УЙЛУУЛСАН ТОГЛОЛТТОЙ ИЗҮМИСАНО, "ҮҮЛЭН ЦЭНХЭР АСАР"-ТАЙ ОСАКА

2022-12-27  

Өмнөх дугаарыг ЭНД дарж уншина уу

    Осака мужийн Изүмисано хотын Соёлын төв өргөөнд Морин хуурын чуулгынхан энэ сарын дөрвөнд тоглолт хийв. Энэ хот бол Осака хотоос холгүй бараг нэг дүүрэг маягаар оршдог хот юм. Манайхаар бол Налайх гэхээр юм уу даа. Сая шахам хүн амтай жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлал хөгжсөн тийм хот юм. Концертын танхим нь 800 гаад хүний суудалтай юм уу даа. Чуулгынхан концерт эхлэхээс өмнө гурван цаг гаруйн өмнө тайз танхимтайгаа танилцаж гол гол номеруудыгаа хэсэгчлэн сургуулилаад авцгаах юм. Тоглолт хийх танхим тайзууд нь ч дуучид хөгжимчдийн бэлтгэл сургуулилт хийх аятай тухтай нөхцлийг хангасан байх аж. Жүжигчдийн өрөө тасалгааг эрэгтэй эмэгтэйгээр нь хаягжуулаад бэлтгэчихсэн байх нь эндэхийн тогтсон жишиг юм. Ус ундаа, цай кофе ч хангалттай бэлэн. Эр, эм хувцас солих хөгжимчдийн өрөө тус тусдаа. Гоцлол дуучдын хувьд аль ч концертын танхим илүүтэй анхаарал халамж тавьж тэдний байрлах өрөө тасалгаа, үйлчилгээ, тав тухыг нь боломжоороо сайтар хангадаг бололтой юм. Танхим дал орчим хувийн дүүргэлттэй байх шиг байна лээ. Ковидын хөл хорио энэ япон оронд хатуухан талдаа байгаа болохоор энэ зэргийн хувь боломжийн амжилт байх гэж санагдаж байлаа. Ер нь үзвэр үйлчилгээний газрууд ковидын дэг журмыг хатуу сахиулдаг бололтой, үзэгчид концертын танхимд ч, холлд ч, гадаа гудамжинд ч бүгд л амны хаалтаас салахгүй юм. Гар ариутгах шүршдэг бодис хаа сайгүй л байх. Зочид буудлын ресторан, кафед зөвхөн амны хаалт, ариутгах бодис гэлтгүй нэг удаагийн нийлэг бээлийг байнга хэрэглүүлж хэвшүүлсэн нь энэ хэд хоногт анзаарагдаж байлаа. Концертод ирсэн үзэгчдэд үйлчилгээ хариуцсан багийнхан концертын танилцуулга хөтөлбөр гардуулж байв. Аялан тоглолтыг зохион байгуулж буй японы талын багийнхан хот хотуудад хийх концертын хөтөлбөрийг тусад нь бас бэлтгэж хэвлүүлсэн байна лээ. Миний өмнөх нийтлэлд нэгэнтээ дурдан бичсэн Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Морин хуурын чуулгын 30 жилийн ойд зориулсан танилцуулга хөтөлбөрийг ч үйлчилгээний ширээнээ өрсөн байна лээ. Морин хуурын чуулгынхны концертын хуурцаг, ном сэлт ч бас энд худалдаалагдаж байв. Нэг төрлийн сурталчилгаа юм даа. Хөтөлбөрт зарлагдсан цаг болоход үзэгчид ч суудлаа эзэлсэн байв. Манай чуулгынхан ч цагтаа яг таг бэлэн. Монголын хөх тэнгэр, өргөн уудам нутаг орон, ахуй амьдралыг илэрхийлсэн уртын дуу, морин хуурын тансаг аялгуу эгшиглэж япон үзэгчид бодлоо тунгаан нам гүмдүү. Хөтөлбөрт туссан Н.Жанцанноровын “Найман шарга” аялгуу, гоцлол дуучин Б.Мөнхбаатарын “Урьхан хонгор салхи“ уртын дуугаар концерт эхлэж хөөмийч магтаалчдын “Уулс туульс”, тэгээд л алдарт удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн “Адажио” гээд л үргэлжлэнэ. Д.Түвшинсайхан, Х.Соёмбын “Наран мэлмийт эх орон”, Б.Шарав, З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” гэх сонгодог сайхан бүтээлүүдийг Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Энхнаран нар дуулж япон үзэгчдийн сэтгэл зүрхэнд монголын өргөн уудам тал, нутаг орныг бүрнээ мэдрүүлж байх шиг санагдаж байв. Тэдэнтэй ойрхон, нэг танхим нэг эгнээнд хамтдаа сууж үзэхэд тийм мэдрэмж төрж байлаа надад. Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, “Н.Жанцанноровын “Цагаан суварга”-ыг япон үзэгчид ихэнхдээ нүд аних шахуу амьсгаа даран сонсож байцгаах юм. Мэдээж дуурийн гоцлол дуучин, баритон Б.Монголхүүгийн япон хэл дээр дуулсан “Цуки но сабаки” дуу япон үзэгчдийн таашаалд ихэд нийцэж алга ташилт нижигнэж байв. Энэ дуу нь японы хүүхдийн алдартай 100 дууны нэг гэдгийг өмнөх нийтлэлдээ би нэгэнтээ дурдсан билээ. Бүрхэг сартай шөнө, цөлөөр тэмээ унан аялж буй Ханхүү болон Гүнжийн тухай өгүүлдэг дуу аж. Дуурийн гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран Эн Эйч Кэйгийн тайзанд дуулсан “Ханава Саку”хэмээх япон дуугаа мэдээж энд дуулсан. Японы зүүн хойт нутагт 2011 онд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшигт нэрвэгдсэн ард олны сэтгэл санааг дэмжих утгаар бүтээгдсэн дуу гэдгийг өмнөх концертын үед бичиж байв. Монголчууд энэ гамшгийн үеэр япончуудыг сэтгэл санаагаар бас дэмжиж, боломж бололцоогоороо хандивын аян өрнүүлж байсан билээ. Хакухо аварга дэвжээнийхээ бөхчүүдтэй тэр нутаг усанд очиж гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм өгч, бас эд материалын туслалцаа үзүүлсэн тухай хэвлэл мэдээллээр гарч байсан. Морин хуурын чуулгынхан ч энэ дуугаараа, энэ удаагийнхаа аялан тоглолтоороо тэр гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм өгч буй нь энэ байх гэж надад санагдаж байлаа. Хэд хэдэн хотод хийх тоглолтод энэ дуу эгшиглэсээр байх юм.

