ХӨНДҮҮР СЭДЭВ: ЯНЖУУРААС ЯЛГААГҮЙ ХОР БУЮУ ЭЛЕКТРОН ТАМХИ

2023-06-21  

  Монгол Улс төдийгүй дэлхий дахинд янжуур болон электрон тамхи үйлдвэрлэгч, импортлогчид хоёр тал болж, хоорондоо “дайтаж” буй мэт дүр зураг ажиглагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Электрон тамхи буюу вэйп (vape) нь янжууртай харьцуулахад хор хөнөөл багатай гэж залуус хошуурах болсон. Гэвч энэ нь төөрөгдөл болохыг сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд суурилан ДЭМБ, эмнэлэг, хууль хяналтын байгууллагын мэргэжилтнүүд, эмч нар анхааруулах болов. Ялангуяа, электрон тамхийг өсвөр насны хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ихээр татах болсон нь аюулын харанга дэлдэж буй. Тодруулбал, “Дэлхийн залуучуудын тамхины судалгаа 2019” тайланд дурдсанаар манай улсын 13-15 насны нийт хүүхдийн 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэж байгааг тогтоожээ. Энэ нь бусад орныхтой харьцуулахад өндөр үзүүлэлт аж. Мөн 2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн тархалтыг тогтоох үндэсний IV судалгаагаар 15-64 насны 10 хүний гурав нь гэртээ, дөрвөн хүний нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж буйг тогтоожээ. Электрон тамхи ч мөн адил дам тамхидалт үүсгэдэг. Гэтэл уг тамхийг хаа сайгүй татаж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буй юм. Электрон тамхи нь никотин агуулсан уусмалыг халааж ууршуулан уур хэлбэрт оруулдаг цэнэгтэй төхөөрөмж юм. Утаат тамхинд донтолт үүсгэдэг никотин гэх бодис 13.3-15.4 мг агуулагддаг бол электрон тамхины найрлагад 0.5-.15.4 мг байдаг аж. Уг тамхины утаа хорт хавдар үүсгэгч бодисууд, хэт нарийн ширхэгт тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд, никотин, хүнд металлууд, үнэр, амт оруулагч бодис зэрэг эрүүл мэндэд хортой нэгдлүүд агуулдаг байна. Эдгээр бодис нь гуурсан хоолойн багтрааг хүндрүүлж, зүрхний шигдээст хүргэх хүчин зүйл болдог аж. Мөн хүүхдийн тархины хөгжилд саад учруулж, анхаарал төвлөрлийг бууруулж, сурах чадварт нь сөргөөр нөлөөлдөг гэнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  мэдээлснээр электрон тамхинаас шалтгаалсан өвчлөл, нас баралт олон улсад бүртгэгдэж эхэлсэн байна. Тодруулбал, электрон тамхийг ихээр татсанаар уушгины шинэ төрлийн өвчин бий болжээ. Үүнийг EVALI  гэх бөгөөд 2019 оноос энэ өвчнийг бүртгэсэн гэнэ. Огт тамхи татаж үзээгүй хүүхдүүд вэйпийн гол хэрэглэгч болсноор тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, 10-20 жилийн дараагаас зүрх, судас, уушгины өвчлөл ихсэх хандлагатай байгааг мэргэжлийн эмч нар анхааруулж буй. Тэр ч бүү хэл, электрон болон янжуур тамхи аль алийг нь хэрэглэдэг хүмүүс ч цөөнгүй байдаг аж. 

Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй

Утаат тамхи татаж дуусахад “татаж дууслаа” гэх дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учир үргэлжлүүлэн татсаар л байдаг сөрөг талтай гэнэ. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, эргэх, чих шуугих, хөл, эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь цусан дахь никотины хэмжээ ихсэж буйг илтгэх бөгөөд зүрх зогсох хүртэл аюултай. Тиймээс ДЭМБ-аас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөж буй. Одоогийн байдлаар вэйпийг 33 улс хоригложээ. Харин манай улсад электрон тамхийг зарж борлуулах талаар хуулийн ямар нэгэн зохицуулалт байхгүй байна. Энэ талаар НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайханаас тодруулахад “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн судалгааг манай улс таван жил тутамд хийдэг. 2005 оноос хойш хийсэн дөрвөн удаагийн судалгаанаас харахад тамхийг таван хүн тутмын нэг нь татдаг, өдөрт 11 ширхэг янжуур тамхи хэрэглэж байна гэсэн дүн гарсан. Энэ тоо одоо ч буурахгүй байна. Тамхины хяналтын суурь конвенцод зааснаар тамхины хэрэглээг бууруулах компанит ажлуудыг заавал хийх, тамхи үйлдвэрлэлийг бууруулах, тамхины хяналтыг сайжруулах, татварын бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд залуусын дунд электрон тамхины хэрэглээ ихэссэн. Вэйпийг цахилгаан бараа гэсэн ангилалаар хил, гаалиар ямар ч татваргүй оруулж ирж байна. Электрон тамхийг хүмүүс анхандаа тамхинаас гаргах хэрэгсэл мэтээр ойлгосон. Гэтэл никотины агууламж адилаар барахгүй уур хэлбэрээр хэрэглэхээр илүү хортой гэдэг нь сүүлийн үеийн олон судалгаагаар нотлогдсон” гэв.

