ЭРХ БАРИГЧИД АРД ИРГЭДЭЭ НОХОЙНООС ДОР ҮЗЛЭЭ...

2022-12-12  
Тавантолгойн нүүрсний "но"-той 88 гэрээ илрүүлжээ | Sonin.MN
Улс орны оройд нь заларчихаад, бүх эрх мэдлийг атгачихаад , баялгийг нь цөлмөөд, боломжийг нь булаагаад, харьд үйлчлээд, ард иргэдээ зовлонгийн далайд " живүүлж" буй ийм эрх баригчдыг "Хаан" ширээнд үргэлжлүүлэн суулгах нь хортой.
Дэндүү удаан тэссэн монголчууд арга нь мухардаад тэсэрлээ. Эрх баригчид өвлийн хүйтэн, өөрсдийн гаргасан дүрэм журамтай хавсран, цагдаа, хүчний байгууллагаа шахан жагсаалыг тараах, дарах бүхий л арга саамыг шат дараалан хэрэглээд бүтсэнгүй. Оюутан залуучуудыг хамгаас дэмжих ёстой Боловсролын сайд Энх-Амгалан залуучуудаас урвалаа. Тэрбээр төрийн болон хувийн өмчийн Их, Дээд сургуулийн оюутнуудыг жагсаалд оролцохыг хориглосон зааварчилгааг төр болон хувийн өмчийн Их, Дээд дээд сургуульд эхний өдрөөс хүргэсэн нь багш нарын эгдүүцлийг улам хүргэлээ. Улаанбаатар хотын даргын захирамжийг урдаа барьж, жагсагчдыг баривчлахаар сүрдүүлсэн ч жирийн иргэд айж эмээлгүй, улам олуулаа боллоо. Хорих тусам эсэргүүцэл улам дэвэрлээ.
Эрх баригчид ард иргэдээ нохойноос дор үзэж буй нь тэмцлийг улам хурцалж байна. Эзэн хүн нохойдоо зуны аагим халуун, өвлийн осгом хүйтнээс хамгаамж ядахдаа оромж барьж өгдөг бол Монголын төр хууль цаазаараа далайлган Монголын ард иргэд, залуу үеэ өвлийн осгом хүйтэнд цементэн талбай дээр гэр барихыг ч хориглосон хэвээр. Энэ бол МАН болон АН-ын эрх мэдэлтнүүдийн гаргасан хүнлэг бус, харгис шийдвэр.Тэдний үнэн нүүр царай. Жирийн иргэдийн татвараар цалинжиж, Төрийн дулаан ордондоо дан цамцтай тухлах УИХ, ЗГ-ын гишүүдэд хэдхэн метрийн зайд осгох нь холгүй байгаа Монголын залуу үеийг хайрлах сэтгэл даанч дутжээ. Ийм л байна, бодит амьдрал. Ийм л байна, өнгөц ялгаа.
Ард түмэн яг гурван сарын өмнө Оюун-Эрдэнэ, Нямбаатар нарт даалгавар өгсөн. Тэд даалгавраа биелүүлсэнгүй учир залуучууд талбайд дахин эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн. Есдүгээр сард жагсагчдын өмнө Оюун-Эрдэнэ, Нямбаатар нар гарч ирэн: - "Уучлаарай, уучлаарай" гэдэг үгийг тоть шиг давтсан. - "Бид авилгачидтайгаа тэмцэнэ, УИХ, Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлага тооцно. Үнийн өсөлтийг зохицуулах хуулийн төсөл боловсруулж байгаа. Түүнийгээ өргөн барина " гэж хэлээд жагсаалыг "илбэдэн " тараасан. Гэтэл байдал өөрчлөгдсөнгүй. Оюун-Эрдэнэ ч, Нямбаатар ч хэлсэн амласандаа хүрсэнгүй. Хөгжлийн банкнаас зээл авч, ард иргэдийн боломжийг хулгайлсан УИХ болон Засгийн газрын нэг ч гишүүнтэй тэд хариуцлага тооцож чадаагүй. Үнийн өсөлтийг зохицуулах нь бүү хэл, бүр тавьж туусан. Одоо тэдэнд хэлэх үг үлдээгүй. Гэтэл тэд шинэ үлгэр зохиож эхэллээ. Тэр нь нүүрсний хулгай гэдэг " чулуу хөөлгөх " бас нэг хувилбар юм. Үүнийг нь ард түмнийг тайвшруулах ээлжит вакцин гэж ч хэлж болох.
- Бид нүүрсний хулгайтай тэмцлээ эхлүүлсэн. Тодорхой тооны хүнийг баривчиллаа. Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авлаа. Би нүүрсчидтэй хийх тэмцлээсээ ухрахгүй гэж Оюун-Эрдэнэ жагсагчдад нэхүүлж, шаардуулж байж талбайд гарч ирэхдээ хэллээ.
