ТҮҮХЭН ДУРСГАЛТ НАКАНОШИМА ОРДОН, ГОЁМСОГ ГАНГАН СҮМИЕШИ ТАЙША СҮМД (Цуврал 4)

2023-01-10  

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу

 

Сүсэгтэн олон, сурагчдад зориулсан буяны тоглолт.

Морин хуурын чуулгынхны ээлжит тоглолт Осака хотын нэгэн сүмд болохоор зарлагдсан байлаа. Бидний буусан зочид буудлаас хотын төвөөр цаг гаруй явж тэр сүмд хүрнэ гэж байв. Автобуснаасаа хотын барилга байгууламжтай бага ч атугаа танилцаж явлаа. Чуулгынхан энэ хотод хэдэнтээ ирж тоглож байсан болохоор өөр өөрсдийн мэддэг байшин барилга, сүм хийд, гудамж талбай тааралдахад зураг хөргийг нь авч шуугилдаж явцгаав. Осакагийн NHK, Эртний цайз, Цэцэрлэгт хүрээлэн, Хару башё болдог сүмогийн ордоны ойрхноор бидний автобус гарсан юм. Үүнийг тэрлэгч миний бие Осака хотод ажил алба, аялал жуулчлалаар гурвантаа ирж байсан болохоор мэддэг таньдаг барилга байшин, гудамж талбайг бас зураглаж явлаа. Осакагийн NHK-д Морин хуурынхан таван жилийн өмнө тоглож энднийн үзэгчдийг бас нэг шуугиулаад авч байж. Сато сан, түүний охин Сэйко Сато мэдээж тэр тоглолтыг зохион байгуулцгааж байсан гэнэ. Сэйко хатагтай одоо Токиод эм хангамжийн нэг том лабароторид мэргэжлээрээ ажилладаг бөгөөд ажил албанаасаа чөлөө авч энэ удаа Токиогийн NHK-д болсон тоглолтын арын албанд мөн ажилласан юм. Аялалын эхний дөрвөн өдрийн тоглолтод чуулгынханд тус дэм болж яваа бөгөөд Сүмиёши сүмд болох өнөөдрийн тоглолтын дараа Токио руу буцах аж. Автобусанд явахдаа буцах тухайгаа чуулгынхаа найз нарт мэдэгдээд энэ удаагийн аялалд хамт явсны дурсгал болгож өөрийн гарын бэлгийг хүн бүрт гардуулсан юм. Энэ нь тус бүрийнх нь нэрийг томоор цохимолдон бичсэн морин хуурын логотой даавуун уут байв. Япон бүсгүйд Кирилл үсгээр тавь гаруй хүний нэрийг даавуу  уут дээр бичнэ гэдэг япон бүсгүйд тийм ч амар байгаагүй болов уу гэж надад санагдаж байлаа. Орчуулагч Ц.Бурмаа миний гайхашралыг ойлгож ийн ярив. “Би Сэйкотой Токиод буудалд нэг өрөөнд гурав хоносон. Лав л хоёр шөнө Сэйко бараг унтаагүй байх. Хар будганд гар хуруугаа халтардуулаад л энэ хэдэн уутыг тамгалаад байсан. Үсэг бүрээр нь тамгалаад л... Ээж бид хоёр нь унтаж амраач гэж шаардаад л... Одоо үүнийгээ гардуулж санаа амарч байх шиг байна” гэж байв.

