МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫНХАН ФҮЖИ УУЛЫН ХАЯАН ДАХЬ ШИЗҮОКА МУЖ, ЯЙЗҮ ХОТОД

2023-05-09  

   Тоттори мужийн Ёнаго хотоос манайхан өглөө эрт хөдлөв. Шизүока мужийн Яйзү хотод өнөө орой тоглолт хийх юм. Биднийг Ёнаго хотод Шизүока мужийн захиргааны Гадаад харилцааны ажилтан С.Эрдэнэхатан гэх монгол залуу хүндэтгэн угтахаар хүрэлцэн ирсэн тухай энэ зуур бодож явна. Хөгжимчид, жүжигчид маань Ёнаго хотын Кадобан соёлын төвд концертын бэлтгэлээ хийгээд өндөрлөх гэж байхад костюм зангиа болсон албархуу хувцасласан дунд хэрийн насны эр орж ирж жүжигчидтэй танилцсан нь одоо миний өгүүлж буй Эрдэнэхатан байсан юм. Тэр бүрий гадны хүн орж гараад байдаггүй тайзны бэлтгэлийн үед, тэр тусмаа монгол хүн орж ирээд мэнд ус болж буй нь сэтгүүлч надад бол бас ч гэж “олз” байлаа . Монголынхоо Морин хуурын чуулгынхныг хүндэтгэн угтаж буй тухайгаа тэрээр бидэнд өгүүлж байв. Түүнтэй нэрийн хуудсаа солилцлоо. Нэг тал нь англи, нөгөө тал нь  япон хэл дээр юм нэрийн хуудас нь. Англи дээрхийг нь орчуулбал “Шизүока мужийн Засгийн газар, Гадаад харилцааны хэлтэс, Гадаад бодлогын баг. Сугимура Гон Эрдэнэхатан Гадаад харилцааны мэргэжилтэн” хэмээжээ. Энд утас, факс, имэйл хаягийг мөн бичжээ. Имэйл хаяг нь Эрдэнэхатан Гомбосүрэн гэсэн байна лээ. Миний ойлгосноор монголоороо бол Гомбосүрэнгийн Эрдэнэхатан гэх залуу бололтой. Нэрийн хуудас нь чухам яагаад Сугимура Гон Эрдэнэхатан гэж байгаа юм бол, Япон овог авсан юм болов уу? Ажиллаж амьдардаг Шизүока муж, Яйзү хотод нь очиж байгаад л уулзаж лавлахаас гэж санагдаж байлаа. Ямар ч гэсэн түүнтэй зургаа авахуулчихлаа. Ёнаго хотод тоглосон концертын дараа бид зочид буудал руугаа явахад

Эрдэнэхатан эрхэм манайхныг хүндэтгэн дагалдсан байв. Манай аялан тоглолтын багийн ахлагч Сато Норико саныг буудалд нь оруулж өгөхөөр цахилгаан шатны үүдэнд зогсож байхыг нь би харсан юм. Сато сан харин тэр хүндэтгэлийг нь төдий л таашаахгүй аястай байх шиг надад санагдсан. Орчуулагч Ц.Бурмаа саны дараа надад хэлэх нь “Яах гэж энэ хол газар цаг заваа үрж ирж байгаа юм бэ? Бид муж хотоо төвөггүй олоод л очно шүү дээ...” гэж Сато сан уцаарласан гэх. Концертын завсарлагын үеэр бас нэг монгол бүсгүй тайзны арын хэсэгт аргил хуурч Д.Адъяабазартай уулзаж байхад нь би тааралдаж зургийг нь авсан юм. Нэрийг нь асууж танилцах гээд дөхөж байтал цаанаас нь хамт явсан япон хүмүүс нь дуудсан уу яасан, яараад цаашаа явчихсан юм даг. Адъяабазар хөгжимчинөөс тэр бүсгүйн хэн болохыг асуусан чинь “Танихгүй ээ, манайхны хэн нэгтэй нь уулзах гэсэн юм болов уу, араас нь хүмүүс дуудаад, дараа орж ирнэ ээ...” гээд явчих лаа гэж байв. Тэр бүсгүйтэй ч би дахиж тааралдаагүй юм, дараа зурагаар нь сураглахаас гэж бодогдож байлаа. Осака муж, Изүмисано  хотод болсон тоглолтын үеэр жүжигчдэд хоёр 

