Э.Номин-эрдэнэ: Нутгийнхаа ногоон нугад хөл нүцгэн гүйж байгаа мэт сэтгэгдэл төрж нүдэнд минь нулимс цийлэгнэн урссан шүү...

2023-05-15  

-Японы муж, хотын захиргаанд ажилладаг монгол залуустай уулзаж ярилцав-  

     

     Фүжи уулын хаяа, Номхон далайн эрэгт орших Шизүока мужийн Яйзү хотод Морин хуурын чуулгын тоглолт амжилттай болж өндөрлөснийг өмнөх нийтлэлдээ би бичсэн билээ. Тоглолтыг зохион байгуулах, мөн жүжигчдийг хүлээн авч үйлчлэхэд тус хотын захиргааны гадаад харилцааны ажилтан Б.Янжинлхам бүсгүй ихээхэн идэвх зүтгэл гарган ажилласан юм. Энэ тухай ч би нийтлэлдээ цухас дурдан бичиж байлаа. Харин тэр үеийн ажлын ачааллаас нь шалтгаалаад түүнтэй ярилцлага хийж амжаагүй билээ. Хожмоо утас, цахимаар л энэ ажлаа нөхөж амжууллаа. Б.Янжинлхам бүсгүй Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, айлын ууган охин гэнэ. Бага насаа хөдөө нутагтаа өнгөрүүлж, ахлах сургуулиа Улаанбаатар хотод дүүргэсэн аж. ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Япон хэл, инженерийн ангид 2005 онд элсэн орж суралцаад гуравдугаар курсээсээ японы жуулчдад аялалын хөтөч хийж байсан гэнэ. Их сургуулиа төгссөнийхээ дараа Хэл шинжлэлийн магистрт суралцаж амжилттай хамгаалжээ. Арваад жилийн өмнө Шизүока муж, Яйзү хотод анх гэрээт ажилтнаар ирж ажиллаж байж. 2016 оноос Яйзү хотын захиргаанд Олон улсын харилцааны мэргэжилтэнээр сонгогдон ажиллах болж одоо хүртэл энэ албыг амжилттай хашиж буй юм байна. Янжинлхам бүсгүй ингэж ажиллах зуураа 2021-2023 онд Шизүока мужийн их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр мастер хамгаалжээ. Яйзү хот, Шизүока муж Монгол оронтой, монголчуудтай олон талын харилцаа холбоотой тухай дээр нэгэнтээ дурдан бичсэн дээ, би. Хотын дарга Накано Хиромичи эрхэм ч ярилцлага өгөхдөө энэ тухай баримтаар ярина лээ. Энэ ажлууд бүгд л Б.Янжинлхам бүсгүйн оролцоотой хийгдэж ирсэн байх. Яйзү хот 2015 оноос эхлээд л Токио 2020 олимп, паралимпын наадамд оролцох Монгол Улсын чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөг, паралимпын хөнгөн атлетик, таеквондогийн төрлийн шигшээ багийг хүлээн авч байр, хоол унд, унаа тээвэр гээд л бүх талын үйлчилгээгээр нь хангаж ажилласан байдаг. Яйзү хотын Монгол Японы нийгэмлэгийн ажил албыг ч энэ бүсгүй хариуцан гүйцэтгэдэг юм болов уу гэж би ойлгосон. Эдний нийгэмлэгийнхэн Яйзү хотын иргэд болон Япон хүмүүст Монгол орноо сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм байна. Японы ерөнхий боловсролын сургуулиуд, иргэдийн уулзалт, орон нутгийн баяр ёслолын арга хэмжээн дээр энэ нийгэмлэгийнхэн Монголын тухай танилцуулга яриа хийх, Монгол орныг сурталчлах үзэсгэлэн гаргах зэрэг олон талт ажил зохион байгуулдаг аж. Энэ дундаас онцлууштай