ЖИЛД ХОЁРХОН ТОХИОХ НОМ ЗАРДАГ БАЯРАА ОРОСЫН СОЁЛЫН ӨДРҮҮД БОЛГОН ХУВИРГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ЗОХИОЛЧИД ОО!

2023-09-14  

Үндэсний номын баяр жилд хоёр удаа зохион байгуулагддаг. Жил бүрийн хавар, намрын улиралд амралтын өдрүүдийг тааруулан гурван өдрийн турш төв талбайдаа зохиолчид, номын хорхойтнууд, уншигчид чуулдаг. Үүнийг УИХ, Засгийн газраас дэмжин, үндэсний хэмжээний арга хэмжээ болон тэмдэглэдэг болоод удаж байна. Энэ удаагийн Үндэсний номын баяр 34 дэх удаагаа маргаашаас эхлэх гэж байна. Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохиолчид уншигчидтайгаа нүүр тулан уулзана, номын худалдаа өрнөнө. Энэ бол бүх нийтийн боловсролд зориулсан үндэсний том арга хэмжээ юм. Гэтэл энэ удаагийн Үндэсний номын баярын өдрүүдээр Оросын соёлын өдрүүд шахам байхаар товлогджээ. Монгол Улсын үндэсний хэмжээний баяраар өөр улсын зохиолчидыг сурталчлах гэнэ. Тэгэх тэгэхдээ үндэс нэгтэй хөрштэйгөө дайн өдөөсөн ОХУ-ын зохиолчдыг монголчуудад танилцуулах арга хэмжээ болох нь.

Номын баярт бараг арваад орос зохиолчид ирэх юм байна. Тэр нь энгийн нэг өдөр биш монголчуудын оюун санааны боловсролыг дэмжих үндэсний арга хэмжээний өдрүүдээр давхцуулж байгаа нь тун хачирхалтай. Энэ улс түрэмгий дайн өдөөснөөрөө бараг бүх дэлхийн эдийн засгийн хоригт орчихоод байгаа билээ. Үүнийг Монголын зохиолчид хэрхэн хүлээн авч байгаа бол. Үндэсний зохиолчидтойгоо уулзахаар, ном зохиолыг нь судлахаар, худалдан авахаар очих номын хорхойтнуудад ямар байх вэ.

ОХУ хөрш зэргэлдээ Украин улс руу довтолсон дайны хөлд хичнээн энгийн номхон ард иргэд, хүүхэд багачууд үрэгдэж байгааг дэлхий нийтээр шимшрэн харж байна. Дэлхийн бүхий л улс гүрнүүд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэхээс татгалзаж, энхийг эрхэмлэн хөгжин дэвшиж буй цаг дор манай хойд хөрш цуст дайн дэгдээн жил дамнав. Тиймээс ч ОХУ руу чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дайныг санхүүжүүлсэн үйлдэл гэж буруутгаж буй. Орос иргэдийг хил нэвтрүүлэх битгий хэлээр ОХУ-аар дайран өнгөрсөн тохиолдолд хил дээрээсээ буцааж байгаа тохиолдол ч байна. Манай улсад ч Украины энгийн номхон иргэд рүү гал нээсэн Оросын дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаан хэдэн сар үргэлжилсээр байна. Дэлхий нийтээр ч ийм хөдөлгөөн, эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байгаа билээ. Яг ийм эгзэгтэй үед урд нь тэгдэггүйгээ өнөөдөр яагаад монгол үндэсний номын баяр дээр дайн дэгдээгч улсын зохиолчид соёлоо сурталчилна гэв. Зүв зүгээр ямар ч хэл амгүй энгийн номын хорхойтон зохиолчдын цугларалтыг яагаад ингээд улс төржүүлээд унав. Манай эрх баригчид орост долдойдохдоо тэднийг урив уу. Аль эсвэл Хятадын нобелийн шагналт зохиолч ирэх сургаар “заавал бид очно, тэр хятадаас илүү гэдгээ харуулна” гэж хойд нөхөд зүтгэв үү. Ямар ч байсан номын баяр, баяр биш хоёр хөршийн геополитикийн өрсөлдөөний талбар л болж орхив гэж хардахаар болоод явчихав. Яаж ч бодсон энэ буруу шүү. Энийг тэгээд номоо зарах сайхан боломж гэж хагас жилжингээ хүлээдэг зохиолчид нь дэмжиж байдаг юм болов уу. Та нарын номыг авахтай манатай хойд хөршийн РЦНК-ын шоу цэнгээнд сатаарсаар байгаад таарна гэж бодохгүй байна уу.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?