СҮМОЧ ТЭРҮНОФҮЖИ, МАРАФОНЧ СЭР-ОДЫГ БАЛИАШИГЛАДАГ ХООФҮ ХОТОД

2023-03-07  

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу!   

 Хуучны танил Коозо Комото сантай замд уулзалдав. Морин хуурын чуулгынхны дараагийн тоглолт Каваками тосгоноос дөрвөн зуугаад км-ийн зайтай орших Хоофу хотод нөгөөдөр тоглохоор зарлагдсан байв. Тосгон тойроод дүнхийлдэх модтой уулсын араар нар орох гэж буйтай зэрэгцээд хөдөлж буй тул зам зуур хоноглож байж Хоофу хотод хүрэх бололтой юм. Бартаа саадгүй цардмал замаар давхисаар оройн 21 цагийн үед хоноглох газраа ирцгээв. Манайхны “Урьхан”, “Хаан бууз” гэх зам зуурын зоогийн газрууд шиг тийм нэгэн тохилог цэгт оройн хоолоо бид хүртсэн болохоор буурчийн газартаа ороод л шууд амарцгаалаа. Өглөө 7.00 гээд замд гарахаар зарлагдсан байв. Зочны нэг том өрөө, унтлагын бага шиг өрөөтэй нэг давхарт хэвлэл мэдээллийн бид хэд, таван морин хуурчидтай байрлацгаав. Дотроо нойл, угаалтууртай юм. Гал тогооны бага шиг хэсэг нь манай сууцуудынх шиг зочны өрөөтэйгээ залгаа аж. Хоёр давхарт нь тав зургаан залуу байрлаж бусад залуус, бүсгүйчүүд хажуугийн байр байшингуудаар л хуваагдаж орох шиг болно лээ. Хурдны замаас төдий л холдоогүй бага шиг эргээд л гэрэл гэгээ багатай тийм орчинд бууцгааж угтсан хүмүүсийн гар чийдэнгийн гэрэлд л байр байшинд хувиарлагдан орцгоосон юм. Автобус болон ачаа тэрэгний жолооч нар маань өдөртөө ажиллах цагийн хязгаартай аж. Зохион байгуулагчидтай 21 цагаас хойш явахгүй байхаар гэрээ хэлцлээ хийсэн гэх яриа сонсож байлаа. Олон хүний амь амьдрал хариуцаж авч яваа аль аль тал нь хариуцлага өндөртэй байхаас аргагүй... Өглөө манайхан ой модон дунд умбасан иймэрхүү хаусуудаас цувран гарч ирж уруудсаар автобусныхаа дэргэд цуглалаа.

Энэ үеэр хуучны нэгэн танилтайгаа уулзалдав. Өвөрхангай аймагтай түншийн сайн харилцаатай Японы Шоочу хотын захиргааны ажилтан Коозо Комото хэмээх эрхэм Сато Норико сантай хамт автобусны хажууд зогсож байх юм. Гучаад жилийн өмнө Шоочу хотоос манайд ирсэн аялалын группэд үйлчилж явахдаа би энэ эрхэмтэй танилцаж Өвөрхангай, Хөвсгөлд хамт аялаж явлаа. Узбекийн Ташкент хотноо “Байгаль орчин, нуур ус” сэдэвт байгаль орчин хамгаалах Япон, Солонгос, Зөвлөлт Орос, Казахстан зэрэг орнуудын экологичид, эрдэмтэд, сэтгүүлчдийн олон улсын чуулганд миний бие оролцоход Коозо Комото сан тэнд бас хүрэлцэн ирсэн байсан юм. Коозо Комото, Сато Норико сан, орчуулагч Ц.Бурмаа бид хэд тэгэхэд Ташкентэд хэдэн өдөр хамт аялаж ажиллаж явлаа. Морин хуурын чуулгынхантай ч Коозо Комото дотно юм. Урьд өмнөх аялан тоглолтуудын үед энэ эрхэм эднийхэнд үйлчилж, Шоочу хотод нь Морин хуурынхан нэг бус удаа тоглолт хийж байжээ. Энэ удаагийн манай аялан тоглолтын багийг Шоочу хотоос холгүй орших Окаяма гэх энэ газарт хүлээн авч хонуулах ажил үйлчилгээг Коозо Комото сан хариуцан зохион        

 

Хуучны танил Коозо Комото сантай хамтдаа.

