АНДРЕЙ КУРКОВ: ДАЙНЫ ЦАГИЙН ТРАНСКАРПАТЫН ТӨРХ

2022-09-27  

  No description available.

 Андрей Курков бол орчин цагийн Украйны утга зохиолын хамгийн сонин содон төлөөлөгчийн нэг. Дэлхийн 36 хэл дээр зохиол нь орчуулагдсан. Амьд дүр бүтээх,  салж хөндийрөхийн аргагүйгээр  үйл явдлыг өгүүлж чаддаг нь түүний ур чадварын  онцлог.  Түүний зохиол бүтээлээр уран сайхны найман кино бүтээсэн бөгөөд, орчин цагийн  утга зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж,  2014 онд Францын Хүндэтгэлийн одонгоор шагнасан байдаг.
Оросууд дайн өдөөснөөс  хойш дайны сэдвээр олон зохиол бичсэн нь дэлхийн олон хэлнээ мөн хөрвүүлэгдэн, хэвлэгдсэн.  Одоогоос 3 сарын өмнө бичсэн  "  Дайны үеийн Транскарпатын төрх"  өгүүлэлдээ  дайны тухай шууд өгүүлэхгүй ч,  Путин болон  Оросын цэрэг гэж хэн бэ? гэдгийг, мөн украйны иргэд юу бодож, юу санаж буйг  80 настай Надежда Радионовагийн дүрээр дамжуулан  өгүүлсэн  байдаг.  Дайн улам хурцдах энэ цаг үед сонирхолтой байх болов уу гэж үзэж, зохиогч Андрей Курковын   "Дайны цагийн Транскарпатын төрх" өгүүллийг  С.Галсангийн орчуулгаар  уншигч Танд хүргэж байна.

      Цaг хугацааны хувьд хүмүүний амьдрал сонин биш нь мэдээж. Харин хүмүүний хувьд цаг хугацаа үнэ цэнтэй. Учир нь, хүмүүс амьдралынхаа үлдсэн хугацаандаа   өөрийнхөө бодож санаснаа  амжуулж чадах эсэхийгээ тооцох гэж оролддог юм. Миний хувьд хэмээвэл,  цагийг аль болох нарийн ашиглахыг зорьдог учраас цаг хугацаандаа  ихээхэн харам амьдарч ирсэн хүн. Гэтэл эдүгээ байдал шал өөрөөр эргэчихэв.  Эхэлсэн цагаасаа 107 дахь өдрөө  үргэлжилж буй энэ дайны асуудал хамаг цагийг минь  эзэмдэх  боллоо. Дайн хэзээ, хэрхэн дуусах тухайд төсөөлөл алдарсан.
     Миний бие  дайны галаас дүрвэж, өөр хүний орон сууцанд бараг хоёр дахь сардаа түр  амьдарч   буй. Хэдийгээр хүний сууц ч гэсэн энэ байр бидний хувьд төрөлх гэрийг минь орлох.  Гал тогоонд цайны данх, эсвэл плов (гүрж хоолны нэр, орч)-ын амтлагч хаана байдгийг би мэднэ. Мөн индүү, индүүний тавиурыг ч  түвэггүй олно. Бүр нүүр гарын цэвэрхэн алчууруудаа гэрийн эзэгтэй хаана хадгалдагийг ч бас андахгүй болсон.
   Хүнсний захын зарим нэг худалдагчтай ч танилцаж амжсан бөгөөд муудсан төмсөө хулхидан зардаг нэгнийг ч  таньж мэдсэн.
-Наад төмс чинь боломжийн буй заа? гэж хошгоод удаа лавлахад минь,  -Гойд сайн шүү гэж мань эрийг  дуугарахад нь анх  итгэж билээ.  Дараа нь түүнээс худалдан авсан төмснийхөө тэн хагасыг хогийн сав руу шидсэн юм. Ялзарч муудсан байсан учраас тэр шүү дээ. Тэрбээр төмсөө хоёр килограммын уутанд савлаж зардаг. Ер нь  эндэхийн наймаачид тэгдэг. Энэ захаас  төмс худалдан авах нь ерөөс ийм л аз туршсан хэрэг болдог. Хулхидуулсандаа  мөнөөх эртэй дахин  наймаа хийхээ больсон ч гэсэн би хүнсний  захад түүнтэй таарахдаа  мэндийн зөрүүтэй өнгөрдөг  хэвээрээ. Өнгөрсөн хугацаанд манай ойр хавьд миний таних арван таван хүн ирж түр суурьшсаныг олж мэдэв. "Ойр хавьд" гэдэг нь хөрш зэргэлдээ  гэсэн үг биш. Транскарпатад, тэр тусмаа Украины Карпатын нурууны баруун биед бол тавин километрийн дотор оршин сууж буйг ойр хавьд гэж ойлгодог.
