Өмнөх дугаарыг ЭНД дарж уншина уу
Оберлиний Их сургуулийн шинэ корпус
Эн Эйч Кэйгийн тайзанд тоглосны маргааш нь Морин хуурын чуулга Токиогоос холгүй оршдог Мачида хот руу явж Оберлин Их сургуульд зочлон тоглосон юм. Үүгээр тус чуулгын Японд хийх аялан тоглолт эхлэж буй юм байна. Энэ Их сургуулийн тайзыг сонгосон нь бас учир холбогдолтой аж. Морин хуурын чуулгыг Японд анхлан танилцуулж Японы үзэгчдэд монголын урлаг соёл, энэ дуу хуурын урлагийг илүүтэй ойлгуулж мэдрүүлж, бүр Эн Эйч Кэй-гийн өндөр эрэмбийн тайзанд тоглуулах хүртэл нь япон талаар дэмжүүлсэн хатагтай Сато Норика бол энэ Их сургуулийн төгсөгч аж. Тэгээд л төгссөн сургуулийнхаа тайзнаас энэ удаагийн Морин хуурын чуулгын аялан тоглолтыг эхлүүлж буй юм байна. Өчигдрийн өндөр хариуцлагатай тоглолтын ард гарсан чуулгынхан ч, тоглолтыг зохион байгуулсан Сато сан ч аялан тоглолтын эхний энэ өдөр арай тайван амгалан байна уу гэж надад анзаарагдаж байв. Хатагтай Сато Норико тоглолт зохион байгуулагчийн хувьд Эзэн хаан Нарухито, Хатан Масаког угтан авч суудалд нь залж байсан. Тэр бүрий хүнд олдоод байхгүй өндөр үүрэг хариуцлага, өндөр нэр хүнд. Тоглолтын дараа тусгай өрөөнд Эрхэм дээдсүүдийн элэгсэг дотно уулзалт болоход тэнд нь Морин хуурын чуулгын Эн Эйч Кэйд болсон тоглолтыг ахалж яваа Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай, Чуулгын ерөнхий удирдаач, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан, морин хуурч СТА Р.Амарбаяр нар Сато Норико хатагтайн хамт тэнд оролцсон гэж би сонссон юм. Морин хуурын чуулгынхан, тоглолт зохион байгуулж буй хатагтай Сато Норико нар Эн Эйч Кэйгийн тоглолт, дараа нь болох энэ уулзалтад их л эртнээс бэлтгэцгээсэн юм билээ. Өнгөрсөн зун Сато сан Монголд ирэхдээ морин хуурын цар, эд ангид орох бэлдэц мод Японоос авчирсан аж. Нара мужийн Кавакава тосгоны Ёошино уулын нарсан ойн бэлдэц бүтээгдэхүүн гэнэ. Морин хуур урладаг “Эгшиглэн” компанид тэр бэлдэцээ өгч хоёр морин хуур захиалж хийлгэсэн юм байна. Монгол нарс хустай япон модыг эвцэлдүүлж хийлгэсэн хоёр хуурынхаа нэгийг Эзэн хаанд “Эн Эйч Кэй”-гийн тайзан дээр болох Морин хуурын чуулгын концертыг үзсэнийх нь дурсгал хүндэтгэл болгон гардуулахаар ярилцаж шийдэцгээгээд байж. Монголын Төрийн тэргүүний айлчлал энэ үеэр таарсанд Чуулгын удирдлагууд, Сато сан ч билэгшээж байсан байх. Оберлиний Их сургууль дээр хийх тоглолтын бэлтгэлийн үеэр Амарбаяр хуурчаас Эзэн хаан, эрхэм дээдсүүдийн уулзалтад оролцсон тухай нь бага ч атугай сонсохоор хэрэгт дурлаж хэдэн үг хэлүүлээд авав. Япон монгол мод эвцэлдүүлж хийсэн тэр хуурын тухай ч бас асуув. Бид хоёрын хооронд ийм яриа болов.
-Ерөнхийлөгчийг дагалдаж яваа манайхны хэвлэл мэдээллийнхэн, үндэсний телевизийнхэн уулзалтын эхэнд орж сурвалжилж байх юм уу? Японы сурвалжлагчид байв уу?
