Морин хуурын чуулгын дараагийн тоглолт Кюүшү арлын Фүкүока хотын “Хаката” хэмээх театрт товлогдсон байв. Хоофү хотын” Аспирата” танхимд болсон оройн тоглолтоос буцаж ирсэний дараа аялан тоглолтод оролцогчдоос Ковидын шинжилгээ авах ажил Япон талынхан зохион байгууллаа. Нэг л хүн ковидоор өвдвөл бүх тоглолт цуцлагдах болно шүү гэж аялан тоглолтын ахлагч Сато Норико сан байнга анхааруулж болгоомжлуулж байсан болохоор жүжигчид, хэвлэл мэдээллийн бид ч амны хаалтаа байнга зүүж, бас гарын ариутгал халдваргүйжилтыг сайтар хийцгээж явсан юм. Япон даяараа л энэ дэг журмыг сайтар сахих юм билээ. Зочид буудал, зоогийн газарт гар ариутгагч, нэг удаагийн бээлий байнга зэхээстэй байв. Манай автобус ч ийм хангамжтай, бас амны хаалт хангалттай тавиастай байлаа. Тийм болохоор аялагч зорчигч бид амар тайван талдаа явцгаасан юм. Зочид буудлын хөлийн танхимд хүн бүрт ковидын шинжилгээ авах нэг удаагийн хэрэгсэл өгөв. Бүгдээрээ нэрсээ тэмдэглүүлээд өрөө өрөөгөө зүглэцгээв. “Айхгүй ч гэсэн аягүй...” гэгчээр бас ямар гээч хариу гарах бол гээд бүгд л царай баргардуу байцгаах шиг байна лээ. Нэг өрөөний Байгальжав (Морин хуур урлаач) бид хоёр ч сэтгэл тийм ч амгалангүй бусдын өрөө рүү утасдангаа заавар зөвлөлгөө авч байв. Нутагтаа шинжилгээ өгч хамар амаа ухуулж байсан болохоор бага шиг дадал туршлага бидэнд бас байлаа. Нэг удаагийн шинжилгээний бяцхан шилэн хуруувчийн цонхонд нэг зураас гарчихаад цааш нэмэгдэхгүй хэсэг байх тэр агшиныг улам удаасай гээд л амьсгаа даран хүлээж байв. Хорь гучин хором өнгөрсний дараа сая л сэтгэл тайтгарч байлаа. Мэдээж бид хоёрын хэн нэгээс нь ковид илэрлээ гэвэл ямар сайн байх вэ дээ, хамт байсан гээд нөгөөх нь тусгаарлагдана, үлдсэн тоглолтууд цуцлагдана гээд л аюул эрсдэл ар араасаа цуврах болно шүү дээ... Шинжилгээнийхээ хариуг ахлагчдаа зургаар нь илгээчихээд амар тайван унтаж амарлаа бид хоёр.
...Өглөөний цайны дараа товлосон цагтаа автобусандаа бүрэн бүрэлдэхүүнээрээ сууцгаалаа. Манайхан бүгд энх тунх гэнэ. Фүкүока хүртэл зуун наян км гэх мэдээлэл байв. Зам зуурын байгаль, хот тосгон, энэ тэрийг харж нүд хужирласаар явтал нэг мэдэхэд зорьсон газраа дөхөөд иржээ. Далай тэнгисийн хаяанд унаа маань түр зогсож манайхан зураг хөрөг болцгоов. Цэлийсэн их усан дээгүүр тавьсан уртаас урт энэ гүүрийн үзүүрт Фүкүока гэсэн сум заасан самбар байв. Эндээс таван км давхиад хот руу орох юм байна гэж манайхны япон хэл мэддэг нэг нь хэллээ.
Манай нийслэлд хасах гучин хорин хэмтэй, утаа униар, шороо тоостой хүйтэн өдрүүд үргэлжилж байна гэх мэдээтэй энэ өдөр сая таван зуун мянган хүнтэй Фүкүока хот биднийг зөөлөн сэвшээ салхитай цэвэр тунгалаг агаартай цэцэг ногоо алагласан эко орчноороо угтлаа. Манайх шиг машин тэрэгний түгжрэл гээч юм алга. Кюүшю арлын Фүкүока хэмээх энэ цэмцгэр хот бол монголчууд бидний хувьд дотно танил хот гэж хэлж болохоор. Манай алдарт уртын дууч Н.Норовбанзад гуай ерээд оны эхээр энэ хотод анх ирж тоглолт хийж байж. Ардын урлагийнхан, морин хуурчид, хөөмийчид ч Япон оронд, бас энэ хотод ирж тоглож урлаг соёлоо танилцуулж байсан тийм цаг үе юм тэр ерээд он. Дал наяад оноос л Фүкүока хотод Ази тивийн соёл урлагийн хэд хэдэн арга хэмжээ жил бүр зохиогддог уламжлалтай болжээ . Монголын нэрт уртын дууч Намжилын Норовбанзад гуай 1993 онд энэ хотод хүрэлцэн ирж “Фүкүокагийн Азийн соёлын шагнал” хэмээх өндөр нэр хүндтэй шагналын эзэн болсон түүхтэй юм байна. Үүнийг бичигч миний бие тэр жилийн зуны нэг өдөр эрхэм дууч Н.Норовбанзад гуайг Улаанбаатар зочид буудлын хөлийн танхимд энэ удаагийн аялан тоглолтыг зохион байгуулагч Сато Норико хатагтайтай уулзуулж байв. Өмнөх нэгэн нийтлэлдээ “Ардын эрх” сонины 1990 оны “Байгаль хамгаалах Хөвсгөлийн форум”-аас хойш Сато Норико сантай ажил албаны олон талт харилцаатай явж ирсэн тухай нэгэнтээ дурдан бичсэн дээ. Тэр ажлынхаа хүрээнд л Монголд ирэхэд нь миний бие энэ хатагтайд замч зууч болон үйлчилж байсан хэрэг. Сато Норико сан ч Монголын урлаг соёлынхныг Япон оронд танилцуулж эхлээд байсан цаг үе байж. Ардчиллын дууч гэгддэг “Хонх” хамтлагийг Токио болон бусад том хотуудад тоглуулах ажлыг энэ хатагтай хариуцаж зохион байгуулсан юм билээ. Ардын урлагийнхан, тэр дундаа уртын дууч, хөөмийч, морин хуурчдын баг хамт олныг Японд анхлан тоглуулах ажлыг ч Сато сан зохион байгуулж байсныг би мэдэх юм. Нэрт хөөмийч Д.Сундуй, Н.Сэнгэдорж, уртын дууч Ш.Чимэдцэеэ, нэрт морин хуурч И.Цогбадрах, Ц.Батчулуун гээд олон нэр энд дурдаж болно доо. Эрхэм дууч Н.