Манайхаас жаран километрийн зайд орших  Берехове хот дахь хоёр давхар байшингийн доод давхарын нэгэн цэлгэр сууцанд Киевээс ирсэн дотнын найзууд маань орсон байж таарав.  Ирина, миний номыг анх гаргасан хэвлэлийн газрын эзний бэлэвсэн эхнэр, түүний охин Алена, ач хүү Артем болон өөр гурван танил маань тэнд орогноод мөн л  хоёр сар болжээ. Тэд түрээс төлдөггүй. Яагаад гэвэл,  дүрвэгч болон орогногч хүмүүст зориулж гаргасан албан ёсны дүрмийн дагуу тэд  амь зуудаг. Түр “орогногчийн бүртгэл”-д орж, түүнийгээ баталгаажуулсан гэрчилгээ авсан тэдэнд   хүмүүнлэгийн тусламж хүртэх эрх олгосон аж.
Тэдний суурьшсан Берехове хотод хүмүүнлэгийн тусламжийн олон төв ажилладаг. Төв бүр тус тусын ажлын хуваарьтай боловч хаана, хэзээ, ямар тусламж олгодог нь ойлгоход бэрх.  Мэдээлэл ч үгүй.  Орогногчид өдөржин хотын төвөөр эргэлдэж, нэг төвөөс нөгөө төв рүү холхиж, дараалалд жагссан хүмүүс харагдвал тийшээ гүйхээрээ очиж нийлдэг. Тэнд нь тусламжийн хоол хүнс иржээ гэж ойлгогдоно. 
    Хүнсний тусламж эдүгээ ховордуу болсон цаг. Ирина өөрөө дараалалд зогсох нэн дургүй эмэгтэй. "Би бол ийм буяны юманд царай алдах хүн биш! Надад ичгэвэртэй байна" гэж ярьдаг хүн. Гэхдээ Аленаг гуйж тийш нь гүйлгэдэг. Тусламжийн төвүүдэд  гол төлөв наранцэцгийн тос, лаазалсан загас, янз янзын будаа голдуу  түгээдэг юм.  Алена харин мөнөөх өглөгийн төв рүү дуртайяа очдог. Тэнд дараалалд зогсонгоо хүмүүстэй ярьж хөөрөх гэж яардаг. Саяхан нэг удаа бүтэн цаг зогсож байж ганц хайрцаг эрүүл ахуйн зүйлсийн багц авчээ. Түүнд нь жорлонгийн арван хоёр ороомог цаас, арван ширхэг хатуу саван, гурван килограмм угаалгын нунтаг, шүдний таван сойз, гурван ширхэг оо, сахлын таван ширхэг нэг удаагийн хусуур иржээ. Хайрцагт нь "таван ам бүлтэй гэр бүлийн нэг сарын хэрэглээний багц" гэсэн бичиг хавчуулсан байлаа. Уг багцыг Австрийн Улаан загалмайн нийгэмлэгээс ирүүлсэн юмсанж. Үүнийг авахын тулд Алена нөгөөх “орогногчийн гэрчилгээ”-гээ заавал үзүүлэх  дүрэмтэй.