Сэтгэлийн их дэмжлэг болж зохиогдсон Япон уран бүтээлчдийн нэрд гарсан энэ сонгодог дууны нэр нь “Хэзээ нэг өдөр цэцэглэнэ” гэсэн өөдрөг утга агуулдаг аж. Ятгачин О.Мөнхтогтох Б.Шаравын ятганд зориулсан “Вариаци Концертино” бүтээлээ, гоцлол морин хуурч Н.Жигжиддорж Б.Шаравын “Эхийн сэтгэл шиг” гэх сонгодог аялгууг ур чадвар, авъяас билгийн дээд түвшинд гоцлон хөгжимдөж танхимыг бишрүүлж байлаа. Н.Жанцанноровын “Хоёр загал” бүтээл концертын төгсгөлд нь эгшиглэлээ. Алга нижигнэж байв. Удирдаач, хөгжимчид хэдэнтээ мэхийн ёслоод тайзыг орхисон ч япон үзэгчид алга ташсаар байв. Гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Энхнаран нар тайзнаа гарч ирлээ. Японы 100 алдартай дуунд тооцогддог “Фүрүсато” гэдэг дуугаа япон хэл дээр дуулав. “Фүрүсато” нь “Нутаг минь” гэж орчуулагддаг аж.

“Чандага хөөсөн тэр л толгод

Жараахай цулбуурдсан энэ л гол

Одоо ч сэтгэлд минь тодхон

Хэзээ ч үл мартам нутаг минь

       Амар мэнд суугаа болов уу аав ээж минь

       Ажил алба нь сайн биз дээ анд нөхөд минь

      Бороонд салхинд ч

      Бодогдсоор л байх юм төрсөн нутаг минь...