Норовбанзад гуайд “Фүкүокагийн Азийн соёлын шагнал” хүртээсэн сайхан мэдээг нь дуулгаж, хэдийд хэрхэн яаж очих талаарх асуудлыг ярилцаж тохиролцох Улаанбаатар зочид буудлын тэр уулзалтад алдарт дуучин маань өөрийн хань, нэрт зохиолч Н.Банзрагч гуайтайгаа хамт ирсэн байв. Сайхан мэдээ сонсож баярласан Н.Норовбанзад гуай “Би ханьтайгаа хамт очмоор байна, болох болов уу?...” гэж их л даруухнаар асууж Сато сан “Фүкүока сангийнханд таны хүсэлтийг би уламжилж өгье” гэж ярьж байсныг би санаж байна. “Монголчуудыг бид зүгээр л шалтгаангүйгээр хайрладаг” номдоо ч энэ талаар Сато сан дурсан бичсэн байна лээ. “Фүкүокагийн Азийн соёлын шагналыг урлагийн төрлөөр анх удаа монгол хүн хүртэж буй нь энэ юм. Шагналын сан нь гурван сая иен, шагнал гардуулах ёслолд миний бие Н.Норовбанзад гуайтай Фүкүокад хамт очсон юм. Дуучин маань их гоё ногоон дээл, тогосын өд хатгасан сүрлэг өндөр малгай өмссөн байв. Тайзан дээр тэрээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Тэнд байгаа хүмүүс анх удаа түүний дуулснаар монголын уртын дуу сонсож буй бөгөөд танхимд талын салхи үнэртэх шиг тийм мэдрэмж төрөхүйц гайхамшигтай сайхан дуулсан юм дуучин маань. Морин хуурыг нь нэрт морин хуурч Ц.Батчулуун гуай тоглосон юм. Тоглолтын дараа Фүкүока дахь NHK-д ярилцлага өгч, хотын даргатай уулзах зэрэг богино хугацаанд шахуу хөтөлбөртэй байлаа. Нэрт дуучин маань ханьтайгаа хамт ирсэн юм. Халамжтай сайн хүн байсан хань нь...” гэж Сато Норико сан номдоо бичжээ. “Фүкүокагийн Азийн шагнал”-ыг хүртсэн хоёрдахь монгол хүн нь Монголын нэрт эрдэмтэн, академич Шагдарын Бира гуай аж. Шинжлэх ухааны чиглэлээр хүртсэн юм байна. Энэ их эрдэмтэнд Фүкүокад шагналыг нь гардуулахад ч Сато Норико сан уригдан оролцжээ. Энэ талаарх дурсамжаа ч номдоо өгүүлсэн байна лээ. Ингээд бодохоор Фүкүока хот монголчуудын хувьд танил төдийгүй бас ээл ивээлээ хайрласан хот аж. Тус хотын иргэдэд ч монголчууд үүгээрээ бага ч атугай танил болсон байх. Монголын олон арван тамирчин хүч чадлаа сорьдог сүмо бөхийн тухайн жилийн сүүлийн барилдаан энэ Фүкүока хотод болдог. “Кюүшү башё” хэмээн нэрлэгддэг энэ башёд манай Асашёорюү, Хакухо, Харүмафүжи, Какүрүю аваргууд манлайлан барилдаж түрүүлж байсан нь бас олонтоо. Монгол аваргууд маань энэ хотод монголоороо дуудуулан олонтоо цоллуулж байсан болохоор Фүкүокагийн иргэд Монгол орон, монголчуудын тухай зарим талын ойлголттой болсон байх талтай. Монголын Их Юань улсын Хубилай хааны цэрэг олон зууны тэртээ буюу 1274, 1281 онд энэ Фүкүокогийн “Хаката” буланд далайн хар салхинд дайруулж Японы цэрэгт бут цохигдож эхний удаад дөчөөд мянган монгол цэрэг энэ нутагт ясаа тавьсан эмгэнэлт нэгэн түүх бас буй. Хоёрдахь удаагийн тулаанд ч түүнээс олон мянган цэрэг хар салхинд цохигдон сүйрч байжээ. Энэ эмгэнэлт түүхийн ул мөр болсон хөшөө бунхан Фүкүока хотын баруун зах Япон тэнгисийн зүүн эрэг болох “Хаката” буланд байдаг юм байна. Энэ талын мэдээлэл ч элбэг юм. Манай нэрт эрдэмтэд, зохиолч, сэтгүүлчид энэ газар очиж эргэл тойрол болж байсан тухайгаа бичиж тэмдэглэснийг нь сонин хэвлэл, цахимаас би урьд өмнө уншиж байлаа. Сэтгүүлч Б.Ганчимэг, Х.Бүрэнтогтох нарын эрхлэн гаргадаг байсан долоо хоног тутмын “Open Door” сонинд гурван жилийн өмнө ахмад зохиолч, нийтлэлч Нямжавын Сүхдорж эрхэм Япон орноор аялсан тэмдэглэлдээ энэ “Хаката” буланд очиж монгол цэргийн оршуулга, бунханд мөргөж эмгэнэн гашуудсанаа өгүүлж зураг хөрөгтэй том нийтлэл сонинд тавьсан байсан. АНУ-ын Виржини мужид ажиллаж амьдардаг Дагвасамбуугийн Алтангэрэл гэх эрхэм Фүкүокад ирж энэ “Хаката” буланд очиж монгол цэрэг эрсийн тэр булш бунханг эргэсэн талаараа “Хубилай хааны флотын мөрөөр 700 жилийн дараа...” гэх гарчигтай том нийтлэл цахимд оруулсан байсныг би саяхан Хоофү хотод байхдаа сонирхож уншсан юм. Аав нь газар зүйн нэрт эрдэмтэн, монголын газрын зураг зохиолцож явсан хүн аж. Тэрээр бичихдээ “Аав минь Монголын түүхэн газрын зураг гэх ном дээрээ ажиллаж байлаа. Аав газрын зураг ширтэж байгаад “Энд Кюүшю арал байна. 