Дээрх төвөөс холгүйхэн оршдог хүнсний өглөгийн нэг төвд гэрчилгээ шаардахгүй мөртлөө шинэхэн халуун талх үнэгүй өгдөг. Түүнтэй бараг зэрэгцээ шахуу эзгүйрч орхигдсон дэлгүүрийн хоёр байранд  энэ хот, ойролцоох тосгодын иргэд цуглуулсан үнэгүй хувцас дүүрэн байдаг. Тэдгээрээс орогногчид, дүрвэгчид дуртайгаа сонгож, дор нь  өмсөөд гэртээ харьж болно. Харин тэнд “үнэгүй гутал” байхгүй нь даанч хяслантай. Гэхдээ дүрвэгчид ч, орогногчид ч  энд хөл нүцгэн ирээгүй нь тодорхой. Хүмүүнлэгийн өглөгийн төвийн гаднах дараалалд ихэвчлэн өндөр настай эмээ нар зогсдог. Тэд бээр хэн хаанаас дүрвэсэн, ардаа юу үлдээсэн тухайд л хоорондоо хөөрөлдөж  харагдана.  Эдгээр нь гол төлөв "хотын" эмээ нар. Тэд хээнцэрдүү хувцасласан, үс толгойгоо чаминдуу янзлуулсан гангачуул. Харин “хөдөөний” эмээ нарыг өмссөн хувцас хунар, алхаа гишгээгээр нь амархан гадарлаж, ялгаж болно. Тэд насан туршдаа эрхэлсэн ажлынхаа зэрэгцээ гэрийнхээ ногооны талбай дээр зүтгэж элдэв хууч эмгэг, ууц нурууны архаг зүдгүүртэй болчихсон байдаг. Тэгээд л нурууны зүдгүүрээс болж бөгтийж явах нь хэвийн үзэгдэл.
   Өчигдөр би сүүлийн үеийн шинэ мэдээ уншиж дуусмагцаа өндөр настай хоёр украин эмэгтэйг хооронд нь танилцуулах хүсэлд автлаа. Энэ бол мэдээж бүтэхгүй зүйл л дээ. Гэхдээ би өөрийнхөө эл бодол болоод намайг ихэд гайхашруулсан энэ хоёр эмээгийн тухай бичиж дөнгөнө.  Тэдний нэг бээр Горенка тосгоны 85 настай оршин суугч. Уг тосгон руу Киев хотын төвөөс трамвай(цахилгаан тэрэг, орч)-гаар шууд очиж болдог. Миний мэдэхийн энэ эмээ эвдэрсэн хуучин пийшиндээ  бүтэн өдөржингөө “паска” хэмээх талх барьж өнжсөн юм. Тэр нь Улаан өндөгний баярт зориулж хийдэг амттан. Уг пийшин болбоос мань эмээгийн гал тогооны зуух, бас гэрийн халаагуур л даа. Түүний байшин нь Оросын их бууны суманд өртөж нурсан боловч пийшин нь бараг бүтэн үлджээ. Түүн дээр хоол унд хийх боломжтой ч  эргэн тойрных нь хана, цонх бутарч, дээвэр нь цөмөрч нурсан . Нэгэнт балгас болчихсон гэрийнхээ нуранги дотор амь зууж буй энэ эмээ нөгөө пийшиндээ Улаан өндөгний баярын өдөрт зориулж  хийсэн арваад ”паска”-гаа сүм рүү аваачиж буян үйлдсэн гэдэгт  би эс эргэлзэнэ. Харин нөгөө сүм нь Оросын бөмбөгт өртөөгүй үлдсэн байгаасай гэж найдъя. Нөгөө нэг тэтгэврийн эмээ нь Надежда Радионова. Тэрбээр Винница хотын уугуул, 80 настай, арай илүү азтай нэгэн. Түүний орон гэр нь бөмбөгт нэрвэгдээгүй үлджээ. Энэ эмээ “эх оронч шивээс” хийлгэхээр шийдэж хөл дээрээ Украины сүлд тэмдэг, улаан буудайны түрүүний дүрс хоёрыг шивүүлчихсэн санж. Түрүү нь Украины үндэсний бэлгэ тэмдэг. Тэрбээр шивээс хийх урлагт мэрэгшсэн ач охиныхоо ятгалгад автсан байж мэднэ.  