монгол бүсгүй үйлчилж байсан юм. Изүмисано хотын Захиргааны гадаад харилцааны ажилтан Баасанхүүгийн Оюунгэрэл гэх бүсгүй тэдний нэг байсныг хожмоо би сонсож байлаа. Осакад ажиллаж амьдардаг миний танил сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг, В.Сарантуяа, Фүкүокад тааралдаж танилцсан аялал жуулчлалын компанийн менежер Ч.Авирмид гэх эр, биднийг Ёнагод угтсан Шизүока мужийн захиргааны гадаад харилцааны ажилтан С.Эрдэнэхатан гээд Японд амжилттай ажиллаж амьдарч буй монгол залуус олон бололтой. Уншигч түмэнд хүргэх нэг чухал сэдэв ч юм...  

     Бидний зорьж яваа Шизүока муж цайны тариалангаараа Япон даяараа алдартай болохыг Сато сан багийнхандаа тайлбарлаж хүн бүрт энэ мужийн ургацын дээж болох гоёмсог боодолтой цай зам зуур бэлэглэв. Театрт нь шууд бууж бэлтгэлээ хийгээд тоглолт залгах тул та нарт дэлгүүр хоршоогоор орж цай авах боломж олдохгүй гээд жүжигчдээ халамжилж буй нь энэ аж. Тус мужийн нутагт ороод ирсэн нь ч андашгүй, зам дагуу цайны тариалан тасралтгүй үргэлжилж байв.

