СУЛ, НАМУУХАН ЯРИАТАЙ ХҮНИЙГ СОНСООД ИХЭЭХЭН СТРЕССДЭГ БАЙЖЭЭ, ОДОО БОДОХОД..

2022-07-07  

No description available.

Хүний яриаг сонсохгүй байна гэдэг хэцүү. Сонсгол муутайг мэдэхгүй хүмүүс " тэнэг, мангараар" дуудна. Миний амьдралдаа амсаж туулсан энэ зовлонг сонсгол муутай хүмүүс л мэдэрдэг. Би төрөлхийн дүлий төрөөгүй ч, хоёр настайдаа улаан бурхан өвчин туссанаас болж энэ зовлонгийн эхлэл тавигдсан байдаг. Тухайн үед Зайсан дахь Хүүхдийн халдвартын эмнэлэгт аавын асрамжин дор эмчлүүлж байсан юм билээ. Аав минь анзаарга алдан, “эмийг нь халааж бүлээнээр өгөөрэй” гэсэн эмчийн зааврыг огоорон миний нэхсэний дагуу хүйтэн ус надад өгснөөс асуудал үүссэн байдаг. Хүйтэн ус ууснаас болж, миний хоолой боож, хүндэрч , улмаар чихний үрэвсэл болон хоёр хэнгэрэг маань цоорсон гэдэг. Үүнд аав маань өөрийгөө буруутган шаналж ирсэн. Сонсгол муу байх хэцүү. Чихнээс булаг гоожно. Бага, дунд ангид сурч байхдаа зарим өдөр хичээлээсээ чөлөө авч, автобусаар найман буудал явж, “Баянхошууны хүүхдийн эмнэлэг”-т очиж эмчилгээ, шарлаг хийлгэнэ. Сүүлд ахлах анги, оюутан болсны хойно Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн чих хамар хоолойн Цэцгээ эмч (одоо Ачтан эмнэлэгт)-ийн хяналтад орж алео, b12 гээд тариа, зүү эмчилгээ мөн ч их хийлгэсэн дээ. Сонсгол улам л муудсаар. Аав ээж л зовно. Тэд нагац эгчийн маань нөхөр хүний гавъяат эмч Н.Пүрэвжав ахтай зөвлөлдөн миний сонсголыг сайжруулах боломжит бүхий л арга замыг үргэлжлүүлэн эрж хайсаар байсан. Дунд сургуулийн наймдугаар ангидаа ( 1988) хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орсон. Тухайн үедээ чихний хамгийн шилдэг гэгдэх нэгдүгээр эмнэлгийн Шагдар эмч хийсэн. Дараа нь 1996 онд Клиникийн гуравдугаар эмнэлэгт хэвтэн бүтэн наркозтой хагалгаанд орсон боловч амжилт олоогүй. Хэнгэрэг нь унасан. Хожим сонсоход, нөхсөн хэнгэрэг тогтоход шүд , ам, хамар хоолой, ханиад гээд олон зүйл нөлөөлдөг гэж билээ. Хэнгэрэг цоорхой учир чих үе үе булагтана. Тэр бүр сонсгол улам буурна. Энэ нь зарим хүнд намайг олон ааш зантай юм шиг харагдуулж, сонсоогүйгээсээ болж ”дүлий, тэнэг”-ээр дуудуулах энүүхэнд. Шоолж жуумалзах бусад хүүхдүүдийн царайтай эвлэрэх, оюутан болж багшийн лекцийг бичих гэж оролдон хажуу дахь найзынхаа бичсэнтэй харьцуулж үзээд бичээд ч хэрэггүйгээ мэдэрч байсан үе бэрх. Лекцийн хичээл дээр ихэнхдээ өмнөх цагийн эсвэл өмнөх хичээлийн лекцээ найз охидуудынхаа дэвтрээс мөн ч их хуулсан даа. Өөрийнх нь яриаг үл тоон, дэвтэр хуулж суугаа оюутан яаж л аятайхан сэтгэгдэл багшид төрүүлэв гэж ! Өсөж өндийх тусам аав минь миний өмнөөс илүү шанална. Гэнэ гэнэ нэрээр минь дуудаж миний сонсголыг шалгаж, сорино. Заримдаа сонсоно, заримдаа сонсохгүй. Одоо бодоход чанга яриатай хүний яриа тод сонсогдоод таатай, сул аажуухан яриатай хүнтэй харилцахад их стресстдэг байжээ. Миний болон, аав ээжийн минь эрэл хайгуул цөхрөөгүй.

Шинэ сайн гэсэн бүхнийг эрэлхийлнэ, авна, туршина. 1992 онд, Дани улсын саарал хайрцагтай чихний аппаратыг худалдан авсан. Чихэндээ зүүж, хаяж гээж, буцааж олж авч байв. Хэрэглэж дасахгүйгээс болж, өөр хүнд бэлэглэсэн. Оюутан найз нөхдийнхөө яриаг сонсохгүй учир асуудал хэвээр. Тэр үед “Мон- анир” чихний төрөл бүрийн аппаратны реклам телевизээр цацагдаж эхэлсэн нь миний анхаарлыг шууд татсан. Зарын дагуу очвол, чихний аппарат нь нэлээн үнэтэй байв. Худалдагч нь :- Аппаратыг өөртөө тохируулж авах ёстой. Эхлээд манай эмчид үзүүлнэ үү гэсний дагуу хажуу өрөөнд байрлах эмчид чихээ үзүүлсэн. Гэтэл эмч: - Таны чих засал авахаар юм байна. Аппарат зүүхийн оронд хоёр чихэндээ германы капсултай, хэнгэрэг төлжүүлж ургуулдаг хагалгааг хийлгэх боломж байна гэж зөвлөсөн. Хагалгааны үнэ нь ч миний худалдан авах аппаратнаас гурав дахин хямд туссан. Би ч итгэж ядсан, анхандаа. Гэвч надад алдах юм байгаагүй. Тиймээс эхний удаад сонсгол нь илүү муу чихэндээ хагалгаа хийлгэхээр шийдсэн. Тэгээд л одоогоос 12 жилийн тэртээ, 2010 оны долдугаар сард хэсэгчилсэн мэдээ алдуулалттайгаар хэнгэрэг нөхөх хагалгаанд орж билээ. Санаснаас гайхам үр дүнд хүрсэн. Чих маань хэнгэрэгтэй болсон. Сонсгол хэвийн болсон. Улмаар нөгөө чихний хэнгэрэг ч өөрөө төлжиж битүүрсэн. Ингэж анагаахын шинжлэх ухааны хөгжлийн үр шимийг би хүртсэн. Хагалгааг хийж, сонсгол бэлэглэсэн "Төгс сонсголон" эмнэлгийн Оюунчимэг эмч маань ч аавын талын таньдаг хүн байж таарсан. Сонсгол орсон тэр цагаас аавын маань сэтгэлд нар гийж, санаа нь амарсан санагддаг. Чаг чаг хийх цагийн зүүний цохилт, шувуудын жиргээ, шиврээ борооны чимээг сонсох гэдэг өөрөө аз жаргал. Нэн гайхалтай мэдрэмж. Сонсгол орсноор миний амьдралд ч эрс өөрчлөлт гарсан. Наадам дөхөж буй энэ мөчид дахин сонсгол хайрлаж, аз жаргалыг бэлэглэсэн "Төгс сонсголон" чих хамар хоолойн эмнэлгийн их эмч П.Оюунчимэг, сувилагч нартаа талархлаа дахин уламжлая гэж Нацаг бичсэнийг уншигчидтайгаа хуваалцав.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?