БУСДАДАА УРАГШЛАХАД НЬ БҮҮ СААД БОЛ..

2022-07-29  
Сан-Франциско хот. Улаанбаатар хоттой эгч дүүс. Кентакки мужийн Лексингтон хотоос хөл тавьсан надад Сан-Франциско амьд хот санагдлаа. Хөл хөдөлгөөн нүсэр. Өдөр шөнөгүй амьдрал буцална. Бүгд л хурдална. Цаг минуттай уралдана. Golden Gate-ээс өгсүүлээд явуулын хүмүүст үзэх сонирхох юм ихтэй ч, Bay Bridge хурдны зам нь Сан-Франциско хотын амьдралын ритмийг тодорхойлно. Нэг урсгалтай. Таван эгнээ замтай. Гараанаасаа дөнгөж гарсан хурдан морьдын туурайны нүргээн шиг, зуун зуун машины моторын дуу хүнгэнэ. Хурдны зүү доод тал нь 120 км.цагийг заана. " Санчууд гишгэх, дуртай . Хурд саасан, хөдөлгөөн уясан нэгэнд дургүй. Тиймээс хурдны зам дээр нэг л гарсан бол гар утас оролдох эрхгүй. Америкчууд бие биендээ саад болох дургүй. Энэ л дүрэм зам дээр ч , амьдрал дээр ч үйлчилдэг гэж Азийн ширээний теннисний холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүнээр Монгол улсаас анх удаа сонгогдсон Э.Мөнхбилэг жолоогоо мушгингаа тайлбарлана. Түүний тухайд, миний хүүгийн сайн найз. Монголын ширээний теннисчидээс Ази тивийн ширээний теннисний холбоонд өндөр сонгуульт ажил эрхэлж буй нэгэн. Сарын өмнө, Тайландад зохиогдсон Ази тивийн өсвөр насны ширээний теннисний тэмцээний зохион байгуулагчаар амжилттай ажилласан учир энэ намар Лаосод болох тивийн өсвөр насны ширээний теннисний тэмцээнд ажиллах томилолтыг хүлээн авсан байна. Харин энд ажлаар ирж, түр саатсан нь надад завшаан болж, түүний Форд машинаар Сан-Франциско хотоор ийн чөлөөтэй сэлгүүцлээ.
Өмнө нь, гурван удаа ирж байсан ч би Америкийг сайн мэдэхгүй. Тэдний хэлснээр, америкчууд хэнд ч саад болохгүй. Бие биеэ л даана. Бодоход, энэ бол америкчуудын алтан дүрэм байх.
" АНУ-д ар өврийн хаалга байхгүй. Тогтсон дүрэм журамтай. Хэн чадалтай нь өгсөж, хэн сул нь урууддаг. Үнэлгээ нь ч шударга. Байгууллагууд ч ажилтан ажилд авахдаа сонгох зарчмыг баримталдаг. АНУ -ын гурван зуун сая гаруй иргэд энэ л өрсөлдөөний зарчмаар ажилд ордог. Ажил эрхэлж байж л, сайхан амьдрана. Би сургуулиа төгсөөд саяхан IT компанид ажилд орсон. Миний ажлын байранд гурван зуу гаруй өрсөлдсөнөөс намайг сонгосон гэж компанийн хүний нөөцийн менежер хожим надад дуулгасан. Гурван шатны ярилцлагыг давсан. Том компани бол зургаан шат дамжсан ярилцлага хийж ажилтнаа авдаг юм билээ. Нэгэнт ярилцлага хийсэн бол шат шатандаа хариуг нь дор нь өгдөг. Хүлээлгэх, удаах соёл энд байхгүй. Энэ бол америкийн давуу тал "гэж онгоцны буудлаас намайг тоссон Тэмүүжин америкад ажилд орсон туршлагадаа тулгуурлан хуучиллаа. Энэ хоёр монгол залуугийн нэг нь Сан-Францискод суурьшаад 7 жил болсон, нөгөө нь надтай ижил ажлаар ирсэн нэгэн. Ийм монголчууд Санд олон аж.
Аргагүй л их хөдөлгөөний газар аж. Орой нь, далайн эргийн Сушины хоолны газарт Мөнхбилэг намайг дайллаа. Үүдэндээ " Best Japanese restoran" гэсэн Ричмонд хотын захиргаанаас олгосон дипломыг хаджээ. Хотын иргэдийн дунд явуулсан санал асуулгад тулгуурлаж энэ шагналыг тус ресторанд олгожээ. Мөнгө төлж авдаг, хавтгайруулж олгодог, үнэ цэнэгүй манайхны шагналаас огт өөр аж. Энэ шагналыг гардуулах гэж хотын захиргаанаас дуудахад нь Энхням, тэдний хамт олон ихэд гайхсан гэдэг.
- Өмнө нь Япон хоолны газарт ажиллаж байсан мэдлэг, туршлагадаа тулгуурлаж япон хоолны газраа хоёр жилийн өмнө нээсэн. Ковид дайрсан учир, үндсэндээ, энэ жилээс жинхэнэ утгаараа хоолны газраа ажиллуулж байна. Доторхи интерьер зэргээ өөрсдийн гараар урлаж, хийсэн. Хэдийгээр ковид дайрсан ч, манай хоолны газар өөрийн гэсэн тодорхой хүрээллийн тогтмол үйлчлүүлэгчидтэй болж чадсан. Сонирхолтой нь, үйлчлүүлэгчид маань анх юу захисан, яг л түүнийгээ давтдаг. Тиймээс зарим үйлчлүүлэгчээсээ захиалгыг нь асуух шаардлагагүй болсон. Түүнээс гадна, ирж хооллохоос гадна, савлуулж авч явах нь их. Америкчуудад цаг хугацаанд их харам. Нийгэм нь хувь хүмүүсийг үнэлж чаддаг онцлогтой. Америкад хийж чадаж л байвал сайхан амьдрах баталгаа бий. Би анх high school-д ирж суралцаад л, залгаад амьдарч байна.Нэг мэдсэн хорин жил болжээ гэж инээх, ярих нь шог зураач С.Цогтбаярыг санагдуулам гадаад төрхтэй Энхням хэллээ.
Санд өнгөрүүлсэн эхний өдөр гурван монгол залуутай уулзсанаас энэхүү тэмдэглэлээ буулгалаа. Хоолны амт бол тасархай. Тэр тусмаа суши..
Биднийг явахаар өндийхөд:- Баасан гарагт хөл ихтэй байдаг онцлогтой. Манайхаар дахиж ирээрэй! гэж рестораны эзэн Энхням урилаа. Буцахаасаа өмнө Мөнхбилэгийн хамт далайн эргийн Сушины газраар дахин орно оо...
Ц.ЭНХБАТ ( USA, SAN-FRANCISCO)
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?