Улсынхаа цай үйлдвэрлэлийн 43 хувийг Шизүока муж хангадаг гэнэ. Цай нь чанараараа ч Япондоо тэргүүлдэг юм байх. Мөн туна загас, васаби, хүлэмжийн амтат хулуу гэх зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Шизүока муж улсдаа бас манлайлдаг гэнэ лээ. Сонголт өргөн, бас далайгаас дөнгөж шинэхэн барьсан олон төрлийн загасан бүтээгдэхүүн, далайн хоол, нутгийн васабигаар амталсан сушиг нь амтлахаар энэ муж, Яйзү хотыг зорин ирэх зочин гийчид ч олон байдаг гэсэн. Японы алдартай Фүжи уул бидний очих Яйзү хотын хаяанд юм. Япондоо нэрд гарсан халуун рашаан ч Яйзү хот, Шизүока мужид олноороо байдаг гэнэ. Яйзү хот орших Изу хойгийг тойрсон  өвөрмөц  халуун рашаан, амралт  сувиллын газрууд нь гадаадын болон нутгийн жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг аж. Шизүока муж нь нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтээрээ Япондоо дээгүүр эрэмбэлэгддэг үйлдвэрийн томоохон төв юм байна. Сузуки, Каваи, Ямаха  зэрэг дэлхийд танигдсан машин, мотоциклийг энд үйлдвэрлэдэг аж. Сузуки машин, Ямаха төгөлдөр хуур, цахилгаан хөгжмийн зэмсэг зэрэг өндөр түвшний бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг бүрэн хангаж гадаадын олон оронд экспортлож байна. Монголчууд бид ч эдний энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж хүртсээр байдаг хүмүүс билээ. Шизүока муж нь 3,8 сая хүн амтай, энэ мужид манай монголын 160 гаруй иргэн ажиллаж сурч амьдардаг гэсэн мэдээлэл байх юм...  Манай аялан тоглолтын баг бага үд өнгөрч байхад Фүжи уулын хаяа дэрлэн орших Яйзү хотод хүрэлцэн ирэв. Багийн ахлагчийнхаа  төлөвлөснөөр тоглолт хийх театртаа буулаа. Хөгжимчид эрэгтэй эмэгтэйгээрээ тус тусынхаа өрөө тасалгааг эзлэж түр амсхийсний дараа тайзны бэлтгэл эхлэв. Аль ч театрт очсон багийн ахлагч Сато сан, чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нар орчуулагч нарынхаа хамтаар театрын найруулагч, тайзны болон техникийн ажилтнуудтай уулзалт зөвлөлгөөн хийдэг уламжлалтай юм. Яйзү хотын театрт ч ялгаагүй ажлын ийм уулзалт болов. Дуучид, хөгжимчид тайзны дуугаралт, танхимын сонсголонг заал танхимын дундуур явж тандаж удирдаачдаа мэдээлцгээнэ. Багийн ахлагч Сато Норико сан өрөөндөө театрын удирдлага,  менежер, найруулагч нарыг хүлээн авч уулзана. Яйзү хотод ч энэ жишгээр хэд хэдэн уулзалт ярилцлага Сато саны өрөөнд болно лээ. Чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, гоцлол дуучдад аль ч театр тус тусад нь ажил амралтын өрөө гаргаж өгсөн байх юм билээ. Жүжигчдэд ойр зуурын үйлчилгээ үзүүлэх баг ажилтнуудыг ч театрууд  томилж ажиллуулж байсан. Хэд хэдэн театрын ийм үйлчилгээнд монгол залуус ажиллаж байсныг би өмнөх нийтлэлдээ дурдан бичиж байв. Шизүока муж, Яйзү хотод муж, хотын захиргааны Гадаад харилцааны ажилтан С.Эрдэнэхатан, Б.Янжинлхам нар жүжигчдийг угтаж үйлчилсэн нь урьд өмнөхөөс шат ахисан үзүүлэлт байв. С.Эрдэнэхатан эрхэм биднийг бүр Ёнаго хотод хүндэтгэн угтсан тухай дээр нэгэнтээ бичсэн дээ би. Боломж олдвол түүнтэй уулзаад ярилцлага хийчих санаатай. Үдийн цай ундаа манайхан театрынхаа тайзны арын хэсэгт ууцгаав. Хувцасны өрөөнүүдийн гадаах хонгилын хэсэгт ширээнээ хэд хэдэн ус буцалгагч байршуулж , цай кофе, нарийн боов, печень тавьсан байна лээ. Янжинлхам бүсгүй ойр ойрхон эргэж тойроод л ус ундаа ширээнээ нэмж байв. Нэг Япон хатагтай хөгжимчин залууст амсуулаарай гээд ууттай чихэр, жимс өгсөн гэнэ. Тэрээр жүжигчдэд энэ тухай хэлээд тэрхүү япон хатагтайн өгсөн амттанг таваглаж харагдсан.

       Баруун талаас эхнийх нь Б.Янжинлхам     

Ер нь тоглолтын бэлтгэл гээд ярихаар тайзны ард чухам ямархуу ажил амьдрал өрнөдөг болохыг, ямар олон хүний хүч хөдөлмөр орж шингэж байж концертын хөшиг сая нээгддэг болохыг өөрийн авсан зарим зургаар илэрхийлмээр санагдлаа.  