1274 онд Хубилай хааны тушаалаар дөч гаруй мянган цэрэг эр, олон зуун усан онгоц хөлөглөн Япон орныг зорьж далайн шуурганд нь сүйрсэн юм“ хэмээн гунигтайхан өгүүлж байлаа. “Зуу сонсохоор нэг удаа үз” гэсэн ардын минь сайхан үг бий. Цаг гарган Фүкүока хот явж тус хотын “Юань гүрний байлдан дагуулагчдын түүхийн музей” гээчийг үзлээ. Энэ музейн эх суурийг бүр 1894 онд тавьсан аж. 1980 оноос далайн гүнд судалгаа хийх хэсэг байгуулан Такашима арлын орчим Монголын усан флотын үлдэгдлийг тандах ажил хийжээ. Музейн үзмэрийн ихэнхийг арлын оршин суугчид бэлэглэсэн байна. Далайн усанд идэгдэж хуучирсан зангуу, зэвэрсэн дөрөө, хөвд замагт дарагдан танихад бэрх болсон сэлэм гэмээр зүйл, ваар савны үлдэгдэл, бурхан, эвдэрхий шат хүртэл тэр музейд байна. Эндэхийн Кишида сүмд монголын байлдааны хөлөг онгоцны том чулуун хоёр зангуу, Хакозаки дуганд модоор хүрээлсэн 250 кг хүнд бас нэг чулуун зангуу байхыг үзлээ. Хакозаки сүмд “Монгол довтолгооны хуйлмал бичиг (Моко Шурай экотоба)” хэмээх номын хуулбар байна. Энэхүү зурагт номын жинхэнэ эх нь Токио дахь Эзэн хааны музейд хадгалагдаж байдаг аж. Энэ хуйлмал номыг бичсэн Такезаки Суенага гэх хүн бол Күюшю арлын Хюго мужийн харъяат иргэн бөгөөд 1274,1281 оны хоёр тулалдаанд биечлэн оролцсон хүн юм. 1281 оны наймдугаар сарын 15-аас 16 -нд шилжих шөнө Такашима арлын орчим аймшигт хар шуурга дэгдэж Хубилай хааны флотыг хормын дотор далайн мандлаас арчин хаясан гэдэг. Умард жигүүрийн дөрвөн түмэн цэргийн дөрөвний гурав, өмнөд жигүүрийн зуун мянган цэргийн дийлэнх нь далайд үйж сураггүй болж. Энэ үеэс эхлэн япончууд тэр далайн хар шуургыг бурханаас илгээсэн Тэнгэрлэг салхи буюу Камиказэ хэмээн сүслэн бишрэх болсон юм билээ. “Наран улс эсвэл мөхнө, эсвэл сэхнэ” уриан дор 1276 оноос Хаката булангийн эрэг дагуу бэхлэлт хамгаалалтын хорь гаруй километр чулуун хана босгосон аж. Хана гурван метр өндөр, дээд талын өргөн нь хоёр метр, суурийн өргөн гурван метр трапец хэлбэртэй маш нүсэр байж. Энэ чулуун ханын 300 гаруй метр үлдэгдлийг япончууд 1931 онд малтан гаргаж түүхийн дурсгал болгожээ. Хэд хэдэн газар “Монгол довтолгооноос хамгаалан босгосон хана” гэсэн бичигтэй чулуун хөшөө босгосон юм байна.
Далайн шуурганы дараа Такашима арлын Таван луут ууланд хоргодож япон цэргүүдтэй удтал тулалдаж “Хаката” буланд амь үрэгдсэн монгол цэргүүдэд зориулан япончууд 1928 онд дурсгалын чулуун хөшөө босгосон аж. Тэр чулуун хөшөөг Мокоцука хэмээн нэрлэдэг юм байна. Сүүлчийн тулалдаанд оролцсон Монгол цэргийн зарим нь бууж өгч Японд амьдарч байсан тухай домог ч
байдаг юм байна. Энэ домгийг батлах гэсэн мэт нэгэн баримт Аомори мужийн Ичи-Ура гацааны түүхэнд тэмдэглэгдсэн байдаг гэнэ. Тэнд бичсэнээр, дөчин хоёр монгол цэрэг эвдэрхий салан дээр хөвсөөр энэ нутагт ирсэн юм байх. Тэднийг асарч тэнхрүүлээд буцаасанд Хубилай хаан хожмоо энэ Ичи-Ура гацааныханд арван долоон азарга бэлэглэсэн гэжээ. Мөн Япон тэнгисийн эрэг хавь Цугару нутгийн бүүвэйн дуунд “Дэлдгэрхэн хүү минь бүү уйл, Дэргэдэх далайгаас монгол гараад ирнэ шүү...” хэмээн дуулдаг нь өнөө хүртэл уламжлагдсан үлдсэн гэнэ. Хубилай хааны флот 1281 онд далайн шуурганд сүйрч Монголын аюулаас аврагдсаны ойг Фүкүока, Такашима арлынхан 50 жил тутам тэмдэглэдэг аж. Иймэрхүү утгатай тэмдэглэл мэдээлэлүүд сонин сэтгүүл, цахим сүлжээнд ер нь элбэг юм... Алс америкийн Виржинид оршин суугаа Д.Алтангэрэл хэмээх тэр эрхэм “...Шөнө орой болжээ.Зочид буудлын өрөөнд бүгчим санагдаж гадагш гарлаа. Далай давалгаална, сэрүү татна. Хубилай хааны флотын хоёр дахь довтолгооноос сэргийлэн босгосон чулуун ханын үлдэгдэл алсад бараантан харагдана. Хэдэн зуун жилийн өмнө энд амь насаа алдсан Монголын мянга мянган цэрэг эрийн сүнсийг даатган Бурхандаа залбирлаа. Маргааш Токио руу буцна. Өчигдөр Хисами сан надад Японы түүхэн өгүүлэл нэртэй ном бэлэглэсэн. Тэр номд Монгол флотын довтолгооны тухай, Хубилай хааны тухай маш товчхон өгүүлсэн байсан нь санаанд оров. Эцэг өвгөдийн минь түүхийг, хүмүүний бүхэл бүтэн нэгэн эринд ялагч, бүтээн цогцлоогч байсан Монголчуудын түүхийг биднээс өөр хэн ч үнэн мөнөөр нь бас халуун дулаан сэтгэлээр бичихгүй билээ. Шөнө дөл эргэн тойронд түнэр харанхуй. Харин Хаката булангийн тэртээ Япон тэнгис дээгүүр салхи исгэрэн шуугина” гэж нийтлэлээ дуусгажээ...
Хот хөдөөгүүр хамтдаа аяладаг миний анд архитекторч, МУ-ын гавьяат барилгачин Норовын Цогтоо өнгөрсөн намар Японд аялахдаа Фүкүокагийн “Хаката” буланд очиж Монгол цэргийн булш бунханд хүндэтгэл үзүүлсэн юм билээ. Намайг Японд явах тухай мэдээ сонсоод тэрээр “Хаката” буланд авсан зургаа надад мэдээлэл болгон ирүүлж байлаа. “Mongolian Mound (The Mongolian Memorial)”гэх япон, англи, хятад солонгос хэл дээр гарчиглан бичсэн хаягтай ногоон чулуун баганат самбар түүний ирүүлсэн энэ зурагт тод харагдаж байна лээ. Англи бичээсийг нь орчуулбал “Энэ газарт 1274 болон 1281 онуудад Монголчуудын дайралт болсон, энэ газрыг эртнээс Күбикиризүка буюу Толгой авах толгод гэж нэрлэдэг байжээ. Энэхүү хөшөө дурсгалыг 1927 онд дээрх хоёр тулаанд амь үрэгдсэн Монгол дайчдад зориулан босгов” хэмээх утгатай аж.