нь “Яйзү Наадам” гэж Янжилхам ярьж байсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр гурав дахь удаагаа “Яйзү Наадам”-аа зохион байгуулж, хүчит 16 бөхийн барилдаан, Монгол урлаг, соёлын үзүүлбэр, Монгол хоол, зан заншлаа танилцуулсан арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ. Цахим сүлжээнд ч энэ талынхаа ажлыг түлхүү сурталчилдаг юм билээ. Зурагтай, япон монгол тайлбартай мэдээ сурвалжлагууд тэнд хангалттай олон тавигдсан байна лээ. Шизүока муж, Яйзү хотоо ч Янжинлхам бүсгүй магтан ярьж байв. Шизүока, Яйзү хот нь Токио, Осака, Нагояа гэх гурван том хотын яг дунд байршдаг болохоор эртнээсээ худалдаа, аялал жуулчлалын гол зам, бүс нутаг гэж үзэгдэж энэ талын харилцаа холбоо түлхүү хөгжсөн гэнэ. Фүжи уул муж, хотод хамаарч буй нь аялал жуулчлал амжилттай хөгжих давуу тал болдог аж. Номхон далайн эрэгт болохоор далайн гурван боомттой, загас агнуурын аж ахуйтай гэнэ. Загас, загасан бүтээгдэхүүний том зах хотоос гадагшлах зам дагуу нь байдаг аж. “Япон ажилтны адил ажил үүрэг гүйцэтгэх үү, цалин хангамж аль хэр вэ?” гэсэн миний асуултад Б.Янжинлхам бүсгүй  “Япон ажилтны адил” гэх хариулт өгч байв. Яйзү хот нь Монголоос гэрээт ажилтан авдаг хот аж. Янжинлхам анхандаа энэ ажилтнуудад нь орчуулга энэ тэр хийж үйлдчилдэг гэрээт ажилтан байгаад хожмоо үндсэн ажилтан болсон юм байна гэж өмнөх ярианаас нь би ойлгосон юм. “Хотын засаг захиргааны үндсэн ажилтан болоход Японы иргэншилтэй байх шаардлага тавиагүй юу?“ гэж би түүнээс асуухад, тэрээр “Тийм шаардлага надад тавигдаагүй ээ” гэж байна лээ. Дунд сургуульд сурдаг охинтойгоо хамт амьдардаг, нөхөр нь монголдоо ажил алба эрхэлдэг учир Яйзүд ирж очин байдаг гэнэ лээ. Япон хүмүүсийн адил цалин хөлс авдаг болохоор байр түрээслээд амьдардаг гэсэн. Саяхандаа аав ээж хоёр нь охиныдоо хэсэг зочилж байгаад явсан юм байх, тэдэнтэйгээ муж хотын үзэсгэлэнт газруудаар аяласан зургаа фасе-дээ байршуулсан байна лээ. Янжаа бүсгүй өөрөө ч Яйзү хотынхоо дарга, хурлын төлөөлөгчидийг Нийслэл хот, Чингэлтэй дүүрэгт айлчлахад нь айлчлалын бүрэлдэхүүнд ороод өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур нутагтаа ирээд явсан юм билээ. “Өдрийн сонин”, тус сонины сайтад мэдээлэл сурвалжлага нь нийтлэгдсэн байсныг саяхандаа би олж уншсан. Аялан тоглолтын үеэр манай багийн ахлагч Сато Норико сантай дотно байхыг би анзаарсан юм. Зургаа ч  их найрсгаар авахуулцгааж байна лээ. “Сато сантай хуучны танил уу?” гэж намайг асуухад тэрээр“Монгол Японы арга хэмжээнүүдийн үеэр хэдэнтээ уулзаж танилцаж байсан, ажил төрлийн холбоотой явж ирцгээсэн, миний хүндэтгэж явдаг ажил хэрэгч хатагтай...” гэж хариулж байв. Эрхэлсэн ажил албандаа идэвх зүтгэлтэй, аливаад чин сэтгэлээсээ