Бэлтгэл ийн өрнөж байх үеэр Яйзү хотын дарга Накано Хиромичи сан Морин хуурын чуулгын аялан тоглолтын багийг удирдаж яваа Сато Норико сан болон Чуулгын уран сайхны удирдагч, удирдаач Д.Түвшинсайхан нарт хүндэтгэл үзүүлж уулзсан юм. Хотын дарга энэ эрхэм цэмцгэрдүү монгол эр шиг харагдаж байлаа. Бүрх малгай, дээлээр гоёод монгол одон медалиудаа зүүсэн байв. Нэрийн хуудас нь ч бас  монгол хэл дээр юм. Монгол орон, монголчуудтай ойр дотно харилцаатай нь эндээс илт. Шизүока муж, Яйзү хот нь манай Дорноговь аймаг, Нийслэлийн Чингэлтэй дүүрэгтэй хэдэн жилийн өмнөөс нийгэм, эдийн засаг, спорт соёлын олон талт холбоо харилцаа тогтоосон аж. Жил бүр энэ чиглэлээрээ харилцан айлчлал, ажлын арга туршлага солилцох уулзалтууд зохион байгуулдаг юм байна. Яйзү хотын захиргаа 2015 оноос Монголын бөхийн төрлийн тамирчдыг Олимп, Пара олимпид оролцоход нь дэмжиж иржээ. Токио 2020 олимпийн үеэр жүдо, чөлөөтийн бөхчүүд, хөнгөний төрлийн хэд хэдэн баг тамирчдыг хотдоо хүлээн авч бэлтгэл хийх заал, байр  

хоол ундаар нь хангаж байж. Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, мөн эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг хотдоо хүлээн авч ажлын арга туршлагаасаа хуваалцаж байжээ. Энэ талын мэдээлэл нь хотын захиргааныхаа цахим хуудсанд байна лээ. Монгол орон, монголчуудтай ийм олон талын харилцаатай болохоор энэ ажлыг хариуцсан монгол ажилтантай аж. Морин хуурын чуулгынханд үйлчилж буй Б.Янжинлхам нь Яйзү хотын захиргааны Гадаад харилцааны ажилтан юм байна. Театрт ирж буй үзэгчдийг хөх дээлтэй, жанжин малгайтай эр үүднээ угтан үйлчилж байв. Концертын танхимд орж ирж буй үзэгчдийг ч гартаа суудлын хувиар схем барьсан хүрэн торгон дээлтэй бүсгүй угтан авч суудлыг нь зааж өгч байв. Эд нар Яйзү хотын соёл спортын хэлтсийн ажилтан Итомасаки сан, хатагтай Мочизүки Азүми нар аж. Театрын хөлийн танхимд Морин хуурын чуулгын тоглолтын хуурцаг, танилцуулга ном товхимолыг бас монгол дээлтэй бүсгүйчүүд үзэгчдэд танилцуулж хүссэн хүмүүст нь худалдаж үйлчилж байв. Хотын даргаасаа эхлээд л монгол дээл өмссөн япон хүн олон байв. Монголчуудад, Морин хуурын чуулгынханд хүндэтгэл үзүүлж буйн нэг илэрхийлэл юм даа. Урьд урдын тоглолтуудын зохион         

байгуулалтаас энд арай л өөр байв. Засаг захиргааны албанд нь монгол залуус ажиллаж тоглолтын бэлтгэл хангаж буйтай энэ нь нэг талаар холбоотой байх, нөгөө талаас тэр монгол залуусын маань япончуудад, муж хотынхоо засаг захиргаандаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй ч бас холбоотой биз гэж надад санагдаж байлаа. Театрын хөлийн танхимд Морин хуурын чуулгын тоглолтын хуурцаг, танилцуулга ном товхимолыг монгол дээлтэй бүсгүйчүүд үзэгчдэд танилцуулж хүссэн хүмүүст нь худалдаж үйлчилж байв. Ойр тойрноор явж байтал тэдний нэг нь “Цэдээ ах уу даа?” гээд над руу хандаж байх. Тэр бүсгүй ч бас миний адил амны хаалттай болохоор ойр очиж байж л би түүнийг танив. Увс аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн удирдлагад олон жил ажилласан миний үеэл Э.Дуламсүрэнгийн охин Цэндсүрэн байлаа. Аав Моломдагватай нь би сургууль соёлд хамт суралцаж ойр явсан нэгэн. Охин, хүү хоёр нь Японд ажиллаж амьдардаг гэж сонсож л байсан. Яг энэ Яйзү хотод ийм тохиолоор тааралдана гэж санасангүй. Монголдоо Анагаахын дээд төгссөн эмч бүсгүй юм, энэ Цэндээ. Нөхөр нь холбоо, цахилгааны инженер залуу байдаг гэж сонсож байсан. Арваад жилийн өмнөөс л эднийхэн гэр бүлээрээ Японд ажиллаж амьдрах болсон гэдэг. Аав Молом, ээж Дууяа нь Япон руу хүүхдүүд рүүгээ явж байна гээд нийслэлд хаяа тааралддаг байсан юм...