   

Зам зуур автобусанд болсон ёслолын арга хэмжээг ийн зураглав

Аливаа ажлын ард ингэж зүтгэж байж гардаг нь япон хүний зан чанар юм даа гэж Бурмаа бид хоёр ярьж суув. Тээр жил Ерөнхий сайд П.Жасрай гуай Японд айлчлахад нь миний бие сурвалжлага хийж явлаа. Нагояа хотод нэг уулзалт цайллага болсон юм. Зочдыг зоогийн танхимд орж ирэхэд нь концертын гэхээр монгол дээл хувцастай ахимагдуу насны баахан эмэгтэйчүүд бүжиг танц хийгээд угтаж байх юм. Хамт явсан зохиолч сэтгүүлч До.Цэнджаваас би “Ямар аймгийн дуу бүжгийн чуулгынхан энд ирчихээ вэ?...” гээд асууж явлаа. Тэгтэл юун чуулгынхан байх вэ, оёдол хатгамлын дугуйланд явдаг гэрийн ажилтай авгайчууд монгол үндэсний дээл хувцас оёж өмсөцгөөгөөд манай Ерөнхий сайдын айлчлалыг хүндэтгэн угтаж буй нь тэр байж. Япон хүмүүсийн аливаа ажилд хандах хандлагынх нь илрэл ер нь ийм шаргуу, ажил хэрэгч талдаа юм. Японы өнөөгийн өндөр хөгжил ч  иймэрхүү хандлагатай нь холбоотой байх гэж бодогддог юм.

  

                Манай Ерөнхий сайдыг угтсан япон авгайчууд, Нагояа хот 1993 он.

    ... Зам зуур автобусанд бас нэг арга хэмжээ болов. Цохиур хөгжимчин Б.Батцэцэгийн төрсөн өдөр тохиож буйг зарлаж чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, аялан тоглолтын ахлагч Сато сан нар түүнд цэцгийн баглаа барина лээ. Бидний хөлөглөсөн автобус Сүмиёши хийдийн хашаанд орж ирэхэд эдний лам нар хүндэтгэн угтсан юм. Шинто шашны лам нарын хувцас манайхны будда шашныхаас тэс өөр, гоёлын цав цагаан хослол байх нь олонтоо. Энэ сүм цэцэг навч, ой мод болсон сайхан орчинтой юм. Сүмийн байр байшин ч ихэд цэмцгэр.

Үүднээсээ эхлээд л хээ хуар зураг чимэглэл болсон сайхан орчин угтав. Чуулгынхныг хоёр давхарт байршуулахаар өрөө тасалгаа зэхжээ. Нэр хаягийг ч монголоор тавьсан байлаа. Тоглолтын өмнө жүжигчдийг сүмтэй танилцуулах бяцхан аялал болов. Япон сүсэгтэн олон ч сонирхон дагалдаж байлаа. Алтан шаргал хувцастнуудтай тэд зураг хөрөг бас татуулцгааж байв.  

  Сүмийн хамба лам нь чуулгынхныг хүндэтгэж аян зам, ажил төрөл бүтэмжтэй байхын ерөөл айлдаж өгнө лээ. Хамба лам уншлага уншиж байхад ногоон хувцастай хоёр хувраг дагалдан дэмжиж, цагаан улааныг хослуулж гоёсон хоёр залуу бүсгүй мөргөл залбирлыг нь үйлдэх юм. Бүсгүйчүүл бүжиглэж буй мэт хөдөлж том цагаан дэвүүрээр уншлагын туршид сэвэх нь бартаа саад, муу муухайг зайлуулж буйн билэгдэл гэнэ. Шинтогийн сүмд залуу хосууд хуримлах нь эндэхийн заншил аж. Багачуул хүүхдүүдийн баяр ёслолыг ч эцэг эх нь сүмд ирж зохион байгуулах нь олонтоо гэнэ. Кимоно өмссөн бяцхан охин аав ээжтэйгээ энэ сүмд ёслол үйлдээд явж байлаа. Чуулгын жүжигчид, төгөлдөр хуурч А.Түшиг хүү тэдэнтэй зургаа авахуулцгааж ээж охин хоёр ч баяртай байв.