Хүсэл зорилгоо биелүүлээд

Хүрээд очих өдөр бий дээ

Уулс нь ногоон, ус нь цэнгэг

Унаган нутаг минь... хэмээн дуулагдаж буй юм байна. Эн Эйч Кэйгийн тайзан дээр ч бас энэ дууг нь дахиулж байж япон үзэгчид тайвширч байв. Изүмисано хотын үзэгчид ч мөн адил энэ дууг нь сонсоод сая л сэтгэл нь ханах шиг болно лээ. Магтсан шагшсан үзэгчид л  манайхны жүжигчдийг тайзнаас цааш орон ортол алга ташна лээ. Үзэгчдийн дунд байсан болохоор би энэ бүхнийг мэдэрч суув... Нутгийнхаа сэтгүүлч сурвалжлагч нартай концертын эхэнд уулзалдсан маань бас сайхан тохиол байлаа. Миний суудлаас хэдэн суудлын цаахантай ногоон торгон дан дээлтэй бүсгүй, хажууд нь өсвөр насны хоёр ч охин сууж байх юм. Цаад захад нь нэг залуу сууна лээ. Дээлтэй бүсгүй зураг энэ тэр аваад нилээд хөдөлгөөнтэй байхад нөгөө залуу хандаж харьцаж байгаа юм харагдсангүй. Япон залуу юм болов уу...Наахантай нь бас ээж охин хоёр суугаа нь монголчууд бололтой. Концерт эхлэхээс өмнөхөн хоёр гурван бүсгүй орж ирээд тэдэнтэй мэнд ус болоод явчихлаа. Суудлаа эзэлж буй үзэгчид, танхимын ерөнхий байдлыг би зураглаж суусан юм. Сүүлд орж ирсэн бүсгүйчүүлийн нэг нь “Иш эрхлэгч үү дээ...” гээд арын эгнээнээс дөхөөд ирэв. “Өнөөдөр” сонинд хамт ажиллаж байсан сэтгүүлч сурвалжлагч В.Сарантуяа байв. Нөгөө дээлтэй бүсгүй ч бас хүрээд ирлээ. Японд суугаа “Өдрийн сонин”-ы тусгай сурвалжлагч нэрээр нийтлэл бичээд байдаг Х.Эрдэнэцэцэг гэх бүсгүй аж. Хоёр сурвалжлагч бүсгүй концертын дараа яаж уулзах вэ Иш эрхлэгч ээ... гэж байв. Корона ковидын эрсдэл их гээд хүнтэй уулзахыг багийн ахлагч Сато Норико хатагтай ер нь хатуу хориглож байгаа. Хэн нэг нь гадуур явж байгаад өвдчихвөл дараагийн бүх концерт цуцлагдах болно гээд хөгжимчид дуучдаа болгоомжлуулж буй. Энэ багт багтаад явж байгаа болохоор би ч түүнийг нь дагахаас аргагүй. Ядаж хамтдаа зураг авахуулцгаая гээд Сараа санал тавьж байтал концерт эхлээд танхимд зураг авах боломжгүй болчихсон юм. Концерт дуусах үеэр танхимд тэдэнтэй уулзалдав. Нара хотод суудаг гэр бүлийн хоёр тэдэнтэй нэгдчихэж, морин хуурч Р.Амарбаярын гэр бүлийн найзууд гэнэ. “Тэдэнд хэл хүргээд өгөөч, Амараа, Жамбаа хоёртой найман жил уулзалдаагүй, концерт үзээд тэр хоёртойгоо уулзах гээд алс холоос зориод ирлээ, бас япон найзуудаа дагуулаад ирсэн...” гээд намайг гуйж байв. Тэдэнтэй уулзаад удаан зогсож болохгүй байлаа. Сато сан болон Бурмаа орчуулагч харчихвал зэм хүртээж магад гээд тэднийг орхиж тайзны арыг зорив. Жүжигчид хөгжмөө хураагаад хувцсаа өмсөцгөөж байлаа. Амараа, Жамбаа нарт хэл хүргэв. Найзуудтайгаа уулзахаар гарахдаа намайг дагуулаад гарахыг хүсэв.Нөгөө сонины хоёр тэдний найзуудтай хамтдаа хүлээж байя гэсэн юм. Гэр бүлийн энэ хоёр хөгжимчин японд олон жил амьдарсан хэл ус, эднийхний байр байдлыг сайн мэддэг хүмүүс болохоор би дагах гэсэн хэрэг. Үзэгчид тараад цааш явчихна. Манайхан ар талын албаны хаалгаар гараад л автобусандаа суух болохоор би сониныхоо нөгөө хоёр сэтгүүлчтэй уулзаж чадахааргүй байв. Амараа, Жамбаа хоёрыг Нара хотоос ирсэн найзуудтайгаа уулзахаар гарахад нь дагаж байгаад тэдэнтэй уулзаж хэдэн үг солих санаатай... Гэтэл тэднээсээ хоцроод бяцхан сандрав. Концерт дуусаад жүжигчид автобусандаа сууж байдаг. Би нөгөө хоёр сэтгүүлч бүсгүйд тоглолтын дараа гараад уулзчихна аа гээд хэлчихсэн болохоор тэд хүлээгээд зогсчихсон байх гээд санаа зовж байлаа. Чуулгын тоглолтод томилогдон үйлчилж байсан энэ Изүмисано хотын захиргааны гадаад харилцааны ажилтан Баасанхүүгийн Оюунгэрэл бүсгүй харин тус болов. Намайг сандарч буйг мэдсэн тэр бүсгүй “Намайг хурдхан дагаад яв” гэв. Чуулгын морин хуурч хоёр залуутай тэрээр ном сэлт ачихаар үзэгчдийн хөлийн танхим руу явах аж. Цахилгаан шатаар дээш явж хоёр гурван өрөө тасалгаа дамжаад ном сэлт, сиди энэ тэр зарж байсан газарт очлоо. Сэтгүүлч бүсгүйчүүд ч тэнд намайг хүлээгээд зогсож байв. Яаруу сандруухан утас хаягаа солилцоод зураг дараад салцгаалаа.