“ Фүкүока хотын баруун зүгт жижиг хойгийн эрэг дээр 1274 онд дайлаар очсон Хубилай хааны монгол цэргүүдийн дурсгалд зориулан босгосон гэрэлт чулуун хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүллээ. Сонин мэдрэмж, бодол төрж байв. Хамгийн анхных нь дурсгалын чулууг 1500 онд, дараа нь 1927 онд тэр том ногоон чулуун хөшөөг босгожээ” гэх тайлбарыг Н.Цогтоо анд эдгээр зургийнхаа дор бичсэн байна лээ.
Нэрт түүхч, академич Ч.Далай гуай хэдэн жилийн өмнө энэ Кюүшү арлын хавьд олон улсын эрдэм шинжилгээний нэгэн хуралд оролцохдоо Монгол цэргийн энэ булш бунханд очиж хүндэтгэл үзүүлж явсан байдаг. Энэ тухайгаа зохиолч сэтгүүлч Го.Нямаа, Б.Номинчимэд хоёрт хуучилж ярьсаныг нь зохиолч сэтгүүлч Б.Номинчимэд ном зохиолдоо тэмдэглэсэн байх юм билээ. Тэнд бичсэнээр академич Ч.Далай гуай Алтай, Хангай, Хэнтийн уулсаас нэг нэг чулуу, энэ гурван их уулсын оргил Мөнххайрхан, Отгонтэнгэр, Асралтхайрханы арцнаас дээж авч явсан юм байна. Бас талын хөх хомоол нилээд хэдийг авч явж. Японы гаалийнхан ийм сонин хачин бараа тээвэрлэн яваа өвгөн эрдэмтэнийг ихэд гайхан эргэлзсэн ч олон оронд нэр нь танигдсан эл эрдэмтнээс хурааж зориглоогүй аж. Өвгөн эрдэмтэний өгүүлснээр бол, Хубилай хааны флот энэ далайд сүйрэхэд хятад болон солонгосууд язгуураасаа өвсөн идэштэй, хөнгөн биетэй болохоор тэдний шарил далайн давстай усанд амархан нэвчиж, бүгд живж махчин загаснуудын хоол болсон байх гэх. Харин махан идэштэй, цул биетэй, тэнгэр шүтлэгтэй монголчуудын шарил толгой дараалан далайн мандал дээр хөвөн гарч ирж байсан юм байх. Тэр бүгдийг япончууд цуглуулан “Хаката” булангийн хадан хавцалд булж тэнд нь чулуун хөшөө, бунханыг босгосон гэх. “Нутгаасаа авч гарсан арц, хомоолоо унгасган, монгол эрсийн долоон зууны турш чилсэн сүнсэнд эх нутгийнх нь үнэрийг аваачиж, эх нутгийнх нь чулууг шигтгэн залбирч суухад өөрийн эрхгүй нулимас минь асгарч байсан шүү” хэмээн их академич Ч.Далай гуай зохиолч эрхэмүүдэд хуучилсан аж. Б.Номинчимэд зохиолч энэ сэдвийг хөндсөн түүхэн роман бичээд удахгүй уншигчдынхаа гарт хүргэх гэж буй гэнэ. Фүкүока, “Хаката” булангийн энэ эмгэнэлт түүх монголын утга зохиол, урлаг соёлд ч зохих байр сууриа эзлэх нээ. Бидний монголчууд эртний эмгэнэлт түүхээрээ ч, энэ цагийн ажил амьдрал, урлаг соёлын харилцаагаараа ч Фүкүока хот, “Хаката” булантай багагүй холбоотой хүмүүс юм. Хотын зах хязгаарт орж ирсэн цагаасаа энэ бүхнийг эргэцүүлэн бодож явав. Боломж гарвал “Хаката” буланд буй Монгол цэргийн тэрхүү булш бунхан, хөшөө дурсгалыг өөрийн нүдээр үзчих юмсан гэх бодол төрж байлаа. Аялан тоглолтын хөтөлбөрт “Монголын салхи” концерт Фүкүока хотын “Хаката” театрт болно гэж бичсэн буй. Монгол цэргийн булш бунхан оршдог далайн булангийнхаа тэр нэрээр театраа нэрлэчихэж. Эвдрэх нэг өдөр байхад эвлэрэх нэгэн зуун, нэгэн эрин байдаг юм байна гэх эерүү бодол төрж байлаа. Монголын Морин хуурын чуулгын энэ удаагийн тоглолт Монгол Японы ард түмний эв найрамдал, шинэ цагийн найрсаг харилцааг энхэлж мөнхөлсөн түүхт нэгэн хуудас мөн билээ.
Продюсер Хидеаки Хори эрхэмийн тухай хэдэн үг. Манай аялан тоглолтын баг замаасаа “Хаката” театрт шууд буучихлаа. Урьд өмнийн жишиг ёсоор хоёроос гурван цаг тайзны бэлтгэл сургуулилт хийгээд орой 17.00 цагаас тоглолтоо хийх гэнэ. Тоглолтыг удирдан зохион байгуулж буй япон тал, Сато Норико саны баг энэ аялан тоглолтын хугацаанд ажил амралт, хоол унд, тоглолт сургуулилтын цаг хугацааг бүр эртнээс нарийн боловсруулж бүх ажлыг уялдуулан зохицуулж байдаг нь аялан тоглолт эхэлсэн анхны өдрөөс л надад мэдрэгдэж байсан юм. Хөгжил дэвшил нь цаг хором бүрээр нарийн тооцогдож аливаа ажил хэрэг олон талын уялдаа холбоотой явдаг энэ Япон оронд тийм байхаас ч аргагүй. “Хаката” театрын үүдэнд манай багийг тус театрын найруулагч продюсер Хидеаки Хори сан угтлаа. Энэ эрхэм бидэнтэй, чуулгын удирдаач жүжигчидтэй аль Осака хотод байх үеэс л танил болсон нэгэн. Тэнд болсон тоглолтуудыг үзэж өөрийн театрт ямар байдлаар, ямархуу найруулгатай тоглуулахыг бодож төлөвлөж явсан нь тэр юм билээ. Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан болон аялалын багийн удирдагч Сато Норико сантай Осакагийн тоглолтуудын үеэр тэр олонтоо уулзаж, олон ч асуудал хэлэлцэн тохиролцож байсан юм.