Хавдрыг “хооллогч”

Энгийнээр хэлэхэд, уушгины хэвийн ажиллагаа алдагдаж эхлэхэд, хэвийн ажиллаж байсан эсүүд замбараагүй байдалд орж, тухайн эрхтэн дээр ямар нэгэн зүйл болж ургаж буй өвчнийг уушгины хорт хавдар гэдэг. Монголд хамгийн их тохиолдож буй хавдрын өвчлөлийн гуравдугаарт уушгины хорт хавдар орж байна. Жилд 400 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг аж. Энэ тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж буй. Тэгвэл уушгины хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийн нэг нь тамхи. Манай улсын хүн амын 24.2 хувь нь тамхи татдаг бөгөөд тэдний 43.7 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин дэлхий дахинд тамхинаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 5.4 сая хүн нас бардаг гэнэ. 2030 он гэхэд энэ тоо 10 сая хүрэх төлөвтэй байгааг ДЭМБ анхааруулсан. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буй. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох өвчнөөр өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж буй юм. Манай улсын 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өчвнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна. Бүх төрлийн тамхины хор нөлөөнөөс болж амьсгалын замын болон зүрх, судасны өвчин, хавдраар өвчлөгсөд нэмэгдсээр. Тамхины хяналтын тухай хуульд зааснаар бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар, шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах, зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчинд тамхи татахыг хориглосон. Гэтэл эдгээр газарт тамхи татсаар байна. Шаардлага тавьсан нэг нь буруудаж, дам тамхидалтад өртөн, эрүүл мэндээрээ хохирч үлддэг. Гэтэл хууль зөрчиж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан хүний зөв мэт “гаж үзэгдэл” нийгэмд байсаар. Нийтээрээ тамхины хэрэглээ, дам тамхидалтын хор уршгийг бууруулж чадаагүй байтал нэмээд электрон тамхи гэгч хорт бодис хүч түрэн орж ирлээ.

 “Вэйп, янжуур хоёр нь ихрүүд юм”

 Тамхигүй Казахстан-Үндэсний эвслийн тэргүүн, ДЭМБ-ын 2023 оны Тамхигүй өдрийн шагналтан Жамиля Садыкова саяхан болсон “Тамхины хяналтын бодлогын олон улсын туршлага” сэдэвт уулзалтын үеэр “Вэйп, янжуур хоёр нь ихрүүд юм” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэрбээр, “Вэйп бол янжуур тамхийг электрон хэлбэрээр татах хувилбар. Нийгэмд утааны талаар төөрөгдөл бий болгосон ч дүр төрхөө хадгалсан. Энэ нь янжуур тамхины эргэлтийг нэмэгдүүлж, эргэж утаат тамхинд оруулах арга хэлбэр. Вэйпийн зах зээлийн жилийн нийт өсөлт 2030 он гэхэд 30.6 хувь, 183 тэрбум ам.долларт хүрнэ.  Янжуур тамхи үйлдвэрлэгчид өөрсдийн төсөлдөө хөрөнгө оруулж, вэйп үйлдвэрлэдэг. Тухайлбал, 2018 онд Altria групп нь “Juul Labs”  компанийн 35 хувийн хувьцааг (АНУ-ын вэйпийн зах зээлийн 70 гаруй хувийг эзэлдэг) 12.8 тэрбум ам. доллараар худалдаж авсан. 2012 оноос хойш тамхины компаниуд бие даасан электрон тамхи үйлдвэрлэгчдийг худалдан авч эхэлсэн. Үүнд Green Smoke, Nicocigs, Intellicig, CN Creative, blu eCigs зэргийг нэрлэж болно” гэлээ. Электрон тамхи нь харагдах байдал, өнгө, үнэр зэргээрээ залуучуудыг донтуулах болсон. Эмэгтэйчүүдэд зориулсан уруулын будаг, эрчүүдэд тохиромжтой үзэг шиг хэлбэртэй гээд олон төрлөөр үйлдвэрлэж буй. Тэр ч бүү хэл, хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны зураг бүхий вэйп ч бий. Энэ мэтээр гаднах хэлбэр дүрс нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлд “хувиран”, эцэг, эх, асран хамгаалагчдын нүднээс далдуур хүүхэд багачуудыг урхидах арга заль нь улам нарийссаар байна.

Ч.Болортуяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?