-Манай телевиз, хэвлэлийнхэн байгаагүй. Японы сурвалжлагчид ч орж ирээгүй.
-Та хэдийг яаж оруулж байх юм, Эрхэм дээдсүүд орчихсон байхад та нарыг оруулж байна уу, аль эсвэл...
-Биднийг оруулаад суулгасны дараа Хаан, Хатан хоёр, тэгээд манай Ерөнхийлөгч гэргийтэйгээ хамтдаа орж ирцгээсэн.
-Манайхны сайдууд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга энэ тэр тэр уулзалтад ороогүй юу?
-Тэд байгаагүй.
-Эзэн хаан та хэдтэй юм ярьж байх юм уу, ер нь сэтгэгдэл нь ямархуу байх шиг байв?
-Манай чуулгыг Эн Эйч Кэйгийн тоглолтод ахлаж яваа Очирбат гуай талархлын үг хэлсэн. “Аав хаантай нь Ерөнхийлөгч байхдаа уулзаж явсан тухайгаа дурдаад энэ удаа хүүтэй нь, залуу Эзэн хаанд Морин хуурынхаа чуулгын тоглолтыг нэр хүндтэй тайзнаа толилуулсаны дараа уулзаж байгаадаа баяртай байна гэх утгатай үг хэлж байв. Эзэн хаан ч Монголд очсон дурсамжаа дурдаад тоглолт сайхан боллоо... гээд энгийн элэгсэг дотно яриа өрнүүлж байсан. Сэтгэл ханамжтай байх шиг байна лээ. Очирбат Ерөнхийлөгч бидний дээр ярьсан тэр япон, монгол мод нийлүүлж хийсэн морин хуурыг танилцуулсан. Би түүнийгээр нь Эрхэм дээдсүүдэд япон дууны ая тоглож өгсөн. Манай Ерөнхийлөгч Монголоосоо бас нэг гоёмсог хуур Эзэн Хаанд бэлэглэхээр авчирсан юм байна лээ. Түүнийг нь бидний авч ирсэн хууртай зэрэгцүүлээд тавьчихсан байсан. Би тэр хуураар нь Жалам харын татлага тоглож үзүүлсэн. Ингээд манай Ерөнхийлөгч ерөөл магтаалын үг хэлээд манай Морин хуурын тоглолт үзсэнийх нь дурсгал болгоод тэр хуураа Эзэн Хаанд дурсгал болгон гардуулна лээ. Тэгээд л уулзалт өндөрлөсөн.
-Та нар нөгөө япон, монгол нарс нийлүүлж хийсэн хуураа Эзэн Хаанд гардуулж чадаагүй юм уу?
-Уг нь уулзалтаас өмнө Эзэн Хаанд гардуулна гээд ярьж л байсан. Манай Ерөнхийлөгч Морин хуур гардуулчихаар хоёр хуур болчихоод зохимжгүй болсон юм болов уу... Та Сато сангаас асууж тодруулсан нь дээр байх. Би тэр нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй шүү дээ гэж байв. Ингээд л тэр концертын танхим руу яаран одов...
Оберлиний энэ Их сургууль бол энэ жил 100 жилийнхээ ойг хийж буй Япондоо бас өндөр нэр төртэй сургууль аж. Энэ сургуулийг Сато сан дөчөөд жилийн өмнө төгссөн юм байх.
Тоглолт эхлэхийн өмнө Сато сантай сургуулийнх нь шинэ корпусын өмнө зураг татуулав
Тэгээд л өөрөө зохион байгуулж буй Морин хуурын чуулгынхны Японы хотуудаар хийх аялан тоглолтыг төгссөн сургуулийнхаа тайзнаас эхлүүлж буй нь энэ аж. Ашиглалтад оруулаад төдий л удаагүй байгаа нэг шинэ корпусынх нь концертын танхимд Монголын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглолт хийх гэж буйд сургуулийнхан нь их баяртай байлаа.
Япон бүсгүй хөтөлбөр танилцуулга өрөөд гадна бэлтгэлээ, манай залуус дотор бэлтгэлээ...