Зүүн талаас хоёрдахь нь Фүкүокогийн Продюсер, найруулагч Хидеаки Хори эрхэм
Манайхны орчуулагч, зарим жүжигчдээс бөхийн зодог шуудаг олж өгөх боломж буй эсэхийг тэрээр асууж сураглаж байсан юм. Монгол бөхчүүд дэвж шаваад гарч ирж буй үзүүлбэрийг хотынхоо үзэгчдэд толилуулчих санаатай Хори сан хөөцөлдөөд явсан нь тэр юм. Ажил албандаа хариуцлагатай, бас чин сэтгэлээсээ ханддаг япон хүмүүсийн нэг төлөөлөл байлаа энэ Хидеаки Хори сан. “Хаката” театрт ирэхэд тэрээр жүжигчдийн багийг угтан авч бэлтгэл сургуулилтын бүх талын ажилд идэвхийлэн оролцож байв. Тайзнаа бага шиг гэр бариулсан нь Фүкүокогийн үзэгчдэд монгол уур амьсгал, монгол ахуйг мэдрүүлэх гэсэн тийм шийдэл байлаа.
Эрхэм Хидеаки Хори, Сато Норико сан гэр барьсан ажилтнуудтай хамт
Дуучид, хөгжимчид бүгд л өөр өөрсдийн бэлтгэл сургуулилтыг энэ тайзнаа зохицуулан хийж байлаа. “Хаката” театрын энэ концерт өмнөх тоглолтуудаас арай өөр түвшинд болохоор байв.
“Уулс туульс” магтаалынхан гэрийн дэргэд сургуулилтаа хийж буй нь
Гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран хөгжимчидтэйгээ бэлтгэлээ ийн базаалаа
Бэлтгэлээ дууссан зарим нь аян замын ядаргаа тайлж түр амарч байна
Энэ “Хаката” нь японы алдартай Кабуки дуурь, бас сонгодог урлагийн томоохон концерт, балетийн тоглолт, нэртэй жүжигчдийн шоу тоглолт зохион байгуулдаг нилээд өндөр зэрэглэлийн театр юм байна. Дэлхийн томоохон театруудын адил партер болон хоёр гурван давхар бельтаж ложтой аж. Нийт 1500 суудалтай, суудал, хана тааз, тайз танхимын гэрэлтүүлэг энэ тэр нь бүхэлдээ тансагдуу.
Япон хүүхдүүдэд бүрэн хэмжээгээр үзүүлсэн “Сүхийн цагаан морь” үлгэрийн тоглолтыг энд илүү чанаржуулж тоглохоор болсон байв. Үлгэрийг мэргэжлийн жүжигчний сургуулийн сурагч япон охин уншиж сургуулилж байлаа. Үлгэрийн зургийг ч тайзны хэмжээнд дүйцүүлэн театрын том дэлгэцээр үзүүлж байв. Энд концертын танилцуулга хөтөлбөрийн тухай дэлгэрүүлж ярихаас аргагүй. Театрын суудал бүрт “Монголын Морин хуурын чуулга Японд” гэх танилцуулга, мөн Фүкүокад тоглох энэ өдрийн концертын улаан, шар, ногоон морьд давхиж буй зурагтай улбар шар хөтөлбөрийг тавьсан байв. Концертыг “Монголын салхи” хэмээн нэрлэж хоёр нүүр хөтөлбөрийн эхний нүүрэнд бяцхан гялгар ууттай арц байршуулчихаж. Нийт 1500 хөтөлбөрийг ингэж бэлтгэнэ гэдэг уйгагүй шаргуу
хөдөлмөр. Арц гангын үнэртэй монголын салхийг Фүкүокогийнхоо үзэгчдэд мэдрүүлэхийг л Хори продюсер хичээжээ. “...Сато сан арц авчрах үүрэг өгөөд байна” гээд орчуулагч Ц.Бурмаа Япон явахаас арваад хоногийн өмнө ярьж байсан юм. Сато Норико саны бичсэн номонд “Монголын үнэртэй салхинд би татагдсан” гэх тодотгол гарчигтай бүлэг байдаг юм. Түүнийг уншсан япон танилууд нь тэр нь чухам ямар үнэр юм бэ гээд Сато саныг асуултаар булаад байдаг юм байх. Фүкүокагийн Хори продюсер ч бас тэдний нэг аж. Тэгээд л хамгийн олон үзэгчтэй “Хаката” театрт “Монгол арц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь энэ аж. Бурмаа сан Гандан хийдийн тэргүүн Чойжамц хамбатай ярьж арц авах хүсэлтээ тавьж. Сато сан Их хамбатай олон жилийн өмнөөс харилцаа сайтай яваа нэгэн. Японы зарим сүм хийдтэй Гандан хийдийг холбож тэдний хоорондын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан хүн. Тийм болохоор Чой хамба ч энэ талд уриалгахан хандсан юм. Орчуулагч Ц.Бурмаа бид хоёр Гандан хийдийнхний бэлтгэсэн торгон ууттай сайн чанарын нэжгээд арцыг хийдийн сангаас сар гаруйн өмнө хүлээн авч байв.
Токио авч явах, хилээр гаргах ажлыг орчуулагч Бурмаа яаж ийгээд зохицуулсан байлаа. Өвс ургамал талын бараа болохоор элдэв зөвшөөрөл шаардагдах юм билээ. Тэгээд ч манайхны энэ талын хүнд суртал их шүү дээ. Бурмаа сан аз мэдсэн хэрэг гээд манай яам тамгынхан, NHK-ийн тоглолтын удирдлагын багийн дипломат паспорттой гурван эрхэмд арцаа хувааж өгөөд л аз болоход тэр арц нь хэл амгүй Токиод хүрсэн байв. “Хаката” театрт тоглох концертын хөтөлбөрт хавсаргасан ууттай арцанд бяцхан танилцуулга наасан байна лээ. “Монголын үнэрт ургамал, концерт хөтлөгчийн тайлбарласнаар нээж үзээрэй ”гэж бичжээ гэж манайхны япон хэлтнүүд надад орчуулж өгөв.
