АНУ-Д ОЛОН ЖИЛ АМЬДРААД МОНГОЛОО ЗОРЬЖ ИРСЭН ИРГЭНИЙ ҮГ..

2023-06-23  

Лхагватай анх теннис тоглож танилцсан, 2000 оны эхээр. Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-д 20 орчим жил амьдарч, өнгөрсөн жил эх орноо зорин ирсэн. АНУ ажиллаж амьдарч байхдаа Монголчуудын холбоондоо зүтгэж, монголчуудыг нэгтгэсэн спорт, соёл урлагийн олон үйл ажиллагаагаа гардан эрхэлж байсныг дуулж байсан. Эрүүл саруул сэтгэлгээтэй, асуудалд аль болох зөв талаас нь ханддаг нэгэн. Өндөр хөгжилтэй оронд олон жил ажиллаж амьдарсан хүний хувьд Монголоо харьцуулах, шүүмжлэх зүйл бишгүй ч, тэрбээр тэвчээр заасан. Монголын төрөөс эрхлэх эрүүл мэндийн бодлого замхарч, Үндсэн хуулиар олгогдсон эмнэлгийн үйлчилгээ авах тэгш эрх алдагдсаныг өөрийн биеэр мэдэрснээ тэрбээр нийт монголчуудтайгаа хуваалцсан байна. Түүнийг нь та бүхэнд хүргэе. ...Эх орондоо ирээд яг жил болжээ. Олон жил гадаадад байж байгаад ирсэн учраас харсан болгоноо харлуулж шүүмжлээд байсангүй. Өнөөдрөөс үзсэн харснаа хүмүүстэй хуваалцаж, цаашид яах ёстой юм бэ? гэдэг талаар “өчүүхэн” хүний хувийн үзэл бодлоо дэлгэхээр зориглов. "Төр засаг"-аа монголчуулж, энхрийлж, хайрлаж ирсэн. Гэтэл энэ "энхрий хайрт" төр- засаг нь ард олондоо дэндүү ялгавартай ханджээ. Ялангуяа эрүүл мэндийн салбарт. "Чи мөнгөгүй, ядуу хүн бол өөртөө л найд. Харин эрх мэдэлтэй, танил талтай, мөнгөтэй баян хүн бол эмнэлгийн тусламжаа авч, илаарш” гэсэн илт ялгаварлах бодлогоор ажиллаж байна. Үүнийг би өөрийн бие, сэтгэлээрээ мэдэрлээ. Бодит үнэнийг өгүүлье. Монголынхоо хаврын хавсарга, халууны эхлэлийг анзааралгүй явж “хатгаа” туссанаа эмнэлэгт л ирж мэдэв.
 
Анхандаа халуурч бүлээрч, хоёр ч удаа “түргэн” дуудаж үзүүлэхэд; - "Хоолой улайсан, өрөвсөл" гэж оношилсон учир тэдгээр залуухан эмч нарт итгэсэн би гэртээ хэд хоног эм уугаад эдгэчих юм бодтол, бие суларч, улам муудсан. Арга барагдахдаа харьяаллын дагуу, гэрт ойрхон байрлах Яармагийн нэгдсэн төв эмнэлгийг бараадсан. “Танил талгүй" учраас цаг хугацаа алдан, арай л ухаан алдан уначилгүй байж эхний тусламж авсан. Яг тэр үед хачиганд тархиа идүүлсэн гэх нэг залуу ухаан алдан унаж байж эмнэлэгт хэвтэх “эрхийн бичгээ” авч байхыг харсан. Хэвтэж эмчлүүлэх амаргүй аж. Засгийн эмнэлгийн ор, хүртээмж маш дутмаг. Яаралтай тасагт хэдийгээр удсан ч, дусал тариа, шинжилгээ хийлгэж, улмаар дотрын тасаг руу шилжсэн. Сувилагч маань дагуулан өрөөнд оруулж , "хаалганы дэргэдэх энэ ор таных шүү" гэж зааж өгөөд гарав. Ажиглавал, салхи нэвт сийгэсэн умгар өрөөнд хуучирсан дөрвөн ор, будаг нь ховхорч элэгдсэн дөрвөн тумбачка байх. Бүх эд хогшил энэ. Ядаж ханын цаг, эмч, сувилагчийг дуудах хонх ч алга. Хөнжил, гудас нь эмнэлгийн цэвэр орчинд үл нийцнэ. Хөнжил гэж цус дусаад хатсан, салбарч ноорсон тамтаг, орны гудас нь юун тухлаж хэвтэх, ёстой л шийтгэл, торгуулийн мэт хатуу гадартай аж. “Үхэж хэвтэж юун ямбатай юм” гэж зарим хүн хэлэх байх л даа. Өвдсөн хүн нь л "ямба" нэхдэг. Халуурч сульдсан би, хөнжлийн оронцгийг гэрээсээ авчирсан даавуундаа чихээд нөмрөөд хэвтсэн. Хориннэгдүгээр зууны манай эмнэлэгт орны дээр хананд хадсан хадаасанд дусал тариагаа өлгөж, сувилагч судсанд түүнийг залгаж, дуусмагц өвчтөн буюу хамт хэвтэж байгаа хэн нэг нь салгаж өгдөг ажиллагаатай болохыг таньж мэдлээ.
 