ханддаг, бас монгол залуусын сайн жишиг, сайн төлөөлөл болон Япон орноо ажиллаж буй Б.Янжинлхам бүсгүйтэй Яйзү хотноо уулзаж танилцсан богинохон цаг хугацааны тухай тэрлэхэд ийм буюу. Яйзү болон бусад зарим хотод тааралдаад ярилцаж амжаагүй зарим залуустай хожим нь утсаар болон цахимаар холбогдоход Янжаа бүсгүй маш их дэмжлэг туслалцаа үзүүлж зуучилж өгсөн юм. Тоттори мужийн Ёнаго хотод болох тоглолтын үеэр хальт тааралдахдаа зургийг нь аваад эргэж уулзаж амжаагүй тэр бүсгүйн зургийг Б.Янжинлхам руу илгээж эзнийг нь олуулж, холбогдох утас, хаягийг авч хожмоо түүнтэй танилцаж ярилцлага хийх боломжтой болж байв. Морин хуурын чуулгын их хуурч  Д.Адъяабазартай зургаа авахуулсан тэр бүсгүй бол Тоттори мужийн захиргаанд гэрээт ажилтнаар ажилладаг Эрдэнэжав овогтой Номин-Эрдэнэ байлаа. Төв аймгийн Зуунмод хотын уугуул гэнэ. Монголдоо дээд сургууль төгсөж хүний нөөцийн мэргэжилтэй болсон аж. Гадаад орныг зорьдог залуусын жишгээр 2018 онд Япон улсад суралцахаар ирж байж. Хоёр жил орчим япон хэл сурсан гэнэ. Сургууль курсээ амжилттай дүүргээд Тоттори мужийн Ничинан хотын захиргаанд гадаад харилцааны ажилтан болж одоо дөрөвдэх жилдээ ажиллаж байгаа юм байна. Э.Номин-Эрдэнийн ажиллаж амьдардаг Ничинан хот нь Окаяма, Хирошима, Шиманэ мужуудтай хил залгаа оршдог, таван мянга шахам хүн амтай бага шиг хот юм. Иргэд нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл голлон эрхэлдэг юм байх. Тоттори муж нь Төв аймагтай олон жилийн өмнөөс ажил хэрэгч хамтын ажиллагаа, харилцаа холбоотой явж буй аж. Энэ тухай миний бие Тоттори мужийн    