“Номун ханы сакура”. Жүжигчид бэлтгэлээ базааж байх явцыг хэсэг ажиглангаа театрын танхимтай танилцахаар тайзнаас буув. Танхимын арын суудалд хэдэн хүн яриа болж байхтай таарлаа. Сато Норико саны тухай “Монголын талд ургасан япон сакура” хэмээх баримтат кино хийж яваа киноны нэрт найруулагч, Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Нагнайдорж эрхэм баримтат киноныхоо багтай энд хүрээд ирчихэж. Бас нэг япон эрхэмтэй ярилцаад сууж байв. Нутагт байхдаа Сато саны тухай тэр кино материалд нь дурсамж яриа өгч эрхэм найруулагчтай танилцаж байсан болохоор хуучны танилын ёсоор мэнд ус болж уулзацгаалаа. “Бас нэг баримтат кино нэмж хийхээс аргагүй боллоо, олз омогтой шүү...” гэж байна, Нагнай найруулагч. Хамт суугаа япон хүн нь Халхын гол, Номун ханы тулалдаанд дайтаж явсан цэргийн эмч Мацумато Сүүхегийн хүү Мацумато Бүнрүкү хэмээх эрхэм аж. Аав Сүүхе нь тавин жилийн өмнө тэр дайны тухай “Номун ханы ээрэм талд” гэх ном бичиж япон уншигчдынхаа сонорт хүргэж байж. Тэрээр миний энэ ном, тэмдэглэл
Зүүн захынх нь Мацумато Бүнрүкү сан
монгол хүмүүсийн сонорт хүрэх ёстой юм шүү гэж хүүхдүүддээ хэлдэг байж. Хүүхдүүд нь ч, аав Сүүхе ч номоо монгол хэлээр орчуулах хүн хайж байж. Дал наяад оны тэр үед Япон, Монголын харилцаа холбоо, тэр тусмаа хүмүүс хоорондын харилцаа гэхээр юм бараг байсангүй. Харин Өвөрмонголчууд Японд очиж суралцаж, бас хар бороор ажиллаж амьдрах нь элбэг цаг үе байж. Тийм өвөрлөгчүүдийн нэг сэхээтэнтэй бидний энэ “Хакате” театрт учраад буй Мацумато Бүнрүкү уулзаж цэргийн эмч асан аавынхаа тэр номыг монгол хэлнээ буулгуулахыг хүссэн аж. Ингээд “Номун ханы ээрэм талд” ном 2008 онд Хайлаарт хэвлэгдсэн гэнэ. Энэ хувилбар нь худам монгол бичгээр халх монгол бичгийн аялгаас хамгийн их алслагдсан зүүн монголын хорчин аялгад буусан нь орчин цагийн монгол уншигчдад төдийлэн ойлгогдохооргүй байжээ. Үүнийг Сүүхегийн хүүхдүүд хожмоо ойлгож орчуулгын өөр хувилбар хайсан гэнэ. Азтай тохиолоор ӨМӨЗО-ны Их сургуулийн докторонтурт суралцаж байсан Монголын Үндэсний төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, түүхч Д.Базардорж хэмээх эрхэм Хөх хотод байхдаа тэр номыг олж уншаад крилл монголд хөрвүүлж 2010 онд халх монгол уншигчдын хүртээл болгосон юм байна. Уг номд бичсэнээр “Номун ханы тулаан”-д оролцсон цэргийн эмч Мацумато Сүүхе бол энд байлдсан Японы 23 дугаар дивизийн 20 мянган цэргээс амьд үлдсэн зургаан мянган цэргийн нэг гэнэ. Дайн гэж ямар аймшиг вэ гэдгийг л өөрийн туулсан хар дарсан тэр өдөр шөнүүдийн зүрх зүсэм эмгэнэлт дүр зургаар нь үр хойчистоо хэлж үлдээхийг энэ япон цэрэг хүссэн байжээ. Дайн гээчийн аймшгийг л аав минь энэ номдоо өгүүлсэн юм гэж Мацумато Бүнрүкү сан ярьдаг аж. Цэрэг аавын энэ хүсэл, хүү Мацумато Бүнрүкү саны дурсамж яриагаар нэрт найруулагч Б.Нагнайдорж эрхэм баримтат кино хийхээр болж эхний уулзалтаа Фүкүоко хотын “Хакате” театрт түүнтэй хийж буйтай нь би ийн тааралдлаа. Мацумато Бүнрүкү гуай ч хэдэн жилийн өмнө Монголд ирж аавынхаа байлдаж явсан Халх гол, Номун ханд очиж байжээ. Тэр тухайгаа ч энд ярьж сууна лээ. Мацумато Бүнрүкү гуай хамт ирсэн япон найзтайгаа энэ оройны концерт үзэх гэнэ. “Бичиж тэмдэглэх юманд чинь ч хэрэг болж магад, уншиж сонирхоно буй заа...” гээд Нагнай найруулагч надад “Номун ханы ээрэм талд” номыг өгсөн юм. Ер шахам жилийн өмнө “Номун ханы тулаан”-д оролцсон цэргийн эмч Мацумато Сүүхегийн дайны хүнд хэцүү дурсамжаар “Номун ханы сакура”, Монгол Япон хоёр орны энх цагийн эв эеийг хөгжүүлэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан Монгол улсын соёлын элч Сато Норикогийн дурсамж дурдатгалаар “Монголын талд ургасан Япон сакура” гэх хоёр кино хийх болж дээ Нагнай найруулагч. Тэрээр “Монголын талд ургасан Япон сакура” киноныхоо зургийг ч маргаашаас энэ Фүкүокод үргэлжлүүлж авна гэж ярьж байв. Хоёр орон, хоёр ард түмний он жилүүдийн түүх болох байх тэр бүтээлүүд нь. Морин хуурын чуулгын өнөөдрийн энэ тоглолт ч хоёр орны шинэ цагийн харилцааны түүхийн нэг хэсэг юм гэж бодогдож байлаа. Киночдод амжилт хүсээд бэлтгэлийн тайзнаа би буцав. Бэлтгэл ч ид дундаа үргэлжилж байлаа. Тоглолт эхлэхийг хүлээнгээ “Номун ханы ээрэм талд” номын зарим хуудсыг уншиж суув. Аймшигт дайныг биеэрээ туулж гарсан япон цэргийн энэ дурсамжаас цөөн мөрийг энэ тэмдэглэлд оруулмаар санагдчихлаа. “...Энэ дэлхийн сайхан зүйлсийн нэг нь цэцэгс юм. Цэцэг цэцгийн дотроос хамгийн сайхан нь сакура мөн гэж япон хүн боддог. Хөлөн Буйрын тал нутагт дэлгэрсэн сакураны өнгөтэй тэр нэгэн ягаан цэцгийг япон цэргүүд харангуутаа “Номун ханы сакура” гэж нэрлэсэн юм. Хөлөнбуйрын талд хаяа нэг харагдах энэ цэцэг тэнгэр тулам дүрэлзсэн дайны галыг намуухан ширтэж байв. Ясаа хугалуулж, цусаа урсгасан байлдагчид маань энэ цэцгийг хараад сэтгэл санаа нь тайвширдаг байлаа. Япон хүн, сакура цэцэг хоёр төрөлхийн салж чадахгүй ерөөл барилдлагатай ажээ. Хөлөнбуйрын тал нутагт ертөнцөөс салан одох шахсан миний хувь заяа, талд ганцаараа дэлгэрдэг Номун ханы тэр өнчин Сакура цэцэг сэтгэлийн минь нэгэн эмзэглэл билээ” гэж бичжээ...