байгуулж буй юм байна. Сато сан өөрийнхөө бичсэн “Монголчуудыг бид шалтгаангүйгээр хайрладаг” номоо түүнд дурсгав. Орчуулагч Б.Мөнхтуяа ч Шоочу хотынхны Арвайхээр хотод хөрөнгө оруулж байгуулсан япон сургалттай Монгол Японы хамтарсан сургуулийг төгсөөд улмаар Японд дээд сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн бүсгүй. Тэрээр Шоочу хотынхонтой, тэр дундаа хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг анхнаас нь дэмжиж зохицуулж ирсэн Коозо Комото сантай одоо ч ойр дотнын харилцаатай аж. Хуучны ийм танилууд энд уулзалдав.

    Сато саны төрж өссөн Хоофү хот дахь гэрт нь зочлов. Өглөө эртүүр хөдөлсөн бид үдээс хойхонтоо Хоофу хотод хүрэлцэн ирж “Рүүт-инн” гэх зочид буудалд байрлацгаав. Хоофү бол  Сато Норико саны төрсөн хот, уугуул нутаг нь аж. Буудалдаа орж түр амсхийж байтал М.Уламбадрах орчуулагч намайг доор буугаад ирээч, Сато саны гэр рүү очно гэж дуудаж байх юм...  Одоогоос есөн жилийн өмнө хувийн шугамаар Японы Токио, Осака хотоор нэгэнтээ аялахад Сато Норико сан биднийг нэг хоног хүлээн авч Киото хот, тэндэхийн нэртэй сүм музейтэй танилцуулж байлаа. Тэгэхэд миний бие Сато саны Осака дахь гэрт нь очоод үзчих санаатай санал тавьж байв. Монголын нийгэм эдийн засаг, урлаг соёл, эрүүл мэнд, боловсролын салбарт Японы туслалцаа, хөрөнгө оруулалтыг татах, энэ талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон жил хүчин зүтгэж ажилласан миний болон монголчуудын сайн анд Сато сан нутагтаа, гэр орондоо ямархуу амьдардагийг нь “хэрэгт дуртай” сэтгүүлчийн хувьд сониучирхсан хэрэг. Монголд анх хөл тавьсан 1990 оноос нь хойш ажил төрөл, анд нөхдийн ойр дотно харилцаатай яваа хүний хувьд түүний  тухай нэг хөрөг нийтлэл бичих юмсан, эсвэл нэг сайхан ярилцлага хийх юмсан гэж хүсэж явдаг хүн билээ би. Монголчууд бидэнтэй олон жил харьцаж нөхөрлөж яваа энэ хатагтайгаас өөрсдийнхөө сайн мууг сонсоод авах нь манайхны ажил амьдралд ач тустай гэж би боддог юм. Гэр орны энгийн нөхцөлд яриа хөөрөө жир, бас илэн далангүй байдаг даа. Тийм болохоор би гэрт нь очих санал тавьж байж. Өндөр настай ээж нь Хоофү хотоос гэрт нь ирчихсэн, эмчилгээ сувилгаатай байгаа болохоор зочин хүлээж авах нь зохимжтой биш байна гэж байсан юм Сато сан. Ер нь ойр дотны хүмүүс гадна дотныхон гэлтгүй нэг нэгнийхээр орж гарч зочлох нь аль ч үндэстэн ястануудын хувьд байдаг л нэг явдал. Хориод жилийн өмнө Сато сан ч манайд найз нөхдийн хамт зочилж байлаа. Морин хуурын чуулгынханд үйлчилж хэд хэдэн хотоор бидэнтэй хамт явсан Сато саны охин Сэйко Монголд ирэхдээ манайхаар бас орж гарч явж. Бид иймэрхүү л харилцаатай явсан хүмүүс. Үзэг цаас нийлүүлдэг хүний хувьд айл хунараар орно гэдэг бол миний хувьд нэг төрлийн ажил. Ялангуяа гадаад улс орноор явахад. Гүн социализмийн үед Унгарт томилолтоор явахдаа Будапештийн засаг захиргааны ахлах түшмэлийн гэрт зочилж байв. Бас Веленце хэмээх бага шиг нуурын эрэгт орших ... тосгонд ахлах сургуулийн захиралын зуслангийн хоёр давхар сууцанд ажил албаныхаа хэсэг