Ёнаго хотод   болсон тоглолтын тухай бичсэн өмнөх нийтлэлдээ арай дэлгэрэнгүй өгүүлсэн билээ. Төв аймгийн Зуунмод хоттой Ничинан хот 2018 онд ах дүү хотын харилцаа тогтоож нийгэм эдийн засгийн хэд хэдэн салбарт хамтарч ажиллах тухай “Санамж бичиг” байгуулж ажиллах болсон юм байна. Ийм мэдээ сонсоод Э.Номин-Эрдэнэ бүсгүй өөрийнхөө мэдээллийг илгээж сонгон шалгаруулалтад орж тэнцсэн аж. Ингээд л тэрээр Тоттори мужийн Ничинан хотод ажиллаж амьдрах боломжтой болсон гэнэ. Түүний ажилладаг Ничинан хотын захиргаа нь  Зуун мод хотын хүүхдүүдийн төлөө олон сайхан ажил зохион байгуулсан “Тоттори муж-Төв аймаг-Сайн санааны нийгэмлэг”-тэй хамтарч ажилладаг юм байна. Ёнаго хотод Морин хуурын чуулгын тоглолтыг зохион байгуулахад энэхүү “Сайн санааны нийгэмлэг” дэмжлэг үзүүлж оролцсон гэж Э.Номин-Эрдэнэ ярьж байлаа. “Нийгэмлэгийн маань гишүүд, япон найз нар минь намайг баярлуулахаар жүжигчидтэй уулзуулж зураг авахуулах санаачлага гаргасан юм. Тайз руу гарах, орох арга зам хайж будилсаар байтал жүжигчид тайз руу гарчихсан бололтой, ганцхан жүжигчинтэй л хальт уулзаж амжсан, үүндээ ч сэтгэл хангалуун үлдсэн шүү. Жүжигчидтэй ч, хэвлэл мэдээллийн та нартай ч эргэж уулзаж чадаагүй болохоор тэр жүжигчинтэй авахуулсан зургаа ч авч чадаагүй юм. Саяхнаас л тэр зургаа олж авч баяртай байна. Өөрийнхөө фасе-д хэсэг байршуулж гангарсан. Эх орондоо байхдаа Монгол орныхоо сайхныг, уламжлалт соёл урлагийнхаа гайхамшигийг төдийлэн сайн мэдэрдэггүй байжээ. Ёнаго хотноо болсон энэ удаагийн тоглолт гайхалтай сайхан болсон. Эх орноо санасан миний нууцхан ганцаардал, шаналалыг морин хуурын тэр гайхамшигт эгшиг, торгон аялгуу илааршуулах шиг л болсон. Нутгийнхаа ногоон нугад хөл нүцгэн гүйж байгаа мэт сэтгэгдэл төрж нүдэнд минь нулимс цийлэгнэн урссан шүү, сэтгэл уяраасан тоглолт болсон” гэж Эрдэнэжавын Номин-Эрдэнэ бүсгүй ярьсан юм...  Дээхэнтэй цухас бичээд орхисон Сугимура Гон Эрдэнэхатан хэмээх залуу бол миний ярилцлага хийсэн Японы засаг захиргаанд хариуцлагатай алба хашдаг гуравдахь эрхэм юм. Ёнаго хотноо бид хоёронтоо тааралдсан боловч ярилцлага авах боломж гараагүй юм. Яйзү хотод уулзаж ярилцана гэж бодож байсан боловч тааралдаагүй юм. Янжаа бүсгүйгээр зуучлуулсаны хүчинд миний бие түүнтэй хожмоо цахим сүлжээ, утас аль алинаар нь холбогдож ярилцлага хийв. Анх нэрийн хуудсыг нь авчихаад “Яагаад япон овогтой болсон юм бол?” уулзаж ярилцахдаа асууж сонирхоно доо гээд дээхэнтэй би бичээд орхисон доо...

                                   Баруун гар талынх нь С.Эрдэнэхатан

-Уугуул нутаг ус хаагуур вэ, хаана ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй вэ?

   -Архангай аймгийн Хотонт сумын Хатант хайрханы өвөрт төрсөн. Монголдоо Цэргийн их сургуулийг ерөнхий цэргийн мэргэжлээр төгссөн.

-Японд хэдэн онд очив, тэнд дээд сургуульд сурсан уу?

   -Япон улсын Эзэн хааны торгон цэргийн Академид 1999 онд орж суралцаад 2004 онд Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн.

-Хэдэн оноос, ямар тохиол учралаар Шизүока мужид ажиллах болов?

   -2004 оноос эхлээд л Шизуока мужийн хувийн хэвшлийн Зочид буудал, Эмийн худалдаа, Үл хөдлөх хөрөнгийн салбарт нилээд хэдэн жил ажилласан.

   -Мужийн захиргаанд хэдийнээс ажиллав? Шалгалт шүүлэг өгч байж сонгогдож ажилд ордог уу? Шалгуур ямар вэ? Япон иргэншил шаардах уу?

   -Японы Төрийн захиргааны шалгалтыг 2011 онд өгч тэнцээд албан ёсны төрийн захиргааны ажилтан болсон. Төрийн захиргааны ажилтан тангараг өргөдөг. Японы иргэншил шаардана.

   -Дээрх асуулттайгаа холбогдуулаад Таны нэрийн хуудасны Сугимура гэх япон овгийн тухай би сонирхоод байна л даа, Гон гэдэг нь ямар учиртай юм бол? Таны имэйл хаягт буй Гомбосүрэн гэх овгийн товчлол юм уу?

   -Японд Гон гэдэг үг их алдартай жишээлбэл, “Хөл бөмбөгийн алдарт тамирчин, үлгэрийн баатар үнэг, хувцасны чийг татагч бодис...” гэх мэт их ойр дотно үг.