Бас л жагсагчдыг илбэдэх, жагсаалыг тараах гэсэн заль мэх гэж харж байна. Ерөнхий сайд хэн ч бай улс оронд гаарсан дээрмийг зогсоож, баялгийг төрд авчрах үүрэгтэй. Монголын ард түмэн түүнээс шударга ёс тогтоох, хариуцлага тооцох, луйварчдын идсэн, уусан, түүгээр босгосон хөрөнгийг хураан авахыг шаардаж буй. Хулгайчдаас Монголын төрийг цэвэрлэхийг шаардаж буй. Үүнийг тэр хийж чадах уу? гэдэг асуулт юм.
Нүүрсний хулгай бол эхнээсээ л төрийн оролцоотойгоор хийж буй санаатай гэмт хэрэг. Эх суурь нь монголчуудад ашиггүй гэрээ байгуулах. Түүнийгээ залруулах, хулгай хийх бололцоог олгосон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Өөрийн баялгийг ( нүүрс) үнэгүйдүүлж, хил давуулж хэд нугалан ашиг олдог бизнесийг л НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гэж нэрлэж буй шүү дээ. Монголд ашиггүй, Хятадуудад ашигтайгаар үзэглэсэн гэрээнээс л нүүрсний хулгай эхэлдэг.
Оюу-толгой бол үүний хамгийн том жишээ юм. Манайтай ижил Казахстан улс Рио Тинто, Турк-Ойлз-оос 40 хувийн татвар авдаг. Ийм татварыг тэд дуртайяа төлдөг. Энэ жишгээр татвараа авахад улсын төсөвт жилдээ 1.4 тэрбум ам. доллар орж ирнэ гэдэг судалгааг Английн эрдэмтэн судлаач Антони Миллер хоёр жилийн өмнө Комментатор нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэлж байсан. Гэтэл үүний эсрэг ажиллаж, Монгол улс татварын онцгой хөнгөлөлт үзүүлсэн нь эдийн засгийн маш том гэмт хэрэг. Баялгаа бусдад найр тавьсан. Улс орноо өрөнд унагасан ашиггүй гэрээ байгуулсан. Ийм гэрээг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар зураагүй ч, тэдний оролцоо, зөвшөөрөлтэйгөөр Монгол улсын баялгийн цөлмөх гэрээг байгуулсан. Улс орноосоо урвасан, монголчуудын эрх ашигт харшилсан гэрээг батлахад оролцсон ийм хүмүүс орд харшид тухалж, эрх чөлөөтэй, дур зоргоороо амьдарч буй нь шударга ёсонд үл нийцнэ.
Ингээд үзэхээр шударга юм нэг ч алга. Монгол орон гэмт хэрэгтнүүд, хулгайч, дээрэмчдийг ерөнхий сайд, ерөнхийлөгчөөр удаа дараа заллаа. УИХ-ын гишүүд нь ч ялгаагүй. Тэд хуулийг өөрсдөдөө зориулан засаж, баталж байна. Өршөөлийн хуулийг сүүлийн 30 жилд 2 удаа баталж, өөрсдийгөө гэмт хэсгээс мулталсан. Тиймээс хоёр удаагийн тэрхүү өршөөлийн хуулийг хүчингүй болгож байж, олон зүйлийн учир олдож, учиг тайлагдана. Сүүлийн 30 жилд энэ хоёр намын баталсан Зөрчлийн хууль, Мэдээллийн ил тод байдлын хууль, Сонгуулийн хууль, Нууцын хууль, Улс төрийн намын хууль , УИХ-ын гишүүний дархан эрх зэрэг Монголын нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлсөн, эрх баригчдыг хамгаалж, гэмт хэргээс чөлөөлсөн олон хуулийг шинэчлэх цаг нь ирсэн.
Ард иргэдэд үйлчлэх, мэдээллийг ил тод болгох үүрэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын үүргийг гуйвуулсан хуулиуд ч дээрх хуулиуд дотор байраа эзэлдэг. Эрүүл сэтгүүл зүйг тэд булшилсан. Тиймээс оюутан залуучуудын жагсаалд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ч дуугаа нэгтгэж, сэтгүүлчдээ уриалж, алдагдсан эрхийнхээ төлөө тэмцэх ёстой. Ард иргэд алдагдсан эрхээ олж авах, шударга ёсыг тогтоохыг зорин тэмцэл өрнүүлж буй. Харин Оюун-Эрдэнэ болон түүний баг өөрөөс бурууг холдуулж, өнөөгийн буруу бүхнийг тогтолцоонд тохохыг санаархаж байна. Үндсэн хуулийг шинэчлэх, Ерөнхий сайд нь парламентаа тараах эрх бүхий онцгой эрхтэй болох, ерөнхийлөгчийг Парламентаас сонгодог болох зэрэг тогтолцоонд шилжих санаархлаа ил гаргаж эхэллээ.
Ард түмэн шударга ёсыг хүсэж байдаг. Гэтэл ерөнхий сайд улам хүчирхэг ерөнхий сайд болохыг санаархаж байдаг хоёр таарч дээ.
Оюутан залуучууд Монголын маргаашийг гэрэлтэй болгохын төлөө тэмцлээ үргэлжлүүлж байна.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?