  

 

Зураг дээр баруун гараас хоёрдахь нь миний үеэлийн охин Моломдагвын Цэндсүрэн. Түүний дэргэдэх цэнхэр торгон дээлтэй Дуламсүрэн бүсгүй энэ хотын нэгэн цэцэрлэгт багшаар ажилладаг гэнэ. Концерт эхлэх цаг дөхсөн болохоор бүсгүйчүүдийн зургийг авчихаад завсарлагаанаар эргэж уулзахаар болоод танхим руу би зүглэв. Концертын эхний хэсэг ч бусад хотуудад тоглосон тоглолт шиг л амжилттай болж өндөрлөв. Завсарлагаар монгол залуустай уулзаж сэтгэгдлийг нь сонсох санаатай хөлийн танхимд буцаж очив. Садан төрөл Цэндсүрэн дүүгийн нөхөр Түдэвийн Басхүүтэй тэнд тааралдаж танилцлаа, хамтдаа зургаа ч авахуулав. Холбоо, цахилгааны инженер мэргэжилтэй энэ залуу Монголын цахилгаан холбоо компани, Дулааны шугам сүлжээний газар инженерээр

ажиллаж байгаад арваад жилийн өмнө гэрээт ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцээд энэ Яйзү хотод ирж ажиллах болжээ. Одоо үндсэн ажилтан болоод эхнэр хүүхдүүтэйгээ гэр бүлээрээ энд ажиллаж амьдарч буй юм байна. Янжинлхамын надад мэдээлснээр эдний хотод нийтдээ 27 монгол залуу ажиллаж, сурч амьдардаг гэсэн. Т.Басхүү тэдний нэг аж. Энэ тоонд хамаарч буй өөр залуустай ч энд би бас тааралдлаа. Тэд ч нэг нэгэнтэйгээ энд уулзаж учраад баяртай байгаа бололтой хамтдаа зураг хөрөг авахуулцгааж байлаа. Бүгдээрээ л энэ хотод амжилттай ажиллаж амьдарч сэтгэл хангалуун яваа тийм хүмүүс аж. Нутгийнхаа нэрт чуулгын тоглолтыг үзээд улам ч баярлаж бахархаж байна гэцгээж байв. Зарим нь нутгийнхаа дуу хуур, морин хуурынхаа аялгууг

сонсоод уйлсан гэж байх. Үзэгчдийн танхимыг зураглаж байсан манайхны хоёр зураглаачийн нэг нь “Хөх дээл, жанжин малгайтай нэг монгол эр ойр ойрхон нулимасаа арчаад сууна лээ” гэж надад ярьсан нь үнэн аж. Тэр эртэй ч энд би тааралдав. Нямжавын Мөнхбат гэх залуу юм байна. Гэргийтэйгээ хамт яваа Ц.Амарзаяа эд нар найзууд аж. Тэд ч мөн хамтдаа зургаа авахууллаа. Ц.Амарзаяатай танилцаж хэдэн үг солив. Тэрээр Монголдоо ШУТИС-ийг төгсөж инженер мэргэжил эзэмшсэн юм байна. Монголдоо алба хувийн хэвшлийн аль алинд нь ажиллаж байж. Хэдэн жилийн өмнө Мэдээлэл технологийн хувийн компани байгуулж ажиллаж байгаад 2009 онд Японд суралцахаар ирсэн гэнэ. Энд суралцаж мэдлэг мэргэжлээ зузаалж аваад Японы хувийн хэвшлийн компанид ажиллах болсон юм байна. Түүний ажиллаж буй Мэдээлэл технологийн FKC гэдэг компани нь Токио болон Японы зарим хотод салбартай аж. Шизүока муж, Шизүока хотод  FKC-ийн толгой компани оршдог гэнэ. Ц.Амарзаяа инженер энэ компанийхаа Хөгжүүлэлт хариуцсан захирлаар ажиллаж буй юм байна. Шизүока хотод гэргий, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг гэж байв. Эдний компани Улаанбаатарт ч бас салбар компанитай аж. Амарзаяатай ярилцаж байтал