-Япон овгийн тухайд би хариулт авсангүй, гэргийн тань овог юм уу?

-Энэ асуултад хариулах боломжгүй

   -Танай муж ямар улс орон, гадны ямар хотуудтай харилцаатай вэ? Та тэр талын ажлыг хариуцдаг уу? Өөр олон ажилтан байх уу танай хэлтэст?

  -Шизуока муж нь Монгол улсаас гадна Хятад, өмнөд Солонгос, Америк, Өмнөд Азийн бүс нутаг гэх мэт олон улсуудтай орон нутаг хоорондын гадаад харилцаатай. Манай мужийн Засаг даргын Тамгын газарт гадаад харилцааны албанд нийт 40 хүн ажилладаг.

   -Танай муж Монгол оронтой ямархуу хэмжээний харилцаатай вэ? Ажил албаны шугамаар хоёр тал харилцан айлчилдаг уу? Хоёр талын аялал жуулчлал ямархуу?

   -Шизуока муж нь Монгол улсын Дорноговь аймаг, Сэлэнгэ аймаг, БШУЯ, СЯ, ХХААХҮЯ, БХТЯ, ЭХЯ, БТС-н газар, БЕГазар-тай хамтын ажиллагааны гэрээ бичиг, санамж бичгийн түвшинд өргөн харилцаатай. Харилцан мэргэжилтэн сургах, ажлын арга туршлага солилцох ажиллагааг өргөн хүрээнд явуулдаг. Шизуока мужийн Фүжи олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу жил бүр шууд нислэг хийж байна.

   -Танай мужийнхан, мужийн захиргааныхан Яйзү хотод Морин хуурын чуулгын концерт үзсэн болов уу? Үзсэн бол тэд ямархуу сэтгэгдэлтэй байв, Таны анзаарснаар?

   -Энэ удаагийн тоглолтыг мужийн иргэдээс гадна Мужийн захирагч болон засаг захиргаа, албаны  олон хүмүүс үзсэн. Тухайн энэ тоглолтоос гадна Монгол улсын соёл урлагийг мужийн хэмжээнд сурталчлах ажиллагааг Шизүока мужийн захиргаа, манай гадаад харилцааны алба өнөөдрийг хүртэл өргөн хэрэгжүүлж ирсэн. Монгол улсын соёл урлаг болон зан заншилд тус мужийн ард иргэд нь их дуртай бөгөөд хүндэтгэлтэй ханддаг гэж би анзаардаг.

   -Бусад муж, хотын зарим удирдлагууд Токиод очиж NHK-д болсон Морин хуурын чуулгын тоглолтыг үзсэн байх юм билээ, танайханаас яасан бол? Та очиж сонирхсон уу? Хэрвээ очиж үзсэн бол сэтгэгдэл ямар байв?

   -Миний бие болон мужийн ЗДТГ, мужийн хотуудын төлөөлөл албан ёсоор очиж үзсэн. Япон улсын Эзэн хаан яг миний суудлын хажуу хаалгаар орж гарсан нь сэтгэгдэлд их тод үлдсэн. Үүнээс илүүтэй Эх орныхоо соёл урлагаар бахархаж догдолж, огшиж суусан мөч минь сэтгэлд бүр ч сайхан байлаа.

   -Та биднийг Ёнаго хотод очиж угтаж авсан, тэнд тоглолт үзсэн л байх даа? Манайхны аялан тоглолтын хэдэн концерт үзэв гэж асуух гээд байна л даа би...

   -Ёнаго хотод очиж угтаж авсан гол зорилго нь маргааш өдөр нь манай мужид тоглолт болох тул өглөө та нарыг муж руугаа баталгаатай гаргаж өгч төвдөө мэдээлэл өгөх үүднээс байлаа. Би нийтдээ энэ удаагийн гурван тоглолтыг үзсэн.

-Ямар дуу хуур илүүтэй таалагдав, япон дуу дуулсан залуус япон хэл дээр аль хэр дуулж байна?