Морин хуурынхан тоглолтын танхим руу жагсаалаар явж буй нь
Өчигдрийн Эн Эйч Кэйгийн тайзанд тоглосон тоглолтынхоос арай хураангуй хөтөлбөр байлаа. Тоглолтыг Сато сан өөрөө хөтлөж явуулав. Цаг гаруйн маш сайхан тоглолт болж, цэцгийн баглаа цувж хатагтай Сато Норико ч тайзнаас сэтгэл хангалуун буулаа.
Сургуулийн удирдлагууд Морин хуурын чуулгынханд, мөн тоглолтыг зохион байгуулж төрөлх сургуулийнхаа тайзанд авчирсан Сато Норико хатагтайд талархлаа дэвшүүлж байлаа. Манай концертын шинэ танхимын жаврыг Монголын Морин хуурын чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж үргээсэнд бид их баяртай байна гэж тус сургуулийн эрдэмтэн профессорууд ярьж байв. Оберлиний Их сургууль манайхантай нилээд эртнээс харилцаа холбоо тогтоосон сургууль аж. Сайт руу нь ороод мэдээлэл хайхад бүр 1990-ээд оны сүүлээр манай боловсролын яам, зарим дээд сургуультай харилцаж байж. Тэр үеийн Боловсрол Шинжлэх Ухааны сайд, Япон оронд боловсрол эзэмшсэн Л.Гантөмөр Оберлиний Их сургуулийн төлөөлөгчдийг Улаанбаатарт хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж байсан тухай мэдээлэл ч байна лээ. Монголын Соёл Эрдэм дээд сургуулийн шугамаар монгол оюутнууд эдний сургуульд анхлан ирж суралцаж байж. Сүүлийн жилүүдэд Шинэ Монгол сургууль төгссөн сурагчид энэ их сургуульд элсэн суралцах болсон гэнэ. Одоо ч нилээд хэдэн оюутан суралцдаг гэх сураг байна лээ. Нилээд олон мянган оюутантай Япондоо дээгүүр эрэмбэлэгддэг их сургууль юм байна. Олон салбар сургуулиудтай гэнэ. Харьяа дунд сургуулиудтай, бакалавр магистраас гадна академик боловсрол бас олгодог аж. Цахим сүлжээнд эдний төгсөгч Б.Цолмоны тухай зураг хөрөгтэй, дүрс бичлэгтэй сайхан мэдээлэл байв. Тэр Оберлиний Их сургуульд суралцаж төгсөөд Шинэ Монгол сургуульдаа ирж багшилж буй гэнэ. Зүгээр ч нэг жирийн багш биш сургуулийнхаа Карьер хөгжлийн төвийн даргын ажлыг хашдаг аж. Япон, англи, орос хэлийг сайтар эзэмшсэн шилдэг багш гэж сургуулийнх нь удирдлагууд магтсан байна лээ. Оберлиний Их сургуулийн шилдэг төгсөгч гэж үнэлэгддэг залуу аж. Мөн энэ Оберлиний Их сургуульд манай Улсын Их Хурлын дарга асан, бас Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны сайд, Монгол Улсын Их сургуулийн ректороор ажиллаж байсан доктор, профессор С.Төмөр-Очир гуай зочин профессороор ирэн очин хэдэн жил ажиллаж байж. Энэ сургуулийн сайтад манай үндэсний урлагийн цөөхүүл ирж тоглолт хийж байсан гэрэл зурагтай мэдээлэл харагдана лээ. Иймэрхүү мэдээлэлээс харахад Оберлиний Их сургууль манайхантай боломжийн өргөн харилцаатай нь анзаарагдаж байв. Морин хуурын чуулгынхан маань энэ сургуультай тогтоосон манайхны урьд өмнийн харилцааг өргөжүүлсэн нэгэн сайхан тоглолт хийж, үүгээрээ тус сургуулийн 100 жилийн ойг мялааж хоёр орны соёл боловсролын түүхэнд нэгэн шинэ хуудас үлдээлээ. Тоглолтын тайзны арын хөшигт нэг талд нь Морин хуурын чуулгын билэгдэл эмблем, нөгөө талд нь Оберлиний их сургуулийн эмблем байршуулж, дунд нь сургуулийн 100 жилийн ойд зориулсан концерт гэсэн реклам сурталчилгааг япон ханзаар бичсэн том тууз байршуулсан байв.
МУГСЗ, Сэтгүүлч Д.Цэдэн-Иш. Токио, Мачида хот
-