нөхөдтэй дайлуулж цайлуулж хүндтэй зочин болж явлаа. Латвийн Рига хотод эх орны дайны үеийн ахмад дайчныд хонож өнжиж явав. Сибирийн Енисейск хотод Зөвлөлтийн ударник, ойн ахмад инженерийнд зочилж фермерийн аж ахуйтай нь танилцаж байлаа. Хажуухантайх Лесосибирск хотод нь ТМС-ийн захирал, оюутан үеийн орос андындаа гэр бүлээрээ хэд хоног зочилж байлаа. Социализмийн үед бичсэн миний нийтлэл тэмдэглэлд эдгээр нь тусгалаа олсон байдаг юм. Социалист Монгол өөрчлөгдөж хөрөнгөтний Японтой харилцаа тогтоож эхэлсэн 1990 ээд оны эхээр сэтгүүлч надад Японы Гадаад хэргийн яамны шугамаар Токио, Камакура, Осака хотод аялаж сурвалжлага хийх боломж олдсон юм. Японд биднийг хүлээн авах төлөвлөгөө  яригдах үед би Япон айлд очиж үзэх саналаа Гадаад хэргийн яамныханд нь тавьж байв. Өөр ертөнц хэмээн олон арван жил яригдаж бичигдэж, дайсны тал ч гэж ойлгогдож явсан Япончуудын амьдрал ахуй ер нь ямар юм, гэр орон нь ямархуу юм гэдгийг үзэж харж бичиж тэмдэглэж уншигч олондоо сонирхуулах гэсэн л хэрэг. Зохиолч, сэтгүүлч До.Цэнджав бид хоёр хамт явсан юм. Хүлээн авагч тал миний саналыг биелүүлж Японы Гадаад хэргийн яамны ажилтан Таканари Шимүзи гэх айлд зочлуулж байв. Герман судлалаар мэргэжсэн тэр ажилтан хоёр давхар хувийн орон сууцанд эхнэр, хоёр охинтойгоо тав тухтай сайхан амьдарч байлаа. Гэрийн эзэнтэй, гэргийтэй нь ярилцлага хийж аж амьдрал, гэр орных нь байр байдлыг содон сонин болгон бичиж нийтлэж явлаа. Одоо хоёр давхар тэр зэргийн сууц, япончуудын тансагдуу гэх тэр амьдрал манайхны хувьд тийм ч гайхаад онцгойлоод байх явдал биш болжээ. Нийгэм солигдож монголчууд бидний амьдрал ахуй, аж байдал хурдтай өөрчлөгдөж байна. Иргэд, тэр дундаа залуус гадагшаа их явж ажиллаж амьдарч “ юм үзэж нүд тайлж” байна. Нутаг орондоо ирээд гадна үзэж харсан, мэдсэн сурсан ажил амьдралдаа амжилттай хэрэгжүүлж нийгэм хамт олон, өөрсдийн амьдрал ахуйг өөд нь татаж байна. Хотод ч, хөдөөд ч хоёр, гурван давхар хауст аятай тохитой амьдарч буй иргэд олон байна. Малчид, тариаланчид ч тэр дунд олон бий. Амжилттай ажиллаж хөдөлмөрлөж буй иргэдийн амьдрал бидний гадаадад харж гайхширдаг тээр жилийн түвшинд аль хэдийнээ хүрчихжээ... Иймэрхүү бодол тээсэн шигээ Сато саны зээ дүүгийн Бенз машинд сууж Хоофү хот дахь Сато саны гэр рүү давхиж явна. Энэ Хоофү бол манай Дархан, Эрдэнэтэрхүү бага шиг цэмцгэр хот аж. Машин тэрэгний хөл хөдөлгөөн ч их биш юм. Хотын хүн ам жил гаруйн өмнөх мэдээллээр 113979 гэж тоологджээ. Морин хуурын чуулгынхан маргааш энэ хотын театры “Аспирата” танхимд тоглолт хийх юм. Бага шиг хот болохоор арваад минут давхиад манайхны хаус хорооллын гэхээр дүүрэгт ороод ирлээ. Мод ногоо болсон эмх цэгцтэй гудамжаар давхисаар нэг хашаанд орж бууцгаав. Хашаандаа жимсний модод, бас ногооны бага шиг талбайтай аж. Нэг том хаус байна. Сато сан өөрийн дүү бүсгүй Хакудэ Ацуко, түүний охины хамтаар биднийг энэ хауст угтлаа. Сато саны аав ээж нь энд амьдарч байжээ. Ах дүү нарынхаа хамтаар Сато сан ч багадаа энд аж төрж байж.