   - Маш их таалагдсан. Чадварлаг сайхан дуулсан. Япон хүмүүсийн сэтгэлд ч 100 хувь хүрсэн болов уу. “Монголын тал нутаг” дуу, Ятга хөгжмийн гоцлол тоглолт гайхамшигтай сайхан байлаа. Манай мужийн үзэгчдэд ч концерт их таалагдсан судалгаа гарсан. 1100 хүн тоглолт үзсэнээс 524 үзэгчээс бид анкетаар хариулт авсан. “Концерт таалагдсан эсэх?” гэх асуултад 100 хувь “Маш их таалагдсан”, “Дахин ийм концерт үзэх хүсэлтэй байна уу?” гэх асуултад 100 хувь “Дахиж заавал үзнэ” гэж хариулсан байв.

    -Танай мужийн төвөөс Ёнаго хот хэдэн км вэ? Манайхныг тэнд очиж угтахыг мужийн захиргаанаас шийдвэрлэсэн үү? Эсвэл Та монголчуудаа хүндэтгэх гээд өөрөө шийдээд угтав уу?

   -Ёнаго хот хүртэл 562 км замыг зургаан цаг шахуу олон галт тэрэг сольж очсон. Энэ нь Номхон далай эргээс Япон далайн эрэг хүрэх Япон улсыг хөндлөн гулд огтлохоор хол зам байлаа. Дээр дурдсаны дагуу өглөө баталгаатай гаргаж өгөх албан томилолт байсан. Албан үүргээс гадна  Монгол хүмүүстэйгээ уулзах гэсэн хүсэл, сэтгэл надад байлаа. Ингэж угтаж тоссон маань хүндэтгэлийн нэг илэрхийлэл юм даа.

    -Манайхны аялан тоглолтыг ахлаж удирдаад явж буй Сато Норико хатагтайтай Та аль хэр танил вэ? Ажил төрлийн харилцаатай байв уу? Ёнаго хотод ирж угтсаныг тань Сато сан таашаагаагүй, бараг зэмлэх шиг болно лээ гэж би ойлгосон...

    -Сато Норико эгчтэй олон жилийн дотно харилцаатай явж ирлээ. Намайг хүүгээ гэж дууддаг сайхан Япон хүн. Энэ хол газар ядарч зүдрээд явж байх ямар хэрэг байна аа гэж л хэлж байсан. 

   -Японд засаг захиргаа, яам тамгын албанд ажилладаг монгол иргэд, залуус аль хэр олон бол? Би Таныг оролцуулаад дөрвөн ч эрхэмтэй уулзаад байна. Танд мэдээлэл байдаг болов уу?

   -Японы 16 бүс нутаг Монгол улстай харилцаатай байдаг. Үүнд гэрээт ажилтан 11 хүн байдаг.  Албан ёсны төрийн ажилтан нэг монгол хүн байгаа нь би юм.

    -Танай мужид ажиллаж амьдардаг, сурдаг монгол иргэд аль хэр олон бол?

-Шизуока мужид өнөөдрийн байдлаар 160 орчим Монгол хүн ажиллаж амьдарч суралцаж байгаа.

   -Монголд болж буй үйл явдлын талаар та ямар эх сурвалжаас илүү мэдээлэл авдаг вэ? Сайт сүлжээнээс байнга уншиж танилцдаг уу? Та нийтийн сүлжээнд өөрөө ч маш идэвхтэй байдаг хүн юм билээ. Монголын телевизийн мэдээ мэдээлэл Шизүокадаа үздэг үү?

-Сайт сүлжээний мэдээлэл уншдаг. Телевизүүдийн мэдээг цахимаар үздэг

-Та Монгол руугаа аль хэр явдаг вэ? Сүүлд нутагтаа хэдийд очив?