концертын хоёрдахь хэсэг эхлэх дохио дуугарч залуус ч танхим руу явцгаачихав. Нөгөө нулимсаа арчин арчин концерт үзсэн гэх Нямжавын Мөнхбат гэх “Морин хуурч”-тай би ярилцахыг хүсэж байсан боловч амжсангүй, нэрийн хуудастай нь л үлдсэн байв. Нэрийн хуудасных нь зурагнаас би түүнийг морин хуурч юм болов уу гэж бодсон юм. Концертын дараа Яйзү хотын даргатай уулзаж ярилцлага авахаар тохирсон тул монгол залуустай эргэж уулзаж амжсангүй. Нэрийн хуудасных нь

хаягаар Нямжавын Мөнхбаттай харилцаж тоглолтын тухай сэтгэгдлийг нь сонсож, бас өөрийнх нь тоглодог уран бүтээлийнх нь тухай хожмоо сонирхож асуухаас гэж бодож үлдлээ...  Концерт болдогоороо сайхан боллоо. Дуучид нь урьд урьдын адил урамтай сайхан дуулаад хөгжимчид нь синхрон хөгжимдсөөр тоглолт амжилттай өндөрлөв. Төгсгөлд нь эндэхийн үзэгчид зогсолтгүй

 

алга ташсаар нөгөө “Фүрүсато” буюу “Нутаг минь” гэх япон дууг нь дуурийн хоёр гоцлоочоор дуулуулж сая л санаа нь амарцгаасан. Нэгэн монгол охин Яйзү хотын засаг захиргааны хүндэтгэлийн сагстай цэцгийг жүжигчдийн өмнө тавьж үзэгчид суудлаасаа босч алга ташицгаагаад л...  Танхимаас гарч яваад Яйзү хотын соёл спортын хэлтсийн ажилтан Итомасаки эрхэмтэй үүдэнд тааралдчихав. Үзэгчдээ угтан үйлчилж байсан жанжин малгайтай, хөх дээлтэй нөгөө япон эр. Зургаа авахуулаад бас ч гэж хэдэн үг түүнтэй солиод авав. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд хоёр ч удаа очсон гэнэ энэ эрхэм. Өнөөдөр өмссөн жанжин малгай, дээл хувцсаа ч монголд аялахдаа худалдаж авсан биз. Хөдөө явсан уу, урлаг соёлын тоглолт үзсэн үү, морин

хуурын аялгуу урьд өмнө сонсож байв уу, өнөөдрийн тоглолт ямархуу санагдав? гэх миний асуултад тэрээр, нийслэлийн ойрхон хөдөө талаар аяласан, бас урлагийн тоглолт үзэж, морин хуурын аялгуу анх тэнд сонсож байсан, өнөөдөр хоёрдахь удаагаа морин хуурын аялгуу сонслоо. Гайхалтай сайхан аялгуу юм гэдгийг дахин мэдэрлээ гэж байв. “Чухам ямар дуу, хөгжим танд таалагдав, япон дууг манай залуус аль хэр дуулав?” гэж асуухад “Дуучид маш сайхан хоолойтой юм. Бидний сайн мэддэг япон дууг тэд сайхан дууллаа, их таалагдлаа” гэж байв монгол дээлтэй энэ япон эрхэм...  Өмнө ярьж тохирсоноороо Яйзү хотын дарга Накано Хиромичи сантай тэрүүхэнд уулзаж ярилцлага авав. Жүжигчид үзэгчдийн хөл хөдөлгөөн дундуур л ярилцлагаа амжууллаа. Яйзү хотын захиргаанаас концертын зохион байгуулалтын багт ажиллаж буй Б.Янжинлхам бүсгүйгээр орчуулга хийлгэж буй болохоор ажлыг нь цалгардуулахгүйн тулд яарах шаардлага бас байлаа. Хотын дарга Накано Хиромичи эрхэм бид хоёрын хооронд ийм яриа болов.