Насанд хүрсэн хүмүүний хувьд шивээсний дүрс сонгох үйлдэл нь маш хариуцлагатай шийдвэр.  Ялангуяа бусдын  нүдэнд шууд  ил  тусах хэсэгт  хийлгэх шивээс нь бүр ч чухал.  Тэр тусмаа,  Оросын түрэмгийллийн нөхцөлд “эх оронч шивээс” хийлгэх нь амь насанд  цөвтэй цаг  үед. Орос цэргүүд газар сайгүй цамнаж, шалган нэвтрүүлэх цэгүүд дээр манай эрсийг нүцгэлж “эх оронч шивээс” олж илрүүлэх гэж улайрдаг. Хэрэв шивээс нь илэрвэл,  манайхныг  "нацист", эсвэл "фашист"-ын бүртгэлд шууд авч, мөрдөн байцаалтад оруулдаг. Тэгээд манай цэргүүдийг хорьж, “эх оронч шивээс”-ийг нь иртэй чулуугаар үрж арьстай нь цуг  “цэвэрлэж” тамладаг.  Амь үрэгдсэн украинчуудын гар, мөр, хөлний шивээсийг арьс, махтай нь огтолж хаясан цогцос тоймгүй олон тааралдаж буй. Ийм нөхцөлд, Надежда Радионова нөгөө шинэхэн шивээстэйгээ орос цэргийн гарт орвол хөөрхий эмгэнд  өршөөл үзүүлэхгүй нь тодорхой. Оросууд бол бусад хүмүүний эх оронч үзлийг ойлгох, хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй хүмүүс. Тэдний хувьд бүхэл бүтэн нэвтэрхий толь бичгийн сэдэв болж хувирсан эрүүгийн шоронгийн түүхэн сэдэвтэй шивээс, мөн Сталин, Путин нарын дүрстэй шивээс л ид шүтэгдсээр байгаа шүү дээ!
   Шивээстэй эмээ Надежда Радионова бээр хурмаст доор ганцхан пийшинтэй үлдсэн нөгөө эмээгээ урьж хэсэг хугацаанд гэртээ суулгавал гойд шийдэл болмоор санагдана. Гэхдээ нөгөө эмээгийн хувьд сүйрсэн ч гэсэн гэрийнх нь балгас үлдсэн, эвдэрсэн ч гэсэн пийшинтэйгээ байгаа нь чухал мэдрэмж гэдгийг би ойлгоно. Пийшин болбоос нь Украйн түмний уламжлалт гэр орны амин сүнс юм. Горенка тосгоны эмээгийн  “паска” талх барьдаг  пийшин дээр нь өвлийн цагт хүүхдүүд нь унтдаг. Тэр нь айл өрхийн  хамгийн дулаан газар гэсэн үг. Эмээ,  пийшин нь бүтэн  үлдсэнд ихэд олзуурхаж, түүнийг тойруулаад хана өрж, дээвэр тавьж болно гэж бодож суугаа гэхэд онож таарна. Энэ эмээгийн бодлыг би төсөөлж чадна.
Украин хэл, өв уламжлалд “толока” гэж нэг үг бий.  Тэр нь “нийтийн сайн сайхны төлөө, эсвэл тодорхой хүнд ч юм уу,  тодорхой айлд олон нийтийн зүгээс сайн дураараа туслах гэсэн утгатай. Уг уламжлалын дагуу хөршүүд, нэг тосгоныхон нийлж орон гэр нь шатсан нэгэндээ  шинэ байшин барихад нь, эсвэл ганц бие өндөр настанд төмс ногоогоо хураахад нь тусалдаг заншил бий. Энэ дайны дараа орон гэргүй үлдсэн хүмүүст олон нийтийн зүгээс ингэж л тусална даа гэж би төсөөлж сууна. 
   Саяхнаас энэ “толока " хэмээх уламжлал маань  “сайн дурын ажилтан (волонтер)" гэдэг нэг шинэ үг, ухагдахуунаар баяжаад буйг нэмж хэлье. Энэ нь үл таних хүмүүст сайн дураараа туслах гэсэн утгатай, Украины хувьд харьцангуй шинэ ойлголт, чингэхдээ цалин хөлсгүй ажиллана гэсэн үг. Харин олон улсын хүрээнд нэгэнт хэвшсэн ухагдахуун болой.
