ИХ ГАЗРЫН ЧУЛУУ ДАХЬ БАЙГАЛИЙН ЗАДГАЙ ТЕАТРТ 3000 ОРЧИМ УРТЫН ДУУЧИН, МОРИН ХУУРЧ ЧУУЛЛАА

2023-08-15  

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт наймдугаар сарын 11, 12-нд болж, 3000 орчим уртын дуучин, морин хуурч, ардын авьяастнууд оролцож, хуран цугларсан олон нийтэд өөрсдийн бэлтгэсэн урлаг, соёлын хөтөлбөрийг хоёр өдрийн турш сонирхууллаа.

 

Тодруулбал, Дундговь аймгийн ЗДТГ, “Норовбанзад” сан, Соёлын яам хамтран зохион байгуулсан тус наадмын хүрээнд их дуучин Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Их хүндэтгэл”, Эрдэнэтийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчдийн “Эрт урьдын цагт”, Ж.Дорждагвын нэрэмжит ”Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүдийн “Нарны хүүхдүүд”, Дундговь аймгийн ардын авьяастнуудын “Өв соёл” отогийн “Нүүдлийн өв соёл” дөрвөн улирлын гэр музей бүхий “Нүүдлийн аялгуу” зэрэг урлагийн тоглолт боллоо.

 

Түүнчлэн тус нутгаас төрөн гарсан их дуучин Ж.Дорждагва, Н.Норовбанзад нарын нэрэмжит Их газрын чулуу дахь байгалийн задгай театрт  Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, УГЖ Ц.Чулуунцэцэг тэргүүтэй Дундговь аймгийн 15 сумын төлөөлөл уртын дуучин, морин хуурч, бүжигчид, ардын авьяастнууд зэрэг 3000 орчим уран бүтээлч "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт хийлээ. Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн гол брэнд уртын дуу, дуучид, морин хуурчдыг алдаршуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, өвлүүлж уламжлуулах, аялал жуулчлалыг татах зорилготой "Уяхан замбуутивийн наран" урлагийн их наадамд тус аймгийн сумд 80-150 хүртэл ардын авьяастнуудаа, аймгийн төв Мандалговиос 700 гаруй дуучин, морин хуурч, урлаг соёлын зүтгэлтнүүдийг оролцуулжээ. Нийтдээ 3200 орчим урлагийнхан болон зохион байгуулагчид их наадмын хүрээнд ажиллажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Урлагийн их наадмын төгсгөлд Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга, Монгол Улсын гавьяат жүжигчин, хиийлч Ч.Дэлгэрцэцэг, СТА Л.Нарангэрэл, "Хар сарнай" хамтлаг, "Дэлхий" хамтлаг оролцсон “Тэнгэр газрын дуун” хүндэтгэлийн тоглолт болсон нь тус их наадмыг аймаг, орон нутгийн чанартай биш, улсын хэмжээний урлаг соёлын их наадам болгох эхлэлийг тавилаа хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.

 

”Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 12-ны өглөөгүүр өглөөний нарыг угтах ёслол болов. Их газрын чулуу дахь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Азийн Фүкүокагийн соёлын шагналт, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадад зориулан 2006 онд босгосон гэрэлт хөшөө дээр болсон энэхүү арга хэмжээний үеэр уртын дуучид, морин хуурч, бүжигчдийн нар угтсан товч урлагийн тоглолт болж, энд хуран цугларсан олон нийт нар тосон хурайлах ёслол хийлээ. Ёслолын ажиллагаанд оролцсон "Норовбанзад" сангийн тэргүүн, их уртын дуучийн охин Б.Дэлгэрмаа тус сангаас саяхан Япон улсад хэвлүүлсэн алдарт уртын дуучин Н.Норовбанзадын дуулсан уртын дуунуудыг дээжилсэн "Уяхан замбуутивийн наран" алтан пянзыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад гардуулж, гэрэлт хөшөөг анх барьсан түүх болон ээжийнхээ талаар товч дурслаа. Их дуучин Н.Норовбанзадын төрсөн гэрийн буурь бүхий Сүүдэртийн улаан овоо гэрэлт хөшөөнөөс 2 км гаруйхны зайд байдаг юм байна. 

 

 

 

 

 

Урлагийн их наадмын үеэр мөн адууны өв соёлыг сурталчлах “Айрагны амт”, бөх, морь, сур, шагайн “Үндэсний спорт наадгай-Өв соёл”, морин аялал, монгол хоолны шоу, гэрэл зурагчин Э.Мөнхчулууны ”Талд ургасан чулуу” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээнүүд болсон юм.

"Уяхан замбуутивийн наран" урлагийн их наадмын ерөнхий найруулагчаар Ж.Дамдинцэрэн ажиллажээ. Тэрбээр, энэ их наадмыг анх 2019 онд зохион байгуулсан. Тэр жил бол их наадам зөвхөн Дундговийнхны л хүрээнд болсон, 15 сумынх нь 3000 орчим уртын дуучин, морин хуурч, орон нутгийн урлаг соёлын ажилтнууд оролцсон. Энэ жил бол арай өөр, эхний нэг хэсэгт нь орон нутгийн хүмүүс түлхүү оролцсон урлагийн тоглолтууд, нөгөө хэсэгт нь төвөөс мэргэжлийн урлагийнхныг хамруулсан том тоглолт хийж байна. Нэг ёсондоо энэ их наадмыг орон нутгийн чанартай биш улсын хэмжээний, магадгүй бүр дэлхий дахинд сонирхох их наадам болгох эхлэлийг тавьж байгаа юм. Зохион байгуулагчид маань их наадмаа цаашид ийм болгох зорилт тавьж байгаатай ч агуулга нь нийцэж байгаа юм. Өөр нэг онцлог нь энэ жил бүх тоглолтын турш уран бүтээл болгон дээр уртын дууны элементийг тодорхой хэмжээгээр шингээж өгч байгаа. Жишээ нь "Хар сарнай" хамтлаг дуулж байхад тэр найруулгад нь уртын дууны аялгуу ямар нэгэн байдлаар орно гэсэн үг. Ингэж уртын дуугаа үзэгчдэд улам хоногшуулж, бас зөвхөн морин хуурч, уртын дуучин хоёр л хоршдог биш, бусад дуу хөгжмийн урсгалд уртын дуу маань ийм байдлаар шингэж, хоршиж болох нь гэдгийг мэдрүүлэх зорилго тавьсан. Цаашид энэ урлагийн их наадмаа хоёр жил тутамд, чадвал бүр жилд нэг удаа хийдэг болохоор ярьж байна. Дөрвөн жилд нэг удаа гэхээр арай холдоод байгаа юм хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?