-Манайхны тоглолт ямар санагдав, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

    -Үнэхээр сэтгэл зүрх догдлуулсан маш сайхан тоглолт байлаа, гайхалтай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна.  

-Монголд Та хэдэн удаа очсон бэ? Ямархуу сэтгэгдэлтэй байдаг вэ?    

  -Есөн удаа оччихоод байна. Сайхан сэтгэгдэл, сайхан дурсамжтай байдаг. Япон хүмүүсийн мартсан сайхан зүйлүүд Монголд одоо ч байдаг юм байна гэж би ойлгосон. Үр хүүхэд, гэр бүл, төрсөн нутаг, эх орноо гэсэн тэр сэтгэл нь их хүчтэй юм билээ.

-Монголын ямар аймаг, хоттой танай Яйзү хот харилцдаг юм бэ?   

  -Манай Шизүока муж Дорноговь аймагтай дотно харилцаатай. Тэр харилцаанд манай Яйзү хот 

бас оролцдог. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгтэй манай хот өргөн харилцаатай. Олон талын хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Монголын биеийн тамир спортын багийг манай хот 2015 оноос л эхлэн дэмжиж ажиллах болсон. Токиогийн 2020 оны Олимпид оролцох зарим баг тамирчдыг хотдоо хүлээн авч бэлтгэлийг нь хангуулсан. Одоо соёл боловсролын чиглэлд хамтын ажиллагаа илүүтэй өрнүүлж байна. Чингэлтэй дүүргийн сургуулийн сурагч хүүхдүүдийг хүлээн авч хот мужийнхаа сургууль соёлын байгууллагууд, үе тэнгийнхэнтэй нь танилцуулж нөхөрлүүлж байна. Цаашдаа манай хот Чингэлтэй дүүрэгтэй хамтраад үйлдвэрлэл, худалдаа, соёлын олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