Япон гэргийтэй Авирмидтэй “Хакада” театрт танилцав. Театрын продюсер Хидеаки Хори сан хэвлэл мэдээллийн болон кино группийнхэнд партерт хэдэн суудал хувиарласан байв. Мацумато Бүнрүкү сан япон найзтайгаа бидэнтэй нэг эгнээнд суусан байв. Концерт “Сүхийн цагаан морь” үлгэрээр эхлэв. Тэр үлгэрийн тухай товч танилцуулга хөтөлбөрт бас туссан байна лээ. Миний ойр тойрны япон үзэгчид хөтөлбөр болон хавсралт танилцуулгуудыг их анхааралтай судалж буй харагдана лээ. Зарим залуухан үзэгч арцны уутыг онгойлгож үнэртэж үзэж ч байх юм. Ер нь өмнө үзэж хараагүй өвөрмөц тоглолт болох гэж буй нь надад мэдрэгдэж байв. “Сүхийн цагаан морь” хэмээх сургамжит үлгэрийн тоглолтыг япон үзэгчид нам гүм болж анхаарч үзэв. Том дэлгэцнээ гарч буй зургууд нь тод томруун, жүжигчин сурагчийн уран уншлага үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч тусаж буй нь анзаарагдаж байлаа.
Тоглолтын үндсэн хэсэг “Алтайн магтаал”-аар эхэлсэн нь урьд өмнөх концертуудаас ялгаатай байв. Арын дэлгэцнээ Монголын Алтай хангайн уулс, ой модот хөвч, цас мөсөөр бүрхэгдсэн цавчим оргилуудын зураг ээлжлэн цуварч харагдлаа. Хөөмий, хархираа, хуур, цуурын эгшиг хүнгэнэж тайзны арын тэрхүү байгалийг улам амьдруулах шиг болно лээ. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г Морин хуурын чуулгын хөгжимчид эгшиглүүлж түүнтэй залгаад Монгол улсын гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар Монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи” дууг яг л намрын хонгор салхи шиг намуухнаар долгилуулан дуулав. Фүкүокагийн үзэгч түмнийг монголын өргөн уудам талд “аваачиж” монголын үнэртэй салхи, нөгөө арц гангаа үнэртүүлэх шиг болно лээ... Тэгээд л алдарт Чулууны “Уран хас” бүжгийн хөгжим, чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, Х.Соёмбо нарын “Наран мэлмийт эх орон”дуу, Н.Жанцанноровын “Цагаан суврага”, Б.Чинбатын “Аравт”, Б.Шаравын ятганд зориулсан Варици Концертино гээд л хөгжмийн бүтээлүүд ар араасаа цувран эгшиглэж үзэгчдийг огшоов. “Наран мэлмийт эх орон” дууг дуулсан Дуурийн театрын гоцлооч, баритон Б.Монголхүү “япон ардын алдартай “Цуки но сабаки” дууг дуулж “Хаката” танхимыг шуугиулав. “Цуки но сабаки”буюу “Сартай цөлөөр” гэж хэмээн орчуулагддаг энэ дуу нь японы хүүхдийн алдартай 100 дууны нэг аж. Бүрхэг сартай шөнө, Ханхүү гүнжтэйгээ тэмээ унан аялж яваа тухай дуунд өгүүлнэ.
Сартай цэлийсэн цөлийг
Аянчин тэмээ туулна
Алт мөнгөн эмээл тохсон
Хос тэмээ алхана... гээд л Б.Монголхүү урьд өмнөх тоглолтуудад дуулсан шигээ Морин хуурын аялгуунд намуун зөөлнөөр сэтгэлийн их өгүүлэмжтэй дуулна лээ. Тоглолтын эхний завсарлагын үеэр зарим үзэгчидтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсох боломж олдов. Бидний арын эгнээнд гэргийтэйгээ суусан монгол залуу найруулагч Б.Нагнайдорж гуайтай мэнд мэдэлцэж, “Хасу фильм продакшн” студийн продюсер Н.Цолмонтой сүрхий танимхайрч байх юм. Төв аймгийн Баян-өнжүүл сумын уугуул Ч.Авирмид гэх залуу аж. Тэнд аялал жуулчлалын компанид ажиллаж байхад нь Н.Цолмоны студийнхэн очиж кино зураг авч танил болцгоосон тийм нөхөд гэнэ. Авирмидийн ах Батбадрахын “Ар Бүрд” гэх жуулчны бааз Баян-Өнжүүл суманд байдаг юм байх. Авирмид япон гэргийтэй аж. Изүми Ёошияма гэх энэ бүсгүйтэй Авирмэд “Ар Бүрд” аялал жуулчлалын баазад хэдэн жилийн өмнө танилцаад харилцаагаа гүнзгийрүүлж түүнтэй гэрлэжээ. Энэ Фүкүокад эхнэр Изүми Ёошияматайгаа хамтраад “Ар Бүрд” аялал жуулчлалын баазынхаа гадаад харилцааг хариуцан хөгжүүлж буй гэнэ. Бүсгүй ч энэ нутгийнх аж. Аав ээж, ах дүү төрөл төрөгсөд нь Фүкүока хот, ойр тойрноор нь амьдардаг юм байх. Ковидын хөл хорио гээд Авирмид, Ёошияма хоёр Монгол руу ойрд явж чадахгүй байгаа гэнэ. Цаг аятайхан болохоор явцгаана даа гэцгээж байлаа. Концерт их таалагдаж байна гэж Изүми Ёошияма ярьж байв. Тэрээр монгол арцтай хөтөлбөрөө гартаа барьж зургаа авахууллаа. Монголд аялалаар очихдоо ардын урлаг, дуу бүжгийн тоглолт үзэж байсан боловч яг ийм хэмжээний том концерт хараахан үзэж амжаагүй гэж байна лээ. Авирмид эрхэм япон найз олонтоо бололтой. Цөөн хором уулзаж байхад түүнтэй хэд хэдэн залуу, бас бүсгүйчүүд мэнд мэдэж юм хүм асууцгааж байна лээ. Маргааш Авирмидтэй уулзаад замчлуулчих санаатай зочид буудлын хаяг болон өөрийн утсаа бичиж өгөв. Түүний имэйл хаягийг ч авлаа. Авирмидээр замчлуулаад дээр нэгэнтээ бичсэн “Монгол цэрэг эрсийн булш бунхан”-ыг маргааш үзчих юмсан гэх бодол надад төрж байв.