Япон залуу хосууд гэрлэлтээ сүмд батлуулдаг юм байна. Тийм болохоор энэ сүм ёслол хүндэтгэлийн том танхим, бас зоогийн газартай юм. Гадуур явж сүмтэй танилцсаныхаа дараа чуулгынхан маань тохилог зоогийн газарт нь үдийн хоол, амттанаар дайлуулж дараа нь ёслол хүндэтгэлийнх нь танхимд тоглолтоо толилуулсан юм. Зуун дөч тавиад  суудалтай танхимд нь эдний хамба лам болон бусад хуврагууд, сүсэгтэн олон, мөн ойрхны сургуулийн сурагчид суудлаа эзэлсэн байв. Тайзны хөшигт морин хуурын чуулгынхны 30 жил, хоёр орны харилцаа тогтоосны 50 жилийн ойн тоглолт гэх хүндэтгэлийн зарыг байршуулсан байна лээ.  Хамба лам нь баяр хүргэж үг хэлсний дараа концерт эхэлсэн юм. Энэ тоглолт нь сүсэгтэн олон болон сургуулийн сурагчдад зориулсан үнэгүй, нэг ёсны хандивын тоглолт байв. “Урьхан хонгор салхи” уртын дуугаар эхлээд л дараа нь удирдаач Д.Түвшинсайханы “Наран мэлмийт эх орон” дуу, Н.Жанцанноров, Б.Шарав нарын алдартнуудын зохиол бүтээл эгшиглэсэн сайхан тоглолт үргэлжилсэн юм. Гоцлол дуучин Б.Мөнхбаатар уртын дууныхаа дараа “Дүүриймаа” ардын богино дуу дуулж үзэгч олныг шагшруулаад л, монгол япон хоёр сурагч төгөлдөр хуур, трубагаар нөгөө сонгодог аязаа тоглож үеийн сурагчиддаа гайхуулаад л... төгсгөлд нь япон сүсэгтэн сурагчид бүгд л суудлаасаа босч алга ташсаар дуурийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нараар нөгөө “Фүрүсато” буюу “Төрсөн нутаг минь” гэх япон дууг нь япон хэл дээр дуулуулаад л санаа нь амарсан тийм л тоглолт болов.

Морин хуурын чуулгынхан ер нь Японд аялан тоглолт хийхдээ аль нэг сүмд нь иймэрхүү буяны тоглолт хийж таардаг гэж ярьцгааж байлаа. Зарим том сүмийн зочид буудалд нь бүр байрлаж байцгаасан гэх. Японы томоохон сүмүүд нь сүмогийн ээлжит башён үед зарим дэвжээний бөхчүүдийг байрлуулдаг гэх яриа би сонсож байсан юм. Хакухо аваргатай ярилцлага хийж байхад Осакагийн Хару башён үед сүмд байрладаг гэж ярьж байсан санагдана. Ингээд бодохоор эдний сүм хийдүүд нь оршин тогтнож буй байр байдлаараа ч, эдийн засгийн хүч чадлаараа ч ихэд бэхэжсэн, тэр хэрээрээ нийгэмдээ нэр нөлөө ихтэй юм байна даа гэж санагдаж байлаа...

     

Хийдийн хамба лам чуулгын жүжигчдийг хүндэтгэн угтаж уншлага залбирал үйлдсэн юм.

     Зуун настай төв театрт нь. Чуулгынхны дараа өдрийнх нь тоглолт Осакагийн нэрийн хуудас болсон хуучны нэгэн театрт болсон юм. Энэ гоёмсог театр нь “Осакагийн олон нийтийн төв ордон” хэмээх албан ёсны нэршилтэй юм. Хотын төвд орших юм. Дожима, Досабори гэх хоёр том гол урсах Наканошима гэх энэ газарт 1913 онд анх эхлэн баригдаж таван жилийн дараа буюу 1918 онд ашиглалтад орсон түүхтэй юм байна. Зуу гаруй жилийн энэ хугацаанд өнгө төрх, үүрэг чиглэлээ огт өөрчлөөгүй өдгөө хүртэл Осака хотын билгэ тэмдэг болж, олон улсын алдартай уран бүтээлчдийн уулзалт, жүжигчдийн тоглолтыг хүлээн авдаг төв цэг болсон хэвээр буй аж. Хуучны хэв загвараа хадгалж үлдсэн түүхэн барилга гэдгээрээ үнэлэгдэж 2002 онд “Япон улсын онц чухал соёлын нандин өв”-д бүртгэгдсэн аж. Оршин буй газрынхаа нэрээр Наканошима ордон ч гэж бас нэрлэгддэг юм байна.