Аав ээжийнхээ гал голомтыг залгамжилсан Хакудэ Ацуко сан нь хоёр охин, нэг хүүтэй гэнэ. Хүү, том охин хоёр нь айл гэр болоод тус тусдаа амьдарцгаадаг аж. Бага охинтойгоо Ацуко сан эндээ амьдардаг юм байна. Эднийх нэг муур, бас нэг бяцхан нохойтой юм. Биднийг цайлж суутал гаднаас нөгөө япон монгол хөгжимчин хоёр хүү орж ирж гэрт дуу шуугиан нэмэв. Гол гол тоглолтуудад хөгжимдөж алдаршаад буй Хоофү хотын сурагч турбачин хүү Ичи нь Хакудэ Ацуко хатагтайн зээ юм. Хүүгийн ээж хатагтай Хакудэ Акико нь хүүтэйгээ хамт Токиогоос эхлээд л өдий хүртэл хэд хэдэн хотоор Морин хуурын чуулгынхантай хамт аялаж яваа билээ. Хөгжимчин хүүхдүүд бяцхан нохой мууртай тоглож хэсэг хөгжилдөж бид энэ зуур яриа хөөрөө болж тэдний гарын кофе, амттан амталж сууцгаав. Хоофү хотын дарга удирдлагууд чуулгын жүжигчдийг хүлээн авч оройн зоог барихаар цаг товлосон нь дөхөж байсан тул бид эднийд төдий л удаан тухалсангүй.

  Аав нь бас Морин хуурынхантай учирч явжээ. Хоофү хотын захиргаа, хотын удирдлагууд Морин хуурын чуулгынхныг хүндэтгэн “Хоофү Гранд Отель” зочид буудлын ресторанд оройн зоог барьсан юм. Хоофү хотын алдартай ятгачин, театрын жүжигчдийн бага шиг тоглолт үзүүллээ.  

Хотын дарга Ю.Икэда, тус хотыг харьяалдаг Ямагучи мужийн хурлын төлөөлөгч С.Шимада нар үг хэлж маргааш болох тоглолтод амжилт хүссэн юм. С.Шимада саны аав нь энэ Хоофү хотын даргаар ажиллаж байхдаа 1991 онд Монголын морин хуурч, хөөмийч, дуучин гээд бага шиг хамтлагийг хүлээн авч театртаа тоглолт хийлгэж байжээ. Тэдний гэрэл зураг аавынх нь гэрт байсныг хүү Шимада нь авч ирснээ энэ хүлээн авалт цайллагын үеэр манайханд том дэлгэцээр дэлгэн үзүүлж байв. Гучаад жилийн өмнөх тэр ахмад жүжигчдийн заримыг нь чуулгынхан таньж дурсамж яриа өрнүүлж байлаа. С.Шимада сан “Аав хүү бид хоёр монголын авъяаслаг жүжигчидтэй үе дамжин уулзаж буйдаа баяр талархалтай байна” гэж ярьж байв.

Хүү Шимада 2022 онд

Аав Шимада 1991 онд Монголын морин хуурчидтай

Зоогийн төгсгөлд Хоофүгийн засаг захиргааны удирдлагуудад Морин хуурын чуулгынхан талархал илэрхийлж монголтой харилцаатай япончуудын дунд алдаршсан “Аяны шувууд” дууг дуулцгаалаа. Хотын удирдлагууд нутгийнхаа ажил хэрэгч хатагтай Сато Норико санд хотынхоо авъяаслаг сурагч Хакудэ Ичигээр цэцгийн баглаа бариулснаар оройн зоог өндөрлөсөн юм.