“Монголын салхи” концертын хоёрдахь хэсэг эхэллээ. Би Сато Норико саны дээр хэлснээр шууд л “Монголын үнэртэй салхи” гэж нэрлэмээр санагдсан. Түүний бичсэн “Бид Монголчуудыг зүгээр л шалтгаангүйгээр хайрладаг” номд нь “Би Монголын үнэртэй салхинд татагдсан” гэдэг тодотгол гарчигтай бүлэг байдаг... Н.Жанцанноровын “Чингисийн эр хоёр загал” хөгжмийн сод бүтээл концертын хоёрдахь хэсгийн эхэнд эгшиглэв. Дараа нь Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” эгшиглэж Хакатагийн үзэгчдийг бодол эргэцүүлэлд аваачив. Араас нь Ц.Сүхбаатарын “Цэцэгт нуурын хөвөөнд” хөгжмийн цоглог аялгууг морин хуурч Р.Амарбаяр, Д.Оргил, Х.Батзаяа, их хуурч Л.Пүрэв-Очир хурдтай сайхнаар эгшиглүүллээ. Б.Шарав, Загдын Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дууг Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран намбалаг сайхнаар дуулж Фүкүокогийн үзэгч түмнийг Монголын өргөн уудам тал нутагт аваачих шиг болно лээ. Хэдэн жилийн өмнө алдарт Н.Норовбанзад агсаны уянгалуулан дуулахыг сонсож явсан үзэгчид ч өнөөдөр энэ дуучны дуулахыг чих тавин сонсоод сууж байхыг үгүйсгэх аргагүй. Түүний залгуулаад дуулсан япон дуу “Ханава Саку” ч үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар мялаалгасан юм. Энэхүү япон дуу нь 2011 онд зүүн хойт Японд болсон газар хөдлөлт, цунамигийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст сэтгэлийн дэм өгөх утгаар хийгдсэн бүтээл гэнэ. Дууны “Ханава Саку” гэх энэ нэр нь “Хэзээ нэг өдөр цэцэглэнэ” гэх утга агуулдаг аж. Хөгжмийн нэрт зохиолч Ш.Өлзийбаярын Морин хуурт зориулсан концертын тавдугаарыг Морин хуурын гоцлол морин хуурч Н.Жигжиддорж хөгжимдөж танхимыг шуугиуллаа. Н.Жанцанноровын “Нутаг минь, хүлэг минь” бүтээл “Монголын салхи” концертын төгсгөлд эгшиглэлээ. Алга нижигнэсээр, удирдаач, хөгжимчид мэхийн ёслоод тайзыг орхив. “Хаката” танхимд алга нижигнэх нь улам бүр ширүүссээр, чуулгын удирдаач хөгжимчид тайзнаа эргэн ирж байр байраа эзэллээ. Дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нар гарч ирсэнээр танхим сая л нам гүм болов. Японы нэрт хөгжмийн зохиолч Тэйэчи Оканогийн “Фүрүсато” хэмээх дууг хоёр дуучин маань уянгалаг сайхнаар хоршин дуулж Фүкүокогийн үзэгчдийн санааг амраав. Тоглолт бүр л “Фүрүсато”буюу “Төрсөн нутаг минь” гэх энэ дуугаар ингэж төгсдөг нь уламжлал болоод буй... Ч.Авирмид, гэргий Изүми Ёошияматайгаа ирж бидэнтэй гар барьж баяр хүргэж байлаа. Бидэнтэй зэргэлдээ суусан Мацумато Бүнрүкү сан суудлаасаа босож бид нарт ойртож ирэв. “Концерт их таалагдлаа, Бурхны оронд буй Номун ханы цэрэг аав минь энхийн энэ сайхан аялгууг сонссон байх даа. Дайн дажингүй амьдрал мөнх байгаасай...” гэж “Номун хан”, Халх голын тулаанд оролцож явсан цэргийн эмч Мацумато Сүүхе саны ууган хүү Мацумато Бүнрүкү сан өгүүлж байлаа. Ээл ивээлээ хайрласан, эмгэнэлт түүх ч хадгалсан энэ цагийн Фүкүокад тоглосон Морин хуурын чуулгын “Монголын салхи” концерт ийн өндөрлөв. Тоглолт дуусаад жүжигчид автобусандаа сууж байхад бас нэг япон эрхэм ирчихсэн удирдаач Д.Түвшинсайхан, морин хуурч Н.Жигжиддорж, Ж.Уугантуяа нартай уулзаад ярилцаж зогсов. Фүкүока хотын Ишимарү сургуулийн ахлах багш, хүүхдийн хөгжмийн “Оохара” чуулгын удирдаач Эндо Кикүо хэмээх энэ эрхэм өөрийн шавьтайгаа хамт концерт үзээд гарч ирсэн нь энэ
Зурагт дундах нь Эндо Кикүо багш.
юм байна. “Монголын морин хуур бол гайхамшигтай сайхан хөгжим. Би сурагчиддаа, “Оохара” чуулгын хөгжимчиддөө морин хуур, түүний аялгууг ойлгож мэдрүүлэхийг хичээж судалгаа хийдэг юм. Өнөөдрийн концерт үзэж буй зорилго ч миний судалгаанд хамааралтай. Концерт маш их таалагдлаа” гэж Эндо Кикүо багш ярьсан юм.
“Монголын талд ургасан Япон сакура”. Монгол киноны нэрт найруулагч Б.Нагнайдорж эрхэм Сато Норико саны талаарх баримтат киногоо хийхээр өөрийн багтай хамт өчигдөр өдөр энэ Фүкүокад ирсэн юм билээ. Бидний буусан Dukes Hotel-д тэд буучихаж. Өглөөний цайны дараахантай хотоор явж баримтат киноныхоо зургийг авах гэнэ. Зураг авахад намайг хамт явалцаач гэж байв. “Сато Норико сантай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж бас өдий хүртэл ойр дотно харилцаатай яваа хүний хувьд энэ кинонд чи оролцох ёстой шүү. Чамаас авсан Сато саны тухай ярилцлага ч энэ кинонд орж байгаа...” гэж Нагнай найруулагч намайг ятгаж байх юм. Өчигдөр орой танилцсан Авирмидтэй өглөөнөөс хойш холбогдох гэж үзээд амжилт олоогүй л байна. Буудлын хүлээн авахаар дамжуулаад өрөө рүү маань ярих болов уу гэж хэсэг хүлээсэн юм. Байсхийгээд л түүнд имэйл бичиж өрөөний болон утасны дугаараа дахин дахин илгээж байв. Өөрөө холбогдоно гэсэн болохоор утасных нь дугаарыг аваагүй маань алдаа боллоо. Авирмидийг ирвэл замчлуулаад нөгөө “Хаката” булан явж Монгол цэргийн булш бунханг өөрийн нүдээр үзэх хүсэлтэй байсан юм. Ойр ойрхон утсаа харж, имэйлээ шалгаж Нагнай найруулагчийн багийнханы “Монголын талд ургасан Монгол сакура” баримтат киноны зураг авах ажлыг фотожуулж явав.
Эрхэм найруулагч надаас ингэж хүссэн юм. Гадна дотно авсан кино зураг оройхондоо дууслаа. Авирмид “замч” хүрээд ирж магад гээд хүлээсээр байтал орой болов. Хожмын нэг өдөр л “Хаката” буланд очиж хүндэтгэл үзүүлэхээс. Манай багийнхан маргааш өглөө эрт Тоттори мужийн Ёнаго хот руу хөдөлнө.
Үргэлжлэл бий
Д.Цэдэн-Иш. Фүкүока хот, Хакада