Ордны гол хаалганы хажуухантаа Морин хуурын чуулгынхны тоглолтын зар сурталгаа тавигдсан байв. Тэрхүү зарын дэргэд морин хуурчид ээлж дараагаараа дурсгалын зураг татуулцгааж байлаа.

Ордон дотор ороход эртний түүхэн барилга гэдэг нь бүх талаараа мэдрэгдэж байв. Тайзны ар хэсэг, жүжигчдийн бэлтгэлийн өрөөний хана туурга, адар нь тэр чигээрээ алтан шармал. Шал нь эртний зузаан царс. Ордны зүгээс хэд хэдэн анхааруулгыг концертын зохион байгуулагч болон жүжигчдэд анхааруулсан байв. Шалан дээр хатуу төмөр биет байршуулж тавихгүй байх, үс хатаалгын цахилгаан сэнс нэгэн зэрэг хоёр гурваар нь ажиллуулахгүй байх, хана түшүүлж хөгжмийн зэмсэг тавихыг хориглоно гээд л нилээд олон заавар зөвөлгөө өгснийг орчуулагчид багийнхандаа тайлбарлан таниулж байлаа. Бас томоор бичээд байршуулчихсан ч байх. Бусад театрынх шиг олон өрөө тасалгаа жүжигчдэд гаргаж өгөөгүй ч гэсэн эр, эм хувцас солих өрөөг хөшиг хаалт татаад эвтэйхэн зохицуулсан байв. Удирдаач, гоцлол дуучид, ажлын албаныханд харин тусад нь өрөө тасалгаа хувиарласан байлаа.   

Чуулгын цохиур хөгжимчид том бөмбөрүүдтэйгээ энэ удаагийн тоглолтоос завсарлага авлаа. Хэт чанга дуу чимээ, доргилтыг энэ театрт эрс хориглодог аж. Түүх соёлын өв, дурсгалд ингэж хайр гамтай ханддаг болохоор энэ театр 100 гаруй жил болж байгаа ч өнгө зүс, үзэмжит байдлаараа хэн хүний анхаарал сонирхлыг татсаар, үүрэг зорилгоо ч биелүүлсээр өдий хүрч иржээ. Энэ Осака хотод суралцдаг хоёр залууг жүжигчдэд үйлчлэх болон мөн театрынхан, концерт зохион байгуулагчдын хооронд хэл залгуулах үүрэгтэйгээр ажлуулж байлаа. Заал танхимд тавьсан сануулга, хаяг адресуудыг энэ залуус бичиж бэлтгэсэн аж. Галсандоржийн Пүрэвдорж гэх Ховд нутгийн хүү УБДС-ийг газар зүйн багш мэргэжлээр төгсөөд нутагтаа хоёр жил ажиллаж байгаад энэ Осакагийн нэгэн дээд сургуульд “Хүн амын газар зүй” сэдэв аваад мастер хамгаалахаар гуравдахь  жилдээ буй юм байна. Суралцахын хажуугаар цагийн ажил хийж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг

гэнэ. Долоо хоногт 20 цагийн гэв үү ажил хийхийг зөвшөөрдөг гэж ярьсан санагдана. Оюутан залуусын нэг цагийн үнэлгээ багадаа 1000 иенээс доош байж болохгүй гэх журамтай гэнэ. Манай мөнгөөр бол 25 мянга орчим төгрөг юм уу даа. Үүнийгээ ч япончууд яг таг баримталдаг гэсэн. Өнөөдрийн энэ ажилд дуудлагаар ирсэн гэж байв. Өглөөнөөс эхлээд ажиллаж буй аж. Бид ч утасны сүлжээгээ ажилд оруулах энэ тэр гээд ойр зуурын тус дэмийг нь авч байв. Нөгөө бүсгүй нь Осакад ирээд жил болж буй Б.Есөн-Эрдэнэ юм. Нутагтаа “Соёл Эрдэм”  дээд сургуулийг япон хэлний орчуулагч мэргэжлээр суралцаж төгссөн гэж байв. Энд хэлээ гүнзгийрүүлж хувиараа суралцаж буй гэнэ. Хэн хэн нь найз нартайгаа байр түрээслэж амьдардаг гэж байв. Аль ч тайзанд тоглолт хийсэн чуулгынхан хоёр цаг орчмын бэлтгэл сургуулилт хийх юм билээ. Тухайн тайзны техник хэрэгсэл, тайзны акустик, заалны багтаамж зэрэгт дуу хуурын дуугаралт, дуучдын дуулалт, хоолойны цар хэрхэн зохицож буйг нарийн тааруулах юм билээ.  

                                                                                                                                         

Г.Пүрэвдорж морин хуурч Б.Золзаяатай хамт.                                      

Б.Есөн-Эрдэнэ

Тоглолтын цаг болоход үзэгчид суудлаа эзэлж тус хотын Осакагийн хөгжлийн төслийн төлөөлөн удирдагч, Кансайн гадаад оюутнууд солилцох холбооны дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Тадаши Сенда Морин хуурын чуулгынханд баяр хүргэж ёслол хүндэтгэлийн үг хэлсэн юм. Эн Эйч Кэй-гийн тайзанд тоглолт хийж Эзэн хаан болон Эрхэм дээдсүүдэд тоглолтоо толилууд ирж буй ийм хамт олон гэдгийг магтаж ярина лээ. Мөн Осака хотод хэдэн жилийн өмнө ирж тоглож байсныг нь ч дурдсан юм. Тус хотын иргэн Сато Норико хатагтай урьдын адил энэ удаагийн тоглолтыг зохион байгуулж буйг хэлж түүнд талархал илэрхийлж байв. Тоглолтыг тус хотын нэрт

 

хөтлөгч, жүжигчин бүсгүй Т.Жоодай хөтөлсөн нь энэ театрынхан, Осака хотынхны Морин хуурын чуулгын тоглолтод үзүүлсэн хүндлэл байв. Театр партертаа 500, бэльтаждаа 150 орчим суудалтай юм билээ. Тоглолт урьдын адил сонирхолтой, нижигнэсэн алга ташилт, халуун дулаан уур амьсгал дор болж өнгөрөв. Тус чуулгын гоцлол дуучин Б.Мөнхбаатар “Урьхан хонгор салхи” уртын дууныхаа араас ардын богино дуу “Дүүриймаа”-гаа дуулж, гоцлол хөгжимчин, ятгач О.Мөнхтогтох ардын богино дуу “Хөх торгон дээл”-ийг тоглосон юм. Хөөмийч Н.Ашит япон дуу хөөмийлэнэ лээ. Иймэрхүү шинэчлэл хөтөлбөрт орсон байв. Мөн япон хүүхдүүдийн сурах бичигт байдаг “Сүхийн цагаан морь” гэх домгийн үзүүлбэрийг энэ удаагийн хөтөлбөрт нэмсэн байв. Энэхүү аялан тоглолтыг зохион байгуулагч Сато Норико хатагтай домгийг уншиж гоцлол хөгжимчин Р.Амарбаяр морин хуураар дагаж тоглосон юм.   

МУСГЗ Д.Цэдэн-Иш. Осака хот

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?