Өвчтөн олон, сувилагч хүрэлцэхгүй, тэгээд ч завгүй түүнийг үргэлж дуудаад байх аргагүй аж. Дотрын тасгийн нийтийн жорлон нь эр, эм ялгаагүй хоёрхон суултууртай, өвчтөнүүд нь “тамхи татахыг хориглоно” самбарын дэргэд цонхоо ойлгойлгоод хэнэггүйхэн тамхилна. Хэлэхээр уурлаж хялайна. Эмнэлгийн ямар ч орчин, тав тух, дэг журам үгүйлэгдэнэ. Би хувьдаа Яармагийн нэгдсэн төв эмнэлгийн эмч, сувилагч, эмчилгээнд гомдож, гоморхсонгүй. Тэд чадлаараа л зүтгэж байна. Харин эмнэлгийн орчин, хангамжид үнэндээ гомдмоор. Эрүүл мэндийн Яамны сайд, Төөр засаг гэх эрх мэдэлд тухалсан тэдгээр хүмүүст эгдүүцэж, уур хүрч байна. Учир байдлаа хэлж тусдаа, ганцаарчилсан өрөөнд хэвтсэн ч “сахил хүртээд шал дордов” гэдэг шиг юм болсон. Яагаад ч юм, миний үзсэн Алкатразын ( алдарт шорон) ганцаарчилсан өрөө шиг, тийм нэг дарамттай, муу энергитэй сийгэсэн газар таарав. Удах тусам өвчин улам хүндрэх төлөвтэй тул Интермед эмнэлэг рүү шилжсэн. Хувь “хувьсгалын” ялгаа илт харагдана. Өвдсөн хүнд хамгийн чухал юм, мэдээж хүмүүс түүнд “хүн шиг” хандах үйлчилгээ, таатай орчин билээ. Би эмнэлгээ солих үедээ яармагийн эмч нарын өрөөнд орж талархсанаа, яагаад шилжих тухайгаа тайван хэлж, танай эмнэлэгт та бүгдээс хамаарч өөрчлөх, сайжруулах "жижигхээн ийм зүйл" байна шүү гэж саналаа хэлэхэд, олонхи нь нааштай хүлээж авсан ч “энэ хүн их хэл ам гаргана, эсрэгцэх асуудал шалтгаанаа одооноос сайн бичээрэй” гэж улайн цайм хэлж байсан ахимагхан эмч ч байлаа. Эерэх цаг арай л болоогүй байна даа гэж бодол төрсөн. Дийлэнх энгийн ард иргэдийн хувьд Интермед болон бусад хувийн эмнэлэг нь “хүршгүй хол” газар юм. Хоногийн гучин мянгыг үнэтэй гэж үзэж буй ард иргэдэд Интермед үнэхээр өндөрдөнө. Тэгэхээр манай төр засаг ард түмнээ ядуу, баян гэж хоёр ангид үнэхээр хувааж чаджээ.
 