   -Ажлын чиглэлээр хоёр сард нэг удаа очдог юм. Хамгийн сүүлд 11 дүгээр сард Сэлэнгэ аймагт очсон. Удахгүй зургадугаар сард ажлаар Монгол явна. Төрсөн нутаг Архангай аймгийн Хотонт сумандаа очоогүй их олон жил болж байна. Хатант Хайрхандаа нэг мөргөх юмсан гэх бодол тээж явна.

    -Та Шизүокад гэр бүлээрээ ажиллаж амьдардаг уу? Хэн хэнтэйгээ хамт байдаг вэ? Гэргий тань ажил алба эрхэлдэг үү? Эсвэл япон жишгээр хүүхдүүдээ хүмүүжүүлээд ар гэрээ авч явдаг уу?

-Тус асуудлаар хариулт өгөх боломжгүй.

    -Японд ажиллаж амьдарч буйдаа Та сэтгэл ханамжтай байдаг байх. Хэзээ ч юм Монголдоо очиж Япон оронд мэдсэн сурсанаа ажил хэрэг болгох юмсан гэх бодол Танд төрдөг болов уу?

-Ийм бодлыг сэтгэл зүрхэндээ үргэлж тээж явдаг.

-Баярлалаа, Таны цаашдын ажил албанд амжилт хүсье.

     Японы засаг захиргааны байгууллагад хариуцлагатай алба хашдаг хоёр бүсгүй, нэг залуу эрхэмтэй ийнхүү ярилцлага хийж үгийг нь сонсов. Монгол залуус Японы муж, хотын засаг захиргааны ажил албаны шалгуурт тэнцэн сонгогдож хариуцлагатай ажил албанд томилогдон ажиллаж, энэ нутагт гэр орноороо амьдарч буй нь Монгол Японы харилцаа, хамтын ажиллагааны бас нэг илэрхийлэл юм гэж бодогдож байлаа. Хөгжингүй оронд ажиллаж, энд эзэмшиж буй ажлын сайн арга туршлага дадал нь хожмоо эх орон, нутаг усандаа ажил алба хашихад нь ач тусаа өгөхийг байг гэх газаргүй. Тиймээс тэдний яриа, бодол саналыг бага ч атугай сонсох нь чухал байлаа...  

   Миний дараагийн ярилцлага хийсэн эрхэм бол нөгөө “Морин хуурч” хэмээн таамаглаад орхисон Нямжавын Мөнхбат байв. Тэр залуу Шизүока мужийн Шимада хотын ойн аж ахуйд гэрээт ажилтнаар ажилладаг юм байна. Монголдоо ШУТИС-ийг Ойн инженер мэргэжлээр төгссөн аж. Байгаль орчны яамны Ойн агентлагт инженерээр ажиллаж байсан гэнэ. Монголд ажиллаж байхдаа япон эхнэртэй болжээ. Хорь шахам жилийн өмнө нэгэн намар эхнэртэйгээ хамт Японд аялалын журмаар ирээд л эндээ ажиллаж амьдрахаар үлдсэн юм байна. Эхнэр хоёр охины хамт амьдарч байна гэж ярьж байв Н.Мөнхбат. Том охин нь дунд сургуулийн сурагч, бага нь гуравдугаар ангид сурдаг гэнэ. Шимада хотод монголоос ганцаараа ажиллаж амьдардаг аж. “Манай мужид монголчууд цөөхүүл болохоор тэр юм уу баяр ёслол, монголчуудтай холбоотой арга хэмжээ, урлаг спортын өдөрлөг мужийн аль нэг хотод болоход таньдаг монголчууд өнөөдрийн энэ концерт үзсэн шиг бүгд л цуглачихдаг юм...” гэж Мөнхбат ярив.   