  В.Сарантуяа сэтгүүлчтэй хамт. Сандарсандаа маскаа авахаа ч мартаж...

Буудалд очсоны дараа тэд утсаар ярьж концерт үзсэн сэтгэгдлээсээ хуваалцлаа. Хотын тухай мэдээлэл сэлтийг тэр оройдоо, бас маргааш нь надад цахим зурвасаар ирүүлж тус дэм болж байлаа. Надтай хамт “Өнөөдөр” сонинд, хожмоо “Үндэсний шуудан” сонинд ажиллахдаа хөрш зэргэлдээ явсан сэтгүүлч В.Сарантуяа өнгөрсөн зун энэ Осака хотод ажиллаж амьдрахаар ирсэн аж. Нөхөр нь Гадаад харилцааны яамны томилолтоор Осакагийн Консулд ажиллахаар болсон юм байна. Морин хуурын чуулгынхны энэ тоглолтыг Изүмисано хотын захиргаа Соёлын төв өргөөндөө иргэддээ үнэ төлбөргүй үзүүлсэн гэнэ. Заал танхимын зардлыг ч хотын захиргаа даасан байх гэж Х.Эрдэнэцэцэг ярьж байв. Монгол иргэд ч, миний танил энэ сэтгүүлчид ч тоглолтыг урилгаар үзсэн гэнэ. Манай хэдтэй ойрхон суусан нэг хижээлдүү япон эр учир зүггүй уйлаад байна гэнэ, хүмүүс яав ийв гээд асуусан чинь “Ийм өндөр зэрэглэлийн тоглолтыг бид үнэгүй үзээд байх даа яадаг юм бэ? Билет тасалбар худалдаж авч өндөр ур чадвартай энэ дуучид хөгжимчдийг дэмжих байж шүү дээ...” гээд бүр цурхирч уйлаад байсан гэнэ. Эргэн тойрныхон нь ч тэр өвгөнийг дэмжиж “Тийм шүү...” гэцгээж байсан гэнэ. Сэтгүүлч хоёр бүсгүйд ч, найз нарт нь ч, Эрдэнэцэцэгийн япон нөхөрт ч тоглолт маш их таалагдсан гэнэ. “Сараа нутгаасаа ирээд удаагүй ч бас уйлж, нулимастай сууж үзсэн шүү” гэж Эрдэнэцэцэг ярив.  Өөрөө ч би бас баярлаж бахархаж, огшиж л суулаа...гэж байв тэрээр. Сараагийн фасед бичсэн сэтгэгдлийг ч Эрдэнэцэцэг тэр оройдоо надад ирүүлсэн байв. Морин хуурын аялгуугаар бахархаж омогшсон, бас миний нийтлэлд чимэг болохоор сайхан сэтгэгдэл байсан болохоор энд оруулмаар санагдав.