Дийлэнхи энгийн ард иргэдийн хувьд орчин үеийн эмнэлгийн ололт амжилт, сайн үр дүн, эмнэлгийн “диваажинг” үзэх хувь заяа дутсан нь маргашгүй үнэн болжээ. Бид өөрсдөө “дурлаж” капиталист буюу хөрөнгөтний нийгэм сонгосон. Бид Америк, Япон, Европ, Азийн өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэг шиг бүгдийг нэгмөсөн хийчихэж чадахгүй. Тэдгээр орнууд шиг даатгалын системээр бүх хүндээ тэгш үйлчлэх нөхцөл бүрдээгүй байж болно. Гэхдээ л бидэнд газар нутаг байна, сайн барилга барьж чадаж байна, мөн нэг үеэ бодвол үндэсний баячуудтай болчихлоо. Хүнээ гэсэн сэтгэлээр, хүрэлцэхүйц тооны эмнэлэг хаа сайгүй бариад “театрын нэрэмжит” биш “эмнэлгийн нэрэмжит” аяныг өрнүүлмээр байна. Эмнэлэг байгуулахад хандив өгсөн, зүтгэсэн хүнийг эмнэлгийн нэрэмжит болгон насан үүрд мөнхжүүлье. Мөнгөтэй хүмүүсээ гадуурхаж, хялайлгүй нийгэмд үзүүлж буй сайн үйлсийг нь уухайлан дэмжье. Ер нь эмнэлэг, эмчилгээний шинэ тоног төхөөрөмж, технологи, ор багажийг гадаад орноос “ичиж нэхэлхэлгүй гуйланчлах” ажил хиймээр байна. Бид цөөхүүл, хүн нэг бүрээ эрүүл байлгах ёстой. Үүнд л засаг түлхүү анхаарч, иргэд өөрсдөө ч санаачлагатай баймаар. Ингээд байгалийн шалгаралаар, урсгалаараа байвал “аюул” ойрхон байна даа. Эрүүлжүүлнэ гээд эмийн хэрэглээг ихэсгэх, эмийн сан, аптекийг олноор байгуулмааргүй байна.
 
Энэ бизнес үнэндээ гаарч, ард олны эм зүйн сэтгэхүйгээр тоглож байна. Бараг эмнэлэг болгон, эмч бүр өөрийн эмийн худалдаа эрхэлж, “мөнгө хийж” байх шиг. Миний санал бол онцгой, тэгээд тун алслагдмал газарт эмийн сан байгуулж, харин төв хэсэгт томоохон худалдааны төв дотор эмийн худалдааны цэгүүдийг ажиллуулмаар байна. Яг Америкийн Таргет, Волмарт, Райт эйд зэрэг том сүлжээ дэлгүүрүүдэд бүх эмийн худалдаа эрхлэх ажлыг хийдэг шиг, Монголынхоо том молл, сүлжээ дэлгүүрт энэ ажлыг хариуцуулмаар. Тэрчлэн заавал эмнэлэгт гэхгүй хүн ам олноор төвлөрсөн газруудад цус, шээс, өөр юу ч байдаг юм ерөнхий шинжилгээ хийх баталгаат лабораторуудыг олноор байгуулбал зүгээр юм шиг. Эцэст хэлэхэд, Apple компанийн эзэн Стив Жовс үхэхийнхээ өмнө “хүн хүнд өвдсөн үед хөрөнгө байгаад ч нэмэргүй, мөнгө байлаа ч чиний өмнөөс өвчнийг чинь авах хүн байхгүй шүү, хүн эрүүл байх л чухал гэсэн агуулгатай үгийг хүн төрөлхтөнд хандаж хэлээд “хальж ” билээ. Эрүүл биенд саруул ухаан орших тул Засаг төр ч энэ тал дээр зоригтой шийд гаргаад, хувь хувьсгал гэлгүй олныг хамруулж дорвитой ажил хийгээгээсэй. Олон ард эрүүл байх “их салхи” хөдөлж, энх амгалан байх болтугай.
 
Хавсралт: Хөнжил хэмээх ганц зураг хавсаргав.
Т.Лхагва
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?