   -Ярилцлага өгсөн Танд баярлалаа, Та Монголын аймаг хотын ойн олон медальтай юм байна. Хот дүүрэг хоорондынхоо найрамдалт харилцааг улам хөгжүүлж одон медалийнхаа тоог улам олон болгоорой гэж Танд хүсэн ерөөе гээд би ярилцлагаа өндөрлөсөн юм. Накано Хиромичи сан “Их баярлалаа” гээд сүрхий инээж Япон хүний ааш аягаар хэдэнтээ мэхийн ёслоод цааш одов.     Намайг гарч ирэхэд манайхан зочид буудал руугаа явах гээд автобусандаа сууж байлаа. Гадаа зөөлөн бороо шивэрч байв. Театрын эргэн тойрны замд улаан гэрэл анивчуулсан цагдаагийн машин, улаан дохиуртай цагдаа нар гарчихаж. Монголын морин хуурын чуулгынханд хүндэтгэл үзүүлж буй нь тэр аж. Тоглолт үзсэн монгол залуус ч манай автобус хөдлөхөд эгнээд зогсчихсон гар даллацгааж байв. Ийнхүү япончууд , монголчуудын аль алиных нь хүндэтгэл талархалаар үдүүлсээр манайхан хагас цаг шахам давхиад Фүжи уулын өвөр, Номхон далайн эрэг дээрх Ambia Shyofukaku Hotel хэмээх өндөр зэрэглэлийн Япон стильтэй зочид буудалд  ирж бууцгаав. Курушио гэх халуун рашаанд нь орж тухалцгаагаарай, та нарт үйлчлэхээр цагаа сунгасан буй гэж хөтөч орчуулагч Б.Янжинлхам хатагтай санал болгож байлаа. Хоёр зураглаачтайгаа би есдүгээр давхрын нэг өрөөнд хувиарлагдав. Тав тухтай сайхан том өрөө байна. Ор гэх юм байхгүй, хөнжил гудас нь шалаараа байдаг аж. Япон стиль гэдэг нь энэ юм. Их орой болсон тул халуун рашаанаа өглөөдөө үлдээлээ. Би Янжинлхам бүсгүйгээс ярилцлага авчих санаатай хэсэг хүлээв. Манайхныг хуваарьт өрөө тасалгаанд нь оруулах, бас аялалын ахлагч Сато сантай ажил төрөл ярих гээд түүний ажил алба их байх шиг байсан. Цаг гаруйн дараа түүнээс “Өнөө орой ярилцлага өгч амжихааргүй боллоо, маргааш өглөө уулзаж ярилцъя” гэсэн зурвас утсанд маань ирэв... Өглөө сэрээд л манай хоёр зураглаач өрөөнийхөө цонхноос бичлэг хийж байв. Номхон далай ч манай буудлын доохонтоо цэнхэртэж ногоороод л давалгаалж байх. Алсхантаа усан онгоцууд хөвөөд л, Фүжи уул тэрүүхэнтээ цайвалзан дүнхийгээд л... үнэнхүү үзэсгэлэн төгөлдөр юм аа, энэ хавийн байгаль. Би ч өөрийнхөө хэмжээнд өрөөнийхөө цонхоор цасан малгайтай Фүжи уул, цэнхэртэн давалгаалах Номхон дөлгөөн далайг оруулаад өөрийгөө ч зураглав.

 

Цайндаа орчихоод манайхан зочид буудлаасаа гарч бас зураг хөрөг болцгоолоо. Хоороороо, хоёр гурваараа ч Фүжи уултай, бас Номхон дөлгөөн далайтай найзлацгаав. Хоёр зураглаач маань ч хангалттай сайхан зураг бичлэгтэй болсон байх. Миний ярилцлага авахаар хүлээсэн Янжинлхам хатагтай ирж амжсангүй бололтой, манайхныг тэдний хэлтсийн орлогч захирал гэх хатагтай Мизуно Юуко зочид буудлаас үдсэн юм. Морин хуурын чуулгын 12 дахь удаагийн тоглолт болж буй Японы найм дахь хот болох Шизүока мужийн Яйзү хотын захиргаа тоглолтод өндөр ач холбогдол өгч анхаарсан нь анхны мөчөөс л бидэнд анзаарагдаж байсан юм. 

      Шизүока муж, Яйзү хотын засаг захиргааны гадаад харилцааны хэлтэст нь ажилладаг Сугимура Гон Эрдэнэхатан, Б.Янжиндулам гээд хоёр залуугийн анхаарал санаачлага, идэвх зүтгэл, тэдний засаг захиргаандаа үнэлэгдсэн нэр хүнд нь энд зохих нөлөө үзүүлсэн байх. Монголчуудынхаа нэр төр, төлөөлөл нь болж ажиллаж буй энэ хоёр залуутай тоглолтын үеэр тухтай ярилцаж чадаагүй ч хожмоо цахим сүлжээгээр болон утсаар ярилцаж чадсан юм. Зураг, нэрийн хуудсыг нь авч үлдсэн Тоттори мужийн Ничинан хотын захиргааны ажилтан Э.Номин-Эрдэнэ бүсгүй, нөгөө Шизүока мужийн Шимада хотын “Морин хуурч” Н.Мөнхбат нартай ч бас холбоо барьж ярилцлага хийж амжлаа. Техник технологи хөгжиж дэлхий ертөнц хавтгай болж байгаагийн л ач тус юм даа.                     

  Үргэлжлэл бий.

Д.Цэдэн-Иш.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?