Өнөөдөр нутагтаа "оччихоод" ирлээ. Уртын дуундаа  уярч, уулсынхаа нөмөрт эрхлээд, нутгийнхаа салхинд илбэн  үлээлгээд, газар тэнгэртээ мөргөөд, туулиа сонсч сэтгэлээ аргадууллаа.Монгол Улсын Морин хуурын чуулгынхан Японд Морин хуурын чавхдасаар Монголоо сийлж явна. Оюун санааны "талх "энд үйлдвэрлэгдэж байна. Морин хуурын чуулгын тоглолтыг үзэх гэсэн япончуудын үүсгэсэн цувааг харахад сэтгэл бахдам байв...Танхимд анир чимээгүй ноёрхож, Монголын агаар яг л дэргэд мэт сэвшин үлээж, яруу тансаг хөгжмийн урсгалд уусан оров. Морин хуурын чуулгынхны бүтээл бүхэн Монгол хүний оюун санааны сэтгэлгээг тодотгон харуулж, огшуулж, уйлуулж, уярааж байсан нь өвгөдийн үлдээсэн тэр их ухааныг шигтгэж үлдээсэн мэт  санагдсан. Аугаа их Н. Жанцанноровын" Цагаан суварга,"  Их хүмүн  Б. Шаравын "Сэтгэлийн эгшиг " гээд мөнх настай, мөнхийн дүртэй ийм бүтээл "төрүүлж", үлдээж буйд нь талархах хүртэл багадах юм. Энэ бүхнийг удирдаж сэтгэлийн аясыг хөглөсөн Монгол Улсын  Морин Хуурын чуулга, Ерөнхий удирдаач Д. Түвшинсайханы авьяасыг ч энд хэлэх хэрэгтэй.Тас хар хослолын эзэн, цэх шулуун нуруу, ихэмсэг дүртэй, энгийн хэрнээ ухаалаг түүний торгон мэдрэмж энд цугласан бүхний сэтгэлийг чөлөөлж, Монголын амар амгаланд тавтай морилуулж чадлаа.
Түүний гялалзсан хар гутлыг хөшигний цаана орох мөчид би өөрөө хаана байгаагаа мэдэрлээ.
Япон улс.
Осака хот.
2022. 12.04 өдөр
Сэтгүүлч В. Сарантуяа
гэж бичсэн байв.

    Х.Эрдэнэцэцэгийн хувьд энэ Япон оронд, Осака хотод арван тав зургаан жил ажиллаж амьдарч буй бүсгүй юм. Дээхэнтээ концертын танхимын байр байдлын тухай бичихдээ монгол дээлтэй бүсгүйн хажууд нэг залуу сууж байна лээ гээд бичсэн маань түүний нөхөр Кухара байж. Компьютерийн инженер мэргэжилтэй эрхэм гэнэ. Гэр бүл болоод эд бараг хорин жил болох гэж буй аж. Гурван хүүхэдтэй, тэд нар нь ч өсөж том болцгоосон гэх. Уулзаж утас хаягаа солилцсоных чуулгынханы тоглолтгүй чөлөөт өдөр маргааш нь таарч Эрдэнэцэцэг бүсгүй намайг Осака хотруу урьж замчилж Осакагийн хамгийн өндөр цамхагаас хоттой танилцууллаа. Осака бол бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хөгжлөөрөө хоёрт эрэмблэгддэг том хот юм. Японы санхүүгийн томоохон төв гэгдэх бөгөөд Осака үнэт цаасны бирж, цахилгаан барааны Панасоник, Шарп гэх үндэстэн дамнасан корпорацууд энд төвлөрдөг юм байна. Дэлхийн метрополитануудын нэг, 19 сая хүн амтай, Кансайн бүсийн төв гэгддэг хот юм. Осака хотын төв дахь “Абено Харукас” хэмээх энэ цамхаг нь 60 давхар барилга байгууламж аж. Өндөр зэрэглэлийн дэлгүүр хоршоо, үйлчилгээний төв, ресторан зоогийн газар, музей, оффис гээд л юм юмтай гэнэ. Цамхагийн дээд давхараас Осака хотыг дөрвөн зүг найман зовхист нь бүрэн тольдох боломжтой аж. Энэ цамхаг 300 метр өндөр гэнэ. Найман жилийн өмнө ашиглалтад оруулсан, одоогоор Японы хамгийн өндөр барилга байгууламж гэгддэг юм байна. “Абено Харукас” гэдэг нь монголчилбол “Үүлэн цэнхэр асар” гэсэн утгатай аж.   