                                               Зурагт зүүнээс хоёрдахь нь Н.Мөнхбат

 “Морин хуур тоглодог уу, нэрийн хуудсандаа морин хууртай зураг тавьсан болохоор чинь Морин хуурч юм болов уу гэж би бодсон” гэхэд тэрээр “Үгүй дээ, морин хуур сурч байгаа, япон багшаар хуур заалгаж байгаа, багш маань өөр хотод амьдардаг болохоор ковид корона гээд хичээл завсардаад, сүүлийн үед цахимаар хичээллэж байна, монгол хүн болохоороо морин хуураа би их дээдэлдэг. Яйзү хотын ОУ-ын холбоотой хамтран бага сургуулийн тав дугаар ангийн япон, монгол хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэн гаргаж Монголын тухай хичээл хотын бүх сургуульд орох болсон юм. Хоёр ч сургуулиас хоёрдугаар ангийг энд хамруулах хүсэлт ирсэн. Японы бага сургуулийн хоёрдугаар ангийн үндсэн хэлний хичээлд “Сүхийн цагаан морь” гэдэг үлгэр үздэг. Энэ нь манай “Хөхөө Намжил” үлгэрийн хувилбар шүү дээ. Миний охидууд хоёрдугаар ангид сурч байхдаа тэр үлгэрийг бас үзсэн. Тэгээд л морин хуурын тухай мэдлэгтэй байх хэрэгтэй болсон. Бас судлагаа хийж, өөрөө ч хуурдаж сурах шаардлага гарсан юм. Манай мужийн Изүнокүни хотод Монголын өдөрлөг болоод хөтөлбөрт нь “Гэр барих”,”Монгол хоол хийх”, “Гэрэл зургийн үзэсгэлэн” гээд олон талт арга хэмжээ байсны дотор морин хуурын тоглолт багтаж байсан. Япон морин хуурч, япон шавьтайгаа Монгол дуу хуурдаж бас морин хуурын тухай ярьж тайлбарлаж байхыг би тэнд сонссон юм. Хор шар хөдөлж, монгол хүн байна даа би гэх бодол төрж өөрийгөө чангалж эхлэсэн. Морин хуур сурах хүсэл маань энэ үеэс л улам дэвэрсэн гэх үүдээ...” гэж тэр ярив. Токиод байдаг Танака сан морин хуурынх нь нэг багш гэнэ. Нөгөө нэг багш Озава сан нь Мишима хотоос багшилдаг аж. Мөнхбат өөрөө Шимада хотын ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (Найрамдалын нийгэмлэгтэй адил) гишүүн гэнэ. Нийгэмлэгийн гишүүд дотроо “Монгол” гэдгээрээ онцгойрох гэж морин хууртай зургаа нэрийн хуудсандаа тавьсан юм аа” гэж тайлбарлаж байна лээ.  “Морин хуурч” хэмээн миний таамаглаж байсан Мөнхбат гэх энэ эр бол морин хуурт хайртай, морин хуураа хүндлэн дээдэлдэг сайхан монгол эр аж. Морин хуураа ч сайн тоглож сурах  тэмүүлэлтэй яваа нэгэн юм билээ. Яйзү хотод тоглосон “Морин хуурын чуулгын” энэ удаагийн тоглолт түүнд маш их таалагдсан гэнэ. Том охиных нь “Байт харваа”-ны тэмцээн давхцаад гэргий болон охид нь энэ тоглолтыг үзэж чадаагүй гэв. “Уг нь Монголоос ирсэн концерт болгоныг бид гэр бүлээрээ үзэцгээдэг юм. Ер нь төрж өссөн нутгаасаа холд удах тусам би хэн бэ, бид хаанаас ирсэн бэ гэдгээ үр хүүхдүүддээ ч, бас өөр бусдад ч хэлж ярих таниулах шаардлага гарах юм. Нутаг усаа, аав ээжээ их санаж байгаагаа концертын туршид мэдэрлээ. Миний мэлмэрүүлсэн нулимс бол хөгжмийн аянд уярсан нутгийн минь салхи, бас төрсөн нутгийн маань үнэр байсан гэдэгт би бат итгэлтэй байна…Таван жил очоогүй гэртээ, төрсөн нутагтаа энэ зун харих санаатай байгаа” гэж тэрээр ярив.   

Үргэлжлэл бий

Д.Цэдэн-Иш. Тоттори, Ёнаго хот, Шизүока, Яйзү хот.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?