   Буча хотоос Оросын цэрэг зайлж одсоны дараахан уг хотыг өөд татахад сайн дураараа туслах гэж миний үеэл Костя гэр бүлээрээ тэнд өөрсдийн машинаар зорьж очсон юм. Тэд бээр нар мандахаас жаргах хүртэл гудамж талбай цэвэрлэж, нурж сүйрсэн байшин барилгын нуранги ухаж цэгцлэх зуураа дэлбэрээгүй үлдсэн бөмбөг, гранат тааралдвал цэргийнхэнд мэдээлж тусалцгаасан аж. Энэ асар их ажлыг сайн дурынхан л амжуулж байна.  Арми нь фронтод цаг наргүй дайтаж,  Киев болон бусад хотыг хамгаалж буй цэргийн ангиуд нь сүйрсэн тосгод, зам гүүрийг сэргээх ажилд оролцох завдалгүй учраас ийм ажилд сайн дурынхан л зүтгэдэг. Энэ зүтгэлийнх нь төлөө тэднийг Оросын цэргүүд үзэн яддаг.
   Үүнээс гадна сайн дурынхан бол фронт орчмын тосгод, хотуудын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэдэг. Сайн дурынхан бас эзлэгдсэн нутаг дэвсгэрээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үйлсэд оролцохыг хичээж байгаа боловч энэ нь амь насанд үргэлж эрсдэлтэй ажил. Сайн дурын цөөнгүй ажилтан Оросын цэргийн гарт амиа алдсан, эсвэл их буу, танкийн суманд өртөж амь  үрэгдсэн тохиолдол цөөнгүй.   Гэвч эдгээр сайн дурынхан өөрсдийнх нь тусламжгүйгээр ялалтад хүрэхгүйд итгэж, аврагдах боломжтой хүмүүс үхэж үрэгдэж болзошгүй гэсэн бодолд  хөтлөгдөн зүтгэсээр байна.
  Сонин нэг тохиолдол ч гэмээр, гэхдээ гол нь Кристофер Окчиконы “Wall Street Journal” сонинд тавьсан гэрэл зургаас үүдэж зовлонд нэрвэгдсэн Ирпэн хотын оршин суугч залуухан эмэгтэй Настя Украин дахь сайн дурынхны дотроос Европт анх алдаршив. Тэрбээр Оросын армид эзлэгдэж сүйрсэн дээрх хотоос шархадсан арав гаруй нохойг аварч нүүлгэн шилжүүлжээ. Дүрвэгсэд болон цэргийнхэнд тусалж буй олон мянган сайн дурынхан нэрээ нууцалж ажилладаг бөгөөд тэд нэр төр, алдар гавъяа горилдоггүй юм. Настя ч бас од болохыг эс хүссэн учраас сэтгүүлчдээс овгийн нэрээ нууж, мөнөөх шархадсан нохдыг хаана хүргэснээ ч хэлсэнгүй өнгөрчээ.
    Манай гэр бүл түр орогнон амьдарч буй баруун Украинд сайн дурынхны хөдөлгөөн бас маш их идэвхтэй бөгөөд сонирхолтой нь тэд үндсэн ажлаасаа гадна орогногчдын санаа бодол, сэтгэлзүйд дэмжлэг үзүүлэхийг зорьдог юм. Энд бусад бүс нутгаас ирсэн дүрвэгчдийн ихэнх нь хүүхэдтэй эмэгтэйчүүд байдаг. Зарим нь сургууль, дотуур байранд үнэ төлбөргүй суудаг бол зарим нь өрөө, байр түрээсэлдэг. Хөдөлмөрийн насны хүмүүс нь ажил олж хийхийг хичээх боловч Закарпат, Буковина, эсвэл Львовын бүс нутагт ажлын байр нэн ховор. Харин гуанз, цайны газар зэрэг үнэ төлбөргүй үйлчилгээ элбэг, томоохон суурин бүрт  хүмүүнлэгийн тусламжийн төвүүд ажилладаг нь сайн хэрэг боловч хүний нутагт сул сууж амьдрах нь сэтгэлзүйн хувьд бөөн зовлон.