 Х.Эрдэнэцэцэг сэтгүүлчтэй “Үүлэн цэнхэр асар”-ын оройд

Эндээс холгүйхэн Кухара Эрдэнэцэцэг хатагтайн гэр бүлээрээ амьдардаг орон сууц байдаг юм байна. Цамхагаас гэрээ зааж байлаа. Надад өгсөн нэрийн хуудас нь ч ийм нэр хаягтай байлаа. Найзууд нь болон ойр тойрныхон нь түүнийг Эрка гэдэг юм байна. Цахим хаягууд нь ч голдуу Эрка нэрээр юм билээ. Сумогийн алдартнуудтай голдуу ярилцлага хийж “Өдрийн сонин”-д нийтлүүлдэг тийм сэтгүүлч болохыг нь миний бие дээхэнтэйгээс мэдэх юм. Саяханы Кюүшү башёд япон бөх Аби түрүүлсэн тухай сурвалжлага бичсэнийг нь “Өдрийн сонин”-оос уншиж явлаа. Найман жилийн өмнө Токиод элчин сайдын яам хавиар ч билүү нэг уулзаж мэнд мэдэлцэж явсан санагдах юм. Ер нь нэг нэгнийгээ бичиж нийтлэснээр нь мэдэх болсон тухайгаа хэн хэн маань яриад авлаа. Сонин хэвлэлд ажилладаг сэтгүүлчийнхээ хувьд миний энэ удаагийн Морин хуурын чуулгынхны аялан тоглолтын тухай бичиж нийтлэх юманд маань аль болох тус дэм болох лавламж, мэдээ сэлт олж өгөхийг хичээж байв. Би ч мэдээж аль болох ихийг мэдэх санаатай хэрэгт дурлаж л байлаа. Яаж яваад япон нөхөртэй болоод энд арван хэдэн жил суучих ваа гээд ч асуугаад амжсан. Осакагийн өндөр цамхаг руу аялаад, шинэ жилийн гэрэл чимэглэл гялбуулсан тэндэхийн цэцэрлэгт хүрээлэн, залуусын болздог “Арван тавны алиман сар”-ны хавиар явж зураг хөрөг авч явахдаа ч, бас тэндэхийн өндөр зэрэглэлийн ресторанд нь орж амтат суши, халуун сакейгаар дайлуулж суухдаа юу гэж л дуугүй суухав дээ би.

  “Абено Каракус”-ын Алиман сарны дэргэд.

“Амьдарч буй энэ Осака хоттойгоо таныг аль болох илүүтэй танилцуулмаар байна, бас аль болох амттай хоол ундаар таныг дайлмаар байна...” гэж байлаа Эрка сэтгүүлч. Энэ япон оронд олон жил ажиллаж амьдарч буй туршлагатай сэтгүүлчийнхээ хувьд ч бичиж тэмдэглэх нийтлэлд маань ч санаа оноо өгч байв. Бидний очсон Осака, Изүмисано, Кавакама хотын тухай лавлах материал, фото зургууд надад хожим нь бас ирүүлж байлаа. Нийтлэл тэмдэглэл бичихээсээ гадна шүлэг зохиол бичдэг яруу найрагч, зохиолч бүсгүй юм. Сүүлийн хоёр жилд “Сарны хэмнэл, мэдрэхүйн анир”, “Эргэлдэх аялгуу” хэмээх шүлэг найргийн хоёр ном хэвлүүлжээ. “Аав ээжүүдэд илгээх ид шидийн үгс”,”Ангарагаас эрчүүд, Сугараас бүсгүйчүүд”, “Бүсгүй зөн сэрэхүй” зэрэг орчуулгын ном бүтээлүүдтэй юм байна. Одоо сүмогийн их аварга Тэрүнофүжи Ган-Эрдэний япон хэл дээр хэвлэгдсэн номыг нь япон хэлнээс монголчлох ажил үүрэг аваад ажиллаж байгаа юм байна. “Ангалын ёроолоос өндийх маргааш” хэмээх ном аж.

   Теранафүжигийн япон хэл дээр хэвлэгдсэн ном.

Он гарангуут хэвлэгдэх байх гэж Эрка ярьж байв. Иймэрхүү яриа хөөрөөтэй уулзалт аялал өндөрлөж зочид буудал руугаа хүргүүлэв. “Осака хотод танд үзүүлэх харуулах юм бишгүй л дээ, таны зав чөлөө болдог бол” гэж байлаа Эрка сэтгүүлч. Хамт олны хатуу дэг жаягт яваа болохоор оройн тоо бүртгэлд орохын тулд Осака хоттой танилцах аялалаа үүгээр хязгаарлахаас аргагүй байв. Маргааш тоглолттой өдөр.                                                                                  

МУСГЗ, Сэтгүүлч: Д.Цэдэн-Иш. Изүмисано, Осака хот.

                           

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?