   Сүмоч Тэрүнофүжи, марафонч Сэр-Одыг дэмждэг Хоофү хотын захиргаанд. Өглөөний цайны дараа чуулгын жүжигчид тоглолтын бэлтгэлээ хангахаар эдний театрт очицгоов. Аялан тоглолтын ахлагч Сато сан театрын удирдлага, менежэрүүдтэй ажил хэргийн уулзалт хийж тоглолтын зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцож жүжигчид дуу хуурынхаа бэлтгэлийг хийж байлаа. Бага үдийн хойхонтоо Сато сан болон чуулгын төлөөллийг Хоофү хотын захирагч Ютака Икэда албан өргөөндөө хүлээн авахаар болж бидний хэдэн нөхөд театраас хөдөлж Хотын захиргаанд очив. Бага шиг, бас төлөвлөлт сайтай, эмх цэгцтэй хот болохоор хот дотор явахад түгжрэл саатал байхгүй нь ажил хэрэгт амар юм. Хотын захиргаа нь манай нийслэлийн хуучны барилга шиг уртавтар гурван давхар байшинд байрладаг аж. Захирагчийн албан тасалгаа байдаг давхарт гарч ирэхэд биднийг уулзалтын танхимд орууллаа. Тэнд манай хөнгөн атлетикийн нэрт тамирчин, холын зайн гүйгч Б.Сэр-Одын олон улсын тэмцээнд гүйж буй том гэрэл зураг байв. Хажууханд буй том самбарт нь Тэрүнофүжи Ган-Эрдэний Ёкозүногийн ёслол хийж буй мавошитай зураг байршуулсан байлаа. Морин хуурын чуулгынхны тоглолтын зартай том реклам зураг энэ самбарт бас хэд хэд байна лээ. Ер нь монголчуудын биеийн тамир спорт, урлаг соёлын амьдралыг Хоофү хотынхон сүрхий мэддэг, тэр хэрээрээ бас дэмжиж балиашигладаг бололтой. Эднийд жил бүрийн сүүлчээр “Хоофү Ёмиүри” нэртэй холын зайн гүйлтийн олон улсын марафон болдог юм байна. Японы өдөр тутмын том сонин, энэ Хоофү хот хоёрын нэрэмжит тэмцээн аж. Манай холын зайн гүйгч Б.Сэр-Од энэ марафонд хэд хэдэн удаа түрүүлж хотын ард иргэдийн дунд ихэд алдаршжээ. Хоофү хотын захиргаа ч манай тамирчинд зохих дэмжлэг үзүүлж, хотдоо бэлтгэл хийх аятай таатай боломжоор нь хангаж байж. Ёслол хүндэтгэлийн танхимдаа Б.Сэр-Одын марафонд оролцож түрүүлж буй үеийн хэд хэдэн зургийг байршуулсан байна лээ. Хотын захирагч Ютака Икэда сан манай нэрт сүмоч Тэрүнофүжи ёкозүногийн дэмжигч фэн нь аж. Түүний тухай бичсэн ном, сонины нийтлэлүүдийг эрхэм Захирагч уншиж цуглуулдаг гэж тамгын ажилтан нь өгүүлж байна лээ. Хоофү хотын эдийн засгийн гол салбар нь машин үйлдвэрлэл юм байна. Японы “Мазда” машины үйлдвэр энэ хотод үйлдвэрлэлээ эрхлээд хагас зуун жил гаруй болж байгаа аж. Энэ  үйлдвэрт хотын эдийн засгийн гол ачаалал ногддог гэнэ. Японы том бага хотууд машин үйлдвэрлэл, хүнд хөнгөн үйлдвэрүүдээ бодлогоор хувааж хувиарлаж авдаг бололтой. Өмнө бидний аяласан Каваками гэх бага шиг тосгоны эдийн засгийг модон эдлэлийн үйлдвэр, халуун рашаан, аялал жуулчлал нь аваад явчихдаг гэж ярьж байсан. Манайхны удирдагчид, бодлого боловсруулагчид гадны ийм байр байдлыг хангалттай үзэж харж сонсож яваа байх. Орон нутаг, аймаг сумддаа аль хэр авч хэрэгжүүлж байдаг юм бол доо, хөөрхийс. “Хоофү Мазда” үйлдвэр дөрвөн мянга гаруй ажилтантай гэнэ. Дэргэдээ сургалтын том баазтай гэнэ. Ажилтнуудын ихэнх нь гэр бүлтэй гээд үзвэл хотын арваад мянган иргэн эндээс амьдралаа залгуулдаг гэсэн тооцоо гарна. Тус үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг туслан гүйцэтгэгч аж ахуй ч бас олон гэнэ. Эдийн засгийн сэдэвтэй иймэрхүү яриа хөөрөө, бас манай нэрт хоёр тамирчны тухай дурсамж, Токио, Осака болон бусад хот тосгодод тоглосон Морин хуурын чуулгын тоглолтын талаар сэтгэгдэл солилцсон найрсаг уулзалт цаг шахам өрнөв. Уулзалтын төгсгөлд Хоофү хотын захирагч Ютака Икэда сан Морин хуурын чуулгынхны танилцуулга номыг гартаа барьж нөгөө балиашигладаг монголын нэрт хоёр тамирчны зурагт самбарын өмнө зогсож бидэнтэй зураг авахууллаа. Тэндээсээ бид тоглолт болох “Хоофү театр”-ын зүг хөдөлсөн юм.      