    Насанд хүрсэн дүрвэгчид, тэдний хүүхдүүдийг уйдаахгүйн тулд сайн дурынхан санаачилж уламжлалт хувцасны эсгүүр, оёдолоос эхлээд жүжиг, хөдөлгөөнт дүрслэлийн урлаг зэрэг олон төрлийн дамжаа зохион байгуулсан байна. Ихэнх хот сууринд гадаад хэлний үнэ төлбөргүй дамжаа нээгджээ. Унгарын хил дээрх Берехове хот дахь унгар хэлний дамжаанд Киевээс ирсэн миний танилууд, Алена, түүний дүрвэгч найзууд сурдаг. Хичээл тус бүр нь гурван цаг үргэлжлэх бөгөөд суралцагчид нь шалгалтанд орох гэж байгаа юм шиг чармайж буй харагдана. Аленаг үдшийн найман цагт Их сургуулийн байрнаас гарах үед нь тааралдаад:
- Багшийн чинь нэр хэн бэ? гэхэд
- Анжелика гэв.
Энэ хотод унгар үндэстэн олон байдаг болохоор унгар нэр сонсоно гэж би бодсон юм.
-Хичээлээ ямархуу заадаг вэ? Найрсаг, хөгжилтэй нэгэн үү? гэж сонирхоход:
-Түүнд инээмсэглэх ч тамир үлддэггүй.   Багш маань  өдөрт гурван удаа тус бүр нь гурван цагийн хичээлийг гурван ангид дараалан ордог. Тэр хамаг чадал тэнхээгээ  шавхаж ажилладаг юм гэлээ.
    Манай Аленад унгар хэлний нэгэн хэллэг  их таалагджээ. Тэр нь “Jo reggelt kivanok!”(Өглөөний амрыг айлтгая!) аж. Гэтэл энэ өгүүлбэрийн дуудлага нь украин хэлэнд “буйдан доорх зараа” гэсэнтэй төстэй сонсдох нь бидэнд сонин санагдах.
   Унгар хэлний багш Анжелика ер нь жинхэнэ сайн дурын ажилтан арай биш л дээ. Хэдийгээр багшийн цалин авдаг ч гэсэн маш олон цаг илүү ажилладаг. Өдөр бүр 10-12 цагийн унгар хэлний хичээл дүрвэгчдэд заадаг. Энэ нь түүний зүгээс Украины нийгмийн амьдрал хийгээд нийгмийн сэтгэлзүйн тогтвортой байдалд оруулж буй хувь нэмэр юм.
Дайн дажинтай үед хүмүүн өөрийгөө хөгжүүлж, өөрөө сурч боловсорч чадах уу? Тэгэх боломж олдож ч мэднэ. Аль ч насанд, ямар ч нөхцөлд, тэр ч байтугай дайны цагт ч өөртөө амьдралын шинэ боломж, шинэ мэдлэг, шинэ хандлага нээх боломж, нээх шаардлагатай ч тулгарна.
Та эвдэрхий пийшинд “паска” талх барихыг сурч чадна. Та наян насандаа амьдралынхаа анхны шивээс хийлгэж амжина. Унгар, эсвэл польш хэл ч үзэж эхлэх цаг олдоно. Хэрэв та өмнө нь украин хэл мэдэхгүй, дан оросоор ярьж байсан бол өдгөө украиныг сурч эхлэх боломжтой.
Эдүгээ Украины баруун хязгаар  нутагт Украин хэлний төлбөргүй дамжаа элбэгжсэн учраас зүүн нутгийн дүрвэгчдийн хувьд сурах өргөн боломж нээгдсэн байна.  Тэдний дийлэнх нь ганцхан оросоор л ярьдаг. Зөвхөн оросоор ярих нь аюул дагуулна гэдгийг тэд одоо сайтар ойлгосон доо! Яагаад гэвээс Путин нэг өдөр таныг орос хэлтний хувьд чинь “хамгаалах” гээд давхиад ирж  болзошгүй. Тэрбээр таныг зөвхөн "хамгаалах" төдийгүй гэр орон болоод аз жаргалтай хэвийн амьдралаас чинь хүртэл "чөлөөлөх" зарлиг  Оросын армид буулгаж мэднэ. Энэ цаг үед бидний амь нас, аж амьдрал ямар хэлээр ярихаас ихээхэн хамаарах болсон учраас хэл нэн чухал утга учиртай болоод байна даа.

No description available.
Орос хэлнээс орчуулсан С. Галсан (  2022.07.18) 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?