмүүллийн луужин юм. Энэ бол Дэлхийн уран зохиолыг монголд, монголын уран зохиолыг дэлхийд сурталчлах шинэ тогтолцоог бүрдүүлнэ гэсэн үг ээ.

Дэлхийн уран зохиолын хөгжлийн чиг хандлага эх байгаль, эх дэлхий рүү эргэж буй энэ үед монголын уран зохиолын язгуурын шинж яахын аргаггүй анхаарал татаж байна. Байгаль орчин, хүн төрөлхтний зохист тэнцвэрт харьцаанд тулгуурласан нүүдлийн соёл иргэншлийн голомт нутаг - монгол уран зохиол хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн дэвжээнд зодоглох шинэ үе давалгаалан ирж байна.

Монголын уран зохиолын гадаад нэр хүнд, үнэлэмж дээшилж, монголын уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх таатай энэ үеийг угтан тосч олон улсад, дэлхий дахинд монголын уран зохиолыг сурталчлан таниулах далайцтай хөтөлбөрүүдийг төр, засагтайгаа хамтран МЗЭ гардан боловсруулж, хэрэгжүүлмээр байна. Хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатнуудын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, хэл соёл, уламжлалаа хадгалан түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд мөр зэрэгцэн зүтгэмээр байна.

Уран зохиолын мэргэжлийн орчуулагчдыг дэлхийн түвшинд бэлтгэх, монголын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг дэлхийн түгээмэл хэлээр орчуулж түгээх, дэлхийн уран зохиолын шилмэл бүтээлийг төрөлх хэлээрээ цаг алдалгүй унших орчинг бүрдүүлмээр байна. Хийх ажил их байна. Ганцхан жишээ хэлье. Бахархам түүхгүй зарим улс орон уран сайхны олон ангит киногоор улс орныхоо түүхийг шинээр зохиож байхад хүн төрөлхтний бүхэл бүтэн зууныг эзэгнэж байсан эзэнт гүрний үр сар, уран бүтээлчид бид нэгийг бодож, хоёрыг тунгааж, дэлхийн дайдад сэтгэж, газрын энгээр тэлэх уран зохиолын аянд мордох цаг болсон байна.

Дорны их яруу найрагчийн домоглон хэлсэн дэлхийн дэвжээ ойрхон байна. Монголын зохиолчдоос Нобелийн шагналтан тодрох их бэлгэшээлийг өргөмөөр байна. Өөдрөг бүхнийг өглөөний нар шиг угтан тосмоор байна. Монголын нийт зохиолчдын эв нэгдлийн зөвшилцөл буюу Нэгдсэн их хурлын гол ач холбогдол нь уран зохиолын үндэсний нэгдмэл үнэт зүйлийн нэгдэлд суурилж байна.

Монголын уран зохиолын хөгжлийн сэргэн мандлын шинэ үеийг эхлүүлцгээе.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?