Зурагт: Зүүн гараас хоёрдахь нь Хоофү хотын захирагч Ютака Икадэ сан

  Хоофүгийн хөгжимчин хүү, Хоофүгийн хөтлөгч хатагтайтай Хоофүгийн концерт. Тоглолт зарласан цагтаа тус театрын “Аспирата” танхимд ёслол төгөлдөр эхэллээ. Морин хуурын чуулгын энэ удаагийн аялан тоглолтын зохион байгуулагч нь энэ хотын уугуул иргэн Сато Норико сан байгаа нь Хоофүгийн иргэдэд таатай мэдээлэл байлаа. Концертыг Сато Норико сан өөрөө хөтөлж явуулсан юм. Тус хотын дунд сургуулийн авъяаслаг сурагч Хакудэ Ичи Монголын Морин хуурын чуулгын тоглолтод оролцож өөрийн үе тэнгийн хөгжимчин хүүтэй хослон хөгжимдөж буй. Энэ авъяаслаг сурагч Японы Эзэн хаан, эрхэм дээд Хатанд тоглолтоо толилуулсан нь Хоофү хотынхны хувьд бас нэг бахархалт үйл явдал байв. Хакудэ Ичи хүү үе тэнгийнхээ монгол сурагч А.Түшигтэй хамтран Америкийн хүүхэлдэйн киноны хөгжим бичиж алдаршсан хөгжмийн зохиолч Лэй Харлины “Одонд хүслээ шивнэх нь...” бүтээлийг чадварлагаар хөгжимдөх үед Хоофү театрын “Аспирата” танхимын суудлыг дүүргэсэн 600 гаруй үзэгч нутгийнхаа хөгжимчин хүүд баяр хүргэж алга нижигнүүлж байсан. Төрөлх хотынх нь уугуул хатагтай, хотынх нь сурагч хүү энэ концертод тэргүүлэх үүрэгтэй оролцож буй болоод ч тэр үү Хотын захиргаа, тэдний ажилтан залуус уг тоглолтыг аль болох сайн сайхнаар зохион байгуулахад их ач холбогдол өгч буй нь алхам тутамд мэдрэгдэж байлаа. Концертын зар рекламыг театрын гадна ч, хотын захиргааны үүдэнд ч, бас хурлынхаа заал танхимд ч, биднийг дайлж цайлсан “Хоофү Гранд Отель”-ийн үүдэнд ч байршуулсан байв. Тоглолтын үеэр улаан шар хүрэмтэй залуус“Аспирата” танхимын гадна ч дотно        

 

“Хоофү театр”, театрын үүдэндэх Морин хуурын чуулгын концертын зар реклам

ажил үүрэг гүйцэтгэн гүйлдэж байлаа. Уртын сайхан дуу, морин хуурын хүнгэнэсэн аялгуу, сонгодог дуу хөгжим эгшиглэсэн цаг гаруйн концерт Хоофү хотынхны таалалд ихэд нийцэв. “Монголын тал нутаг”, “Наран мэлмийт эх орон”, Япон ардын “Цуки но сабаки”, “Ханава саку” дууг дуулсан дуурийн дуучин, баритон Б.Монголхүү, сопрано Б.Энхнаран нарыг япон үзэгчид өмнөх хэдэн тоглолтын төгсгөлийнх шиг алга нижигнүүлсээр нөгөө “Фүрүсато” буюу “Төрсөн нутаг”хэмээх япон дууг нь дуулуулж сэтгэлийн таашаал авцгаана лээ.

Тоглолтын төгсгөлд Хоофү хотын өмнөх Захирагч Мацура Масатошитай уулзаж ярилцав. Тэрээр нутгийнхаа уугуул Сато Норико саны зохион байгуулж ирсэн Япон Монголын харилцааг хөгжүүлэх талын бүх үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэнээ ярианыхаа эхэнд өгүүлж байв. “Токиод болсон Эн Эйч Кэй Холлын тоглолтын таван зуун тасалбарыг би борлуулж өгсөн. Нийт тасалбарын бараг 20 хувь нь гэсэн үг. Манай Хоофү хотынхон ч Токиод олноороо очиж тэр тоглолтыг үзлээ. Тоглолт манайханд таалагдсан байхаа. Эзэн хаан, Хатан үзсэн концерт шүү дээ. Өнөөдөр манай хотынхон нутагтаа энэ сайхан тоглолтыг үзлээ. Хотын маань уугуул иргэн Сато Норико энэ аялан тоглолтыг зохион байгуулж, бас энэ концерт хөтлөж явууллаа. Манай хотын дунд сургуулийн сурагч Хакудэ Ичи дэлхийн алдартай хөгжмийн зохиолчын сонгодог аялгууг монгол найзынхаа хамт гоцлон хөгжимдөж нутгийнхандаа авъяас чадвараа үзүүллээ. Концерт үзсэн хотын маань иргэд бүгд л сэтгэл хангалуун байх шиг байна. Монголын тал нутагт очоод ирсэн юм шиг сайхан сэтгэгдэл төрлөө” гэж тэрээр өгүүлж байв. “Та Монголд очиж байсан уу, Монголын тухай аль хэр мэдэх вэ, монголчуудын тухай ямархуу сэтгэгдэлтэй байдаг вэ?” гэж асуухад “Монголд очиж байсан, хотын захирагч байхдаа ч монголчуудтай харилцаа холбоотой байлаа, одоо ч би тэр харилцаагаа үргэлжлүүлж л байна, үүний маань илэрхийлэл энэ байна...” гээд зүүж буй ороолтынхоо үзүүрийг өргөж бидэнд харууллаа. Монголын ноолууран ороолт аж. Ороолтын үзүүр дэх компанийн эмблемтэй зэрэгцүүлээд өөрийнхөө нэрийг нэхүүлчихэж. “Би монголын ноолууран бүтээгдэхүүнийг ойр тойрныхондоо ингэж сурталчилдаг юм” гэж байв эрхэм Мацура Масатоши.

 

Мацура Масатоши сан           

Залуус концертын хөтөлбөр танилцуулгыг үзэгчдэд тарааж байна

Тоглолт дууссаны дараа автобусанд суух үеэрээ бас нэгэн үзэгчтэй тааралдаж сэтгэгдлийг нь сонсох завшаан олдлоо. Ямагучи мужийн Үбэ хотоос Д.Сийлэн гэх оюутан охин концерт үзээд гарч ирж өөрийн хамаатан садны ах, Морин хуурын чуулгын гоцлол морин хуурч Н.Жигжиддоржтой автобусны дэргэд уулзаад зогсож байлаа. Тэрээр Үбэ хотын Их сургуульд Барилга архитекторын мэргэжлээр дөрөвдэх жилдээ суралцаж буй аж. Японы Засгийн газрын 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд 2019 онд Үбэ хотод ирж байжээ. Хоофү хотод тоглох концертын сураг дуулаад

өнөөдөр энд хүрэлцэн ирж концерт үзлээ гэж байв. Ковидын хөл хорионоос болоод сүүлийн жилүүдэд нутгаа явж чадаагүй болохоор гэр орон, нутаг усаа ихэд санаж байгаа гэнэ. Монгол хүмүүсээ хараад хэсэг хугацаанд нутагтаа байгаа юм шиг л санагдлаа гэж ярив тэр оюутан охин. Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, гоцлол морин хуурч Н.Жигжиддорж, морин хуурч Ж.Уугантуяа нартай зургаа авахууллаа. Баруун гараас хоёрдахь нь Үфэ Их сургуулийн оюутан Д.Сийлэн.    Үргэлжлэл бий

Хоофү хот   Д.Цэдэн-Иш.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?